
Б.Төгс
Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт он гарсаар буюу оны эхний сарын байдлаар 2.59 тэрбум ам.долларт хүрсэн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 30.1%-иар өссөн дүнтэй гарлаа. Экспортын дүн импортын дүнгээс 906.5 сая ам.доллароор давж, гадаад худалдааны тэнцэл эерэг дүнтэй бичигдлээ.
Экспорт 1.75 тэрбум орчим ам.доллартой тэнцсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 71.6%-иар өссөн бол импорт 843 сая ам.доллароор хэмжигдэж өмнөх оны мөн үеийнхээс 13.4%-иар дээшиллээ.
Улсын нийт экспортын 88%-ийг зэс, нүүрс, алтны экспорт бүрдүүлсэн байна.
Тодруулбал нүүрсний экспорт энэ оны эхний сарын байдлаар 10.1 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 73.5%-иар өсөв. Харин орлогын дүн нь 640 сая ам.доллартой тэнцэж, 35.5%-иар дээшиллээ. Ийнхүү 2026 оны нэгдүгээр сард нүүрсний экспортын борлуулалтын биет хэмжээ сарын дүнгээрээ эхнээсээ хоёрдугаарт орох дээд үзүүлэлт боллоо.
Зэсийн баяжмалын экспортын орлого оны эхний сард 726 сая ам.доллартой тэнцсэн нь өмнөх оны мөн үеийнхээс даруй 175%-иар нэмэгдсэн дүнтэй гарлаа. Зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ тайлант хугацаант 221.7 мянган тонн байсан нь 64%-ийн өсөлтийг харууллаа. Зэс, алтны ханш зах зээлд нэмэгдэж буйтай холбоотойгоор сүүлийн хоёр сар дараалан зэсийн баяжмалын экспортын орлого 700 сая ам.доллар хол давсан үзүүлэлттэй гарч байна. Цэвэр зэсийн экспорт оны эхний сард 680 тонн буюу 7.5 сая ам.доллароор хэмжигдсэн нь жингээр 10%, үнийн дүнгээр 36% өсөв.
Алтны экспорт оны эхний сард 1.1 орчим тонн буюу 166.5 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс жингээр 31%, үнийн дүнгээр даруй 134%-иар өссөн дүнтэй байна.
Төмрийн хүдрийн экспорт оны эхний сард орлогын дүнгээр 50 орчим сая ам.доллар, жингээр 700 мянган тоннд хүрлээ. Ингэснээр төмрийн хүдрийн экспортын үнийн дүн 20%, экспортын биет хэмжээ 25%-иар өссөн үзүүлэлттэй гарлаа.
Бусад эрдсийн тухайд жонш, цайрын баяжмал, молибденийн баяжмалын экспортын орлого 24-34%-ийн бууралттай гарлаа. Үүнд экспортын биет хэмжээ болон хилийн дундаж үнэ буурсан нь голлон нөлөөллөө. Харин хар тугалга, гянтболдын экспортын орлого огцом өссөн дүнтэй байгаа бөгөөд энэ нь зах зээлийн ханшийн өсөлт болон экспортын жин нэмэгдсэнээс үүдэлтэй.
Газрын тосны экспорт оны эхний сард жингээр 0.5%-иар буурсан бол үнийн дүнгийн хувьд 16 сая ам.доллароор илэрхийлэгдэж, 26%-иар буурсан дүнтэй байна.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар
