Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

ОХУ бензины экспортын хоригоо цуцаллаа

“ОХУ дизель түлшний экспортод тавьсан ихэнх хязгаарлалтыг өнгөрсөн сард цуцалсны дараа бензиний экспортод тавьсан хоригоо цуцаллаа. Шаардлагатай гэж үзвэл экспортын хоригоо сэргээж болох бөгөөд шатахууны нөөц 2 сая тонн орчим болтлоо өслөө” гэж Оросын Эрчим хүчний яам 11 сарын 17-нд мэдэгдлээ. Орос улс дизелийг далайгаар экспортолдог улсуудын нэг. Дотоодод нь шатахууны үнэ өсөж, хомсдол нүүрлэж эхэлсэн учир 9-р сарын 21-нд шатахууны экспортод хориг тавьсан. Харин хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Беларусь, Казахстан, Армен, Киргизстан гэсэн дөрвөн улс л уг хоригт хамрагдаагүй.

Оросын Засгийн газар 10-р сарын 6-нд хязгаарлалтыг зөөлрүүлж, дизель түлшийг хоолойгоор экспортлохыг зөвшөөрсөн ч бензиний экспортод тавьсан хоригоо хэвээр үлдээсэн юм. Мөн дизель түлш болон бусад түлшийг ачааны машин болон төмөр замаар гадаад руу гаргах нь тухайн үед бас хориотой байв. Тус улс газрын тос, нефтийн бүтээгдэхүүний экспортоо энэ оныг дуустал өдөрт 300 мянган баррелиар бууруулахыг зорьж байгаа. Харин тус хоригийг цуцалсан нь энэ зорилгоо биелүүлэхэд хүндрэл учруулж болзошгүй юм.

Орос “ОПЕК+ орнуудтай тохиролцсоны дагуу 12-р сарын эцэс хүртэл сайн дурын үндсэн дээр газрын тосны нийлүүлэлтээ багасгах хэвээр гэдгээ дахин мэдэгдлээ. Дизель түлш нь Оросын экспортын хамгийн гол бүтээгдэхүүн бөгөөд өнгөрсөн онд 35 сая тонн орчмыг гадагш гаргажээ. Үүний бараг дөрөвний гурвыг хоолойгоор тээвэрлэсэн байна. Мөн Орос улс 2022 онд 4.8 сая тонн бензин экспортолжээ. Газрын тосны салбарын эх сурвалжууд Оросын Засгийн газар 11-р сарын дундуур үлдсэн хязгаарлалтуудаа цуцална гэж Ройтерс агентлагт мэдээлжээ. Албаны хүмүүс дотоодын зах зээл тогтворжсоны дараа хоригийг цуцална гэж мэдэгдсэн. Шинжээчид Орост ургац хураалт дууссаны дараа хоригийг цуцална гэж таамаглаж байна.

Эх сурвалж: Reuters