Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ЧАНАРГҮЙ ӨСӨЛТИЙН ДАРААХ “МЕГА ТӨЛӨВ”

Б.Төгсбилэгт

Он гарсаар эдийн засгийн байдал хүндэрч, улс орон бүхэлдээ амаргүй нөхцөл байдалтай тулгарлаа гэх яриаг бид хаа сайгүй сонсож байна. Нөхцөл байдлыг сүүлийн хэдэн жилээр харьцуулж харвал байдал өөр харагдана. Эрдсийн салбарт хэт өсөлт тохиож, манай улсын эдийн засгийн үзүүлэлтүүд макро түвшиндээ тун ахицтай харагдаж байна. Цар тахлын дараа бараа бүтээгдэхүүний үнэ өсч, чанар нь буурах болсныг бид анзаарсан. Залгуулаад дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал, геополитикийн хүндрэлийн нөлөөг амсч байгаа ч, манай улсын нүүрсний экспорт шинэ түвшинд гарсан нь улам бүр батлагдан байна. Нүүрсний экспортын үнэ буурснаар өсөлт түр намжив гэж хэлж болох ч, жингийн хэмжээ өмнөх түвшнээ хадгалж буй нь давуу тал яах аргагүй мөн. 2026 оны төсөвт тусгаснаар манай улс ирэх онд 90 сая тонн нүүрс гаргах томоохон зорилт тавьжээ. Хятадын өсөлт саарч, түүхий эдийн эрэлт буурах, улмаар ханш унах эрсдлийг үндэсний аудитын газраас сануулсан. Гэхдээ хил нэвтрэлтийн байдлаас үзэхэд дээрх зорилт нь харьцангуй бодитой. Дээр нь нүүрсний ханш одоогийн түвшнээс нэмж буурахгүй болов уу гэсэн таамаг шинжээчдийн дунд бий. Зах зээлийн уналт цаг зуурын шинжтэй, ялангуяа урт хугацаандаа гангийн нүүрсний үнэ цэнэ улам бүр нэмэгдэх хандлагатайг энд тэмдэглэх нь зүйтэй.

Тийнхүү сүүлийн жилүүдэд эрдсийн экспортын үсрэнгүй өсөлтөөр Монгол Улсын эдийн засгийн “хүч” нэмэгдсэн. “20:40” гэсэн харьцаа бидэнд товч мэдээлэл өгнө. Бид урьд нь, нүүрсний хэт өсөлт тохиохоос өмнө эрдсийн экспортоос өдөрт 20 сая ам.доллар олдог байсан бол эдүгээ 40 сая ам.доллар олдог болжээ.

Хүн амын тоогоор авч үзвэл энэхүү экспортын өдрийн орлогын дүн нь тун боломжийн болсныг харуулж байна. Экспортын асар их нэмэлт орлого эрдсийн худалдаанаас бид олж чадаж байна. Эрдсийн экспорт нэмэгдсэнээр сүүлийн гурван жилийн хугацаанд манай улсын экспорт, импорт аль аль нь огцом тэлж, өсөлтөө хадгалан байна. Үүнтэй зэрэгцэн улсын дотоодын нийт бүтээгдэхүүний ам.доллароор илэрхийлэгдэх хэмжээ ч удаан хугацаанд “шигдээд” байсан 10 гаруй тэрбум ам.долларын босгоос дээш ахиж, 2024 оны байдлаар 24 орчим тэрбум ам.долларын түвшинд очлоо. Олон улсын судалгааны байгууллагууд цаашид манай улсын эдийн засаг 30 тэрбум ам.долларт хүрнэ гэж таамаглаж байгаад гайхах зүйлгүй. 2030 он хүртэл Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх хөгжлийн үндсэн 5 чиглэлийн төсөлд нэг хүнд оногдох хэмжээг 10 мянган ам.доллар болгох заалт багтжээ, муугүй л үзүүлэлт. 

Өсөлт үнэхээр гайхалтай байна. тийм биш гэж үү? Эдийн засаг тэлж, ерөнхийдөө бэхжиж, санхүүгийн тодорхой нүүдэл хийх орон зай бий болжээ. Гэвч нийгмийн ерөнхий уур амьсгал тун зэврүүн байна. Багш, эмч нар, нүүрс тээвэрчдийн тэмцэл, жагсаалаас үүнийг харж болно. Өсөлтийг улам бүр зай завсаргүй тэлж буй хотын нягтаршлын индекс үзүүлэлтээр хэмждэггүй л юм бол бид яах аргагүй чанаргүй өсөлттэй тулгарсныг өрнөж буй үйл явдлууд илтгэнэ. Өсөлтийг чанартай эсвэл чанаргүй байлгах эсэх нь зөвхөн биднээс өөрсдөөс нь хамаарна. 

НҮҮРСНИЙ ХЭТ ӨСӨЛТ ЭРДСИЙН “РОМАНС”-ЫГ ТӨГСГӨВ 

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд нүүрсний экспорт жил бүр бараг 9 тэрбум ам.долларт хүрч улсын нийт экспортын талаас илүү хувийг дангаараа бүрдүүлж, ачааны хүндийг үүрлээ. Он гарсаар 10 дугаар сарын дунд үеийн байдлаар нүүрсний экспорт 4 тэрбум ам.доллар хол даваад байгаа бол оны эцэс гэхэд 6 тэрбум доллар руу дөхөх хандлагатай байна. Зэс манай улсын эдийн засгийн аврагч байсаар ирсэн бол эдүгээ нүүрс гол тоглогч болсноор “Нүүрсний Монгол” гэж тодотгож болохуйц он жилүүд иржээ. Нүүрс ганцхан огцом тэлэлт авчирч буй бус, зохицуулалтын чанартай илүү чухал зүйлийг бидэнд ойлгуулж байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жилүүдийн нүүрсний экспортын өсөлт, төсвийн орлогын “бялуурал” нь эрдсийн нэмэлт орлогыг нийгэмд тэгш хүртээх, баялаг болгох зохицуулалтын механизмгүй бол сайхан үр дүн хүлээгээд нэмэргүйг хатуу санууллаа. Бид Оюутолгойн ирээдүйн “супер экспорт”-оос томоохон орлого төсөвтөө хурааж, амьдрал дээшлэх тухай олон жил сонсож ирсэн.

Нүүрс бидэнд түүнээс ч илүү их орлогыг сая авчирч чадлаа. Тиймээс том орлого, том хүлээлтийн тухай ойлголт одоо бидэнд байхгүй болсон. Өөрөөр хэлбэл эрдсийн том экспортын орлого ярьж, алив сайхныг амладаг “романтик үе” бүрмөсөн өндөрлөжээ. Зөвхөн бодитой төлөвлөгөө, ажил чухал болов. 

Оюутолгой төслөөс ихээхэн хэмжээний орлого бүрдүүлэх мөрөөдөлтэй манай улсын тухайд өнгөрсөн жил гэхэд нүүрсний салбараас төсөвтөө 7 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Ингэснээр бидний томоохон орлогын тухай мөрөөдлийг нүүрсний салбар урьдчилан биелүүлээд өгчихсөн гэж хэлж болно. Хүмүүсээс амьдрал дээшилсэн үү гэж асуух нь илүүц биз. Сайхан хариулт сонсоно гэж бодохгүй л байна. Ирэх жилүүдэд нүүрсний төсөвт орох орлого 2024 оныхыг гүйцэхгүй байх төлөвтэй ч харьцангуй өндөр орлогыг төсөвт авчирна. Их хэмжээний мөнгөн дүн нь манай улсын эдийн засгийн шингээх чадамжийг мөн сорьж шалгаж байна. Нөгөөтэйгүүр, улстөрчдийн мега төсөл ярих зан чанарыг улам бүр өдөөх болов. Улстөрчдийн хувьд зөвхөн том тоо бүхий мега төсөл ярьж, микро асуудлууд, нийгмийн чанартай суурь асуудлуудаа бүрмөсөн умартах болсноор эрдсийн хэт өсөлтийг тэгш хуваарилах боломж хязгаарлагдаж байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд манай улс эрдсийн экспортын өсөлтөөр 20 тэрбум ам.долларын нэмэлт орлого олжээ. Нөгөө талд улстөрчид орлогын эх үүсвэрт дулдуйдан гагцхүү мега түвшинд сэтгэх болж, ашигтай ашиггүй нь тодорхойгүй тэрбум тэрбум долларын төслүүд ярих болсноор эдийн засгийг үндсээр нь ганхуулах аюул ойрхон байна. Эрдсийн нэмэлт орлогыг үндэсний баялгийн сангаар дамжуулан тэгш хүртээхээр оролдож буй ч хэрэгжилтийг илүү төгөлдөржүүлэх шаардлагатайг салбарынхан анхааруулж байна. Цаашид орлогын өсөлтийг зөв зохистой залуурдаж, төгрөгийн ханшийн түвшинг аль болох тогтвортой хадгалж, залуучууд, ахмад, нийгмийн дунд болон доод хэсэг рүү чиглэсэн бодлогоо сайжруулах шаардлага нэгэнт бий болжээ. 

“Мөнгөний машин” болсон нүүрсний хэт өсөлт зах зээлийн ханшийн савлагааны явцад бууралтаар солигдож, орлогын алдагдсан орон зайг зэс хэсэгчлэн нөхөж байна.

Олон улсын байгууллагууд ч энэ оны гүйцэтгэл болон ирэх оны өнгийг танилцуулахдаа Оюутолгойн баяжмалын хэмжээ нэмэгдэж, орлого огцом тэлж, эдийн засагт хүч өгөх тухай онцолжээ. Зэсийн баяжмалын экспортын хэмжээ мэдэгдэхүйц дээшилсэн төдийгүй уг металын ханшийн өсөлтөөр нэмэлт орлогын боломж бидэнд тохиосоор байна. 2026 оны товч дүр зураг чамлахааргүй. Гэвч зөвхөн зэс, нүүрсээр бүх зүйлийг хэмжиж болохгүй. Дээр дурдсан өсөлтийн жигд хуваарилалтыг ирэх онд гойд анхаарах ёстой. 

Үндэсний статистикийн хорооны тайлан мэдээгээр, мөнгөний нийлүүлэлт тасралтгүй өсч, инфляц ч харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж буй ч, худалдааны секторын борлуулалт оны эхний хагаст бууралттай гарсан нь том дохио өгч байна. Ингэхдээ оны эхний хагасын хугацааны дийлэнх саруудад тогтмол бууралттай байсан төдийгүй бөөний худалдаан дээр агшилт ажиглагджээ. Нөгөө талд, эсрэгээр 26 оны хувьд өрхийн хэрэглээний өсөлт тогтвортой хадгалагдсанаар худалдаа, үйлчилгээний салбарын үйл ажиллагаа тэлж, нийт өсөлтөд эерэг хувь нэмэр оруулах тухай сангийн яам төсвийн төсөлдөө онцолжээ. Ирэх онд НӨАТ-ын буцаан олголт нэмэгдэж, иргэдийн дансанд 425 тэрбум төгрөгийн нэмэлт орлого орно. 

Гэхдээ энэ нь дотоод худалдааг дэмжихэд өчүүхэн бага хувь нэмэртэй бөгөөд одоо манай улсын эдийн засаг хавьгүй үлэмж болсныг санах хэрэгтэй. Монгол Улсын хувьд энэ онд хөдөө аж ахуйн салбар өсөлттэй байна гэсэн дүн мэдээ гарсан ч, ургац хураалт 9 дүгээр сарын байдлаар тун тааруу явцтай байна. Тухайлбал үр тариа өмнөх оны мөн үеэс 54.2%, төмс 36.3%, хүнсний ногоо 17.4%, таримал тэжээл 20.5%-иар тус тус буурчээ. Эдгээр дүн мэдээ нь манай улсад хүнсний инфляц илүү хүчтэй байх төлөвтэйг харуулна. Төв банкнаас танилцуулж, батлуулсан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлд хүнсний бүтээгдэхүүний инфляц ирэх оны эхний хагаст амаргүй байх тухай дурджээ.

2026 онд уул уурхайн салбарын экспорт чамлахааргүй байхаар тооцсон бөгөөд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоор 4.06 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлэхээр байна. Гэхдээ ирэх онд алтны экспортын төлөвлөгөө биелэхгүй байх эрсдэлтэйг төсвийн тогтвортой байдлын зөвлөл анхааруулсан. АМНАТ-өөс Төсвийн тогтворжуулалтын санд 292.1 тэрбум төгрөг, Ирээдүйн өв санд 2186.9 тэрбум төгрөг, үлдэх 1583.3 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх дүр зураг гарчээ. 

Түүнчлэн, сангийн хөрөнгө оруулалтын орлогоос 240.3 тэрбум төгрөгийг ирэх онд Ирээдүйн өв санд, Хуримтлалын санд 156 тэрбум төгрөг тус тус төвлөрснөөр, Үндэсний баялгийн санд нийт 2956.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрөх тооцоолол гарчээ.

Ирэх онд уул уурхайн салбар нэгдсэн төсвийн нийт орлогын 27%-ийг бүрдүүлэхээр байгаа бөгөөд зэсийн зах зээлийн үнийг тонн тутамд 9700 ам.доллар, тэнцвэржүүлсэн үнийг 8341.8 ам.доллар/тонн, нүүрсний зах зээлийн үнийг 70 ам.доллар/тонн, тэнцвэржүүлсэн үнийг 133.7 ам.доллар/ тонн байхаар тооцоолжээ. 

Хэдийгээр улстөрийн орчинд эрх баригч нам дотор томоохон тэмцэл өрнөж байгаа ч өргөн барьсан төсөл нэгэнт төсвийн тусгай шаардлагуудыг бүрэн хангасан тул 2026 оны төсөв батлагдахад асуудалгүй болохыг мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Гэхдээ цаашид уул уурхайгаас орж ирэх том мөнгө улам их хүлээлт дагуулна. Чанар, хүртээмжийн тухай ойлголтыг илүү сайн хэрэгжүүлэх цаг ирснийг бидэнд сануулсаар байна. Төгрөгийн ханшийн бууралт, түүнийг дагасан инфляц өсөлтийг хялбархан мэрж орхино. Гагцхүү улстөрчдийн том том төсөл ярьсан “мега төлөв” тодрон байгаа энэ үед микро асуудлууд, нийгмийн чанартай суурь асуудлууд болох хүнсний чанар аюулгүй байдал, эрүүл цэвэр орчин зэрэг олон асуудлыг илүү нухацтай түвшинд ярих цаг иржээ. Одоогийн бүрэлдэн бий болсон эрдсийн экспортын өсөлт нь улстөрчдийн гайхалтай ухаанаар бус, гагцхүү гадаад хүчин зүйлийн ачаар цогцолсон. Мэдээж энд дотоодын уул уурхайн компаниуд, уурхайчид, тээвэрчдийн хүчин зүтгэл шийдвэрлэх үүрэгтэйг тэмдэглэх нь зүйтэй. Харин энэхүү өсөлтийг хэрхэн зөв залуурдах нь улстөрчдийн гарт бий. Ирэх он жилүүдэд Монгол Улс үнэхээр үсрэнгүй хөгжих үү, аль эсвэл нийгмийн хямрал, ялгарал улам бүр даамжрах уу гэдгийг шийдвэрлэх чухал салаа замын уулзвар дээр бид ирснийг судлаачид, мэргэжилтнүүд сануулсаар байна.