Зах зээл
Брэнт газрын тосны ханш 86 доллар хүрч өсөв
Брэнт маркийн газрын тосны ханш өнөөдрийн (2022.01.17) байдлаар 86.47 ам.доллар/баррель болж өсөөд байна. Энэ нь сүүлийн гурван жил гаруй хугацаан дахь хамгийн дээд ханшид тооцогдоно. Зах зээлд голлох олборлогч орнуудын нийлүүлэлт дорвитой хэмжээгээр нэмэгдэхгүй болов уу гэсэн таамаг давамгайлсан нь үнэ өсөх гол шалтгаан болж байна. Нөгөөтэйгүүр цар тахлын шинэ хувилбарын тархалт газрын тосны эрэлтэд төдийлөн нөлөөлөхгүй гэж ОПЕК тооцоолсон байна. Цар тахлын шинэ хувилбарын болгоомжлол намжиж, улс орнуудад хязгаарлалтууд цуцлагдаж, зэрэгцээд газрын тосны нийлүүлэлт бага байх аваас ханш олон жилийн дээд түвшинд хүрч болзошгүйг шинжээчид сануулж байна.
Хятадын нүүрсний импорт 2021 онд 6.6%-иар өсөв
Дэлхийн нүүрсний хамгийн том худалдан авагч Хятадын нүүрсний импорт арванхоёрдугаар сард 30.95 сая тоннд хүрсэн нь өмнөх сарынхаасаа 11.7%-иар буурсан дүнтэй гарлаа. Энэ тухай тус улсын Гаалийн ерөнхий газар өнөөдөр (2022.01.14) мэдээлсэн байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард тус улсын нүүрсний импорт 35.05 сая тоннд хүрч өссөн. Өмнөх 2020 оны арванхоёрдугаар сард тус улсын нүүрсний импорт 39.08 сая тоннд хүрч нэмэгдэж байсан нь тухайн үед Хятадын Засгийн газар импортын хязгаарлалтыг сулруулж цахилгаан станцуудыг ахиухан нөөц базаах боломжоор хангаж байсан гэж хэлж болно.
Хятадын зах зээлд коксжих нүүрс, төмрийн хүдрийн ханш өсөв
Хятадын Далианы түүхий эдийн бирж дээр нэг тонн коксжих нүүрсний ханш 2.1%-иар өсч тонн тутамдаа 2310 юань буюу 363 ам.долларт хүрсэн (2022.01.12) байна. Энэ нь Цагаан сарын баярын өмнө гангийн үйлдвэрүүд агуулах дахь нөөцөө нэмэгдүүлэх бодлого барьж байгаа төдийгүй үйлдвэрлэлийн эрчим нэмэгдсэнтэй холбоотой. Нөгөөтэйгүүр зах зээлд коксжих нүүрсний нийлүүлэлт харьцангуй хомс байгаагаас үүдэлтэй юм. Цар тахлын нөлөөгөөр Хятадад тээврийн нөхцөл хүндэрч, удааширсны сацуу уурхайн гарц ч буурах болжээ.
БНХАУ-ын коксжих нүүрсний импорт өсч эхэллээ
Дэлхийн нүүрсний томоохон хэрэглэгч БНХАУ-ын коксжих нүүрсний импорт өнгөрсөн оны 1-10 дугаар сард өмнөх оны мөн үеэс 31.6% буурч, 47.2 сая тоннд хүрсэн гэж Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлэлд дурджээ. Өнгөрсөн оны буюу 2021 оны эхний есөн сард Хятадын хувьд Австралиас коксжих нүүрс бараг импортлоогүй төдийгүй Монголын нүүрсний нийлүүлэлт тасалдсан нь үүнд нөлөөлсөн гэж “Mysteel Global”-д онцолжээ. Хэдийгээр урд хөрш мөн хугацаанд АНУ, Канад, ОХУ-аас импортлох нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлсэн ч хүчтэй нөлөө үзүүлж чадаагүй байна.
Ганцмод боомтоор он гарсаар өдөрт нүүрсний 93 машин нэвтэрч байна
Монголын нүүрсний экспортын гол суваг болсон Гашуунсухайт-Ганцмод боомтын нэвтрэлт өнгөрсөн 2021 оны дөрөвдүгээр сараас хойших доод хэмжээнд хүрсэн тухай "Фэнвэй Энержи" мэдээллээ. Тус байгууллагын мэдээлснээр, он гарсаар буюу нэгдүгээр сарын 8-ныг хүртэлх хугацаанд өдөрт дунджаар нүүрс тээврийн 93 машин тус боомтоор нэвтэрчээ. Нэгдүгээр сарын 4-нд тус боомтоор 94 машин нэвтэрсэн бол 5-нд ердөө 58 машин гарчээ.
Зэсийн ханш АНУ-ын төв банк бодлогын хүүгээ өсгөх сургаар буурч эхэллээ
АНУ-ын төв банк бодлогын хүүгээ тооцоолсноос хурдан буюу ирэх гуравдугаар сард өсгөж болзошгүй тухай мэдээлэл гарсны дараа зэсийн ханш буурах шинжтэй болж ирлээ. Зэсийн ханш Лондоны металын бирж дээр нэгдүгээр сарын 5-ны байдлаар 9778 ам.доллар/тонн-ын ханштайгаар хаагдсан бол өчигдрийн байдлаар 9565 ам.доллар/тонн болсон нь 2.2%-иар буурсан гэсэн үг.
ОХУ-д шатахууны үнэ 8-10% өсч магадгүй
ОХУ-д шатахууны үнэ 2022 онд 8-10% буюу литр тутамд 5 орчим рублиэр нэмэгдэж магадгүй гэж "Известия"-д бичжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь инфляцийн өсөлтөөс гадна бизнесийн зардал нэмэгдсэнтэй холбоотой юм. Түүнчлэн өсөн нэмэгдэж буй эрэлт, онцгой албан татвар нэмэгдсэн зэрэг нь үнэ нэмэгдэх нөхцөлийг бий болгож байгаа ажээ.
Индонез нүүрсний экспортын хоригоо эргэн харж магадгүй
Дэлхийн эрчим хүчний нүүрсний хамгийн том экспортлогч Индонез улс энэ оны нэгдүгээр сарыг дуустал нүүрсний экспортод хориг тавих тухай (2021.12.31) зарласан билээ. Энэ нь дотоодын эрчим хүчний нүүрсний нийлүүлэлтийг баталгаажуулах зорилготой байв. Уг шийдвэрийг дотоодын олборлогчид нэлээд шүүмжлэлтэй хүлээж авсан. Учир нь тус улсын хилийн чанад дахь худалдан авагчдын дунд “найдвартай нийлүүлэгч” гэсэн нэр хүндийг нь унагасан үйлдэл болно гэж анхааруулжээ. Тэгвэл уг шийдвэрийг эргэн хянах уулзалт өнөөдөр (2022.01.06) болох юм байна. Зах зээлийн тоглогчид уг уулзалтын үр дүнг анхааралтай ажиглаж сууна. Хориг заавал нэг сар үргэлжлэхгүй байж мэдэх тухай таамгийг хэд хэдэн шинжээч өгч байна.
Цагаан алтны үнэ 2022 онд буурна
Сүүлийн жилүүдэд эрэлт нь нэмэгдэж байсан цагаан алтны (платинум) үнэ 2022 онд буурах магадлалтай байна гэж Дэлхийн Платинум хөрөнгө оруулалтын зөвлөл (WPIC)-ийн тайланд онцолжээ. Энэ нь автомашины катализаторт ашигладаг уг үнэт металлын илүүдэлтэй холбоотой ажээ.
Нефтийн үнэ огцом буурахгүй
Нефть экспортлогч орнуудын холбоо (ОПЕК)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Мохаммед Баркиндо AP агентлагт ярилцлага өгөхдөө энэ онд нефтийн үнэ огцом буурахгүй гэдгийг онцолжээ.
Хятадын гангийн үйлдвэрлэл энэ онд 3.3%-иар буурна
Хятадын Төмөр, гангийн холбоо (CISA) энэ онд тус улсын гангийн үйлдвэрлэл өмнөх онтой харьцуулахад 35 сая тонн буюу 3.3%-иар буурч 1.03 тэрбум тоннд хүрэх төлөвтэй гэж танилцууллаа. Өнгөрсөн онд гангийн үйлдвэрлэл 1 тэрбум 65 сая тоннд хүрснээр дээд амжилт тогтоож байсан юм. Харин тус улсын гангийн хэрэглээний хувьд энэ онд 2020 онтой харьцуулахад 5.5%-иар буурч 990 сая тоннд хүрэхээр байгаа ажээ. Ингэснээр сүүлийн таван жилийн хугацаанд анх удаа Хятадын гангийн хэрэглээ буурах дүр зураг тодорлоо.
2022 онд алтны үнэ 1800 ам.доллароос буурахгүй
Аливаа улс орны стратегийн бүтээгдэхүүнд тооцогддог алтны үнэ ирэх 2022 онд ямар байх талаар эдийн засагчид таамгаа дэвшүүлж байна. Алтны үнэ 2020 оны наймдугаар сард унц нь 2000 ам.долларт хүрч түүхэн дээд амжилт тогтоосон хэдий ч тодорхой шалтгаануудын улмаас тус үнэт металлын үнэ тогтмол буурч байгаа юм.
Хятадын хоригт Австрали барьц алдахгүй байна
Нүүрсний зах зээлд манай гол өрсөлдөгч болдог Австралийн эрдэс бүтээгдэхүүний экспортын орлого 2021 онд 379 тэрбум австрали долларт хүрнэ гэж “Resources and Energy” сэтгүүлийн 2021 оны аванхоёрдугаар сарын дугаарт онцолжээ
“Туркойз Хилл Ресурс”-ийн хувьцааны үнэлгээ 13.7%-иар өсөв
"Рио Тинто" компаниас Засгийн газарт Оюутолгой төслийн хэлэлцээрийн хүрээнд тодорхой саналуудаа тавьсны дараа Торонто, Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр "Туркойз Хилл Ресурс"-ийн хувьцаа 13-14%-иар өсөөд (2021.12.13) байна. Өөрөөр хэлбэл уг мэдээлэл нь зах зээлд эерэг дохио өгч байна гэсэн үг. Ингэснээр Туркойз Хилл-ийн хувьцааны ханш Торонтогийн бирж дээр өнгөрсөн зургадугаар сарын 2-ноос хойших хамгийн дээд хэмжээндээ хүрч өслөө.
Хятадын нүүрсний импорт 35.05 сая тоннд хүрч 30%-иар өсөв
Хятадын нүүрсний нийт импорт өнгөрсөн арваннэгдүгээр сард 35.05 сая тоннд хүрсэн тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Нүүрсний импортын үзүүлэлт өмнөх оны мөн үед 11.67 сая тонн байсантай харьцуулахад гурав дахин, өнгөрсөн аравдугаар сард 26.94 сая тонн байсантай харьцуулахад 30.1%-иар тус тус өссөн байна. Ингэснээр Хятадын нүүрсний импорт он гарсаар хамгийн өндөр үзүүлэлтэд хүрлээ.
Алтны ханш инфляцаас үүдэлтэйгээр өсөж эхэллээ
Дэлхийн зах зээлд алтны ханш унц тутамдаа 1870 ам.долларт хүрч өссөн нь өнгөрсөн зургадугаар сарын дунд үеэс хойших дээд хэмжээ юм. Голлох эдийн засагтай орнуудад инфляцийн хэмжээ нэмэгдэж байгаа нь ийнхүү найдвартай хөрөнгө оруулалт буюу алт руу хошуурахад нөлөөлж байна. Цаашид үнэт металууд буюу алт, мөнгөний ханш үргэлжлэн өснө гэж хөрөнгө оруулагчид үзэж байна.
Хятадын зах зээлд коксжих нүүрсний үнэ 9%-иар буурлаа
Хятадын Далианы түүхий эдийн бирж дээр коксжих нүүрсний (DJMcv1) ханш 9%-иар (2021.11.16) буурч 1874 юань/тонн хүрчээ. Сүүлийн өдрүүдэд түүхий эдийн нийлүүлэлт нэмэгдэхийн сацуу коксын үйлдвэрүүдийн эрэлт буурч байгаа нь коксжих нүүрсний үнэ буурах нөхцөл болж байна. Гангийн үйлдвэрүүд ч коксын худалдан авалтаа багасгах болжээ.