Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Нүүрсний үнийн огцом уналт төсвийн алдагдалд хүчтэй нөлөөлж байна

А.Халиун

Нүүрсний үнэ 2025 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарын 15-ныг хүртэл тонн тутамд 100 юаниар унаж байсан бол 5 дугаар сарын 15-наас хойших 1 сарын хугацаанд 120-130 юаниар огцом унаж, үнэ 700 юаньд хүрлээ. Тиймээс 2025 оны төсвийн гүйцэтгэлд хүчтэй нөлөө үзүүлж буйг Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдэв.

Монгол Улсын төсвийн орлогын 33%, экспортын орлогын 94%-ийг аж үйлдвэр, эрдэс баялгийн салбар дангаараа бүрдүүлдэг. Тэр дундаа экспортын орлогын 80% нь нүүрснээс хамааралтай учир үнийн уналт төсвийн алдагдалд хүчтэй нөлөөлж байна. 2025 оны 4 дүгээр сар хүртэл төсвийн алдагдал 50 тэрбум төгрөг дотор байсан бол 5 дугаар сарын эцэст алдагдал 260 тэрбум болж огцом өссөн ба цаашид улам өсөх хандлагатай байгааг бодлого боловсруулагчид анхааралдаа авч, тохируулга хийгээд эхэллээ.

Үнэ унасан ч экспортолсон нүүрсний биет хэмжээ өнгөрсөн жилийн 5 дугаар сард 35 сая тонн гарч байсан бол одоо 34.2 сая тонн буюу өмнөх жилийнхтэй ойролцоо түвшинд байна. Бүтцийг харвал бага зэрэг өөрчлөлт орж коксжих нүүрсний хэмжээ багассан, харин эрчим хүчний нүүрснийх нэмэгдсэн байна.

Манай улс өнгөрсөн жилийн өдийд 12 сая тонн нүүрс биржээр арилжаалсан бол энэ жил 2.1 сая тонныг борлуулж, биржийн арилжаа 6 дахин буурчээ. Тиймээс ажлаа аваад удаагүй Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням худалдан авагч талтай ширээний ард сууж, биржийн арилжааг гацаанаас гаргах "гэрийн даалгавар" авч байна.

Гацаанд орсон биржийн арилжааг нүүрсээ бэлнээр борлуулах замаар нөхөж байгаа ч экспортын орлогыг өсгөх нь манай нөхцөлд зүй ёсны шаардлага юм. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын гэрээний хүрээнд Нүүрс худалдах, худалдан авах гэрээг хийсэн. Энэ баримт бичиг ажил хэрэг болж, БНХАУ-ын "Чайна энержи" компани 2025 онд худалдан авах 5 сая тонн нүүрсний татан авалтаа 5 дугаар сарын 24-нөөс эхлүүлсэн нь далайд дусал нэмэр болох сайн мэдээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар 6 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр шинээр бүрэлдсэн Засгийн газар БНХАУ-тай хөгжүүлж буй харилцаандаа чухал ач холбогдол өгч буйгаа нотлохын дээр урд хөрштэй хамтран хэрэгжүүлж буй томоохон төслүүдээ тогтвортой урагшлуулж, бодит ахиц гаргахын төлөө хамтран ажиллахын чухлыг тэмдэглэв.

Талууд уул уурхай, зам тээвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулж, нүүрсний экспортын биет хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэхийн тулд хамтран ажиллахаар санал нэгджээ.

Эхний ээлжинд 100 тонн алтны нөөцтэй үндсэн 5 ордыг эргэлтэд оруулна

Экспортын орлого болон валютын нөөцийг нэмэгдүүлэх нь Засгийн газрын гол зорилго. Нүүрсний үнэ унаж улсын төсөв тасалдаж буй энэ үед алтан дээр боломж гарлаа. Оргил үедээ унци нь 3500 ам.доллар хүрсэн алтны үнэ одоогоор 3300 ам.долларт тогтжээ.

Дэлхийн зах зээл дээр алтны үнэ өсөж байхад манай улсад алтны олборлолт, тушаалт буурсан дүн гарчээ. Гадаад нөхцөл байдал хурцадмал хэвээр, тогтворгүй байгаа үед Ерөнхий сайд "Алт-3" хөтөлбөрийг шуурхай хэрэгжүүлэх үүрэг өгсөн юм.

"Алт-3" хөтөлбөрийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол өнгөрсөн 5 дугаар сард гарсан бөгөөд эхний ээлжинд нийт 100 тоннын нөөцтэй үндсэн 5 ордыг эргэлтэд оруулах ойрын зорилго тавьсан байна.

Мен хайгуулын зөвшөөрөл эзэмших нөхцөлийг хөнгөвчилж, одоо баримталж буй алт олборлогчдын эрх ашгийг боомилсон шаталсан татварын системийг сайжруулж уян хатан болгох буюу олборлосон хэмжээнээс нь хамаарч татвар төлдөг эрх зүйн орчин бүрдүүлэх зэргээр хөрөнгө оруулагчдад ээлтэй байх бодлогын дэмжлэг үзүүлэхээр зорьж байна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэв.

Алт хэдийгээр улсын төсвийн орлого нэмэгдүүлэхэд нэмэр багатай ч валютын нөөцийг нэмэгдүүлдэг учир Засгийн газрын дэвшүүлсэн бас нэгэн зорилт хэрэгжихэд ач холбогдолтой юм.