Шинэ мэдээ
Газрын тос дамжуулах хоолойн тендерт шалгарсан компанитай хийх гэрээг боловсруулж байна
Үйлдвэрийн технологийн бус барилгын ажил /EPC-1/-д шаардлагатай 4000 тонн бараа материал 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр БНХАУ-ын Тяньжин боомтод ирж ачааг боомтын талбайд бүрэн буулгасан байна. Одоо ачааг Эрээн боомт хүртэл тээвэрлэн авч ирэх ажлыг зохион байгуулж байна. Лицензгүй технологийн байгууламжийн ажил /EPC-2/-ын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2021 оны арванхоёрдугаар сарын 30-нд хүлээн авч үнэлгээний ажил хийж эхлээд байна.
Нүүрсний экспорт XII сард 541 мянган тонн болж буурав
Нүүрсний экспортын тухайд 2021 онд манай улс нийтдээ 15.7 сая тонн нүүрс экспортоллоо. Энэ нь жингийн хувьд 2020 оныхоос 45%-иар буурсан боловч орлогын дүн нь 30%-иар өсч 2.76 тэрбум ам.долларай тэнцжээ. Сарын дүнгээр авч үзвэл манай улсын нүүрсний экспорт өнгөрсөн арванхоёрдугаар сард ердөө 541 мянган тонноор хэмжигдсэн нь өмнөх сарынхаасаа даруй 68%-иар буурсан дүнтэй гарлаа.
10 жилийн дараа дэлхийн эдийн засаг хоёр төвд хуваагдаж магадгүй
Дэлхийн эдийн засаг 10 жилийн дараа хоёр төвд хуваагдаж магадгүй гэж Оросын санхүүгийн нөлөө бүхий шинжээч, эдийн засгийн ухааны доктор Михаил Беляев “Lenta”-д ярилцлага өгөхдөө онцолжээ. Түүний тодорхойлсноор энэ нь баруунд АНУ, дорно дахинд Хятад эдийн засгийн хүчин чадлаараа ноёрхох ажээ.
Салхитын мөнгөний ордын хаалтыг олон улсын жишиг байдлаар хийнэ
Канадын Засгийн газрын санхүүжилтээр Салхитын мөнгөний орд, Эрдэнэс Силвер Ресурс хамтран уурхайн хаалтын төлөвлөгөө боловсруулах жишиг төслийг анх удаа хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Төслийн хүрээнд хүрээнд оролцогч талуудын ажлын хэсгийн уулзалт (2022.01.07) боллоо.
Монголбанк 21 тонн үнэт метал худалдан авчээ
Монголбанк 2021 оны арванхоёрдугаар сард 780 кг үнэт метал худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 21 тонн үнэт метал худалдан аваад байна. 2021 оны арванхоёрдугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 8.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 46.4 кг үнэт метал худалдан авчээ.
Зэсийн ханш АНУ-ын төв банк бодлогын хүүгээ өсгөх сургаар буурч эхэллээ
АНУ-ын төв банк бодлогын хүүгээ тооцоолсноос хурдан буюу ирэх гуравдугаар сард өсгөж болзошгүй тухай мэдээлэл гарсны дараа зэсийн ханш буурах шинжтэй болж ирлээ. Зэсийн ханш Лондоны металын бирж дээр нэгдүгээр сарын 5-ны байдлаар 9778 ам.доллар/тонн-ын ханштайгаар хаагдсан бол өчигдрийн байдлаар 9565 ам.доллар/тонн болсон нь 2.2%-иар буурсан гэсэн үг.
ОХУ-д шатахууны үнэ 8-10% өсч магадгүй
ОХУ-д шатахууны үнэ 2022 онд 8-10% буюу литр тутамд 5 орчим рублиэр нэмэгдэж магадгүй гэж "Известия"-д бичжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь инфляцийн өсөлтөөс гадна бизнесийн зардал нэмэгдсэнтэй холбоотой юм. Түүнчлэн өсөн нэмэгдэж буй эрэлт, онцгой албан татвар нэмэгдсэн зэрэг нь үнэ нэмэгдэх нөхцөлийг бий болгож байгаа ажээ.
“Эрдэнэс Монгол”-ын ногдол ашгаар БАЯЛГИЙН САН байгуулна
“Эрдэнэс Монгол” баялгийн сан болох замдаа орлоо. Учир нь, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газар УИХ-д өргөн барьж батлуулахаар зэхэж байна. Хуулийн төсөл ил болоогүй ч үндсэн агуулгыг дэлгэсэн. Урьд өмнө нь баялгийн сан байгуулах тохиолдолд “Эрдэнэс Монгол”-ыг хэрхэн сан болгох талаар, нөгөө талд уул уурхайн салбарын төлбөрийн дарамтыг нэмэгдүүлэх үү зэрэг асуултууд гарч ирж байсан. Тэгвэл салбарын дэд сайд О.Батнайрамдалын тайлбарласнаар шинээр байгуулах сангаар дамжуулан салбарт нэмэлт ачаа үүрүүлэхгүй нь тодорхой болж ирлээ. Уг хуулиар “Эрдэнэс Монгол” компанид бүтцийн өөрчлөлт хийнэ.
Монголын металлургичдын анхны цахим сэтгүүл гарлаа
Металлургийн салбарын тухай мэдээ мэдээлэл эх хэл дээр маш хомс байдаг тул металлургич мэргэжилтнүүдийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд анхны цахим сэтгүүлийг эрхлэн гаргажээ. “Монголын Металлургичдын виртуал уулзалт 2021”-ийн үр дүнд тус цахим сэтгүүл бүтсэн ба энэхүү уулзалт, арга хэмжээ энэ онд мөн зохион байгуулагдах юм байна. Сэтгүүлд “Монгол улсын Дархан-Сэлэнгийн эдийн засгийн бүсийн төмрийн хүдэрт агуулагдах кобальтыг ялгах боломжийн тухай” зэрэг олон сонирхолтой нийтлэл хэвлэгджээ.
Индонез нүүрсний экспортын хоригоо эргэн харж магадгүй
Дэлхийн эрчим хүчний нүүрсний хамгийн том экспортлогч Индонез улс энэ оны нэгдүгээр сарыг дуустал нүүрсний экспортод хориг тавих тухай (2021.12.31) зарласан билээ. Энэ нь дотоодын эрчим хүчний нүүрсний нийлүүлэлтийг баталгаажуулах зорилготой байв. Уг шийдвэрийг дотоодын олборлогчид нэлээд шүүмжлэлтэй хүлээж авсан. Учир нь тус улсын хилийн чанад дахь худалдан авагчдын дунд “найдвартай нийлүүлэгч” гэсэн нэр хүндийг нь унагасан үйлдэл болно гэж анхааруулжээ. Тэгвэл уг шийдвэрийг эргэн хянах уулзалт өнөөдөр (2022.01.06) болох юм байна. Зах зээлийн тоглогчид уг уулзалтын үр дүнг анхааралтай ажиглаж сууна. Хориг заавал нэг сар үргэлжлэхгүй байж мэдэх тухай таамгийг хэд хэдэн шинжээч өгч байна.
Цагаан алтны үнэ 2022 онд буурна
Сүүлийн жилүүдэд эрэлт нь нэмэгдэж байсан цагаан алтны (платинум) үнэ 2022 онд буурах магадлалтай байна гэж Дэлхийн Платинум хөрөнгө оруулалтын зөвлөл (WPIC)-ийн тайланд онцолжээ. Энэ нь автомашины катализаторт ашигладаг уг үнэт металлын илүүдэлтэй холбоотой ажээ.
“Build Mongolia 2022” ирэх 4-р сард зохиогдоно
“Build Mongolia 2022” олон улсын барилга, уул уурхай, дэд бүтцийн салбарын үзэсгэлэн ирэх дөрөвдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулагдана.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон (2022.01.05) УИХ-ын дарга Г.Занданшатарт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа. Хуулийн төсөлд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн эрх зүй, зохион байгуулалтын хэлбэрийг тогтоож, бирж байгуулах асуудал болон биржийн чиг үүрэг, үйл ажиллагааны онцлог харилцааг зохицуулах, уул уурхайн бүтээгдэхүүнд суурилсан гэрээг биржийн арилжаанд оруулахаар бүртгэх, түүний стандартыг тогтоох, арилжааны төрөл, төлбөр, тооцоог гүйцэтгэх, түүний баталгааг хангах, биржийн арилжаанд оролцох эрх олгох, арилжааны ил тод, шударга байдлыг хангах, нийтэд хүргэх мэдээллийн сан бүрдүүлэх, нийтэд мэдээлэл хүргэхтэй холбогдсон нарийвчилсан харилцааг тусгасан байна.
Г.Ёндон: Хайгуулын салбарт илүү либерал бодлого баримтална
Хайгуулын хувьд, сүүлийн жилүүдэд лиценз олноор нь цуцалсан боловч сонгон шалгаруулалтаар шинээр олгох нь тун цөөхөн байгаа учир цаашид нэмэгдүүлнэ. Хайгуулын ажил олон улсад 10-20 жилээр ашиглалтаасаа түрүүнд явдаг. Энэ нь салбарын хөгжилд чухал үүрэгтэй. Гэтэл манайд хайгуулын 900 тусгай зөвшөөрөл байхад, ашиглалтынх нь 1,700 орчим байна. Тиймээс хайгуулын салбарт илүү либерал бодлого баримтална гэдгээ давтан хэлье.
Нефтийн үнэ огцом буурахгүй
Нефть экспортлогч орнуудын холбоо (ОПЕК)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Мохаммед Баркиндо AP агентлагт ярилцлага өгөхдөө энэ онд нефтийн үнэ огцом буурахгүй гэдгийг онцолжээ.
“Эрдэнэс Монгол”-ыг Хөгжлийн сан болгох төлөвлөгөө
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, энэ 2021 ондоо багтан Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар төлөвлөөд байгаа юм. Баялгийн сан байгуулах асуудлыг 2008 оноос хойш ярьсаар байгаа бөгөөд 2020 оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараагаас улам эрчимжлээ.
Нүүрсний экспорт 2021 онд 44%-иар буурав
2021 оны арванхоёрдугаар сарын 24-30-ны өдрүүдэд авто замаар 665, төмөр замаар 800 чингэлэг нийт 135.6 мянган тонн нүүрс, авто замаар 144 чингэлэг зэсийн баяжмал, төмөр замаар 8 чингэлэг буюу 0.9 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолжээ. Өнгөрөгч 2021 онд 21.3 сая тонн нүүрс олборлож, оны эхнээс арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн байдлаар 15.9 сая тонныг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 44.3%-иар буурсан үзүүлэлттэй байна.
ОХУ-ын эрчим хүчний экспорт 2.3 дахин өсчээ
Олон улсын эрчим хүчний зах зээлийн томоохон тоглогчдын нэг ОХУ-ын эрчим хүчний экспорт 2020 онтой харьцуулахад өнгөрсөн онд 2.3 дахин өсчээ. “Известия” сонинд бичсэнээр тус улс 2021 оны арванхоёрдугаар сард л гэхэд 2.7 тэрбум кВт эрчим хүч экспортолсон байна.
Европын холбоо байгалийн хий, цөмийн эрчим хүчийг “ногоон” ангилалд оруулна
Европын холбоо байгалийн хий, цөмийн эрчим хүчний эх үүсвэрийг тодорхой нөхцөл хангасан тохиолдолд "ногоон" ангилалд оруулах тухай саналыг урьдчилсан байдлаар (2021.12.31) танилцууллаа. Европын холбоо ногоон хөрөнгө оруулалтын жагсаалтыг боловсруулж гаргасан байдаг ч эдгээр хоёр эх үүсвэрийг нэмж оруулах асуудал эцэслэгдээгүй байгаа юм. Байгалийн хий, цөмийн эрчим хүчний эх үүсвэр нь бүрэн "ногоон" ангилалд ордоггүй ч нүүрсний станцыг халах шилжилтийн хувилбар байх болно гэсэн санааг Европын Комисс дэвшүүлжээ. Тус саналыг боловсруулан энэ сарын сүүлээр эцсийн хувилбарыг танилцуулахаар зэхэж байна. Хэрэв саналыг Европын дийлэнх улс орон дэмжин баталбал 2023 оноос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх юм.