Монголбанкны алт худалдан авалт 2019 онд 15.2 тонн болж буурсан ч он гарсаар есдүгээр сарын 22-ны байдлаар 15 тоннд хүрээд байна. Энэ онд алт худалдан авалт 2018 оны хэмжээнд хүрэх эсвэл давах хүлээлттэй байгаа юм. Өнгөрсөн 2018 онд төв банкны алт худалдан авалт 22 тонн хүрч дээд амжилт тогтоосон. Харин нүүрсний экспорт долдугаар сараас эхлэн өсч цаашид тогтворжих хандлагатай байна. Монголын эдийн засаг оны эхний хагаст маш хүнд байдлыг даван туулсан бол долдугаар сараас эхлэн эерэг өөрчлөлтүүд ажиглагдаж эхэлсэн байна. Энэ тухай Монголбанк (2020.09.23) “Ханшийн тогтвортой байдал” сэдэвт уулзалтын үеэр мэдээллээ. Америк долларын ханш долдугаар сард 20.81 төгрөгөөр чангарсан нь сарын дүнгээр энэ оны хамгийн их өсөлт болсон ч төгрөгийн ам.доллартай харьцах ханш найм, есдүгээр сараас харьцангуй тогтворжиж эхэллээ. Монголбанкнаас зарласан ханшаар нэг ам.доллар (2020.09.22-нд) 2,854 төгрөгтэй тэнцэж байна.