Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
Австрали төмрийн хүдрийн экспортоо 1.1 тэрбум тоннд хүргэнэ  Даваа гаригт (2021.03.29) Австралийн Засгийн газрын мэдэгдсэнээр, 2020-2021 оны санхүүгийн жилд тус улсын төмрийн хүдрийн экспорт дээд хэмжээнд хүрч 136 тэрбум австрали долларын (104 тэрбум ам.доллар) орлого бүрдэнэ гэж тооцжээ. Үүнд КОВИД-19 цар тахлын дараа эдийн засаг сэргэж буйн улмаас дэлхийн гангийн үйлдвэрлэлийн идэвхжил нөлөөлнө гэж үзэж байна. Тус улсын 2020-2021 оны 900 сая тонн төмрийн хүдрийн экспортын хэмжээ 2025 он гэхэд 1.1 тэрбум тоннд хүрэх хүлээлттэй байна.
Австрали нүүрсний экспортын төмөр замаа хэсэгчлэн нээж эхэлжээ Австралийн “Rail Track” компанийн (2021.03.24) мэдэгдсэнээр, нүүрсний Хантер Валли сав газраас нүүрсний экспортын хамгийн том боомт Ньюкасл хүртэлх төмөр замыг хэсэгчлэн нээж байна. Шинэ Өмнөд Уэльс мужид долоо хоног үргэлжилсэн борооны улмаас нүүрсний экспортын гол төмөр замын хөдөлгөөнийг (2021.03.18) хаасан юм. Энэ нь сүүлийн 50 жилд тохиож буй хамгийн ширүүн бороо аж. 2020 онд уг төмөр замаар нийт 158 сая тонн нүүрс Ньюкасл боомт руу тээвэрлэжээ. Тухайн төмөр зам нь “BHP”, “Glencore”, “New Hope”, “Whitehaven Coal” болон “Yancoal Australia” зэрэг компаниудын түүхий эдийн экспортын тээврийг хангадаг.
Эхний хоёр сард Хятадын нүүрсний импорт 39.5%-иар буурчээ Хятадын Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, эхний хоёр сард тус улс 620 сая тонн нүүрс олборложээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25%-иар нэмэгдсэн дүн боллоо. Мөн хугацаанд Хятад улс 41.13 сая тонн нүүрс импортолсон аж. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 39.5%-иар буурсан үзүүлэлт юм. 2020 оны байдлаар, дэлхийн нийт нүүрсний олборлолтын 51%-ийг Хятад бүрдүүлжээ. Тэгвэл тус улсын нүүрсний импорт нийт хэрэглээний 7.1%-ийг бүрдүүлж байна. БНХАУ-ын XIV таван жилийн төлөвлөгөө хэрэгжиж (2021-2025 он) дуусах үед тус улсын нүүрсний олборлолтын хэмжээг жилд 4.1 тэрбум тонн байхаар төлөвлөж буй юм.
Хэбэй мужийн гангийн 23 үйлдвэрийн гарцыг хязгаарлав Хэбэй мужийн төмөрлөгийн 23 үйлдвэрийн гарцыг гуравдугаар сарын 20-ноос арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл хязгаарлахаар Таншан хотын Засаг захиргаанаас шийдвэрлэжээ. Энэ нь жилийн эцэс гэхэд тус хотын агаарын бохирдлыг 30-50% бууруулах зорилттой холбоотойг “S&P Global Platts” мэдээлэв. Тус агентлагийн тооцоолсноор, Хятадын гангийн томоохон үйлдвэрлэгч бүс нутгийн үйлдвэрлэл 35 сая тонноор буурахаар байна. Улмаар ойрын саруудад төмрийн хүдрийн үнэ буурахад нөлөөлнө гэж шинжээчид таамаглажээ.
Дэлхийн уул уурхайн салбарт хийгдсэн 5 том хэлэлцээр 2020 оны дөрөвдүгээр улиралд дэлхийн уул уурхайн салбар дахь компаниудын нэгдэх, эзэмших, худалдан авах зэрэг хил дамнасан хэлэлцээрийн нийт мөнгөн дүн 7.7 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ тухай Их Британийн судалгааны “GlobalData” компани мэдээлсэн байна. Тухайн хэлэлцээрийн дүнг харьцуулж үзвэл, өмнөх гуравдугаар улирлынхаас 594%-иар нэмэгдэж, сүүлийн дөрвөн улирлын дундаж үзүүлэлтээс 71.5%-иар өсчээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын нийт хэлэлцээрийн 79.3% буюу 6.11 тэрбум ам.доллар нь 5 хэлэлцээрт хамаарч буй аж.   
Орос тээврийн салбарыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин зам тээврийн дэд бүтцийн асуудлаар (2021.03.11) онлайн хуралд оролцжээ. Тэрээр тээврийн салбарыг хөгжүүлэх Үндэсний хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулахыг үүрэгдсэн байна. Дэд бүтцийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатайг цохон тэмдэглэжээ. Мөн ОХУ-ын Үндэсний баялгийн сангаас санхүүжүүлэх дэд бүтцийн томоохон төслүүдийг хэлэлцсэн бөгөөд төлөвлөгөөг дөрөвдүгээр сард Кремльд танилцуулах аж. “Элегест-Кызыл-Курагино” (410км) болон “Тында-Комсомольск-Ванино” (1000 гаруй км) чиглэлд төмөр зам барих, Баруун Сибирийн нефть-химийн үйлдвэр байгуулах төслүүдийг Үндэсний баялгийн сангаас санхүүжүүлэхээр төлөвлөж буй.  
2025 онд Орос 174 сая тонн нүүрс Ази-Номхон далайн орнууд руу экспортолно ОХУ-ын Эрчим хүчний яамны мэдэгдлээр, тус улс 2025 он гэхэд Ази-Номхон далайн орнууд руу хийх нүүрсний экспортын хэмжээгээ 174 сая тоннд хүргэж, 2020 оны үзүүлэлтээс 42%-иар нэмэгдүүлэх төлөвтэй. Мөн нүүрсний импорт эрчимтэй өсч буй Энэтхэг, Вьетнам, Тайланд зэрэг орны зах зээлд нийлүүлэх боломжтой гэж үзсэн байна. Энэ чиглэлд Орос 60 сая тонн нүүрс экспортлохоор тооцжээ. 2016-2020 онд Ази-Номхон далайн орнууд руу Оросын нүүрсний экспорт 40%-иар нэмэгдсэн тухай Эрчим хүчний дэд сайд Анатолий Яновский танилцуулсан байна. 2019 онд тус улсын хэмжээнд 338 сая тонн эрчим хүчний нүүрс, 103 сая тонн коксжих нүүрс олборложээ. 
Хятадын хөрөнгө оруулалтаар Орос кокс-химийн үйлдвэр байгуулна ОХУ-д кокс-химийн үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх гэрээг Бүгд Найрамдах Саха (Якут)-ын Засгийн газар болон Хятадын “Цинань” компанийн хооронд байгуулжээ. Жилд 4 сая тонн металургийн кокс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн төсөлд Хятадын компани 5 тэрбум юанийн хөрөнгө оруулна. 
Хятадад ашигт малтмалын хайгуулын шинэ үе шат эхэлнэ Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын нөөц, түүний ашиглалтад анхаарах тухай Хятадын Засгийн газраас мэдэгджээ. Түүхий эдийн хамгийн том хэрэглэгч тус улс нь төмрийн хүдэр, марганц зэрэг зарим түүхий эдийн импортоос хараат байгаа юм. Тиймээс Хятадын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2021-2025 оны төлөвлөгөөний (XIV таван жил) дагуу ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлэх, баталгаажуулах зорилгоор энэ таван жилд хайгуулын шинэ үе шатыг эхлүүлэхээр болжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хятадын Аж үйлдвэрийн яамнаас мэдэгдсэнээр, гадаад зах зээлд өрсөлдөхүйц, төмрийн хүдрийн үнэ тогтооход нөлөөлөх чадамжтай 1-2 том ордыг 2025 он гэхэд эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж байна.
Хятадын нүүрсний олборлолт 4.1 тэрбум тонноос хэтрэхгүй  2020 оны үзүүлэлтээр, Хятад улс нийт 3.9 тэрбум тонн нүүрс олборлосон нь 1.4%-иар нэмэгдсэн байна. Тэгвэл БНХАУ-ын XIV таван жилийн төлөвлөгөө хэрэгжиж (2021-2025он) дуусах үед тус улсын жилийн нүүрсний олборлолтын хэмжээ 4.1 тэрбум тонноос хэтрэхгүй гэж Хятадын Нүүрсний үндэсний ассоциацийн тайланд дурджээ. Тайланд тэмдэглэснээр, 2025 он гэхэд нүүрсний уурхайнуудын тоог 4000 орчимд хязгаарлах төлөвтэй. Өнгөрсөн оны сүүлээр тус улсад нүүрсний нийт уурхайнуудын тоо 4700 орчим байжээ. Үүний 1200 уурхай нь 1.2 сая тонноос дээш олборлолтын хүчин чадалтай томоохон уурхайнууд байсан нь нийт олзворлолтын 80%-ийг бүрдүүлсэн байна. 
Путин нүүрсний экспортын шинэ төмөр замын төслийг дэмжжээ     ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин (2021.03.02) нүүрсний салбарын асуудлаар цахим хурал хийжээ. Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд шаардлагатай шинэ төмөр замын төслийг РЖД компани хэрэгжүүлэхийг дэмжсэн байна. Тодруулбал, Якутын бүс нутгаас Алс Дорнодын далайн боомт хүртэлх 1000 гаруй км үргэлжлэх “Тында-Комсомольск-Ванино” чиглэлд төмөр зам барих төсөл юм.  Уг төмөр зам нь Якутын ордуудаас нүүрсийг Хятад руу экспортлох гол дэд бүтэц болох аж. Шаардлагатай тохиолдолд шинэ төмөр замын төслийн санхүүжилтийг ОХУ-ын Үндэсний баялгийн сангаас гаргах боломж буйг Ерөнхийлөгч Путин мэдэгдэлдээ дурджээ.  
“Mining Intelligence”-ээс дэлхийн зэсийн 10 том төслийг эрэмбэлжээ  Олон улсын “International Copper Study” группийн судалгаагаар, сүүлийн арван жилд дэлхийн зэсийн эрэлт тасралтгүй өсчээ. АНУ-ын Геологийн албаны (USGS) мэдээллээр, өнөөгийн байдлаар дэлхийн хэмжээнд 700 сая тонн зэс олборлосон бол нээсэн ордуудад нийт 2.1 тэрбум тонн зэсийн нөөц байна. Тэгвэл “Mining Intelligence” байгууллагаас дэлхийн зэсийн 10 том төслийн ордын нөөц, олборлолтын хэмжээгээр эрэмбэлсэн жагсаалтыг нийтэлжээ.
Энэтхэг улс дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ  Энэтхэгийн Засгийн газраас дэд бүтцийн төслүүддээ хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр 2021-2022 онд тус улсын гангийн бүтээгдэхүүний эрэлт өсөх төсөөлөлтэй байна. Тухайлбал, эрчим хүч болон зам тээврийн дэд бүтцийг өргөжүүлэхэд 5.54 их наяд рупийг (75.9 тэрбум ам.доллар) улсын төсвөөсөө зарцуулахаар төлөвлөжээ. Энэхүү хөрөнгө оруулалт нь өмнөх оныхоос 35%-иар нэмэгдсэн байна. Дэд бүтцийн эдгээр хөрөнгө оруулалт нь тус улсын гангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ гэж Энэтхэгийг төмөрлөгийн ассоциацаас (ISA) үзэж байгаа юм. 
Далайн эрэгт саатсан Австралийн нүүрсийг Хятад импортлохоор болжээ Далайн эрэгт саатаж буй усан онгоцон дээрх Австралийн коксжих нүүрсний тодорхой хэсгийг Хятадын тал импортлохоор болсон тухай mining.com мэдээлжээ. 2020 оны аравдугаар сарын дундаас Хятад улс нь Австралийн коксжих нүүрсэнд импортын хориг тогтоосон билээ. Үүний улмаас Австралиас коксжих нүүрс ачсан усан онгоцнууд Хятадын зүүн хойд далайн эрэг орчим гацаад багагүй хугацаа болж буй юм. Австралийн коксжих нүүрсний далайн тээврийг Энэтхэг, Орос болон бусад орны ложистикийн компаниуд гүйцэтгэж байгаа аж. Далайн эрэгт гацсан Австралийн нүүрсийг Хятадын талаас импортлохдоо цаашид хоригоо цуцлах эсэх талаар тус улсын зүгээс албан ёсоор мэдэгдээгүй байна.
Хятад 2020 онд нүүрсний станцын хүчин чадлаа 38.4ГВт-аар нэмэгдүүлжээ Дэлхийд хамгийн их хүлэмжийн хий ялгаруулдаг улсаар тооцогддог Хятад нь өнгөрсөн онд нүүрсний станцын хүчин чадлаа 38.4ГВт-аар нэмэгдүүлсэн байна. Энэ нь дэлхийн бусад улс оронд шинээр байгуулсан нүүрсний станцуудын хүчин чадлаас (11.9ГВт) даруй гурав дахин их болохыг АНУ-ын “Global Energy Monitor” байгууллагын судалгаанд дурджээ. 2060 он гэхэд Хятад хүлэмжийн хийн ялгаруулалтгүй улс болно гэдгийг тус улсын дарга Си Жинпин НҮБ-ын индэр дээрээс (2020.09)мэдэгдсэн билээ. Гэвч бодит байдал дээр дорвитой алхам хийхгүй байгаа нь уг судалгааны дүнгээс харагдав. Богино хугацааны буюу 2030 он хүртэл Хятад улс энэ чиглэлд оновчтой ажиллах зорилтуудаа тодорхойлж, тууштай ажиллах шаардлагыг бий болгож байна.
Орос төмөр замын чингэлэгт тээврээр нүүрсээ Хятад руу экспортолж байна 2021 оны нэгдүгээр сард Орос улс нийт 33.9 сая тонн нүүрс олборлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.4%-иар өсчээ. Дотоодын зах зээлд 15.8 сая тонн нүүрс нийлүүлсэн бол 16.31 сая тонн нүүрс экспортолсон байна. Экспортын тухайд өнгөрсөн оны мөн үеэс 26.1%-иар өссөн үзүүлэлт юм. “Оросын төмөр зам” (РЖД) компани нь нэгдүгээр сарын 20-ноос Забайкалийн бүс нутгаас эрчим хүчний нүүрсийг төмөр замаар 20 тонн чингэлгийн (34 сая тонн нүүрс) тээврээр экспортолж эхэлжээ.
Киргиз уул уурхайн салбартаа гадаадын хөрөнгө оруулалтыг хориглоно ​​​​​​​Киргизийн шинэ Ерөнхийлөгч Садыр Жапаров өөрийн улсын уул уурхайн салбарын шинэчлэлтэй холбоотой зарлигт газрын үсэг зуржээ. Тус шинэчлэлээр, ашигт малтмалын томоохон ордод хэрэгжүүлэх төсөлд гадаадын хөрөнгө оруулалттай компанийн оролцоог хориглосон байна. Тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны мэдэгдэлд дурдсанаар, төрийн хувь оролцоотой ордуудын ашиглалтыг зөвхөн Киргиз улсын 100%  эзэмшилтэй  үндэсний компани гүйцэтгэнэ. Энэхүү хориг нь одоо хэрэгжиж буй гадаадын хөрөнгө оруулалттай төслүүдэд хамаарахгүй аж.
“Хос эргэлт”-д тулгуурласан Хятадын  стратеги Урд хөрш хөгжлийн чиглэлээ шинэчлэн тогтоож байна. Өнгөрсөн тавдугаар сард Хятадын дарга Си Жинпин “хос эргэлт” бүхий эдийн засгийн хөгжлийн стратегийг танилцуулсан юм. Энэхүү стратеги нь Хятадын XIV таван жилийн төлөвлөгөөний гол хэсэг байх нь одоо нэгэнт тодорхой боллоо.  Монголын эрдэс түүхий эдийг, тэр дундаа нүүрс, зэс, төмрийн хүдэр, цайр, газрын тосыг бараг бүхэлд нь худалдаж авдаг, худалдааны гол түнш орон нь урд хөрш.
ГШХО татсан үзүүлэлтээр Хятад тэргүүллээ Гадаадын шууд хөрөнгө оруулалт татсан байдлаар анх удаа дэлхийд БНХАУ тэргүүлсэн байна. НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын (ЮНКТАД) тайлангаар, 2020 онд Хятадын эдийн засагт гадаадаас 163 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оржээ. Энэ нь өмнөх оноос 4%-иар нэмэгдсэн үзүүлэлт аж. Хятад улс тэргүүлэхэд дэлхийн бусад орнууд, тэр дундаа АНУ-д хөрөнгө оруулалт буурсан нь нөлөөлжээ. Сүүлийн арав гаруй жил тэргүүлж ирсэн АНУ-ын эдийн засаг 2020 онд 134 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт гадаадаас татсан байна. Энэхүү үзүүлэлт нь өнгөрсөн 2019 онтой харьцуулахад хоёр дахин буурчээ. Тайланд тэмдэглэснээр, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын бүрэн эрхийн хугацаанд тус улс руу чиглэсэн ГШХО буурсан байна.
Хятад руу хийх Австралийн зэсийн баяжмалын экспорт “таг зогсов”  Хятад улс Австралиас зэсийн баяжмал импортлохоо бүрэн зогсоожээ. Энэ нь албан ёсны хориг биш ч хоёр улсын таагүй харилцааны улмаас Хятадын үйлдвэрлэгчид Австралиас түүхий эд худалдан авахаас зайлсхийж байна.  Тодруулбал, өнгөрсөн арванхоёрдугаар сард Австралиас нэг ч тонн зэсийн баяжмал болон хүдэр Хятад улс импортлоогүйг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ. Тэгвэл өмнөх арваннэгдүгээр сард 26.71 мянган тонн, 2019 оны сүүлийн сард 110.93 мянган тонныг Австралиас худалдан авч байжээ. Австралийн зэсийн баяжмалын Хятадын импортын хэмжээ 0 болсон нь сүүлийн 16 жилийн хугацаанд буюу 2014 оны дөрөвдүгээр сараас хойших анхны тохиолдол болохыг International Copper Study Group (ICSG) мэдэгдсэн юм.
26 27 28 29 30 31 32