Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

Б.Батцэцэг: Эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүний талаарх хамтын ажиллагааны асуудлыг голлон ярилцсан

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй энэ сарын 14-ний өдөр утсаар ярьсан. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс Засгийн газрын тэргүүн нарын энэ ярилцлага болон Худалдаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан, бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны талаар тодруулга авлаа.


 
-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй утсаар ярьсан. Энэ үеэр ямар асуудлыг ярилцсан бэ?
 
-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны тулгамдсан асуудлаар нэг цаг орчим ярилцаж санал солилцлоо. Монгол Улс ОХУ-тай найрсаг харилцаа, бүх талын хамтын ажиллагаа хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх зорилт. Хэлэлцэн ярилцах, санал солилцох, шийдвэрлэх асуудлууд байнга гарч байдаг.

Энэ удаад Засгийн газрын тэргүүн нар хоёр орны эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүний талаарх хамтын ажиллагааны асуудлыг голлон ярилцлаа.  
ОХУ-аас Монгол Улстай байгуулсан гэрээнийхээ дагуу түлш шатахуун болон эрчим хүчийг манай улсад нийлүүлсээр ирсэн. Сүүлийн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан зарим хүндрэл гарсан.

Тухайлбал, ОХУ-ын Сибирийн эрчим хүчний нэгдсэн системийн зарим цахилгаан станц дээр доголдол гарсны улмаас засвар үйлчилгээ хийж, нөөц эх үүсвэрүүдийг ажилд оруулж байгаатай холбогдуулан манайд нийлүүлэх эрчим хүчний хэмжээг багасгах, түлш шатахууны тухайд тээвэрлэлтэд ачаалал үүссэн асуудал гарсан. Эдгээр асуудлыг шуурхай ярилцаж шийдвэрлэх шаардлагатай байсан.

ОХУ-ын зарим нутагт, ялангуяа Сибирийн бүс нутагт хүйтний эрч огцом чангарч, эрчим хүч, дулааны хэрэглээ огцом нэмэгдэж, цахилгаан эрчим хүчний доголдол үүсээд байна. Дотоодод ийм амаргүй нөхцөл үүсээд байгаа хэдий ч ОХУ манай улстай байгуулсан гэрээний дагуу түлш шатахуун, эрчим хүчээ нийлүүлсээр ирсэн.

ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин хоёр талын хамтын ажиллагааны чухал салбар болох түлш шатахуун, эрчим хүчний хамтын ажиллагаанд тулгамдаад буй асуудлуудыг аль болох нааштайгаар шийдвэрлэж ажиллахаа илэрхийллээ.
 -Худалдаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс өнгөрсөн аравдугаар сард ээлжит хуралдаанаа хийсэн. Ямар үр дүн гарав?
 -Жил тутам хоёр улсад ээлжлэн хуралддаг Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс хоёр орны худалдаа, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бүхий л асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг чухал механизм.

Тус комиссын ээлжит 25 дугаар хуралдааныг 2023 оны аравдугаар сарын 23-24-нд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан. Монгол, Оросын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, худалдааны тэнцвэргүй байдлыг бууруулах, манай улсын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг оросын зах зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр оруулах, дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй, санхүү, соёл, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг асуудлаар тодорхой тохиролцоонд хүрсэн, бодит үр дүнтэй хуралдаан болсон.
 
Монгол, Оросын хамтарсан “УБТЗ”-ын ачаа тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор техникийн шинэчлэл хийх, дүрмийн санг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэний зэрэгцээ бусад төмөр замын бүтээн байгуулалтыг хамтран хэрэгжүүлэх асуудлаар санал солилцсон. Монгол Улсын өдөр тутам өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангахад чиглэсэн Улаанбаатар гуравдугаар цахилгаан станцын шинэтгэлийн асуудлыг мөн хэлэлцсэн.