Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Энэтхэгийн эрчим хүчний 44%-ийг чулуужсан бус түлшээр үйлдвэрлэдэг

Ч.Сансар

Энэтхэгийн эрчим хүчний эх үүсвэрийн 44 орчим хувийг чулуужсан бус түлш эзэлж байна гэж Энэтхэгийн Эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний сайд Р. К. Сингх мягмар гарагт парламентад мэдээлэл хийх үеэр дурджээ.

Энэтхэг улс нь дэлхийн гурав дахь том хүлэмжийн хий ялгаруулагч бөгөөд 2030 он гэхэд эрчим хүчний салбарт чулуужсан бус түлшний эх үүсвэрийн эзлэх хувийг 50%-д хүргэхээр зорьж байна. Үүнд нар, салхи, цөмийн болон усан цахилгаан станц, био эрчим хүч орно.

"Улсын хэмжээнд 10 дугаар сарын 31-ний байдлаар чулуужсан бус түлшний эх үүсвэр дээр тулгуурласан нийт 186.46 ГВт эрчим хүчний систем суурилуулаад байна" гэж сайд бичгээр мөн мэдэгджээ.
Нэмж 114.08 ГВт хүчин чадал бүхий цахилгаан станцууд баригдаж байгаа бөгөөд 55.13 ГВт-ын хүчин чадалтай системийг байгуулах тендер зарлагдаж байна гэж тэрбээр нэмж хэллээ.

Энэтхэг улс оны эхний арван сарын байдлаар сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд зориулж төсөвлөсөн хөрөнгийн 50 орчим хувийг зарцуулсан аж.

Энэтхэгийн эрчим хүчний гол эх үүсвэр нүүрс хэвээр байгаа бөгөөд нүүрсээр эрчим хүчний талаас илүү хувийг үйлдвэрлэдэг ажээ. Гэхдээ тус улс сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн хурдаараа Ази, Номхон далайн бүс нутагт Хятадын дараа ордог.

Уур амьсгалын дээд хэмжээний COP28 уулзалтын үеэр Энэтхэг  улс нь 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчийг гурав дахин нэмэгдүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Харин цэвэр эрчим хүчний өсөлттэй уялдуулан чулуужсан түлшний хэрэглээг багасгана гэсэн 118 орчим улсын өгсөн амлалтыг Энэтхэг улс дэмжээгүй юм.

Эх сурвалж: Reuters