Ц.Элбэгсайхан
ХЯМРАЛЫН ЁРООЛД ТУССАН ГЭРЭЛ "АЛТ-1" ХӨТӨЛБӨР
Mонголын эдийн засаг 1990-ээд оны эхэн үед бүрэн утгаараа нуран унасан байлаа. 1991 онд ЗХУ-аас үзүүлдэг, тухайн үеийн дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэгтэй тэнцэж байсан тусламж зогссон нь эдийн засгийг богино хугацаанд уналтад оруулав. Гадаад худалдааны 80 гаруй хувийг эзэлж байсан гол түншээ алдаж, үйлдвэрүүд түүхий эд, сэлбэгийн хомсдолд орж, олноор хаалгаа барив. 1992 онд жилийн инфляцын түвшин 325.5%- д хүрч, иргэдийн худалдан авах чадвар эрс муудаж, талх, гурил зэрэг наад захын хэрэглээний барааг картаар олгож байв. Улсын валютын нөөц шавхагдаж, гадаад өр нэмэгдсэн энэ үед шинээр байгуулагдсан Ардчилсан засаглалын өмнө эдийн засгийг тогтворжуулах, цаашдын уналтаас сэргийлэх нэн яаралтай зорилт тулгарсан юм.
Энэхүү хүнд нөхцөлд, тухайн үеийн Ерөнхийлөгч П.Очирбатын санаачилгаар 1992 онд "Алт" хөтөлбөрийг эхлүүлсэн нь хямралаас гарах гол гарц гэж үзэж байв. Хөтөлбөрийн үндсэн зорилго нь алтны олборлолтыг эрчимжүүлэх замаар улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэд мөнгөн урсгал бий болгох, хувийн хэвшлийг дэмжих явдал байлаа. Засгийн газраас хувийн хэвшлийнхэнд алтны шороон ордод олборлолт явуулах эрхийг олгож, татварын таатай орчин бүрдүүлж, банкны зээлийн бодлогоор дэмжлэг үзүүлсэн нь дотоодын аж ахуйн нэгжүүдэд алтны салбарт хөл тавих боломжийг нээж өгсөн юм.
ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛСЭН НӨЛӨӨ, ГАРСАН ӨӨРЧЛӨЛТ
"Алт-1" хөтөлбөр эдийн засгийн хувьд цагаа олсон, үр дүнтэй бодлого байсныг тоон үзүүлэлтүүд гэрчилнэ. Хөтөлбөрийн өмнө жилд дунджаар 700 кг орчим алт олборлож байсан бол хөтөлбөр хэрэгжсэнээр энэ тоо огцом өсөж, 2000 он гэхэд жилийн алт олборлолт 11.4 тоннд хүрч, 16 дахин нэмэгджээ. Энэ хугацаанд нийтдээ 53.4 тонн алт олборлож, Монголбанк худалдан авалт хийснээр улсын валютын нөөц бүрдэж эхэлсэн байна.
Хөтөлбөрийн хүрээнд алтны аж үйлдвэрийн салбар нь улсын төсвийн орлогын 10 орчим хувийг, ДНБ-ий 20 орчим хувийг бүрдүүлэх хэмжээнд хүрч, нийт 107.6 сая ам.долларыг төсөвт төвлөрүүлжээ. Энэ нь татаас, тусламжаас хамааралтай байсан эдийн засгийг дотоодын нөөц бололцоонд тулгуурлан сэргээхэд чухал түлхэц болсон юм. Мөн олон арван дотоодын компаниуд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж, бэхжиж, олон мянган ажлын байр шинээр бий болсон нь нийгмийн тогтвортой байдлыг хангахад эерэгээр нөлөөлөв.
СӨРӨГ НӨЛӨӨ БА СОРИЛТУУД
Гэсэн хэдий ч "Алт-1" хөтөлбөр нь байгаль орчин, нийгэмд багагүй сөрөг үр дагавар авчирсан. Хөтөлбөрийн эхэн үед байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх хууль, эрх зүйн орчин сул, хяналт хангалтгүй байснаас алт олборлогч компаниуд хариуцлагагүйгээр газар нутгийг сэндийчиж, гол, усны урсацыг бохирдуулах явдал газар авсан. Энэ нь "чимээгүй тахал" хэмээн нэрлэгдэх байгаль орчны доройтлыг бий болгож, орон нутгийн иргэд, малчдын амьдралд сөргөөр нөлөөлж эхэлсэн юм.
Нөгөөтэйгүүр, эдийн засгийн гүн хямрал, ажилгүйдлийн улмаас амьжиргааны эх үүсвэргүй болсон олон мянган иргэн алтны ордыг зорьж, гар аргаар хууль бусаар алт олборлох үзэгдэл бий болсон нь "нинжа" уурхай гэх нэр томьёог бий болгов. Тэдний ажиллах нөхцөл хүнд, хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй, мөнгөн ус зэрэг хортой бодис хэрэглэдэг байсан нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой хохирол учруулж байлаа. Энэ нь улс орны хувьд нийгэм, эдийн засгийн томоохон сорилт болж хувирсан юм.
ДАХИН ХЭРЭГЖСЭН "АЛТ-2" ХӨТӨЛБӨР
2000-аад оны дунд үеэс Монголын уул уурхайн салбар, тэр дундаа зэсийн үнэ дэлхийн зах зээлд өсөж, Оюутолгой, Тавантолгой зэрэг мега төслүүд хөдөлж эхэлснээр алтны салбарт хандуулах анхаарал харьцангуй суларсан. Гэвч 2010-аад оны дундуур түүхий эдийн үнэ унаж, улмаар гадаадын шууд хөрөнгө оруулалтын буурч эдийн засаг дахин сорилттой тулгарсан юм. Энэ үед валютын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгахад алтны салбарын үүрэг дахин чухалчлагдаж, Засгийн газраас 2017 онд "Алт-2" үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхэлсэн.
"Алт-2" хөтөлбөрийн гол зорилго нь алтны хайгуул, олборлолтыг дэмжих, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар Монголбанкинд тушаах алтны хэмжээг тогтвортой нэмэгдүүлэх явдал байв. Хөтөлбөрийн хүрээнд Монголбанк болон Засгийн газар хамтран арилжааны банкуудаар, мөн өмнө нь Хөгжлийн банкаар дамжуулан олборлогчдод хөнгөлөлттэй зээл олгох механизмыг бий болгосон.
Мөн "Алт-1" хөтөлбөрийн алдаанаас суралцаж, байгаль орчныг хамгаалах, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд илүү анхаарал хандуулсан.
"Алт-2" хөтөлбөрийн үр дүнд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдсэн юм. Тухайлбал, 2017 онд 20 тонн алт худалдан авч түүхэн дээд хэмжээнд хүрсэн бол, 2024 онд 16.5 тонн алт худалдан авсан байна. 2025 оны эхний долоон сарын байдлаар 7 тонн гаруй алт худалдан аваад байна. Энэ нь улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, гадаад төлбөрийн тэнцлийг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулсан. Нэгэн үе, хасах тэнцэлтэй гэгдэж байсан Монгол Улсын гадаад валютын нөөц 2024 оны эцэс гэхэд 5.5 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд түвшинд хүрсэн нь "Алт-2" хөтөлбөртэй холбоотой.
Энэхүү хөтөлбөр нь алтны салбарын үйл ажиллагаанд ил тод, тогтвортой байдлыг бий болгож, хууль бус алтны эргэлтийг бууруулахад чиглэсэн. Алт тушаалтыг нэмэгдүүлэх урамшуулал, татварын бодлого зэрэг нь аж ахуйн нэгжүүдийг олборлосон алтаа нууж, хууль бусаар хил давуулахын оронд албан ёсоор Монголбанкинд тушаах сонирхлыг нэмэгдүүлсэн байна.
ЯМАР ҮЕД "АЛТ" ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖДЭГ ВЭ?
Монголын эдийн засагт өнөөдөр "Алт-1" "Алт-2" хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байсан үеүдтэй ижил төстэй хэд хэдэн сорилт, эмзэг байдал ажиглагдаж байна. Тиймдээ "Алт-3" аян гэх томъёолол гарч ирсэн хэрэг. Тухайлбал: "Алт-1" хөтөлбөрийн үед гадаад худалдааны гол түнш ЗХУ монголчуудыг орхисноор дэлхийн бусад үндэстнүүдтэй худалдаа, арилжаа хийхэд валют шаардлагатай байсан бөгөөд валют болж хувирах хамгийн үнэ цэнтэй баялаг нь алт байв. "Алт-2" хөтөлбөрийн үед түүхий эдийн үнийн уналт, гадаадын шууд хөрөнгө оруулалтын огцом бууралтаас болж төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэж, валютын нөөц үгүйрсэн. Эцэстээ ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрагдах дээрээ тулсан билээ.
Өнөөдөр, гадаад валютын улсын нөөц хангалттай байгаа хэдий ч ам.долларын эсрэг төгрөг суларсаар байгаа нь дарамт өндөр байгаагийн илрэл. Энгийнээр хэлбэл, дотоодын зах зээл бас л эд бараагаар дутагдаж, гаднаас тэр хэрэгцээгээ нөхөхийг маш ихээр хүсэж байгаа хэрэг. Гэтэл "ногоон" орж ирэх суваг нь бараг хаагдчихаад байна. Гадаад худалдаа алдагдалтай, гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс муудсаны дээр улсын гадаад өрийн дарамт нэмэгдсээр байгаа тул мөнгөний бодлого тодорхойлогчдод нөөцөө суллах зориг гаргаж чадахгүй байгаа юм.
Өмнөх хоёр удаагийн хөтөлбөр хэрэгжсэн цаг хугацаанд зах зээл тэнцвэрээ олж ядан дэнжигнэж, донсолгож байсан шиг нөхцөл байдал өнөөдөр дахин давтагдаж байгааг валютын ханш гэдэг ганц индикатор батлаад өгнө.
Гэхдээ эрх баригчдын өнцгөөс харвал энэ нь хоёрдогч асуудал. Ямар үед алт хөтөлбөрийг, эсвэл ОУВС-г дууддаг вэ гэвэл төсвийн сахилга бат алдагдаж, төрийн ажил, бүтээмж муудсан, төсөв бүрдэх чадваргүй болсон байдаг. “Алт- 1" хөтөлбөрийн үед чөлөөт зах зээлтэй улсын төсвийг яаж бүрдүүлэхээ мэддэггүй байсан бол "Алт-2" хөтөлбөр нүүрсний үнэ шал мөргөж унаснаас төсвийн орлого тасалдаад байсан үед хэрэгжсэн. 35 жил эдийн засгаа төрөлжүүлж чадаагүйн нөхөөс нь "Алт-3" аян болох нь.
ЦАХИЛДАГ ХӨХӨӨРӨӨ БАЙДАГГҮЙ
Адилтгах, ижилсгэх шалтгаан нөхцөлүүд байгаа ч "Алтны цуврал”-ыг чөтгөрийн тойрог гэхээсээ илүүтэй урагшлах, гарах гарц гэж харвал зохимжтой. Нийгмийн 2-3 үеийн итгэл, найдвар, амьдрах арга зам болсон систем нуран унаж, чиг баримжаагүй бэдэрч явсан улс өнөөдөр дэлхийн 160 гаруй улстай тогтмол худалдаа хийдэг, зах зээлийн тогтолцоо төлөвшсөн улс болсон. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн энэ хугацаанд 500 орчим ам.доллароос 5.6 мянган ам.доллар болж нэмэгдсэн буюу иргэдийн амьжиргаа ч сайжирч алтны төлөө амиа золин нүх ухаж, газар дор шургаад байх шаардлагагүй болжээ.
Төр ч энэ хугацаанд хэрсүүжиж, чадамж суун төлөвшиж, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хяналт шалгалтыг чамбайруулж, байгаль орчны стандартуудыг мөрддөг болсон. Уул уурхайн бизнес ч дэлхийтэй хөл нийлж, илүү бүтээмжтэй, илүү ээлтэй загварт орохыг эрэлхийлж байна.
Гэвч “Алт-3” аян хэрэггүй гэсэн үг биш. Алсдаа экспорт нэмэгдэж, хөрөнгө оруулалт сайжирч, өрийн дарамт буурсан ч гэсэн Монгол Улс дэлхийн алтны том тоглогч болох амбицтай байх ёстой. Ялангуяа алтны үнэ цэн улам бүр өссөөр байгаа энэ цаг үед алтны нөөцөө өрсөн зузаатгах нь чухал байна. Хэдийгээр Ерөнхийлөгч хориг тавьж, зарим талаар мухардсан боловч хүрз жоотуутай алт ухаж, зуухан дээр мөнгөн ус ууршуулдаг технологи хойно хоцорсон. Одоо харин алтны салбарыг нарийн төлөвлөлт, шинжлэх ухааны ул суурьтай олборлолт явуулдаг, ажлын байр олноор бий болгож, улс орон нутагт татварын орлого оруулж, бүтээн босгож, бүс нутгийн бизнесийг дэмждэг, хариуцлагатай уул уурхайн зарчмаар хөгжүүлэх ёстой. Тэгж байж үндэстний нэгэн үеэрээ амссан гашуун туршлага, сэтгэлийн эмзэглэл эдгэрч, эцэстээ уул уурхайн салбарт шинэ өнгө төрх нэмэгдэх учиртай.