Боловсруулах үйлдвэрүүдийн түүчээ Нүүрс баяжуулах үйлдвэр

2021-07-19 10:45

Г.Идэрхангай  

 
Уул уурхайн салбар “Олборлолтоос боловсруулалтын үе шат руу шилжиж байна” хэмээн Засгийн газраас томьёолж, энэ чиглэлд бодлогын  олон арга хэмжээг авч буй. Өнгөрсөн цаг хугацааг эргэн харахад  ашигт малтмалын түүхий эдийг экспортлоход түлхүү анхаарч, харин боловсруулалтдаа маруухан хандаж иржээ гэсэн үг  салбарын сайдын илтгэлд  саяхан дурдагдсан. Мэдээж хэрэг, энэ нь салбараа тоймлож харсан үг байх. Гэхдээ 2011 оны зургадугаар сарын 11-ний өдөр Монголын хувийн хэвшлийн төдийгүй дотоодын уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн хөгжлийн түүхэнд цоо шинэ хуудсыг “Энержи Ресурс” компани нээсэн юм.  

Энэ бол Ухаахудагийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн нээлт. Баяжуулах үйлдвэрийн 10 жилийн ой энэ зургадугаар сард тохиож байна. Хэдийгээр Ковид-19 цар тахлын халдварын нөхцөл байдал хүндэрсэн, улс орны эдийн засаг амаргүй байгаа энэ үед Монголд анхны нойтон аргаар баяжуулах үйлдвэрийг байгуулсан “Энержи Ресурс”-ынхэн тэмдэглэлт өдрөө тун  даруухан өнгөрүүлж байна. Дэлхийн ашигт малтмалын зах зээлд “Супер цикл” тохиосон тэртээх арван жилийн өмнө байгуулагдсан энэхүү Нүүрс баяжуулах үйлдвэр эдүгээ мөн л супер циклийн шинэ давлагаанд “10 насны төрсөн өдөр”-өө тэмдэглэж буй нь энэ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон  Ухаахудагийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн хамт олонд илгээсэн мэндчилгээндээ  “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод нийцсэн үйл ажиллагаа явуулж манай улсад анхны Нүүрс баяжуу­лах үйлдвэрийг барьж, нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээг­дэхүүн үйлдвэрлэж, гадаад зах зээлд борлуулахын зэрэгцээ Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулсанд талар­хаж байна” гэжээ.  Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодло­гын баримт бичиг 2014 онд батлагдсан бөгөөд үүнээс дөрвөн жилийн өмнө “Энержи Ресурс”-ийнхэн  боловсруулалтын үе шат руу бусдыг түүчээлэн зоримог дэвшин орсон билээ. Хувийн хэвшил өөрийн хөрөнгө оруулалтаар боловсруулах үйлдвэр байгуулж, гадаад зах зээлд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болдгийг энэ жишээ харуулсан юм.    

Тус үйлдвэр нь (нэг бүр нь) жилд 5 сая тонн нүүрс угааж баяжуулах хүчин чадал бүхий гурван модультай.  Нэгдүгээр модуль   2011 онд, хоёрдугаар модуль  2012 оны дөрөвдүгээр сар, гуравдугаар модуль   2013 оны зургадугаар сард тус тус ашиглалтад орсон. Нийт хөрөнгө оруулалт нь 330 орчим сая ам.доллар гэсэн тооцоо бий. Энэ том бүтээн байгуулалт харьцангуй богино хугацаанд гадаад, дотоодын олон компани, мэргэжилтнүүдийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр босч ирсэн гэдгийг Ухаахудагийн уурхайн инженерүүд ярьж байна. Нөгөө талдаа Ухаахудаг цогцолборын төслийг эхлүүлсэн цагаас үйлдвэрлэл, нийгмийн дэд бүтцийн бүхий л бүтээн байгуулалтад дан Монгол залуусыг сургаж ажиллуулсан анхны үйлдвэр гэдгээрээ ихээхэн онцлогтой. Тухайлбал, Австралийн “Сежмэн” компани  Нүүрс баяжуулах үйлдвэрийг байгуулан эхний хоёр жил менежментийг нь хийхдээ Монголын их дээд сургуулийн шинэхэн төгсөгч олон залуусыг ажилд авч, гадаад дотоодын сургалтуудад хамруулан мэргэжлийн ажилтан болгож хөгжүүлсэн байдаг. Тэд одоо ч ажиллаж байна. “Энержи Ресурс” компани  өөрийн мэргэжилтнээ бэлтгэх арга туршлага ч үүнд асар их нөлөөлсөн. Энэ талаас нь харах юм бол монголчууд ч шинэ цагийн өндөр технологи бүхий бүтээн байгуулалтад хэнээс ч дутахгүй оролцож чаддагийг харуулсан нь  Ухаахудагийн Нүүрс баяжуулах үйлдвэр. Өдгөө тус үйлдвэр 150 гаруй ажилтантай.  

2017 оны арванхоёрдугаар сарын 30-нд  Ухаахудагийн Нүүрс баяжуулах үйлдвэр 40 сая дахь тонн нүүрсээ хүлээн авч баяжуулсан түүхэн өдөр тохиосон. Тэгвэл  ашиглалтад орсноосоо хойш арван жилийн хугацаанд нийт 69.5 сая тонн түүхий нүүрс баяжуулж, 34.6 сая тонн баяжуулсан коксжих нүүрс, 13 сая тонн баяжуулсан эрчим хүчний нүүрс гарган авчээ. 


Түүнчлэн Нүүрс баяжуулах үйлдвэрийн дэргэд Хаягдлыг усгүйжүүлэх  үйлдвэрийг тусгайлан байгуулж, үйлдвэрээс гарч байгаа нүүрсний лаг хаягдлаас усыг шавхсанаар усны дахин ашиглалтыг 95-98%-д хүргэжээ. 2018 онд үйлдвэрт нэмэлт хөрөнгө оруулалт хийснээр ийм үр дүн  гарсан  юм. Мэргэжилтнүүдийн хэлснээр,  Нүүрс баяжуулах үйлдвэрт цаашид анхаарах технологийн сайжруулалтын асуудлууд бий аж.  

Өөрөөр хэлбэл, “Сежмэн” компанийн ТЭЗҮ-ийн дагуу үйлдвэрийн нийт түүхий нүүрсний 75% нь том, 16% нь нарийн, 9% нь хэт нарийн ширхэглэлтэй хэсгүүдэд хуваарилагддаг байхаар тооцоолсноос одоогийн байдлаар нүүрсний шинж чанар, уурхайн олборлолтоос шалтгаалж дээрх харьцаа өөрчлөгдөн нарийн нүүрсний эзлэх хувь ихэсчээ. Иймээс нарийн нүүрсний циклийн өргөтгөл, шинэчлэлт хийх шаардлагатай болжээ. Нарийн болон хэт нарийн нүүрсний эзлэх хэмжээ ихэссэн нь нарийн нүүрсний циклийн хэт ачаалал, ангилалт муу явагдаж бүтээгдэхүүний гарц буурах шалтгаан болж байгааг тус үйлдвэрийн мэргэжилтнүүд хэлж байна. Иймд нарийн нүүрсний тоног төхөөрөмж болон үр ашгийг сайжруулах шаардлагатай болжээ. Гэхдээ энэ бол цэвэр инженерүүдийн шийдлээр хийгдэх ажил. Үр ашгийг сайжруулж илүү сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь ч тодорхой.

Өнөөдөр Ухаахудагийн уурхайгаас баяжигдах шинж чанар, коксжих үзүүлэлт, үнсний агуулга зэргээрээ харилцан адилгүй арав гаруй төрлийн нүүрс олборлож байна. Эдгээр нүүрсний чанарын үзүүлэлтүүд хоорондоо ялгаатай тул баяжуулалт хийнэ гэдэг тийм ч амар биш гэдгийг “Энержи Ресурс” компанийн Бая­жуу­лах үйлдвэрийн мастер П.Хад­баатар ярилаа. Гэхдээ эдгээр нүүр­сийг боловсруулж, худалдан авагчийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд бүх олборлосон нүүрсээ холимог байдлаар үйлдвэрт тэжээж тохирох технологи, процессын дагуу баяжуулж буй аж. Энэ нь олбор­лоод гаргасан чанарын үзүүлэлт муутай нүүрсийг хамт хольж боловсруулан нэмүү өртөг шингээж байгаа хэлбэр юм. Бусад нүүрсний уурхайтай харьцуулахад  Ухаахудагийн нүүрс баяжуулах үйлдвэрлэлд сорчлон олборлох асуудал байдаггүй. Энэ нь баяжуулалт хийж байгаагийн хамгийн том давуу тал юм. Ашигт малтмалын тухай хуулийн “орд газрыг сорчлон олборлож болохгүй” гэсэн заалтыг   хэрэгжүүлж байгаа компани бол “Энержи Ресурс”.  

Нүүрс баяжуулах үйлдвэр нь тухайн ордын баялгийг бүрэн ашиглах, илүүдэл тээвэрлэлт хийхгүйгээр автотээврийн өртөг ихтэй зардлыг бууруулж, зах зээлийн үнээр нэмүү өртөг шингээж экспортлоход оршиж байдаг. Хэдийгээр олон улсын зах зээлээс хөрөнгө босгож, төслийн тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтын асуудлаа шийдсэн ч өнөөдрийн нөхцөлд Монгол орны тээвэр, хилийн боомтын хүчин чадал хангалттай түвшинд хүрч чадахгүй байгаагаас гүйцэтгэл, тээврийн зардал, бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, зах зээлийн үнээр борлуулах боломж хязгаарлагдмал хэвээр. Төмөр зам ашиглалтад орсноор уг асуудал шийдэгдэх биз ээ.

Ухаахудагийн Нүүрс баяжуулах үйлдвэр байгуулагдсанаас хойших арван жилийн хугацаанд манай улсад нойтон аргаар 19 (31.6 сая тонн), хуурай аргаар баяжуулах технологитой 10 (13.7 сая тонн)  үйлдвэр байгуулагдсан   байна. Эдгээр үйлдвэрээс нойтон 4, хуурай аргын 2 үйлдвэр тогтмол ажиллаж байгаа бөгөөд бусад нь бүтээгдэхүүн борлуулах зах зээл, технологийн горим эцэслэгдээгүй, ус, цахилгаан хангамж шийдэгдээгүй зэрэг шалтгаанаар үйл ажиллагаа нь жигдрээгүй байна. Ихэнх үйлдвэр нь Тавантолгой, Нарийнсухайт, Алагтолгойн нүүрсний ордуудыг түшиглэн байгуулагдсан юм. Ирэх таваас арван жилийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК нойтон, хуурай аргаар баяжуулах 30 сая тонн нүүрсний хүчин чадалтай, “Монголын Алт” компани мөн нойтон, хуурай аргаар баяжуулах 5 сая тонны   үйлдвэрийг байгуулахаар ажиллаж байна.  Тодотгон хэлбэл, “Энержи Ресурс” компанийн 2011 онд байгуулсан анхны Нүүрс баяжуулах үйлдвэрээс хойш Монголын уул уурхайн салбар олборлолтоос боловсруулалт руу эрчимтэй ахиж, гадаад зах зээлд  нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн экспортолж байна. 


 

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 12 цаг 11 минутын өмнө
    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэх, хүний аюулгүй байдлын соёлыг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж буй “Нэн түрүүнд ХАБ” (Хөдөлмөрийн аюулгүй байдал) бага хурал нь “Аюулгүй байдал ба Ковид-19” уриан дор 2021 оны 10-р сарын 21, 22-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдах гэж байна.
  • Өчигдөр 17 цаг 21 минутад
    Брэнт маркийн газрын тосны ханш 86.04 ам.доллар/баррель болж 2018 оны аравдугаар сараас хойших хамгийн дээд түвшинд хүрлээ. Дэлхийн зах зээлд байгалийн хий, нүүрсний үнэ нэмэгдсэнээс үүдэлтэйгээр дизель генераторуудын эрчим хүч үйлдвэрлэл нэмэгдэх болсон байна. Үүнээс үүдэн энэ оны дөрөвдүгээр улиралд газрын тосны эрэлтг 450 мянган баррель/өдөр-өөр нэмэгдэж болзошгүй байна. 
  • Өчигдөр 14 цаг 43 минутад
    Монголын тал түүнчлэн аж ахуйн нэгжүүд нүүрсний худалдааны урт хугацааны гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэх, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор чингэлгээр нүүрс тээвэрлэхийг нэмэгдүүлэх, Гашуунсухайт, Бичигт, Ханги, Шивээхүрэн чиглэлээр хоёр улсын хооронд төмөр замаар харилцан холбогдох ажлыг эрчимжүүлэх саналтай байгаагаа хурлын үеэр илэрхийлсэн юм. Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хил огтлолцлын цэгийг хоёр улсын холбогдох аж ахуйн нэгжүүд тохиролцсонд баяртай байгаагаа талууд илэрхийлж, уг тохиролцоог ГХЯ-дын шугамаар шуурхай баталгаажуулж, төмөр замыг холбох дэд бүтцийн байгууламжийг барихад идэвхтэй хамтран ажиллах нь чухал болохыг тэмдэглэлээ. 
  • Өчигдөр 14 цаг 25 минутад
    Элчин сайд Т.Бадрал, Шивээхүрэн-Сэхээ боомт нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй боомт гэдгийг онцолж, хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломжийг бүрэн дүүрэн ашиглах чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллаж, нэг өдөрт хил нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог 400 хүргэх зорилт дэвшүүлэхийг санал болгов. Альшаа аймгийн дэд дарга Цэцэн, Монгол Улстай хийж буй худалдааны эргэлт, барааны төрлийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа илэрхийлж, тус аймгаас Монгол Улсын Баянхонгор аймагт 728 мянган юанийн буцалтгүй тусламж үзүүлж буйгаа мэдэгдэв.
  • Өчигдөр 13 цаг 01 минутад
    Жил бүрийн намар Монгол банк ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ УИХ-аар батлуулдаг. Энэ дагуу Төрөөс  мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг тус банк УИХ-д өргөн барьсан билээ. Энэ талаар Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Ковид 19 цар тахлын нөлөөгөөр 2020 онд  дэлхийн эдийн засаг огцом уналтад орсон. Гэхдээ 2020 оны сүүлээс эхлэн хөгжингүй орнуудын эдийн засаг, санхүүгийн зах зээл идэвхжиж, зах зээлд оролцогчдын хүлээлт сайжирч, сэргэлт гарч байна.