Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Төсөвт орох АМНАТ-ийн хэмжээ он гарсаар 1.4 их наяд төгрөгөөр буурчээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 27.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 171.5 тэрбум төгрөг буюу 0.6%-иар буурсан тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Мөн төсвийн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 25.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 471.9 (1.8%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2025 оны эхний 11 сард 27.4 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ.

Татварын нийт орлого энэ оны эхний 11 сард 23.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 835.8 (3.4%) тэрбум төгрөгөөр буурахад орлогын албан татварын орлого 428.2 (5.4%) тэрбум төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 1.4 (43.3%) их наяд төгрөгөөр тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.

Харин нийгмийн даатгалын орлого 769.9 (18.6%) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 231.5 (4.5%) тэрбум төгрөг, хөрөнгийн албан татвар 122.5 (32.6%) тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 43.0 (2.6%) тэрбум төгрөгөөр тус тус өсжээ.

Энэ оны эхний 11 сард татварын нийт орлогын,

31.7%-ийг орлогын албан татвар,

23.0%-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар,

20.9%-ийг нийгмийн даатгалын орлого,

7.1%-ийг гадаад үйл ажиллагааны орлого,

3.8%-ийг онцгой албан татварын орлого,

13.6%-ийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого тус тус бүрдүүлж байна. Орлогын албан татварын 66.2%-ийг ААНОАТ, 33.8% (буцаан олголтыг оруулсан дүнгээр)-ийг ХХОАТ-ын орлого бүрдүүлж байна.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний 11 сард 27.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.7 (10.8%) их наяд төгрөгөөр өсжээ. Зарлага өсөхөд бараа, үйлчилгээний зардал өмнөх оны мөн үеэс 1.0 (12.8%) их наяд төгрөгөөр, урсгал шилжүүлэг 1.1 (11.5%) их наяд төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

2025 оны эхний 11 сард нийт зардалд урсгал шилжүүлэг 38.9%, бараа үйлчилгээний зардал 32.2%, хөрөнгийн зардал 21.2%, хүүгийн зардал 5.0%, татаас 2.7%-ийг эзэлж байна.

 

Эх сурвалж: ҮСХ