Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл
“Рио Тинто” Оюутолгойн нэмэлт санхүүжилтийн төлөвлөгөөг “Туркойз Хилл Ресурс”-тэй тохирлоо “Рио Тинто” Монгол Улс дахь Оюутолгойн гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтын ажлыг дуусгахад шаардлагатай санхүүжилтийн шинэчилсэн төлөвлөгөөний хүрээнд “Туркойз Хилл Ресурс” компанитай ерөнхий зохицуулалтын гэрээ байгууллаа. Өмнө нь 2020 оны есдүгээр сарын 9-ний өдөр “Рио Тинто” болон “Туркойз Хилл Ресурс”-ийн хооронд байгуулсан санамж бичигт үндэслэн, энэхүү шинэчилсэн санхүүжилтийн төлөвлөгөөгөөр ойролцоогоор 2.3 тэрбум ам.долларын санхүүжилтийг шийдвэрлэсэн болно.
“Рио Тинто” өнгөрсөн онд Монгол Улсад 277 сая долларын татвар төлжээ Цар тахал дэгдсэн өнгөрсөн онд тус компани уурхайн үйл ажиллагаа болон бусад бизнес эрхэлдэг улс орнуудад нийтдээ 47 тэрбум ам.долларын эдийн засгийн хувь нэмэр оруулсны дотор 8.4 тэрбум ам.долларын татвар хураамж, роялти багтсан талаар мэдээлэв. Эдгээр үзүүлэлт нь 2019 оныхоос өсөлттэй гарчээ. Тухайлбал 2019 онд тус компанийн эдийн засагт оруулсан хувь нэмэр 45.1 тэрбум ам.доллар, тэр дундаа татвар, хураамжийн үзүүлэлт 7.6 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан юм.  Тус компанийн голлох үйл ажиллагаа буюу төмрийн хүдрийн олборлолт төвлөрдөг Австралийн Засгийн газарт өнгөрсөн онд 6.8 тэрбум ам.долларыг татвар, хураамжид төлсөн байна.
Хятад 2.5 тэрбум тонн нөөцтэй төмрийн хүдрийн ордыг ашиглалтад оруулна  2022 оны зургаадугаар сард Хятадад төмрийн хүдрийн “Sishanling” ордын уурхайн эхний үе шат ашиглалтад орно гэдгийг Ляонин муж дахь Бэньси хотын намын хорооноос мэдэгджээ. Энэхүү төслийг гангийн “Jianlong” групп хэрэгжүүлж байна. Өмнө нь төлөвлөсөн ашиглалт оруулах хугацааг хагас жилээр наашлуулж буй. Хятадын томоохон ордуудын нэгд тооцогддог “Sishanling” нь 2.5 тэрбум тонн төмрийн хүдрийн батлагдсан нөөцтэй. Хүдэр дэх төмрийн дундаж агуулга 31.19% буюу тус улсын уурхайнуудын хувьд өндөр агууламжтайд тооцогддог байна. Гэсэн ч энэ нь Гвинейн Симандоу болон Австралийн Пилбара дахь төмрийн хүдрийн уурхайнуудын агууламжийн дэргэд бага агуулгатай харагдаж байна.  
“Baowu” группын гангийн үйлдвэрлэл 115 сая тоннд хүрэв Дэлхийн гангийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Baowu” групп өнгөрсөн онд 115 сая тонн ган үйлдвэрлэсэн нь өмнөх оныхоос 19.8%-иар өсчээ. Хятадын төрийн компанийн үйлдвэрлэл ийнхүү нэмэгдсэн нь гангийн үйлдвэрүүдийг групптээ нэгтгэн, худалдаж авсантай холбоотой аж. Тухайлбал, 2019 онд групптээ нэгтгэсэн “Magang Steel” компани л гэхэд өнгөрсөн онд 20.97 сая ган үйлдвэрлэсэн байна. Төлөвлөж буй бусад гангийн компаниудыг эзэмшсэнээр “Baowu” группын гангийн нийт үйлдвэрлэлийн жилийн хүчин чадал 155 сая тоннд хүрнэ гэж тооцож буй.
“Newcrest Mining”: Зэс-алтны Red Chris төслөө гүний уурхайгаар өргөтгөнө Австралийн алтны томоохон олборлогч “Newcrest Mining” компани нь Канад улсын Бритиш Колумбын бүс нутагт хэрэгжүүлж байгаа зэс-алтны Red Chris ордын нэмэлт хайгуулын  дүнг зарлажээ. Компанийн мэдэгдсэнээр, тус ордод шинээр 3.7 сая тонн зэс, 13 сая унц алт бүхий нийт 980 сая тонн хүдрийн нөөцийг илрүүлж баталсан байна. 2014 оны арваннэгдүгээр сараас Red Chris ордыг ил аргаар олборлож эхэлсэн аж. Өнгөрсөн оны дүнгээр, ордоос 40 мянган тонн зэс, 73.8 сая унц алт тус тус олборлосон байна.
Уул уурхайн геотехник мэргэжлээр инженер бэлтгэх, олон улсын судалгааны төвийг байгуулна Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд уул уурхайн геотехник мэргэжлээр инженер бэлтгэх, олон улсын судалгааны төв байгуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр (04.01) ШУТИС-ийн наймдугаар байрны хурлын танхимд боллоо. Уг ёслолд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, “Рио Тинто”-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд,  “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, “Рио Тинто” групп Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал нар оролцож, гарын үсэг зурав.
Оюутолгойн зэсийн баяжмалын экспорт зогсчээ “Turquoise Hill Resources” өчигдөр /2021.03.30/ Хятад, Монголын хил дээрх Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд Оюутолгойн зэсийн баяжмалыг хилээр нэвтрүүлэхийг БНХАУ-ын талаас түр зогсоосон тухай мэдэгдэв. "Оюутолгой" компани Засгийн газартай хамтран тээвэрлэлтийг нэн даруй эргэн сэргээхээр ажиллаж байгаа аж. Ингэснээр “Оюутолгой” компани баяжмал худалдан авагч Хятадын компаниудад гэрээний дагуу бүтээгдэхүүн нийлүүлэх боломжгүй (давагдашгүй хүчин зүйл/force majeure) болсноо зарлаж байна. “Оюутолгой” компанийн уурхайд Ковид-19-ын 2 тохиолдол батлагдсан. Халдвар гарснаас хойш уурхайн ажилтнуудад нийт 9726 удаагийн PCR шинжилгээ хийснээс бүгд сөрөг гарсан байна. Гэхдээ ажилчдын аюулгүй байдлыг хангах үүднээс далд уурхайн бүтээн байгуулалтын үйл ажиллагааг түр зогсоосон. Харин ил уурхай, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.
“ЭТТ бонд”-ын анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ “Эрдэнэс Тавантолгой” компани төгрөг болон ам.долларын хосолсон бондын анхны арилжааг өнөөдөр (2021.03.30) эхлүүллээ. Бондыг 3 үе шаттай гаргаж арилжах бөгөөд эхний ээлжийн 600 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бондын захиалга нь 2021 оны гуравдугаар сарын 30-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 2-ны өдрийг дуустал явагдах аж. Хосолсон бондын захиалгыг эхлүүлэх, цан цохих үйл ажиллагаанд УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал, Санхүүгийн Зохицуулах хорооны  дарга Д.Баярсайхан, Хөрөнгийн биржийн захирал О.Алтай, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар оролцов.  “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тус бондоороо 5 төсөлд хөрөнгө оруулна гэж мэдэгдлээ.
"Рио Тинто" Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн шинэ захирлаа зарлалаа “Рио Тинто” групп Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар Х.Амаржаргалыг томилсноо (2021.03.29) зарлалаа. Х.Амаржаргал нь “Рио Тинто”-гийн Монгол дахь үйл ажиллагаа, энэ дундаа Оюутолгойн бүтээн байгуулалтыг дэмжих чиглэлд хувь нийлүүлэгчидтэй хамтран ажиллах, “Рио Тинто”-гийн Монгол дахь салбар оффисийг удирдах юм. Мөн “Рио Тинто" группийн олон улсын үйл ажиллагаа болон мэдээллийн технологийн төслүүдэд дэмжлэг үзүүлэн ажилладаг Монгол дахь Мэдээлэл, технологийн төвийн үйл ажиллагааг хариуцна.
“Эрдэнэс Тавантолгой”  компанийн бондыг үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын А-22 тоот тушаал, Санхүүгийн зохицуулах хорооны 96 тоот тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой”ХК-ийн олон нийтэд нээлттэй санал болгон гаргаж буй 24-36 сарын хугацаатай, тус бүр 100 мянган төгрөг болон 100 ам.долларын нэрлэсэн үнэтэй,  2 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий бондыг бүртгэжээ. "Эрдэнэс Тавантолгой" компанийн энэхүү бондыг 3 үе шаттайгаар олон нийтэд санал болгон худалдаж, 2 их наяд төгрөг хүртэлх санхүүжилтийг татан төвлөрүүлэх юм.
“Mitsui” корпораци Чилийн зэсийн “Collahuasi” уурхайд хувь эзэмшлээ нэмэгдүүлэв Японы “Mitsui Mining and Smelting” компани Чили улс дахь “Collahuasi” уурхайн 0.97% эзэмшлээ толгой корпораци “Mitsui & Co”-д худалдаж, зэсийн бизнесээ орхиж буйгаа мэдэгджээ. Нийт 9.5 тэрбум иен буюу 87.5 сая ам.долларын тус хэлэлцээр гуравдугаар сард багтаж дуусах аж. Ингэснээр “Mitsui” корпораци нь дэлхийн зэсийн хоёр дахь том уурхайн 12%-ийг эзэмшлээ. Эл уурхайн үлдсэн хувийг эзэмшигчид нь “Anglo American”(44%) болон “Glencore” (44%) компаниуд юм. Энэхүү худалдааны хэлэлцээр нь 2023 он хүртэлх “Mitsui” корпорацийн хөгжлийн стратегийн төлөвлөгөөтэй холбоотой болохыг мэдээлэлд дурджээ. Уг корпораци 1990 оноос Чили улсад зэсийн төслүүд эзэмшсэн дунд “Los Bronces”, “El Soldado” уурхай багтдаг байна.  
Австралийн “Mineral Resources” компани жилд 100 сая тонн төмрийн хүдэр олборлоно Австралийн “Mineral Resources” (MinRes) компани Пилбара дахь төмрийн хүдрийн “Wonmunna” уурхайд олборлолтын үйл ажиллагаагаа эхэлжээ. Эхний ээлжинд жилд 5 сая тонн төмрийн хүдэр олборлох бол хүчин чадлыг 10 сая тоннд хүргэх зорилттой. 2020 оны хоёрдугаар хагаст, MinRes нь “Iron Valley” болон “Koolyanobbing” уурхайгаас төмрийн 58-60%-ийн агууламжтай нийт 7.9 сая тонн хүдэр олборлосон байна. Ойрын жилүүдэд тус компани нь төмрийн хүдрийн олборлолтоо нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. 2023-2024 онд Пилбарад төмрийн хүдрийн “Lamb Creek”, “Wedge” зэрэг хоёр уурхайг нэмж шинээр ашиглалтад оруулахаар бэлтгэж буй аж.
Монголын нүүрс, баяжмал тээвэрлэлтийг хэвийн үргэлжүүлэх асуудлыг Баяннуур аймаг шийдвэрлэнэ  УУХҮ-ийн сайд Г.Ёндон цахимаар “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрестой уулзалт (2021.03.23)хийжээ. Оюутолгойн уурхайд коронавирусын 2 тохиолдол гарсантай холбоотойгоор компанийн зүгээс шуурхай арга хэмжээ авч хөдөлгөөнийг түр зогсоон, гүний уурхайн 3500 гаруй ажилчдыг тусгаарлан ойрын хавьтлуудыг тогтоох, уурхайн нийт ажилчдад шинжилгээ хийх, ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийж, баяжмал тээвэрлэгч 200 гаруй жолооч нарыг вакцинжуулалтад хамруулан хамгаалалтын хэрэгслээр ханган ажиллаж буй талаар мэдээлсэн байна.
“Газрын ховор элементийн судалгааны төслийн нэгж” хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ “Газрын ховор элементийн судалгааны төслийн нэгж”, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуультай хамтран ажиллах санамж бичиг (2021.03.22)байгуулав. Хамтын ажиллагааны хүрээнд, газрын ховор элементийн сургалт судалгаа, дадлага туршлага солилцох, ГХЭ-ийн техник технологийн талаарх мэдээлэл болон мэргэжилтэн солилцох аж. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны тавдугаар сарын 1-ний өдрийн 176 дугаар тогтоол, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар тогтоолоор “Газрын ховор элементийн судалгааны төслийн нэгж”-ийг байгуулсан юм.
“Айвенхоу Майнз”: “Камоа-Какула” төсөлд 575 сая ам.долларын хөрөнгө оруулалт татна Канадын “Айвенхоу Майнз” компани нь Конго дахь “Камоа-Какула” төсөлдөө нэмж 575 сая ам.долларын хөрөнгө оруулалт татах үйл ажиллагаа өндөрлөж буйг мэдэгджээ. Энэхүү хөрөнгө оруулалтыг татахдаа тус компани жилийн 2.5%-ийн хүүтэй 5 жилийн хугацаатай бонд гаргасан байна. Компанийн бондыг Европын Холбоо болон АНУ-ын тэргүүлэх хөрөнгө оруулалтын сангууд ихээхэн сонирхсоныг компанийн Удирдах зөвлөлийн дарга Роберт Фридланд мэдэгджээ. Ирэх зургадугаар сараас “Камоа-Какула”  төслийн баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулах, зэсийн олборлолтын үйл ажиллагааг тогтмол явуулахаар  төлөвлөжээ. 
Ерөнхий сайд “Рио Тинто” компанийн удирдлагуудтай цахим уулзалт хийв Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмтой (2021.03.18) цахим уулзалт хийжээ. Уулзалтын үеэр Ерөнхий сайд, “Оюутолгой” төсөлтэй холбогдуулж байгуулсан Ажлын хэсгийг ахалж байх хугацаандаа баримталж байсан бодлого, байр суурь өөрчлөгдөөгүй болохыг илэрхийлсэн байна. Тодруулбал, Засгийн газрын ХЭГ-ын дарга байхдаа ”Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмд (2021.01.04)илгээсэн албан бичигт дурдсан асуудлуудыг тус компанийн зүгээс  цаг алдалгүй анхаарч, “Оюутолгой” төслийг Монгол Улсад үр ашигтай болгоход яриа хэлэлцээг чиглүүлэх шаардлагатайг өнөөдрийн уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолжээ. Тэрээр, мөн Засгийн газрын Ажлын хэсгийг ахалж буй Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болд нар яриа хэлэлцээг үргэлжлүүлж, бодит үр дүнд хүрнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.
Удоканы зэсийн үйлдвэрийн туузан дамжуургын угсралт эхэлжээ Оросын зэсийн Удоканы ордын төслийг хэрэгжүүлэгч “Удоканская медь” компанийн мэдээлснээр, үйлдвэрлэлийн хүдрийн анхдагч бутлуур болоод туузан дамжуургын барилгын ажил эхэлжээ. Эхний ээлжид хүдрийн анхдагч бутлуурын хэсгээс Баяжуулах үйлдвэрийн цогцолбор хүртэл нийт 2.8 км урт туузан дамжуурга (конвейер) угсарч байна. Туузан дамжуургын анхны тээвэрлэлтийг 2021 онд багтаан туршихаар төлөвлөжээ. Анхдагч бутлуурын тухайд цагт 2000 тонн хүдэр бутлах хүчин чадалтай. Энэхүү орд нь цаг уурын болоод газрын тогтцын хүнд нөхцөлтэй учир үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд автомашин болон туузан дамжуургын хосолсон тээврийг ашиглана гэдгийг компанийн Ерөнхий захирал Герман Миронов мэдэгджээ.
Fortescue Metals: 2030 онд хүлэмжийн хийн ялгаруулалтгүй болно Австралийн төмрийн хүдрийн томоохон тоглогчдын нэг “Fortescue Metals Group” компани үйл ажиллагаагаа чулуужмал түлшнээс ангид буюу “ногоон горим”-д шилжүүлэх хугацааг 2030 он гэж товлосноо (2021.03.15) зарлалаа. “Fortescue Metals” нь хүлэмжийн хийн ялгаруулалтгүй үйл ажиллагаатай болох 2040 оны зорилтоо ийнхүү арван жилээр наашлуулжээ. Харин уул уурхайн бусад томоохон компани болох “Рио Тинто”, “BHP”-ийн тухайд ийм зорилтоо 2050 он, “Англо Американ” 2040 он гэдгээ зарласан юм. Ингэснээр “Fortescue Metals” хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах чиглэлд салбартаа хамгийн зоримог амлалтыг өгч буй компани боллоо. 
Хятад литийн үйлдвэрлэлийн кластер Түвдэд байгуулна Дэлхийн литийн томоохон үйлдвэрлэгч “Jiangxi Ganfeng” компани нь Хятадын Цинхай муж дахь литийн “Yiliping” төслийн 49%-ийг 1.47 тэрбум юаниар (225 сая ам.доллар) худалдан авчээ. Харин төслийн үлдсэн 51%-ийг төрийн “China Minmetals” корпораци эзэмшиж байна. “Yiliping” төслийн орд нь 17 сая тонн литийн нөөцтэй аж.  Хятадын “Jiangxi Ganfeng” компанийн үндсэн төслүүд Аргентин, Мексик, Австрали болон Ирланд улсад хэрэгжиж буй юм. Тиймээс тус компани дэлхийд өрсөлдөхүйц литийн үйлдвэрлэлийн кластерыг Түвдэд байгуулах ажлаа түргэтгэх шаардлагатайг БНХАУ-ын дарга Си Жинпины мэдэгджээ
Төмрийн хүдрийн “Нимба” төслийг эхлүүлэхэд 200 сая ам.долларын санхүүжилт татна Роберт Фрийдландын үүсгэн байгуулсан Канадын “High Power Exploration” компани 200 сая ам.долларын санхүүжилт хөрөнгө оруулагчдаас татах болсноо мэдэгджээ. Энэхүү санхүүжилтийг Гвиней улс дахь төмрийн хүдрийн “Нимба” ордын төслийг хэрэгжүүлж эхлэхэд зарцуулах аж. “Нимба” орд нь сайн чанарын төмрийн хүдрийн 1 тэрбум тонн нөөцтэй. Ордыг эзэмших эрхийг “High Power Exploration” компани 2019 онд авсан байна. Тус компани “Нимба” төслийн 85%-ийг эзэмшдэг бол үлдсэн 15% нь Гвиней улсын Засгийн газрын мэдэлд буй. “Нимба” орд нь Гвиней улсын төмрийн хүдрийн үлэмж нөөцтэй “Симандоу” ордын ойролцоо оршдог.
7 8 9 10 11 12 13