Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
Орост металын экспортод түр хугацааны татвар ногдуулж эхлэв Наймдугаар сарын 1-нээс ОХУ-ын металын (өнгөт, хар)экспортын түр хугацааны татвар мөрдөгдөж эхэлжээ. Металын (өнгөт) төрөл болоод боловсруулалтын зэргээс (хар металын хувьд) харгалзан, 2021 оны эхний таван сарын дэлхийн түүхий эдийн зах зээл дэх ханшийн хэлбэлзлийг тооцож экспортын бүтээгдэхүүнд 15%-ийн татвар ногдуулж байна. Тухайлбал, экспортын тонн зэсээс 1226 ам.доллар, никелээс 2321 ам. доллар, хөнгөн цагаанаас 254 ам.долларын татвар авч байгаа аж. Энэхүү татвар нь зөвхөн Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭБ) –ны гишүүн бус орнууд руу экспортлоход хамаарч байна.
Орос дотоод дахь шатахууны үнээс шалтгаалан экспортыг хязгаарлана Амралт, аяллын улиралтай холбоотойгоор Оросын дотоодын хэрэглэгчдийн эрэлт нэмэгдэж буйн улмаас тус улсын зах зээл дээр шатахууны үнэ өсч дээд үзүүлэлтэд (2021.07.22)хүрсэн юм. Тухайлбал, АИ-95 шатахуун тонн тутамдаа 60029 рубль хүрч өнгөрсөн оны долдугаар сарын 20-ноос хойших хамгийн өндөр үнэ болжээ. Мөн АИ-92 шатахууны үнэ таван өдөр дараалан өсч 57597 рубльтэй тэнцсэн аж. Хэрэв долдугаар сарыг дуустал шатахууны үнэ өндөр хэвээр байх юм бол нефтийн бүтээгдэхүүний зарим төрлийн экспортыг тур хугацаагаар хязгаарлах арга хэмжээ авахаар ОХУ-ын Эрчим хүчний яамнаас төлөвлөжээ. 
Хятад нүүрсний олборлолтоо 110 сая тонноор нэмэгдүүлнэ  Хятад улс 2021 оны хоёрдугаар хагаст нүүрсний олборлолтын хүчин чадлыг 110 сая тонноор нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Үүний тулд шинэ уурхайнуудыг ашиглалтад оруулахаар болсон байна. Энэ нь дотоодын нүүрсний эрэлт нэмэгдсэнтэй холбоотой аж. Өнөөгийн байдлаар, 40 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай уурхайнууд ашиглалтын зөвшөөрлөө төрийн байгууллагаас хүлээж байгаа бол 70 сая тонн нүүрс олборлолтын хүчин чадалтай төслүүд бэлтгэлийн шатандаа буйг Хятадын хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдээлжээ. Эдгээр уурхайг шат дараатай ашиглалтад оруулахаар судалж байна.
Хятад улс 600 сая тонн нүүрсний нөөц бүрдүүлнэ  Хятад улс нүүрсний нөөцийн хэмжээгээ нэмэгдүүлж 600 сая тоннд хүргэхээр төлөвлөж байна. Энэ нь тус улсын нүүрсний жилийн нийт хэрэглээний 15%-тай тэнцэхүйц хэмжээ болохыг Хятадын хөгжил, шинэчлэлийн хорооноос (2021.07.16) мэдээлжээ. Уг хорооноос өнгөрсөн дөрөвдүгээр сард, дотоодын зах зээл дэх ханган нийлүүлэлт хязгаарлагдах, улмаар хэрэглээ өсч болзошгүй байдлаас сэргийлж нүүрсний томоохон олборлогчид болон тээврийн гол зангилаа төв, цахилгаан станцуудыг түүхий эдийн нөөцөө нэмэгдүүлэхийг анхааруулсан байна. Тухайн үед Хятад улсын нүүрсний нийт нөөцийг 120 сая тоннд хүргэж нэмэгдүүлэх талаар мэдэгдсэн аж.
Хятадын хаягдал гангийн хэрэглээ 23%-иар нэмэгдэнэ 2025 он гэхэд Хятад улсын хаягдал гангийн хэрэглээ 23%-иар өсч 320 сая тоннд хүрэх бөгөөд өнгөт металын дахин боловсруулалтыг нэмэгдүүлэх төлөвийг тус улсын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос(NDRC) мэдээлжээ. Мэдээнд дурдсанаар, ирэх таван жилд Хятадын өнгөт металын дахин боловсруулалтын үйлдвэрлэл 20 сая тонн болж нэмэгдэх аж. 2021 оны байдлаар тус үйлдвэрлэлийн хэмжээ 14.5 сая тонн байна. Түүнчлэн, бага агуулгатай хүдэр, хаягдал болон бусад нөөцийн ашиглалтыг сайжруулахад анхаарах талаар Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо мэдэгджээ.
Хятад гангийн үйлдвэрлэлийн хязгаарлалтыг сулруулжээ Хятадын Хэбэй мужид гангийн үйлдвэрүүдийн хүчин чадлын хязгаарлалтыг сулруулж байна. Тодруулбал, гангийн үйлдвэрүүдийн хайлуулах зуухны ашиглалтыг 70% болгож нэмэгдүүлжээ. Уг зохицуулалт энэ оныг дуустал үргэлжлэх аж. Өмнө нь ган хайлуулах зуухны ашиглалтыг 50%-иар хязгаарласан юм. Үүний улмаас Хэбэй мужийн төв Таншан орчмын гангийн үйлдвэрлэл 34 сая тонноор буурч болзошгүй байв. Хэбэй мужийн Таншан орчмын бүс нутаг Хятад улсын гангийн нийт үйлдвэрлэлийн 14%-ийг бүрдүүлдэг.
“ОПЕК+” орнууд тохиролцоонд хүрч чадахгүй байна Газрын тосны олборлогч “ОПЕК+”-ийн гишүүн орнуудын Сайд нарын уулзалт даваа гаригт (2021.07.05) болох байсан ч цуцлагджээ. Наймдугаар сарын олборлолтын хэмжээг гишүүн орнууд зургаадугаар сарын 30-наас долдугаар сарын 1-ний хооронд тохирох ёстой байв. Гэвч гурав дахь өдрөө тохиролцоонд хүрч чадахгүй байгааг албаныхан мэдээлсэн байна. Шалтгаан нь Саудын Араб, АНЭУ-ын санал зөрөлдсөн нь хэлэлцээрийг саатуулжээ. Шинэ уулзалтын тов тодорхойгүй байгаа аж. Уулзалт цуцлагдсаны дараа Brent маркийн газрын тосны үнэ 77 ам.доллар хүрч өссөн бөгөөд энэ нь 2018 оны аравдугаар сараас хойших хамгийн өндөр ханшид тооцогдож байна. 
Хятад гангийн хуучирсан үйлдвэрүүдийг орлох 9 төслийг баталжээ Хятадын Засгийн газраас 2022-2024 онд төмөрлөгийн салбарт хэрэгжих төслүүдийн жагсаалтыг шинэчлэн (2021.07.01) баталсан тухай “S&P Global Platts” мэдээлжээ. Шинээр 9 төсөлд зөвшөөрөл олгосон байна. Бүх төсөл нь хуучирсан үйлдвэрүүдийг солих зарчмаар хэрэгжих юм. Тухайлбал, томоохон аж үйлдвэрлэл төвлөрсөн, агаарын бохирдол ихтэй Бээжин, Тянжин, Хэбэй, Гуанжоу, Шанхай зэрэг бүс нутагт жилийн 1 сая тонн хүчин чадалтай үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэхдээ 1.5 сая тонн хүчин чадалтай хуучин үйлдвэрийг хаана гэсэн үг. Бусад мужид энэ харьцаа 1:1.25 байх аж.
Орос Алс Дорнодын бүс нутгаас 80.4 сая тонн нүүрс экспортолно ОХУ-ын Алс Дорнодын чиглэлийн төмөр замын хоёрдугаар үе шатны өргөн шинэчлэх хөтөлбөр эхэлсэн билээ. Энэ хүрээнд, тус бүс нутгаар Хятад улстай хиллэх хуурай боомтуудын төмөр замын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлж байна. Энэ тухай “Алс Дорнодын эрчим хүч” хурлын үеэр мэдээлжээ. Тухайлбал, Приморийн хязгаарын Махалино-Хуньчунь боомтод ачаа тээврийн терминалын цогцолбор байгуулж байна. Ингэснээр боомтын төмөр замаар нэвтрүүлэх өнөөгийн 2.6 сая тоннын хүчин чадал 8 сая тонн болж нэмэгдэх аж. Тус боомтоор нүүрс, төмрийн хүдэр, зэсийн нунтаг, мод зэрэг бүтээгдэхүүн Хятад руу экспортлохоос гадна Япон, Хойд Солонгосын транзит ачаа барааг нэвтрүүлдэг.
Чили цар тахлын өртгөө зэсийн роялтийг өсгөх замаар шийдвэрлэж болзошгүй Зэсийн олборлогчдын татвар, роялти төлбөрийн хэмжээг огцом өсгөж 80%-д хүргэх хуулийн төслийг тэргүүлэх олборлогч Чили улс баталж магадгүй байна. Энэхүү татвар, хураамжийн өндөр түвшин нь гагцхүү газрын тосны салбарт ажиглагддаг.  Учир нь Чилийн Конгрессийн доод танхим (2021.05.06) өсөн нэмэгдэх роялтийн тухай хуулийн төслийг олонхийн саналаар дэмжсэн байна. Хуулийн төсөл нь цар тахлын хүндрэлийн үед нийгэм, эдийн засагт чиглэсэн зарцуулалтыг нэмэгдүүлэх зорилготой. Доод танхимд суудалтай Коммунист намын гишүүн Daniel Nunez-ийн тайлбарласнаар шинэ хууль хэрэгжсэнээр жил бүр Чилийн төсөвт нэмж 7 тэрбум ам.доллар орж ирэх боломжтой.
Оросын коксжих нүүрсний экспорт 48.82%-иар буурчээ ОХУ-ын Холбооны гаалийн газрын мэдээллээр, дөрөвдүгээр сард тус улс 1.66 сая тонн коксжих нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 7.61%-иар, өмнөх гуравдугаар сараас 48.82% -иар тус тус буурсан үзүүлэлт аж. Оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 8.53 сая тонн коксжих нүүрс экспортолсон байна. Мөн хугацаанд тус улсын  нүүрсний нийт экспортын хэмжээ 85.25 тоннд хүрсэн юм. Тэгвэл тавдугаар сард 19.27 сая тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд хэмжээгээр тооцогдож байна.
Хятад нүүрсний нөөцөө нэмэгдүүлж, зарим мужийн импортын бодлогыг зөөлрүүлнэ Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ өндөр буй үед өмнөд бүс нутгийн эрчим хүчний хомсдлоос сэргийлж тус улсын төр засгаас түүхий эд нөөцлөх дэд бүтцийг байгуулах ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, нүүрсний салбарын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд хадгалалтын байгууламжуудыг өргөтгөн сайжруулах шаардлагатайг Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдэгдсэн байна. Тус хорооны Төрийн төлөвлөлтийн агентлагийн дарга Сюй Вэнбин “Нүүрсний нөөц, хуримтлалыг нэмэгдүүлснээр үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулна” хэмээн онцолжээ.
“GlobalData”: Дэлхийн ураны олборлолт жилд 6.2%-иар тогтмол өснө 2021 онд дэлхийн ураны олборлолт 3.1%-иар буюу 51.2 мянган фунтээр нэмэгдэнэ гэж  “GlobalData”—аас мэдээлжээ. Энэхүү өсөлтөд нөлөөлөх гол үйлдвэрлэл бол дөрөвдүгээр сард үйл ажиллагаа нь сэргэсэн Канад дахь “Cigar Lake” уурхай аж. Цар тахлын улмаас 2020 оны эхний улиралд тус уурхайн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. “Cigar Lake” нь дэлхийн ураны үйлдвэрлэлийн 12-13%-ийг бүрдүүлж байна. Энэ онд томоохон олборлогч орнуудаас Казахстаны үйлдвэрлэл 15.5%, Орос улсынх 5.2%-иар өсөх таамгийг “GlobalData” дэвшүүлжээ. Харин Австралийн “Ranger” уурхай хаагдаж буйтай холбоотойгоор тус улсын ураны олборлолт 21.2%-иар буурах магадлалтай гэнэ.   
Оросын нүүрсний экспорт түүхэн дээд үзүүлэлтэд хүрэв  ОХУ-ын Эрчим хүчний яамны мэдээлснээр, тавдугаар сард тус улс нийт 19.27 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өмнөх дөрөвдүгээр сарынхаас 5.12%-иар нэмэгдэж түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Оны эхний дөрвөн сарын экспортын нийт хэмжээ 85.25 сая тонн буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 18%-иар өсчээ. 2020 оны үзүүлэлтээр, дэлхийн нүүрсний нийт нөөцийн 17.61% нь Орос улсад ногдож байна. Мөн онд тус улс нүүрс олборлолтоороо Хятад, Америк, Энэтхэг, Австрали болон Индонезийн дараа оржээ. Тодруулбал, 396.6 сая тонн нүүрс олборлож дэлхийн нүүрсний үйлдвэрлэлийн 5%-ийг бүрдүүлсэн аж.
Хятадын тэргүүлэх 10 компани 710 сая тонн нүүрс олборложээ Оны эхний дөрвөн сард, Хятадын уул уурхайн томоохон 90 компани нийт 940 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.4%-иар өсчээ. Үүнээс 710 сая тонныг тэргүүлэгч 10 компани олборлосныг тус улсын Нүүрсний үндэсний ассоциаци (CNCA) мэдээллээ. Энэ нь 2020 оны мөн үеийнхээс 69.37 сая тонноор өссөн үзүүлэлт аж. Томоохон 10 компанийн тухайд, Хятад улсын нүүрсний нийт олборлолтын 55%-ийг бүрдүүлж байна. Эдгээрээс 8 компанийн үйлдвэрлэл өссөн байна. Энэ онд Хятад улс 1.19 тэрбум тонн коксжих нүүрс олборлох урьдчилсан төлөв гарчээ.
Алс Дорнодоос нүүрс чингэлгээр Хятад руу экспортолж эхэлжээ ОХУ-ын Алс Дорнодын бүс нутгаас анх удаа нүүрсийг задгай (open top) чингэлэгтэй төмөр замаар тээвэрлэж хуурай газрын Гродеково–Суйфэньхэ боомтоор Хятад руу экспортолж эхэлжээ. Нүүрсийг чингэлгээр тээвэрлэхэд хоёр улсын төмөр замын ялгаатай (Орос өргөн цариг буюу 1520 мм, Хятад нарийн цариг буюу 1435 мм)царигт шилжүүлэн ачих хугацааг богиносгож, нүүрсний тоосжилтыг бууруулж буйгаараа давуу талтайг Хятадын www.sxcoal.com мэдээндээ онцолсон байна. Хятадын зах зээлд нүүрсний экспортоо нэмэгдүүлэх зорилгоор Орос улс өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ноос Забайкалийн бүс нутгаас нүүрсийг 20 тонн чингэлгээр төмөр замаар тээвэрлэн экспортолж эхэлсэн юм. Одоо Алс Дорнодын бүс нутгаас нүүрсийг чингэлгээр экспортолж буй бөгөөд цаашид ийм хувилбараар бусад боомтууд руу тээвэрлэхээр төлөвлөжээ.
Орос, Хятадын Төрийн тэргүүн нар Тяньванийн АЦС-ын нээлтэд оролцоно Өнөөдөр (2021.05.19) ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Жинпин нар цахим уулзалт хийж, хоёр улсын хамтарсан төсөл АЦС-ын нээлтийн ёслолд оролцохоор төлөвлөжээ. Тодруулбал, Хятад улс дахь цөмийн эрчим хүчний 4 блок бүхий Тяньванийн АЦС-ыг ашиглалтад оруулж байна.  Оросын төрийн “Росатом” корпораци Тяньванийн АЦС-ын барилгын ажлыг гүйцэтгэсэн юм. Энэ нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, тэр дундаа цөмийн эрчим хүчний салбар дахь хамгийн том төсөлд тооцогддог.
“Morgan Stanley”: II улиралд төмрийн хүдрийн ханш 200 ам.доллараас буурахгүй Энэ долоо хоногийн эхнээс төмрийн хүдрийн үнэ 200 ам.доллар болж эргээд өсч байна. Хятадын Далианы түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн гэрээт үнэ 5.5%-иар өсч 195.26 ам.доллар (1256 юань) хүрчээ. Тэгвэл далайн хойд эргийн Циндао боомтод 62%-ийн агуулгатай төмрийн баяжмалыг 224.44 ам.доллараар худалдаалж байна. Хятадын аж үйлдвэрийн идэвхжил өндөр хэвээр байгаатай холбоотой төмрийн хүдрийн ханш эргээд өсч буйг шинжээчид тайлбарлаж байгаа юм. Учир нь дотоодын зах зээл дэх түүхий эдийн үнийн өсөлтийг хязгаарлах зорилтоор өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын төр засгаас аж үйлдвэрийн зарим томоохон бүс нутгийн үйлдвэрлэлийг танах зохицуулалтын арга хэмжээ авч эхэлсэн. Энэ нь зах зээлд болгоомжлол үүсгэн төмрийн хүдрийн ханш буурахад нөлөөлсөн.
Хятадын гангийн үйлдвэрлэл түүхэн дээд хэмжээнд хүрчээ Энэ оны дөрөвдүгээр сард, Хятад улс 97.85 сая тонн ган үйлдвэрлэсэн нь түүхэн дээд үзүүлэлтээр тооцогдож байна. Өмнөх сарын үйлдвэрлэлийн хэмжээнээс 4.1%-иар өссөн болохыг тус улсын Статистикийн ерөнхий хорооноос мэдээлжээ. Өнгөрсөн сарын байдлаар, нэг өдрийн гангийн гарц 3.26 сая тонн буюу өмнөх сарынхаас 7.5%-иар нэмэгдсэн аж. Тэгвэл эхний дөрвөн сард Хятад улс нийт 374.56 сая тонн ган үйлдвэрлэжээ. Өмнөх оны мөн үеэс 16%-иар өссөн үзүүлэлттэй байна. Гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эдийн нэг төмрийн хүдрийн үнэ он гарснаас хойш 40%-иар нэмэгджээ. Тус улсын гангийн томоохон үйлдвэрлэлийн бүс нутаг Хэбэй мужийн үйлдвэрлэлийг хязгаарлах болсон нь түүхий эдийн үнэ өсөхөд нөлөөлж буйг шинжээчид тайлбарлаж байна.
Төмрийн хүдэр, коксжих нүүрсний үнэ буурчээ  Түүхэн дээд үзүүлэлтэд хүрч өсөөд буй төмрийн хүдрийн ханш пүрэв гаригт 9.5%-иар буурчээ. Тухайн өдөр Далианы түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн гэрээт үнэ 7.5%-иар буурч 1217 юанийн (188.66 ам.доллар) ханштай хаагдсан байна. Тус бирж дээрх төмрийн хүдрийн үнэ тавдугаар сарын эхнээс 23%-иар өсчээ. Түүнчлэн, өчигдөр Хятадын зах зээл дээр коксжих нүүрсний үнэ 1988 юань хүрч 3.9%-иар буурсан байна. Лхагва гаригт БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс, түүхий эдийн ханш огцом өсч буйн улмаас эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах үүднээс мөнгө-зээлийн болон бусад санхүүгийн бодлогуудын зохицуулалтыг чангатгана гэдгээ мэдэгдсэн билээ. 
24 25 26 27 28 29 30