Ертөнц
“Wood Mackenzie”: “Ногоон” шилжилтэд уул уурхайн компаниуд 1.7 их наяд ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатай
Дэлхийн хэмжээнд нүүрстөрөгчгүй технологид шилжилтэд зэс, никель, кобальт, лити болон бусад металын нийлүүлэлтийг хангахын тулд ойрын 13 жилд уул уурхайн компаниуд нийт 1.7 их наяд ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатай. Ийм тооцоолол Их Британийн “Wood Mackenzie” байгууллагын судалгаагаар гарчээ. Тус судалгааг удирдсан Жулиан Кеттл “2050-2060 он гэхэд олон орнууд нүүрстөрөгчийн ялгаруулалтаас бүрэн ангижрах зорилттой. Үүний тулд дотоод шаталтат хөдөлгүүртэй ердийн машиныг цахилгаан машинаар солих, сэргээгдэх эх үүсвэрт суурилсан эрчим хүчний системийг суурилуулах хэрэгтэй болно. Ногоон эрчим хүчийг “хуримтлуулахад” асар их хөрөнгө зарцуулна. Энэ бүгд металын эрэлтийг огцом нэмэгдүүлнэ” хэмээжээ.
Хятад төмрийн үйлдвэр байгуулахад тавигдах шинэ журам мөрдөнө
Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос (NDRC) төмөрлөгийн үйлдвэр барих, хүчин чадлыг өргөтгөх төслүүдэд шинэ шалгуур тавих болжээ. Энэхүү өөрчлөлт нь тус улсын ган үйлдвэрлэлийн хүчин чадлыг танах, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг бууруулах, аж үйлдвэрийн гол бүс нутгийн байгаль орчны нөхцөл байдлыг сайжруулах хүрээнд хийгдэж буй аж. Шинэ журмаар, тухайлбал Бээжин, Тянжин, Хэбэй, Янзцы болон Сувдан гол, Шанси мужийн Фэнвэйн тал зэрэг бүс нутгуудад шинэ үйлдвэр байгуулах тусгай зөвшөөрөл авахын тулд хуучирсан тоног төхөөрөмжтэй үйлдвэрлэлээ хаах шаардлага тавигдаж байна. Муж, автономит бүс нутаг, хотууд нь шинэ үйлдвэрийн хүчин чадал нэмэх тохиолдолд бусад бүс нутагтай харилцан тохиролцоно. Өөрөөр хэлбэл, шинэ хүчин чадлыг нэмэх бол заавал хуучин үйлдвэрлэлийг хааж Хятадын Засгийн газраас заасан тодорхой хязгаарлалтаас давахгүй гэсэн үг.
БАМ, Транссибирийн төмөр замыг өргөтгөх 780 тэрбум рублийн хөтөлбөр хэрэгжүүлнэ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины захирамжаар, БАМ болон Транссибирийн төмөр замын шинэчлэн, өргөтгөх 2 дахь шатны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Тус улсын Засгийн газрын тэргүүн Михаил Мишустин хөтөлбөрийг батлан гарын үсэг зуржээ. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч даргалсан нүүрсний салбарыг хөгжүүлэх тухай хуралдаанаар хэлэлцсэн юм. Тэрээр нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор баруун чиглэлийн төмөр замын тээврийн сүлжээг өргөтгөх ажлыг 2024 онд багтаан эрчимтэй, маш тодорхой хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатайг цохон тэмдэглэжээ. Энэ дагуу Ерөнхий сайдын үүрэг болгосноор Засгийн газар хөтөлбөрийг боловсруулаад буй аж.
Гвинейн “Симандоу” ордын төмөр замыг барьж эхэлжээ
Гвиней улс дахь төмрийн хүдрийн үлэмж нөөцтэй “Симандоу” ордыг ашиглах төслийн хүрээнд уурхайн дэд бүтцийг, тэр дундаа төмөр замыг барьж эхэлсэн байна. Энэ нь уурхайгаас Либери улсын нутаг дэвсгэрийг тойрч далайн боомт хүрэх 650 км төмөр замын байгууламж юм. Түүнчлэн дэд бүтцийн төслийн хүрээнд төмөр замын хамтаар боомт байгуулна. Төмөр зам, боомтыг 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Дэд бүтэц бэлэн болсноор, уурхайгаас жилд 100 сая тонн төмрийн хүдэр экспортлох зорилттой.
Төмрийн хүдрийн үнэ 201-234 ам.доллар хүрч өсөв
Пүрэв гаригт (2021.05.07) төмрийн хүдрийн үнэ 200 ам.долларт хүрчээ. Тухайн түүхий эдийн ханшийн дээд үзүүлэлтээр тооцогдож байна. Тодруулбал, Хятадын хойд нутгийн Циндао боомтод төмрийн 62%-ийн агууламжтай хүдрийн тонн тутмын үнэ 201.88 ам.доллар хүрч өмнөх өдрийн (2021.05.06)ханшнаас 4.85%-иар өсчээ. Тэгвэл Бразилийн агууламж өндөртэй 65%-ийн төмрийн хүдрийн үнэ 234.7 ам.доллар болж нэмэгдсэн байна. Ингэж төмрийн хүдрийн үнэ огцом өссөн нь Хятад улсын зүгээс тодорхойгүй хугацаагаар Хятад, Австралийн эдийн засгийн стратегийн яриа хэлцлийн бүхий л үйл ажиллагааг зогсоосонтой холбоотой аж.
БНХАУ: Төмрийн хүдрийн үнийн өсөлтийг тогтворжуулахаар импортын татварыг тэглэв
Хятад улс нь гангийн үйлдвэрлэлд шаардлагатай зарим материалыг импортын татваргүй болгох замаар дотоод дахь төмрийн хүдрийн үнийн огцом өсөлттэй тэмцэх арга хэмжээгээ чангатгаж байна. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Гаалийн тарифын комиссын (2021.04.28) мэдэгдсэнээр, тавдугаар сарын 1-ээс эхлэн ширэм, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, ган төмрийн хаягдлын импортын татварыг тэглэхээр болжээ. Ингэснээр Австралиас импортолдог төмрийн хүдрийн үнийн өсөлтийг тогтворжуулах нэг шийдэл гэж үзэж байна. Түүнчлэн, ирэх сараас Бээжин гангийн 146 төрлийн бүтээгдэхүүний экспортын татвар, тэр дундаа НӨАТ-ын буцаан олголтыг зогсоох шийдвэр гаргажээ.
Хятадын томоохон аж ахуйн нэгжүүдийн ашиг 92%-иар өсчээ
Оны эхний улиралд, Хятадын томоохон аж ахуйн нэгжүүд (жилийн нийт эргэлт 3.8 сая ам.доллар) 1.83 их наяд юанийн ашигтай ажиллажээ. Энэ нь нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 137%-ийн өсөлт болохыг тус улсын Үндэсний статистикийн товчооноос мэдээлсэн байна. Зөвхөн гуравдугаар сард, тухайн аж ахуйн нэгжүүд 711.18 тэрбум юанийн ашиг олж өмнөх оны мөн үеийнхээс 92.3%-иар өссөн аж.
Орос нефтийн бүтээгдэхүүний экспортоо түр хугацаанд хязгаарлах төсөл боловсруулж байна
ОХУ-ын Засгийн газраас нефтийн зарим төрлийн бүтээгдэхүүний экспортыг түр хугацаанд хориглох тухай төслийг боловсруулахыг тус улсын Эрчим хүчний яаманд үүрэг болгожээ. Газрын тосны зарим бүтээгдэхүүнд бензин багтсан байна. Тодруулбал, Оросын дотоодын зах зээлд нэн чухал бүтээгдэхүүн болох бензины экспортыг шаардлагатай тохиолдолд түр хугацаанд зогсоох, эсвэл хориглоно гэдгийг ОХУ-ын Засгийн газрын мэдэгдэлд онцолжээ. Шаардлага үүсвэл, эхний ээлжинд ЕАЭЗХ-ны гишүүн бус орнуудад нийлүүлж буй бензины экспортыг авч үзэх аж.
Өвөр Монголоос нүүрсийг анх удаа төмөр замаар шууд Цаофэйдянь боомт хүртэл тээвэрлэжээ
БНХАУ-ын Өвөр Монголын Долоон нуур аймгаас анх удаа 3281 тонн нүүрсийг төмөр замаар тээвэрлэн Хэбэй муж дахь Цаофэйдянь боомтын төмөр замын өртөөнд хүргэсэн талаар www.sxcoal.com сайтад мэдээлжээ. Өвөр Монголын нутаг Шилийн гол хотоос Бээжин, Хэнан мужийн Жэнжоу, Шандун мужийн Жинан хотуудаар дайруулан далайн боомт гэсэн чиглэлд туршилтын тээврийг Хятадын үндэсний төмөр замын группээс зөвшөөрсний дараагаар хэрэгжүүлж байна. Хоёр том бүс нутгийн гол төмөр замын сүлжээ, тээврийг холбосноор Өвөр Монголын зүүн нутгаас нүүрсний шинэ гарцыг Цаофэйдянь боомтоор нээх зорилттой аж.
Уул уурхайн компаниуд нэгдэх хэлэлцээрийн нийт дүн 13 тэрбум доллар хүрэв
Их Британийн “Global Data” байгууллагын судалгаагаар, 2021 оны эхний улиралд дэлхийн уул уурхайн салбар дахь компаниудын нэгдэх, эзэмших, худалдан авах зэрэг 374 хэлэлцээр өрнөж байна. Хил дамнасан эдгээр хэлэлцээрийн нийт дүн 13 тэрбум ам.доллар аж. Энэхүү үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн улирлын 12 тэрбум ам.доллартай харьцуулахад 8.3%-иар өссөн байна. Уул уурхайн компаниудын ийм хэлэлцээрт зөвлөх үйлчилгээ үзүүлсэн тоогоор “TD Securities”, хэлэлцээрийн үнийн дүнгээр “Goldman Sachs” болон “Perella Weinberg Partners” нар тэргүүлжээ. Тус 3 байгууллагын зөвлөгөө үзүүлсэн хэлэлцээрийн нийт дүн 1 тэрбум ам.долларыг давж буй.
Шандун мужийн гангийн үйлдвэрлэлийг 21.41 сая тонноор бууруулна
Хятадын Шандун мужийн Засаг захиргаанаас 2022 он гэхэд тус мужийн гангийн үйлдвэрлэлийн хэмжээг 21.41 сая тонноор бууруулж бага хүчин чадалтай зарим үйлдвэрүүдийг хаахаар шийдвэрлэсэн талаар “Аргус” агентлаг мэдээлжээ. Тус шийдвэрийн хэрэгжилт Шандун мужийн 11 үйлдвэрийг хамрах аж. Энэ хүрээнд тус мужийн гангийн үйлдвэрлэлийг 2021 онд 4.65 сая, 2022 онд 16.76 сая тонноор тус тус бууруулахаар төлөвлөжээ. Шандун нь Хятадын гангийн үйлдвэрлэлийн гол мужуудын нэг бөгөөд “2+26” багтсан зарим хотууд хамаардаг байна.
Хятадын гангийн үйлдвэрүүдийн коксжих нүүрсний нөөц буурч байна
Хятад улсад сүүлийн саруудад нүүрсний хэд хэдэн уурхайд ажилчид амиа алдсан томоохон аваар осол гарсны улмаас өндөр эрсдэлтэй уурхайн зарим үйлдвэрлэл, үйл ажиллагааг зогсоосон билээ. Энэ асуудлаас үүдэн Шанси, Хэнан болон ӨМӨЗО-ны бүс нутаг дахь нүүрсний уурхайнуудын аюулгүй ажиллагааны хяналт шалгалтыг эрчимжүүлж байна. Хятадын Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, гуравдугаар сард тус улсын нүүрсний нийт олборлолт 0.2%-иар буурчээ. Өнгөрсөн оны мөн үед 340.76 сая тонн нүүрс олборлосон байна.
Хятад дотоодын түүхий эдийн зах зээлийн зохицуулалтыг чангатгана
Хятадад (2021.04.13) болсон онлайн симпозиум дээр тус улсын Төрийн зөвлөлийн дарга Ли Кэөцян мэдэгдэлдээ түүхий эдийн дотоодын зах зээлийг хатуу зохицуулах асуудлыг хөндсөн нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, зарим түүхий эдийн ханшид нөлөөлөв. Тэрээр “Улсын нийт эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаа сэргэж байгаа ч дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлт нь дотоодын компанийн зардалд хүчтэй дарамт учруулж байна” гэдгийг цохон тэмдэглэжээ.
Хятад коксжих нүүрсний импортынхоо 61.7%-ийг Монголоос бүрдүүлжээ
Австралийн нүүрсний эсрэг Хятадын импортын хориг үргэлжилж байна. Энэ оны эхний хоёр сарын байдлаар, хоригтой холбоотойгоор Австралиас коксжих нүүрс импортлоогүй бол Хятадын коксжих нүүрсний нийт импортын 61.7%-ийг Монгол Улс эзэлж буй. Өнгөрсөн оны мөн үед манай улс Хятадын коксжих нүүрсний нийт импортын 17.7%-ийг бүрдүүлж байжээ. Коксжих нүүрсний томоохон нийлүүлэгч улс Хятадын импортын хоригтой тулгарснаар бусад орон болох Монгол, Орос, Индонез болон АНУ-ын нийлүүлэлт нэмэгдсэн байна. Гэвч Хятадын тал илүү өндөр үнээр коксжих нүүрс импортлоход хүрч буй юм. “Аргус” агентлагийн мэдээллээр, өнгөрсөн пүрэв гаригт (2021.04.08) АНУ-ын “Hampton Roads” боомтод коксжих нүүрсний үнэ 152.75 ам.доллар/тн-д хүрч 34%-иар өсчээ.
“GlobalData”: Австралийн нүүрсний олборлолт сэргэж байна
Австрали дахь нүүрсний компаниудын үйлдвэрлэлийн талаарх судалгааны тайлангаа Их Британийн “GlobalData” байгууллагаас танилцуулжээ. Уг тайлангаар, 2021 онд нүүрсний томоохон олборлогч 10 компани болох “Coal India”, “Shenhua”, “Yanzhou Coal”, “Peabody”, “China National Coal”, “Glencore”, “Siberian Coal”, “PT Bumi”, BHP болон “Arch Resources” нь нийт 1.68-1.74 тэрбум тонн нүүрс олборлох төлөвтэй байна. Эдгээр компанийн нүүрсний нийт олборлолт өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад 6.6%-иар нэмэгдэх таамгийг дэвшүүлжээ. Нүүрсний үйлдвэрлэл сэргэж буйг тайланд тэмдэглэсэн байна. Учир нь дээрх 10 компани нь 2019 онд нийт 1.7 тэрбум тонн нүүрс олборлож байсан бол КОВИД-19 цар тахал дэгдсэн өнгөрсөн онд олборлолтын хэмжээ 4.2%-иар буурч 1.6 тэрбум тоннд хүрчээ.
Дэлхийн алт үйлдвэрлэлийн ТОП-10 уурхай
Канадын судалгааны “Kitco” байгууллагаас 2020 онд дэлхийд алт үйлдвэрлэлээр тэргүүлэх 10 уурхайг тодорхойлжээ. Энэхүү ТОП-10 уурхайгаас тавд нь Канадын “Barrick Gold” компани хувь эзэмшиж байна. КОВИД-19 цар тахал дэгдсэн сүүлийн жилд ихэнх уурхайн алтны олборлолт буурчээ. Өнгөрсөн хоёрдугаар сард танилцуулсан АНУ-ын Геологийн албаны судалгаанд, дэлхийн хэмжээнд олборлох боломжтой алтны 50 мянган тонн нөөц буйг дурдсан байна. Хэрэв 2018, 2019 оны үзүүлэлтээр жилийн алтны олборлолтын хэмжээ 3000 тонн байх бол боломжит нөөц 15 жилийн дараа дуусч болзошгүйг судалгаанд онцолжээ.
Ураны үнэ 30 ам.доллар хүрч нэмэгджээ
Японы “Фүкүшима” атомын цахилгаан станцад гарсан ослоос хойш уналтад ороод байсан ураны зах зээлд сэргэлт ажиглагдаж эхэлжээ. Тодруулбал, энэ онд анх удаа фунт ураны үнэ 30 ам.долларын босго давлаа. Үүнд уран үйлдвэрлэгчид түүхий эдийн нөөцөө нэмэгдүүлж, дагаад олборлолт өсч буйгаас гадна шинээр барих АЦС-ын төслүүд идэвхжиж байгаа нь нөлөөлж буй аж. “BMO Capital Markets” болон “Morgan Stanley”-аас ураны өнөөгийн үнэ бол хамгийн доод үзүүлэлт болохыг тэмдэглэж, 2024 он хүртэл 50 ам.доллар хүрч өснө гэсэн таамгийг дэвшүүлжээ.
Гуравдугаар сард Оросын нүүрсний экспорт өсчээ
Гуравдугаар сард Орос улс 38 сая тонн нүүрс олборложээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.7%-иар өссөн байна. Мөн сард гадаад зах зээлд 16.64 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 12.1%-иар нэмэгдсэн үзүүлэлт юм. Хоёрдугаар сард экспортолсон нүүрсний хэмжээ 14.65 сая тонн байна. Тус улсын нүүрсний нийт экспортын 14%-ийг коксжих нүүрс бүрдүүлж буй. Нэгдүгээр сард Орос 176.8 мянган тонн коксжих нүүрс Хятад руу экспортолсон байна.
Оросын Засгийн газраас “Элегест-Кызыл-Курагино” төмөр замын төслийг 5 жилээр царцаалаа
ОХУ-ын Засгийн газраас “Элегест-Кызыл-Курагино” чиглэлийн 410 км төмөр замын төслийг 5 жилээр царцаахаар шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, уг төмөр замын төслийн Концессын гэрээг 2026 он хүртэл хойшлуулж байна. Тус улсын Тувагийн нутаг дахь Элегестийн нүүрсний сав газраас Транссибирийн төмөр замтай холбох зорилттой энэхүү төслийг хэрэгжүүлэх асуудал бараг 20 жил яригдаж буй. Энэхүү төмөр замыг шугамыг үргэлжлүүлэн Монголын нутагт шинээр барихаар “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д 2018 онд нэмсэн Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замтай холбох асуудал яригддаг. “Курагино-Кызыл-Цагаантолгой-Арц суурь-Овоот-Эрдэнэт-Салхит-Замын-Үүд-Эрээн-Улаанцав-Жанчхүү-Бээжин-Тянжин” чиглэл нь Орос, Монгол, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт багтсан төслүүдийн нэг юм.
Ерөнхийлөгч Жо Байден 2.3 их наяд ам.долларын санхүүжилттэй төлөвлөгөө танилцууллаа
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нь дэд бүтцийг шинэчлэн өргөтгөх, нүүрсхүчлийн хийн ялгаралгүй технологийг нэвтрүүлэх, аж үйлдвэр, нийгмийн хөгжлийг идэвхжүүлэхэд 2.3 их наяд ам.долларын санхүүжилттэй 8 жилийн хөтөлбөрийн төлөвлөгөөний талаар мэдэгдлээ. Төлөвлөгөөнд тусгаснаар, 650 тэрбум ам.долларыг зам тээврийн дэд бүтцэд зарцуулна. Засгийн газрын тус хөтөлбөрт “Америкийн бүтээгдэхүүнийг худалдан авах” (Buy American) зарчмыг ашиглахаар онцгойлон тусгасан бөгөөд үндэсний үйлдвэрлэлийн бараа материалыг ашиглах шаардлага тавигдах аж. Хөтөлбөр хэрэгжсэнээр эрчим хүч, цахилгаан автомашин, цэнэглэх станцад ашигладаг зэс, никель, лити болон бусад металлын эрэлт эрс нэмэгдэнэ гэж зах зээлийн шинжээчид үзэж байна.