Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

“Алтан Цагаан Овоо” үндэсний уурхайд зочилсон тэмдэглэл

Эрдэс баялгийн салбарыг өнгөлдөг метал бол алт. Монгол Улсын экспортын орлогын 10 орчим хувийг алт дангаараа бүрдүүлдэг. “Степ Голд” компанийн Монголбанкинд тушаасан үнэт метал 2022 оны байдлаар 33,300.10 унц. 

Б.Ариунаа 

/Дорнод аймаг, Цагаан-Овоо сум. 2023.11.16/

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт байрладаг Монголын үндэсний үнэт метал олборлогч “Степ Голд” компанийн уурхайг зорилоо. 

Өглөөний 07:00 цагт аюулгүй ажиллагааны зааварчилга өгч, ажилчид гарын үсэг зурснаар “Алтан Цагаан Овоо” уурхайн ажил эхэлнэ. Уулын инженерт цаг уурын албанаас тухайн өдрийн цаг агаарын мэдээ ирж, Уулын хэлтэс тухайн өдөр олборлох хүдэр, өмнөх өдрийн хаягдлын мэдээллээ өгнө. Авсан мэдээлэлдээ үндэслэн төлөвлөгөө боловсруулж,  хүдэр олборлох ажлын нэг өдрийн цикл эхэлнэ. 

Хариуцлагатай уул уурхай зүүн бүсийн өдөрлөгт оролцсон төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, зүүн бүсэд уурхай эрхэлдэг аж ахуйн нэгжийн төлөөлөл гээд зочид төлөөлөгчид “Алтан Цагаан Овоо” ил уурхайн кэмпээс аюулгүй ажиллагааны зааварчилга аван,  уурхайн зүг хөдөллөө.  

“Степ Голд”-ын “Алтан Цагаан Овоо” уурхайн тусгай зөвшөөрлийн талбай 5,492 га. Гэхдээ төслийн 1 дүгээр шатны үйл ажиллагаа дөнгөж 50 орчим га талбайд  явагдаж байгаа бөгөөд тус компанийнхан энэ талбайгаа тун оновчтой зохион байгуулжээ. 

Ил уурхайгаас ойролцоогоор 1 км орчим зайд уурхайг бүхэлд нь харж болох тэгш өндөрлөг бий болгосон байна. Энэ нь зочид, төлөөлөгчид уурхайг өндрөөс харж, аюулгүй ажиллагааны зааварчилгааг нягтлах боломж бүрдүүлжээ.  

“Степ голд” компанийн Ерөнхийлөгч Ц.Бямбасүрэн уурхайтай танилцахаар ирсэн зочдод эхний мэдээлэл өглөө. Тус компани “Алтан Цагаан Овоо” төслөө хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Төслийн 1 дүгээр шат буюу исэлдсэн хүдэр боловсруулах үйлдвэрлэл үргэлжилж байна. Бид анхдагч хүдэр боловсруулах 2 дугаар шатыг хэрэгжүүлэхэд төвлөрч байна. Төслийн 2 дугаар шатанд хөвүүлэн баяжуулах үйлдвэр байгуулж, анхдагч хүдэр боловсруулан, хар тугалга, цайр, пиритийн баяжмал үйлдвэрлэж, зах зээлд гаргах юм. Бид “Алтан Цагаан Овоо” төслийн 2 дугаар шатны үйлдвэрлэлд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрээ баталгаажуулсан. 2025 оноос хойш 12 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн гарцыг 100 мянган унц болгохоор зорьж байна” гэлээ.

Эндээсээ уулын ажлын талбарт очиход ойролцоогоор 65 метр гүнд “Хоолой I”-ээс олборлолт хийж байв. “Алтан Цагаан Овоо” ил уурхайд нэг ээлжинд 40 хүн ажиллана. Биднийг очсон өдөр 3500 тонн хүдэр олборлохоор төлөвлөн,  9 дамп, 2 экскаватор, 2 дозор, 1 грейдер, усны тэрэг ажиллаж байна. “Хүдэр олборлох уурхайд тэсэлгээ хийж, агууламж нь тодорхой, цаг агаар таатай үед өдөртөө дээд тал нь 3500 тонныг бутлуурын талбай руу зөөдөг. Маргааш нь хаягдлаа зайлуулах, олборлосон хүдрээ зөөх, талбайгаа цэвэрлэх гээд ажил тасралтгүй 24 цаг үргэлжилнэ” хэмээн уулын мастер О.Энхтөр танилцууллаа. Тус тусдаа хагарлаар зааглагдсан хүдрийн үндсэн дөрвөн биетээс “Алтан Цагаан Овоо” уурхай бүрддэг. Бидний очсон талбай исэлдсэн 5.6 сая тонн хүдрийн нөөцтэй. Энэ нь 4.6 тонн алт, 27 тонн мөнгөний агууламжтай. Уурхайн эхний хоёр хэсэг буюу нэг, дөрөв дэх хоолойн хүдрийг олборлоод бараг дууссан байна. Одоо харьцангуй гүнд байгаа сульфидын хүдэр рүү  ороход бэлэн болжээ.

“Алтан Цагаан Овоо” ордын нөөцийг анх 8 сая тонн   гэж тогтоосон бол нөөцийн тодотгол хийснээр дүн нь өссөн байна. Геологийн нөөцийн хувьд исэлдсэн болон анхдагч хүдрийн нөөц нийлээд 41.3 сая тонн гэж тооцож байна. 

Ил уурхайгаас олборлосон хүдрийг хүдрийн агуулахын талбайд буулгана. Уурхайгаас зөөж байгаа хүдрээс   геологичид дээж авч, хүдрийн агуулгыг тодорхойлон, мэдээллийг нь бутлуурын хэсэгт илгээнэ. Бутлуурынхан уг мэдээлэлд тулгуурлаж, талбай дахь дээжээ дундажлан, нийт хүдрийг 25 мм-ээс бага ширхэгтэй болгон нуруулдан уусгалтын овоолго руу шилжүүлдэг. Нуруулдан уусгах талбайн  овоолго нь 500м өргөн, 530м  урт бүхий 8 үетэй болох юм.

Энэ бүх ажил уулын мастерын боловс­руулсан, аюулгүй ажиллагааны заавар­чилгаан дор өрнөнө. “Степ Голд” компанийн уулын  мастер О.Энхтөр мэргэшсэн уурхайчин. Мэргэжлээрээ тасралтгүй 22 жил ажиллахдаа Хойд Африк, Казахстан   болон Монголдоо бол “Оюутолгой” зэрэг томоохон уурхайд ажиллаж байсан, өрмийн V зэрэгтэй мастер. 

Бутлуурын талбайгаас овоолго руу харвал урт урт хар хоолой үргэлжилнэ. Овоолгын цаахна 3 нуур байх бөгөөд тэдгээр хоолойгоор үйлдвэр, нуур, овоолго гурвыг холбожээ.  

“Орд бий болохдоо газрын гадаргатай ойр хэсэг нь физик -химийн өгөршилд орж исэлддэг.   Үүнийг исэлдсэн хүдэр гээд байгаа юм. Орд-1-ийг ашиглаад үндсэндээ дууссан. Дараагийн түвшинд анхдагч сульфидын хүдэр бий. Манайх исэлдсэн хүдрээ нуруулдан уусгах технологиор боловсруулдаг. Алт, мөнгөнөөс гадна цайр, хар тугалгын агууламжтай. Исэлдсэн уусмалын технологиор бид алт, мөнгөө ялган авна. 

Нуруулдан уусгалтын технологиор химийн бодис ашиглан, алт, мөнгөн гулдмай үйлдвэрлэн, Монгол Улсын Эрдэнэсийн санд тушаадаг. Алт, мөнгийг уусмалаас салгадаг хоёр технологи нэвтэрсэн байдаг. Үүнээс манай үйлдвэр битүү цикл буюу нүүрснээс алт, мөнгийг салгах болон электролизын процессыг зэрэгцүүлж ашигладаг. Төслийн 2 дугаар шатанд сульфидын хүдрээс хар тугалга, цайр олборлож, баяжуулна. Баяжуулах үйлдвэрээ барьж байна. Бутлуурын хэсгийн бүтээн байгуулалт дууссан.  Ер нь “Степ Голд” компанийн өмнө үндэсний гэх тодотгол байнга явдаг. Бидний нэг бахархал юм даа” хэмээн металлургич Э.Батдорж ярилаа. 

Э.Батдорж Монголд анхны хуурай аргаар алт баяжуулах технологийн туршилтыг хийж, ТЭЗҮ боловсруулж явсан алт  баяжуулалтын жинхэнэ мэргэшсэн боловсон хүчин. Алтны шороон, үндсэн ордод ажиллаж, усаар, хуурай гээд алт гаргаж авдаг бүхий л технологийг эзэмшсэн хүн.

Төслийн 1 дүгээр шатанд нуруулдан уусгах технологиор алт, мөнгө үйлдвэрлэж байгаа бол 2 дугаар шатанд анхдагч хүдрийг хөвүүлэн баяжуулах аргаар боловсруулах юм байна. Технологийн хувьд эрс ялгаатай аргаар боловсруулалт явуулах учраас эхний туршилтаа хийжээ. Канад, Австралийн томоохон лабораториудад туршилтаа хийн, шинэчилсэн ТЭЗҮ боловсруулж байна. Хөвүүлэн баяжуулах технологийг Монголд “Эрдэнэт”, “Оюутолгой” компани ашигладаг. Металын хувьд хар тугалга, цайр, алт, мөнгө гэсэн 4 үндсэн металл олборлож, баяжуулна.  

 “Алтан Цагаан Овоо” төслийн нуруулдан уусгалтын үйлдвэр жилдээ 1.2 сая тонн хүдэр баяжуулах хүчин чадалтай. CIC буюу уусмал дахь үнэт металыг идэвхжүүлсэн уусмалд шингээж авдаг технологитой. Үйлдвэрийн дамжлага зүүн талаасаа эхэлнэ. Баян нуураас ирсэн баяжмалыг идэвхжүүлсэн нүүрсээр дүүргэсэн багануудаар дамжуулахаас үйлдвэрийн явц эхэлдэг юм байна. Бутлалт болон нуруулдан уусгалтын үйлдвэр бол туслах үүрэгтэй. 

Уусмал нэг баганын доороос гарч ирээд, 6 танкан дахь 30 тонн нүүрсээр дамжихдаа өөртөө агуулж байгаа алт, мөнгөө нүүрсэнд шингээж, суларна. Үүнийг “ядуу” уусмал гэдэг. “Ядуу” уусмалыг буцаагаад, фонд руу хийнэ. Фонд руу очсон уусмал дахь химийн бодисын агууламжийг ALC лабораторид шинжлээд, шаардлагатай хэмжээгээр нэмнэ. Үүнийг технологийн уусмал гэнэ. Уг уусмал дахь агууламж тохирсон хэмжээнд хүрмэгц нуруулдан уусгалтын талбай руу дамжуулна.  Энд “баян” болсон уусмалаа шингээлтийн багана руу явуулна. Ийм үйл явц тасралтгүй үргэлжилдэг. 

Бороо их орвол Баян, Ядуу нуураас ус халихаас сэргийлэн, ослын нуур байгуулжээ. Ийн уурхай тойрсон 3 нууртай болсон байна. Анхаарал татсан хар хоолойнуудын учир ингэж тайлагдав. 
Зочид, төлөөлөгчдийн сонирхлыг гулдмай үйлдвэрлэх үйл явц татсан юм. 6 танканд байгаа 30 тонн нүүрсний агуулгыг байнга хянаж, алт, мөнгөний агууламж тодорхой түвшинд хүрмэгц, шингээлтийн баганаас баян нүүрсээ салгах дамжлага руу явуулна. Салгах үйл явц дунджаар 48 цаг үргэлжилнэ. “Баян” нүүрсээ буцаагаад уусмал хэлбэрт шилжүүлэхдээ 150 хэмд 0.5 мега.паскал даралттай, pН12,5  шүлтлэг уусмалыг нүүрсэн дундуураа гүйлгэдэг. Нүүрсэнд байгаа үнэт металыг уг уусмал өөртөө шингээж авна. Үнэт металтай уусмалыг электролизийн аргаар нэмэх, хасах цэнэгтэй анод, катод дундуур нэвчүүлэхэд, үнэт метал нь тунана. Уг “хан” баяжмалыг хайлуулж, гулдмай үйлдвэрлэдэг байна. 

“Бусад уурхайгаас ялгарах нэг процесс бол мөнгө ялгах технологи. Мөнгөө “хан” баяжмалаас салгаж авахдаа азотоор уусгаж тунадасжуулаад, хлор болгон дахин задалж, мөнгөний оксид болгон хайлуулаад, гулдмай үйлдвэрлэдэг” гэж металлургич Э.Батдорж тайлбарлалаа. 

Эднийх холимог металын орд учраас зөвхөн үнэт метал олборлох бус цайр, хар тугалга үйлдвэрлэх юм. Нөөцөөрөө Монголд нэлээд томдоо орно. Хар тугалга, цайрын хувьд тийм ч томд тооцогдохгүй ч эдийн засгийн хувьд хангалттай үр өгөөжтэй. Хил залгаа оршдог “Шинь шинь”, “Цайрт минерал”-ын ордыг өнгөт металын агууламж нь гүйцэхгүй ч үндэсний компани гэдгээрээ ялгардаг тухайгаа “Степ Голд”-ынхон онцоллоо.

Уурхайн хаалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар Ерөнхийлөгч Ц.Бямбацэрэн “Манай компани 2018 онд Торонтогийн хөрөнгийн биржид анхдагч хувьцаагаа гаргаж, олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсон. Богино  хугацаанд  “Алтан Цагаан Овоо” төслөө үйлдвэрлэлийн шатанд амжилттай шилжүүллээ. Гадаадын аль ч хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргахад маш өндөр шалгуур тавьдаг. Ялангуяа байгаль орчны чиглэлд. Улирал тутмын тайланд үүнийг тусгадаг. Бүс нутагт хийсэн зам, барилга гэх мэт бүтээн байгуулалтын үр дүн,  буцаад хэвийн байдалд оруулахад хэдэн төгрөг зарцуулах вэ гэдэг тооцоог улирал тутам хөндлөнгийн байгууллагаар хийлгэдэг. Манай компани олборлолт, нөхөн сэргээлтээ зэрэг хийдэг онцлогтой. Мэргэжлийн байгууллагууд үүнийг тогтмол хянадаг. Зардал нь буурч байгааг манай компанийн санхүүгийн тайлангаас харж болно. Энэ нь олборлолттой зэрэгцээд нөхөн сэргээлтээ хийж байгаа, түүнд зарцуулах хаалтын зардал буурч буйг илтгэж байгаа юм” хэмээн төгсгөлд нь танилцуулав.

Хариуцлагатай уул уурхайн сайн жишгийг хэрэгжүүлэгч, тогтвортой хөгжлийг дэмжигч, байгаль орчинд сөрөг нөлөө, ул мөр багатай, хүрээлэн буй орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахыг эрхэм зорилгоо болгосон үндэсний олборлогч “Степ Голд” компанийн уурхайгаас хийсэн сурвалжилга ийн өндөрлөлөө. 
 

Сэтгэгдэл (1)