Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл
Төрийн ашиггүй компаниудыг 100 хоногт багтаан цэгцэлнэ Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн өмчлөлийн хэлбэр, чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох зэрэг чиглэлээр хийж байгаа ажлын талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулжээ. Засгийн газар олон жил ашиггүй, үр дүнгүй, алдагдалтай, зардал ихтэй ажилласан төрийн өмчит компаниудтай холбоотой асуудлыг эхний 100 хоногтоо багтаан эцэслэхийг зорьж байна. 2019 оны байдлаар төрийн өмчит 107, орон нутгийн өмчит 339 компани 37 их наяд төгрөгийн өр төлбөртэй, 1.5 их наяд төгрөгийн ашигтай ажиллажээ.
“Айвенхоу Майнз”: “Камоа-Какула”-ын зэсийн олборлолтоо зургадугаар сард эхлүүлнэ БНКонго улсад хэрэгжүүлж буй “Камоа-Какула” төслийн зэсийн олборлолт ирэх зургадугаар сард эхлэх тухай “Айвенхоу Майнз” компани мэдэгджээ. Зэс, алтны өндөр агууламжтай хүдрийн биетээс олборлох эхний шатны ажлын явц 80%-ийн гүйцэтгэлтэй байна. Ордын баяжуулах үйлдвэр ашиглалтад орж буй аж. Төслийн хоёр дахь шат буюу уурхайн өргөтгөлийн ажлыг 2022 оны есдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөжээ. Энэ шатанд баяжуулах үйлдвэр жилд 7.6 сая тонн хүдэр боловсруулах юм. 1, 2 дугаар үе шатны ажил бүрэн дуусахад, жилд 400 мянган тонн зэс үйлдвэрлэнэ. 
“Тавантолгой” компани 18.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана “Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 375 төгрөг буюу нийт 18.8 тэрбум төгрөгийг эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараах болсон тухай Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ. Тус компанийн ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох аж. “Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг дөрөвдүгээр сарын 20-нд хийх тов зарлажээ. Хурлын дараа өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.
Элга ордын төслийн 5%-ийг төрийн “Ростех” корпораци эзэмшив ОХУ-ын Элга ордын цогцолбор төслийн 5%-ийг “Ростех” корпораци эзэмших гэрээг “А Проперти” компанитай байгуулжээ. Энэхүү хувь эзэмшлийг төрийн корпораци ямар үнээр худалдан авч буй тухай мэдээлэхээс талууд татгалзсан байна.  Элга ордын цогцолбор төсөлд Баяжуулах үйлдвэр байгуулах, ордоос Улак өртөөтэй холбосон төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Ванино боомт дахь нүүрсний терминалыг өргөтгөх ажлууд багтаж байна. Тэгвэл төрийн “Ростех” корпорацийн хувьд хүрэн нүүрсний Огоджины орд, Алс Дорнод дахь Вера боомтын 25%-ийг тус тус эзэмшдэг.  Өнөөгийн байдлаар Элгагийн коксжих нүүрс, Огоджины хүрэн нүүрсийг Ванино болон Владивостокын боомтоор экспортолж байгаа юм. Эдгээр төслийн экспортыг нэмэгдүүлэх зорилгоор тээврийн нэг дэд бүтцэд төвлөрүүлэхээр хоёр компани төлөвлөжээ. 
“Эрдэнэс Тавантолгой“ компани “А6-20” бизнес төлөвлөгөөгөө танилцуулав “Эрдэнэс Тавантолгой” ХК нь (2021.03.10)хэвлэлийн хурлаар “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-тай үүссэн нөхцөл байдлын талаар мэдэгдэл хийж,  мөн “А6-20” бизнес төлөвлөгөөгөө танилцууллаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (2021.03.09) хуралдаж ойрын жилүүдэд компанийг хөгжүүлэх “А6-20” бизнес төлөвлөгөөг баталжээ. Төлөвлөгөөнд, 2025 он хүртэл “Эрдэнэс Тавантолгой” компани нь Нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгой цахилгаан станц, усан хангамж зэрэг томоохон 20 төсөл хэрэгжүүлснээр компани үсрэнгүй хөгжиж, жилд олборлох нүүрсний хэмжээ 45 сая тоннд хүрэх, борлуулалтын орлого 10 их наяд төгрөг, цэвэр ашиг 3.7 их наяд төгрөг болж, жилд 700 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг иргэдэд хуваарилахаар тооцсон байна. 
Оюутолгой 2020 онд 1.1 тэрбум долларын орлоготой ажиллажээ Оюутолгойн 66%-ийг эзэмшдэг "Туркойз Хилл Ресурс" компани 2020 оны үйл ажиллагааны санхүүгийн тайлангаа мэдээллээ. Цар тахлын хүнд хэцүү жилд уурхайн үйл ажиллагааны бас нэгэн амжилттай жилийг бүтээж чадсаныг тус компанийн ТУЗ-ийн тэргүүн Peter Gillin онцоллоо. Өнгөрсөн онд ерөнхийдөө Оюутолгой уурхайн хувьд зэсийн үйлдвэрлэл төлөвлөгөөний хүрээнд байсан бол алтных төлөвлөгөөг давж биелжээ. 2020 онд Оюутолгой уурхайн борлуулалт 1.08 тэрбум ам.долларын орлого бүрдүүлсэн байна. Энэ нь 2019 оныхтой харьцуулахад 7.5%-иар буурсан дүн юм. Үүнд ил уурхайн хүдрийн алтны агуулга буурсан нь голлон нөлөөлжээ. Нийт орлогын 797.3 сая ам.долларыг зэс, 265.7 сая ам.долларыг алт, 15.2 сая долларыг мөнгөнөөс бүрдүүлжээ.
“Coal India” компани 32 төсөлд 6.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна  Энэтхэгийн нүүрсний “Coal India” компани хөрөнгө оруулалтын багц төлөвлөгөө баталжээ. Тодруулбал, тус компани нүүрсний олборлолтоо нэмэгдүүлэх зорилгоор нийт 32 төсөлд 473 тэрбум рупийн (6.4 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулна. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд, шинээр 8 төсөл хэрэгжүүлж, үйл ажиллагаа явуулж буй 24 уурхайг өргөтгөх юм. Төлөвлөгөөг хэрэгжүүлсний үр дүнд 32 төслийн нүүрсний үйлдвэрлэл жилд 193 сая тоннд хүрэх аж. Ингэснээр гаднаас нүүрсний импортыг бууруулах ач холбогдолтойг “Coal India” компани мэдэгдсэн байна.
“Baowu Steel” групп гангийн үйлдвэрийн шинэ төсөл хэрэгжүүлнэ  Хятадын гангийн хамгийн том үйлдвэрлэгч “Baowu Steel” групп нь “Fujian Sangang” компанитай хамтран Хятадын Фужян мужид гангийн үйлдвэр байгуулах гэрээ үзэглэжээ. Энэхүү төсөл нийт 20 тэрбум юанийн (3.09 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулалттай бөгөөд хамтрагч талууд 50:50%-ийн хөрөнгө гаргах аж. Шинээр байгуулах үйлдвэр нь жилд 3.22 сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай.  Хятадын Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, 2020 онд Фужян муж нийт 38.6 сая тонн ган үйлдвэрлэжээ. Тус мужид ган үйлдвэрлэлээр “Baosteel Desheng”, “Tsingshan” болон “Fujian Fuxin Special Steel” зэрэг компани тэргүүлдэг байна.
Туркойз Хилл-ийн захирал солигдов Оюутолгой төслийн 66%-ийг эзэмшигч “Туркойз Хилл Ресурс”-ийн Гүйцэтгэх захирал Улф Куэлманныг албан тушаалаас нь (2021.03.03) огцруулжээ. Тэрээр 2018 оны долдугаар сарын 30-наас эхлэн Туркойз Хилл-ийн захирлаар ажиллаж байсан юм. Оюутолгой төсөлд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг хэрхэн босгох талаар төслийн менежментийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” компанитай нэгдсэн шийдэлд хүрэхээр “Туркойз Хилл Ресурс” хэлэлцэж байна. Ийм үед Туркойз Хилл-ийн захирлын албан тушаалд үргэлжлүүлэн Улф Куэлманныг ажиллуулах нь компанийн дээд эрх ашгийн үүднээс төдийлөн зохимжгүй гэж үзжээ. Хэрэв цаашид ажиллуулах тохиолдолд ирэх тавдугаар сард болох Туркойз Хилл компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар Улф Куэлманныг дэмжихгүй гэдгээ “Рио Тинто” компани мэдэгджээ.
Японы компаниуд Оросын коксжих нүүрсний төсөлд хамтарна  ОХУ-ын “Алс Дорнодын хөрөнгө оруулалт, экспортыг дэмжих” агентлагаас Японы хөрөнгө оруулагчидтай албан уулзалт зохион байгуулжээ. “Марубени”, “Сожиц”, “Иточу”, “Сумитомо”, “Мицуи” компани болон “Газрын тос, нүүрс, металын корпораци” (JOGMEC), Японы гадаад худалдааг дэмжих байгууллагаас Оросын коксжих нүүрсний олборлолт, гадаад зах зээлд нийлүүлэх төслүүдийг сонирхож буйгаа илэрхийлжээ. Оросын коксжих нүүрсийг Алс Дорнодын боомтуудаар шууд Японы зах зээлд нийлүүлэх боломжтой гэж үзэж байна. Тус уулзалтаар Японы тэргүүлэх компаниудын төлөөлөгчид Оросын нүүрсний “Долгучан” компанитай хэлэлцээр эхлүүлжээ.
Газрын тос дамжуулах хоолой барих төслийн сонгон шалгаруултыг зарлажээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (2021.03.03) “Газрын тос дамжуулах хоолойг санхүүжүүлж, барих төсөл”-ийн сонгон шалгаруулалтыг зарлалаа. Дорнод аймгийн нутаг дахь Тамсагийн ордоос түүхий тос дамжуулах 530 км урт хоолой, шаардлагатай дагалдах байгууламжийн хамт иж бүрнээр барих төсөл юм. Энэ нь Дорноговь аймгийн нутагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд Монгол Улсын хариуцах хамгийн том хөрөнгө оруулалт юм. Уг ажлыг гүйцэтгэхэд шаардагдах санхүүжилтийг урт хугацааны бага хүүтэй эх үүсвэрээр шийдвэрлэнэ гэж УУХҮЯ-наас мэдээлжээ.
Алтан цагаан овоо ордын нөөц 2 дахин нэмэгджээ “Степ голд” компанийн эзэмшлийн Алтан цагаан овоо алтны ордын нөөц 1.22 саяас 2.45 сая унц болж хоёр дахин өссөн байна. Уг нөөцийн тооцоололд үндэслэн 2021 оны хоёрдугаар улиралд ТЭЗҮ-ээ шинэчлэн боловсруулна. Анхдагч хүдрийн нөөц нэмэгдсэнээр төслийн үргэлжлэх хугацааг уртасгаж жилд 150 мянган унц алт олборлох хүчин чадалд хүрнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна.
“Рио Тинто”-ийн борлуулалтын орлого 44.6 тэрбум долларт хүрэв Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто” 2020 оны тайлангаа танилцууллаа. Тус компанийн мэдээлснээр өнгөрсөн онд нийт борлуулалтын нэгдсэн орлого 44.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Уг үзүүлэлт 2019 онд 43.2 тэрбум ам.доллартай байсан юм. Энэ дундаа төмрийн хүдрийн борлуулалт дийлэнхийг бүрдүүллээ. Тодруулбал Австралийн Пилбара дахь төмрийн хүдрийн уурхайнуудаас нийтдээ 333.4 сая тонн төмрийн хүдэр олборлож, борлуулалтын орлого нийтдээ 27.5 тэрбум ам.доллараар хэмжигдлээ. Өнгөрсөн онд зах зээлд төмрийн хүдрийн ханш нэмэгдсэнтэй холбоотойгоор тус компанийн суурь орлогын (underlying earnings) үзүүлэлт 12.5 орчим тэрбум ам.долларт хүрсэн нь 2019 оны дүнгээс даруй 2.1 тэрбум ам.доллараар өсөлттэй гарчээ.
Зэсийн Быстринский төсөлд Орос, Хятадын компаниуд опцион гэрээ байгуулав Быстринскийн зэсийн төслийн хувь эзэмшигчид Оросын “Норильский никель” компани, Хятадын “Highland Fund” консорциум нь опцион гэрээ байгуулжээ. Тус гэрээгээр, уг төслийн 13.3%-ийн эзэмшлээ Хятадын хөрөнгө оруулагчид худалдах эрхтэй болж байна. Оросын “Норильский никель” компанийн мэдээлснээр,  опцион гэрээ нь 2021 оныг дуустал хүчинтэй аж. Энэхүү төслийн 50.7%-ийг Оросын “Норильский никель”, 13.3%-ийг Хятадын “Highland Fund” консорциум, 36.6%-ийг Оросын “CIS NRF Holdings” компани тус тус эзэмшиж байгаа юм.
Монгол Улсын татварын актыг “Оюутолгой” компани хэрэгжүүлэн төлбөр барагдуулж эхэллээ Монгол Улсын татварын албаны нэхэмжлэхийн дагуу “Оюутолгой” ХХК нь татварын актаар нөхөн ногдуулсан 229.8 тэрбум төгрөгийн татварыг (2021.02.25) төсөвт төлсөн байна.  Засгийн газрын Ажлын хэсгээс Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй яриа хэлэлцээний хүрээнд “Оюутолгой” ХХК нь Монгол Улсын татварын хууль тогтоомжийг биелүүлж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л аж ахуйн нэгжийн нэгэн адил Монгол Улсад татвараа бүрэн төлөх шаардлагыг тууштай тавьсны үр дүнд татварын актаар тогтоогдсон нийт төлбөрөөс эхний ээлжийн 229.8 тэрбум төгрөгийн төлбөрийг ийнхүү төлж эхэлжээ.  
Бүрэн автомат технологитой тэсрэх бодисын үйлдвэр ашиглалтад орно “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ  хүдрийн ил уурхайн дэргэдээ Эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэр байгуулж байна. Одоогоор тус үйлдвэрийн барилга, угсралтын ажил 60%, инженерийн шугам сүлжээний ажил 80 орчим хувь, төслийн  нийт гүйцэтгэлийн ажил 50 гаруй хувьд хүрснийг компани мэдээллээ. Үйлдвэрийг 2020 оны хөрөнгө оруулалтаар барьж байгаа аж.  Хэдийгээр “Эрдэнэт үйлдвэр” 1993 онд Монголд анх удаа 10 мянган тонн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай  Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг байгуулж өнөөдрийг хүртэл ажиллуулж байгаа ч цаашид аюулгүй ажиллагааг хангаж, эрсдэлээс хамгаалах үүднээс  дахин шинэ үйлдвэр байгуулахаар болжээ.
“Рио Тинто” PCR  оношилгооны цогц лабораторыг Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өглөө “Рио Тинто” группийн 1.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд олон улсын жишигт нийцүүлэн байгуулж буй 19 төрлийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдээс бүрдсэн PCR/ПГУ шинжилгээний гурав дахь цогц лабораторыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн (02.24) өглөө. “Монгол Улсын худалдаа, эдийн засгийн гол зангилаа, өмнөд хилийн алтан босго болсон Замын-Үүд боомт болон хил орчмын бүсэд гадаад худалдааны эргэлт тасралтгүй хэвийн явагдах нь цар тахлын энэ цаг үед туйлаас чухал байна” хэмээн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан онцолжээ.
Байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах нөхцөлтэй газар дээр нь танилцана Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Ггүйцэтгэх захирал Д.Хаянхярваа тэргүүтэй албаны хүмүүс (2021.02.16)ОХУ-ын “Газпром” компанийн удирдлагуудтай онлайнаар хуралджээ. Талууд “Сибирийн хүч 2”-ийн хийн хоолойг Монголын нутгаар барих хэсгийн төслийн ТЭЗҮ-ийг хийх ажлыг эрчимжүүлэхээр тохиролцсон байна. Хурлаар  төслийн “Эрдэнэс Газ” нэгжийн төлөөлөл оролцсон бөгөөд ОХУ-аас байгалийн хийг БНХАУ-ад нийлүүлэх хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явцыг танилцуулжээ. Одоогийн байдлаар байгалийн хийн хоолойн төслийн нарийвчилсан ТЭЗҮ боловсруулахад шаардлагатай материалыг бэлтгэн “Газпром” компанид хүргүүлсэн аж.
“Mitsubishi” компани Чилид зэсийн уурхайн хувь эзэмшжээ Чилийн зэсийн “Mantoverde” уурхайн 30%-ийг 275 сая ам.доллараар Японы “Mitsubishi Materials” компани худалдан авчээ. Энэхүү хэлэлцээр 2020 оны хоёрдугаар сараас эхэлсэн ч КОВИД-19 цар тахлын улмаас хойшлуулсан байна. “Mantoverde” уурхайн хяналтын багцыг Их Британийн “Mantos Copper” компани эзэмшдэг аж. Тус компани нь уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор өргөтгөлд 784 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөжээ. Өргөтгөлийн ажлын хүрээнд баяжуулах үйлдвэр болон замын дэд бүтцийг барьж байгуулна. Ингэснээр 2023 онд уурхайн хүчин чадал нэмэгдэж одоогийн үйлдвэрлэлийн хэмжээ 50-60 мянган тонноос 110 мянган тоннд хүрэх юм байна.
ArcelorMittal: 2021 онд дэлхийн гангийн хэрэглээ 4.5-5.5% өснө АНУ-ын “ArcelorMittal” компани нь 2021 онд дэлхийн гангийн хэрэглээ 4.5-5.5%-иар нэмэгдэнэ гэж үзжээ. Гол хэрэглэгч улс орнуудаар авч үзвэл, энэ онд БНХАУ-ын гангийн хэрэглээ 1-3%, Энэтхэгийнх 16-18%, АНУ-ынх 10-12%-иар тус тус өсөх таамгийг тус компани дэвшүүлсэн байна. 2020 оны үзүүлэлтээр дэлхийн гангийн эрэлт 1%-иар буурсан аж. Гангийн үйлдвэрлэлийн хэмжээгээр “ArcelorMittal” компани дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг бөгөөд Хятадын төрийн “Baowu” групп тэргүүлж байна.
8 9 10 11 12 13 14