Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

ОТ: Гүний уурхайн төслийн огтлох малталтыг эхлүүлэхэд шинэчилсэн ТЭЗҮ-ийг батлуулах шаардлагатай

-“КОВИД-19” өвчнөөс сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлж байна – Ажилтнуудын вакцинд хамрагдалтын хувь өндөр байгаа бөгөөд гуравдугаар тунг Улаанбаатар хот болон уурхайн талбарт хийж байна

-Цар тахалтай тэмцэх чадамжийг нэмэгдүүлэхэд зориулж хүчилтөрөгч өтгөрүүлэгч худалдан авахад дэмжлэг үзүүллээ

-Олон улсад өрсөлдөхүйц аюулгүй ажиллагааны үзүүлэлтээ бататгав

-Нэг тонн хүдэр боловсруулахад зарцуулсан усны хэмжээгээ доод түвшинд хадгаллаа

-Энэ оны гуравдугаар улиралд Үндэсний худалдан авалтад 328 тэрбум төгрөг зарцууллаа

-Мөн улиралд дотоодод 970 тэрбум төгрөг зарцуулав

-Гүний уурхайн олборлолтын чухал хэсэг болох Налуу амыг үндсэн уурхайтай холбох ажил дууслаа

-Уурхайн талаарх олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөх “Явуулын мэдээллийн төв”-өө нээлээ

-Зам тээврийн аюулгүй байдлын “Ирээдүйгээ хамгаалъя” аяныг Цагдаагийн Ерөнхий Газартай хамтран хэрэгжүүллээ

-“КОВИД-19” цар тахлын сорилт бүхий нөхцөлд уурхайн үйл ажиллагаа болон гүний уурхайн бүтээн байгуулалтыг тогтвортой явуулж байна

 

“Оюутолгой” компани 2021 оны гуравдугаар улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явц болон цар тахлаас сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ (2021.10.27) танилцууллаа.

Компани ажилтнууд, орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг эн тэргүүнд тавьж, Монгол Улсын Засгийн газар, Өмнөговь аймаг, Ханбогд сумын Онцгой комисс болон бусад холбогдох талуудтай ил тод хамтран ажиллаж, шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна. “Оюутолгой” компани КОВИД-19 цар тахлын үед яаралтай тусламж үзүүлэхэд чухал шаардлагатай 1,000 хүчилтөрөгч өтгөрүүлэгч төхөөрөмж худалдаж авахад зориулж 570 сая төгрөгийг Эрүүл мэндийн яаманд саяхан хандивласан.

“Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес “Энэ хүнд цаг үед Өмнийн говьдоо дэлхийн хэмжээний уурхайг цогцлоож буй уурхайчид, тэднийхээ гаргасан ололт амжилтуудаар бахархаж байна. Оюутолгойн гэр бүл ил уурхайнхаа 10 жилийн ойг тэмдэглэж, газрын гүнд нэвтрэх боломжийг олгож буй хамгийн том туннел болох Налуу амыг үндсэн уурхайтай холбох ажлыг амжилттай дуусгалаа. Манай хамт олон эдгээр бахдам ажлыг аюулгүй, амжилттай гүйцэтгэсэн нь ажилтнуудын маань ур чадвар, тууштай хичээл зүтгэлийн илрэл юм. Бидний өмнөө тавьж буй дараагийн гол зорилт бологтлох малталтыг эхлүүлэх явдал юм. Оюутолгойн үр ашгийг талуудад, тэр дундаа Монголын ард түмэнд бүрэн хүргэхийн тулд шаардлагатай бүх шалгуурыг хангасан даруйд бид агуйлах олборлолтыг эхлүүлэхэд бэлэн байна.”

Гуравдугаар улиралд Монгол Улсад КОВИД-19 цар тахлын тархалт нэмэгдсэнтэй холбоотой БНХАУ-ын хилийн хязгаарлалт үргэлжилсэн. Гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн зарласан “давагдашгүй хүчин зүйл бүхий нөхцөл байдал” хэвээр үргэлжилж байгаа ч “Оюутолгой” компани нийлүүлэлтийн сүлжээ тасрах эрсдэлийг зохицуулахын тулд Монгол, Хятадын эрх баригчид болон худалдан авагч талтай нягт хамтран ажиллаж байна. Зэсийн баяжмалыг илүү их хэмжээгээр аюулгүй, үр ашигтай тээвэрлэх зорилгоор БНХАУ уруу хил дамнасан тээвэрлэлтийг сэргээсэн боловч Монгол Улс дахь КОВИД-19 цар тахлын халдварын түвшинтэй холбоотой тодорхойгүй байдал байсаар байна.

Үйл ажиллагааны тайлан

-Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.13 байлаа.

-Нэг тонн хүдэр боловсруулахад 0.4 метр куб ус нөхөн сэлбэлтээр хэрэглэсэн нь дэлхийн ижил төрлийн уурхайнуудын ашиглалтын дунджаас даруй гурав дахин бага ус ашиглаж байгааг харуулна. Энэ хугацаанд ашигласан усаа дунджаар 87.15%-ийг дахин боловсруулж, 80%-д хүргэх зорилтоо давуулан биелүүлжээ.

-Нийт ажилтны 96% нь монголчууд байна.

-Татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 590 сая ам.долларыг 2021 оны эхний гурван улиралд төлсөн. Энэ дүнд олон улсын арбитрт хэлэлцэж буй 356 сая ам.долларын төлбөр багтсан. Татварын нийлбэр дүнгээр 2010 оноос хойш 3.5 тэрбум ам.долларыг дээрх хэлбэрээр төлжээ. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ-ыг хамруулж тооцсон.

-Гуравдугаар улирлын байдлаар 739 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 469 нь үндэсний ханган нийлүүлэгчид байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 75%-ийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэдээ зарцуулжээ.

Үйлдвэрийн мэдээлэл

-Ил уурхайгаас олборлосон зэсийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 хувиар өссөн. 2021 оны эхний хагаст үүссэн геотехникийн хүндрэл, КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй хүн хүчний дутагдалтай байдлыг үйл ажиллагааны сайжруулалт, тээрмийн бүтээмжийг нэмэгдүүлснээр нөхөж ажиллав.

Гүний уурхайн төслийн мэдээ

Техникийн үйл явц

-Төслийн явцад КОВИД-19 цар тахлын хязгаарлалт ихээхэн нөлөөлсөн хэвээрбайна. Уурхайн талбар дээрх орон байрны зохицуулалт, ажиллах хүчний түвшин өнгөрсөн улиралд сайжирсан боловч цар тахлын хязгаарлалтаас үүдэн төлөвлөгөөт шаардлагынхаа 25-50 хувийн түвшинд байв. 2021 оны есдүгээр эцэс гэхэд цар тахлын нэмэлт хязгаарлалт төсөлд 140 сая долларын нэмэлт зардлыг бий болгосон. Эдгээр хязгаарлалтыг үл харгалзан Материал тээвэрлэх нэгдүгээр системийн барилгын ажил амжилттай явсан бөгөөд 2022 оны нэгдүгээр сард ашиглалтад бүрэн орох төлөвтэй байна.

-Гүний уурхайн олборлолтын чухал хэсэг болох туузан дамжуулгын Налуу амын нэвтрэлт наймдугаар сард дууслаа. Үйлчилгээний Налуу амын нэвтрэлт аравдугаар сард дуусах төлөвлөгөөтэй байна. Олборлолтын (огтлох малталт) үйл ажиллагааг явуулахад шаардлагатай ачааны машин дээр хүдэр буулгах байгууламжийг барих зэрэг гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлууд урагшилж байна.

-Агааржуулалтын хойд амын нэвтрэлтийн бэлэн байдлыг хангасан. Агааржуулалтын урд амын нэвтрэлтийн бэлэн байдлыг хангах ажил эхэлсэн бөгөөд ажилтнуудыг татан авах болон Оюутолгойн ТУЗ нэмэлт санхүүжилтийг баталсан тохиолдолд барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжтой болно. КОВИД-19 цар тахлын болон мэргэжилтнүүдийг уурхайд татан авахтай холбоотой хязгаарлалтуудаас үүдсэн агааржуулалтын амуудын нэвтрэлтийн ажил хоцрохоос улбаалан тухайн амуудын ашиглалтад орох хугацаа өнөөг хүртэл мэдэгдэж буй нөлөөллөөс үүдэн есөн сараар хойшлохоор байна.

-Оюутолгойн ТУЗ-өөс төслийг дуусгах нэмэлт хөрөнгө оруулалтыг батлах зөвшөөрлийг хүлээж байгаатай холбоотой Материал тээвэрлэх хоёрдугаар систем, баяжуулах үйлдвэрийн өргөтгөл зэрэг гэрээнд заасан үүргийг биелүүлэхэд хийх шаардлагатай ажлууд хойшилсоор байна.

Бусад мэдээлэл

-Бүх оролцогч тал гүний уурхайн төслийг урагшлуулах, хэлэлцэж буй асуудлуудад урт хугацааны шийдлийг олохыг эрмэлзэж буйгаа мэдээлсэн. Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл есдүгээр сард нөөцийн тодотгол тайланг хүлээж авсан бөгөөд ойрын хугацаанд албан ёсоор бүртгэхээр байна. Гүний уурхайн төслийн огтлох малталтыг эхлүүлэхийн тулд шинэчилсэн ТЭЗҮ (OTFS20)-ийг Засгийн газрын холбогдох байгууллагууд хүлээж авах шаардлагатай хэвээр байна.

-КОВИД-19 цар тахлын нөлөөлөл, огтлох малталтын техникийн бус шалгуур үзүүлэлтийг хангах зэргээс огтлох малталтыг эхлүүлэх хугацаа хамаарах тул Гүний уурхайн анхны тогтвортой үйлдвэрлэлийг 2023 оны нэгдүгээр сараас (өмнө нь 2022 оны аравдугаар сар гэж мэдээлсэн) өмнө эхлүүлэх боломжгүй болж байна. Огтлох малталтыг дуусгах болон цар тахлын хязгаарлалтын хугацаа тодорхой болж байж цаашид төслийн нэгдсэн төсөвт үзүүлэх нөлөөг нарийн тооцоолох боломжтой болно.

-Гүний уурхайн олборлолтыг (огтлох малталт) эхлүүлэхийн тулд хийх ёстой бусад ажлуудад: Оюутолгойн ТУЗ-өөс гүний уурхайн төслийн нэмэлт санхүүжилтийг батлах, тухайн санхүүжилтийн эх үүсвэрийг батлах болон Оюутолгойн уурхайг урт хугацааны, найдвартай дотоодын эрчим хүчээр хангах шийдлийг олох хүртэл одоо байгаа эрчим хүчний гэрээг сунгах ажил багтана.

 

 

Эх сурвалж: "Оюутолгой" ХХК