Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Б.Чинзориг: Монголын уул уурхайн салшгүй хэсэг бол баяжуулагчид

Монгол Улсад баяжуулалтын техникч бэлтгэж эхэлсний 50, ашигт малтмалын баяжуулалтын технологи инженер бэлтгэж эхэлсний 30, Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна.

“Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ууган үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтаас эхлэн шинээр ашиглалтад орж буй төслүүдийн техник-технологийн жигдрүүлэлт, уул уурхайн салбарын ололт амжилт баяжуулагчдын нөр их хөдөлмөртэй салшгүй холбоотой” хэмээн Баяжуулагчдын холбооны 25 жилийн ойг нээж хэлсэн үгэндээ Монголын баяжуулагчдын холбооны ерөнхийлөгч Б.Чинзориг онцоллоо.

Б.Чинзоригоос холбооны үйл ажиллагаа, баяжуулагчдын ур чадвар, цаашдын зорилго, хийж хэрэгжүүлэх ажлын талаар тодрууллаа.

-Баяжуулагчдын холбооны өнгөрсөн жилийн онцлох ажил юу байв?

-Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо гадаад дотоод байгууллагуудтай хамтарсан сургалт, судалгаа, гишүүддээ чиглэсэн олон үйл ажиллагаа хэрэгжүүлсэн жил байлаа. Монгол Улсын уул уурхай хүнд үйлдвэрийн яамны захиалгат ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн нь төрийн бус байгууллагын судлаачид Засгийн газрын зарим ажлын мэргэжлийн ур чадвартай гүйцэтгэх нэг баталгаа болсон.

БШУЯ-ны захиалгат, ШУТСангийн санхүүжилттэй гадаадтай хамтарсан төслийн шалгаруулалтад БНХАУ-ын “Чаншагийн уул уурхай, металлургийн эрдэм шинжилгээний хүрээлэн” ХХК, “Хятад-Монголын технологи дамжуулах төв”-тэй хамтран “Хятад-Монголын хайлуур жоншны баяжмалын чанарыг сайжруулах, бохирдлыг бууруулах технологийн судалгаа” сэдэвт судалгааны ажлаар өрсөлдөж шалгарлаа. Хоёр улсын Засгийн газрын санхүүжилттэй тус төслийн ажил амжилттай үргэлжилж байна. Энэ төсөл мансй улсын төдийгүй олон улсын шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаа өрнүүлэх түүхийн хуудсаа эхлүүлж байна.

-Уул уурхайн хөгжлийн гол тулгуур бол хүний нөөц. Тэр дундаа баяжуулагчдын чадвар чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ талаар сургалт, судалгааны ажил нэлээд хийжээ. Заримаас нь танилцуулбал?

-Тийм ээ. Эрдэс баялгийн үйлдвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүдэр боловсруулахад баяжуулагчдын үүрэг их.  Баяжуулагч инженерүүдийн ур ухаан, хүч хөдөлмөрийн үр дүнд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Баяжуулах инженер зөвхөн зэс, нүүрсээр тогтохоо болилоо. Төмрийн, жоншны, алтны гээд эрдэс баялгийн салбар өргөжихийн хэрээр баяжуулах инженерүүдийн эрэлт хэрэгцээ өсч байна. Үүнд тохирсон боловсон хүчин бэлтгэх нь чухал. Манай баяжуулагчид ажлын байранд гарахдаа хурдан дасан зохицож байна. Ажлаа дэлхийн жишигт нийцсэн өндөр түшинд гүйцэтгэж байна гээд дэвшилттэй зүйлүүд их бий.

Энд нэг зүйлийг зориуд хэлмээр байна. Манай ашигт малтмал өрсөлдөх чадвартай юу гэж их асуудаг. Ашигт малтмал байгалийн газрын хэвлийд байж байгаа түүхий эд. Үүнийг хэрэглэгчийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн болгоно гэдэг баяжуулагч, технологич инженер хүний ур чадварын асуудал.  Газраас ухсан нүүрс өөрөө өрсөлдөөд явдаггүй. Үүнийг өрсөлдөх чадвартай, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн болгох мөн технологийн үзүүлэлтүүдийг сайжруулах нь баяжуулах, боловсруулах инженерүүдийн ур чадвараас их  шалтгаалдаг. Иймээс боловсон хүчний ур чадварыг дээшлүүлэхийн тулд гадаад, дотоодын сургалт эрдэм шинжилгээний байгууллагуудтай байнга хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирсэн. 

Бид ХБНГУ-ын Фрайбергийн Уул уурхайн академи, БНХАУ-ын Вуханийн технологийн их сургуулийн Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны инженерчлэлийн сургуультай хамтран хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Мөн БНХАУ-ыэ Өвөр Монголын аж үйлдвэрийн сургуультай сургалтын нүүрс-хийн чиглэлээр сургалт явуулах хэлцэл хийж сургалтиын хөтөлбөрийн төслийн санал солилцлоо.