О. Дөлгөөн
2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом хэлбэлзэж байгаатай холбогдуулан” албан ёсны мэдээлэл хийлээ.
Тэрээр мэдэгдэлдээ, “Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ огцом хэлбэлзэж байна. АНУ-ын Иранд өгсөн цохилтын улмаас Иран улс дэлхийн нийт тээврийн 25%-ийг дамжуулдаг стратегийн ач холбогдол бүхий Хормузын хоолойг хаах шийдвэр гаргахаар төлөвлөж байгаа нь газрын тосны зах зээлд эрсдэл үүсгэж байна” гэсэн юм. Үүнтэй холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам бүх импортлогч компаниудад өөрсдийн “бүх саваа” дүүргэж, нөөцөө бүрдүүлэх албан даалгавар өглөө. Энэ 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар нефтийн бүтээгдэхүүний хангалт болон нөөцтэй холбоотой асуудлаар хуралдаан явуулж Засгийн газрын шийдвэр гаргуулахаар бэлдэж байгаа аж. Мөн одоогоор бидний хамгийн гол зорилго нь “нөөцлөх” явдал гэдгийг тэрээр онцоллоо.
Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг онцгой ач холбогдолтой төсөл гэж үзэн, энэ салбарт хөрөнгө оруулалт татах, дэд бүтцийг сайжруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Тус үйлдвэрийг 2028 онд бүрэн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй бөгөөд ашиглалтад орсноор дотоодын нефть бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангахын зэрэгцээ газрын тосны импортын хараат байдлыг бууруулах, улсын эрчим хүчний аюулгүй байдлыг дээшлүүлэх боломжтой болох юм.