Т.Бямбанаран
Сүүлийн 12 сарын байдлаар дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ эрс буурч, 2025 оны 5 дугаар сард хамгийн доод цэгтээ хүрээд байна. Ашигт малтмал, газрын тосны газраас гаргасан тоо баримтаас харахад, Монголын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох коксжих нүүрсний үнэ 2024 оны 10 дугаар сард 104.4 ам.долларт хүрч байсан бол ердөө 7 сарын дотор 45.5 ам.доллароор унаж, 58.9 ам.доллар боллоо.
Үүнээс ч илүү анхаарал татах үзүүлэлт бол коксжих болон эрчим хүчний нүүрсний үнийн зөрүү бараг арилсан явдал юм. Өмнөх оны эхэнд коксжих нүүрс нь эрчим хүчний нүүрснээс 30 орчим ам.доллароор өндөр байсан бол энэ оны 5 дугаар сард уг зөрүү ердөө 8.9 ам.доллар болсон. Нэг үгээр хэлбэл, хоорондын зай нь ойртсоор байна. Зах зээл дээр “үнэтэй” гэгддэг коксжих нүүрсний үнэ бараг “ердийн” нүүрсний түвшинд хүртлээ унажээ.
Ийнхүү нүүрсний үнэ унаж, Монголын эдийн засгийн нэг тулгуур болох уул уурхайн салбараас орж ирэх орлого нэмэгдэх эсэх нь дэлхийн зах зээлийн нөхцөл байдлаас шууд хамаарах болжээ.