Ч.Сансар
Хятадын уул уурхайн төслүүд хэрэгжиж эхэлснээр Зимбабвийн литийн экспортын орлого 2023 оны эхний есөн сард 209 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны орлогоос гурав дахин их байна гэж Уул уурхайн сайд Жэмү Сода 11 дүгээр сарын 1-нд мэдэгджээ.
Эрчим хүч хуримтлуулах системийн гол түүхий эд болох лити нь хямарч буй эдийн засгийг сэргээхэд тусална гэж Африкийн хамгийн том лити үйлдвэрлэгч Зимбабве улс найдаж байна.
Лити нь алт болон цагаан алтын дараа Зимбабвийн гурав дахь том экспортын бүтээгдэхүүн болох төлөвтэй. Өнгөрсөн онд алт 2.46 тэрбум, цагаан алт 2.27 тэрбум ам долларын экспортын орлого оруулсан байна.
"Зимбабве литийн экспортоос 2018 онд 1.8 сая долларын орлого олсон бол 2022 онд 70 сая ам.долларт хүрч эрс нэмэгджээ. Өнгөрсөн сарын байдлаар литийн экспортын орлого 209 сая ам.долларт хүрсэн" гэж Сода сайд Булавайо хотод зохион байгуулсан уул уурхайн зөвлөгөөн дээр мэдэгдлээ.
Zhejiang Huayou Cobalt, Sinomine Resource Group, Chengxin Lithium Group, Yahua Group, Canmax Technologies зэрэг Хятадын уул уурхайн компаниуд Зимбабве дахь литийн төслүүдийг хэрэгжүүлэхэд сүүлийн хоёр жил нэг тэрбум гаруй ам.доллар зарцуулжээ.
Эдгээр компаниудын дийлэнх нь боловсруулах үйлдвэрүүдээ энэ онд барьж, ашиглалтад оруулсан бөгөөд литийн баяжмалыг Хятад руу экспортолж байна.
Зимбабвийн Засгийн газар өнгөрсөн жил баяжуулаагүй лити экспортлохыг хориглосон юм. Зимбабве литийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд бусад томоохон үйлдвэрлэгчид 2024 онд тус улсад үйл ажиллагаагаа эхлүүлэх төлөвтэй байна гэж Сода сайд мэдэгдэв.
Эх сурвалж: Reuters