Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Австралийн “Mineral Resources” компани жилд 100 сая тонн төмрийн хүдэр олборлоно Австралийн “Mineral Resources” (MinRes) компани Пилбара дахь төмрийн хүдрийн “Wonmunna” уурхайд олборлолтын үйл ажиллагаагаа эхэлжээ. Эхний ээлжинд жилд 5 сая тонн төмрийн хүдэр олборлох бол хүчин чадлыг 10 сая тоннд хүргэх зорилттой. 2020 оны хоёрдугаар хагаст, MinRes нь “Iron Valley” болон “Koolyanobbing” уурхайгаас төмрийн 58-60%-ийн агууламжтай нийт 7.9 сая тонн хүдэр олборлосон байна. Ойрын жилүүдэд тус компани нь төмрийн хүдрийн олборлолтоо нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. 2023-2024 онд Пилбарад төмрийн хүдрийн “Lamb Creek”, “Wedge” зэрэг хоёр уурхайг нэмж шинээр ашиглалтад оруулахаар бэлтгэж буй аж.
Монголбанк: Бодлогын хүүг 6%-д хадгална Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурал (2021.03.24) болсон юм. Эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны нөхцөл, эрсдэлийг харгалзан үзэж санхүүгийн нөхцөлийг үргэлжлүүлэн зөөлрүүлэх зорилгоор бодлогын хүүг 6%-д хадгалж,  урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны хоёрдугаар улиралд 350 хүртэлх тэрбум төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ. Энэ санхүүжилтийг боловсруулах, үйлчилгээ, 200-аас дээш ажилтантай худалдааны салбарын аж ахуйн нэгжүүдийг хамруулахаар өргөтгөв. Жилийн инфляц 2021 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд 2.6%, Улаанбаатар хотын хэмжээнд 2%-тай байна. Эрэлтийн хүчин зүйлсийн инфляцад үзүүлэх нөлөө ирэх улирлуудад эдийн засгийн идэвхжлийг даган аажмаар нэмэгдэх бол шатахуун, cайжруулсан түлшний үнийн нөлөөгөөр нийлүүлэлтийн шалтгаантай инфляц цаашид өсөхөөр байгааг Төв банк мэдээлэлдээ дурджээ.
Хүнд үйлдвэрлэлийн дэд хорооны хуралдаанаар салбарын бодлого, хэрэгжилтийг хэлэлцжээ УИХ-ын Хүнд үйлдвэрлэлийн дэд хорооны хуралдаанаар (2021.03.24) хүнд үйлдвэрлэлийн салбарын бодлогын баримт бичиг болох Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого болон Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөрт тусгагдсан ажлуудын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал танилцуулжээ.
Трафигура: Зэсийн ханш 15000 ам.долларт хүрнэ Дэлхийн түүхий эдийн худалдааны томоохон байгууллага “Трафигура” нь зэсийн ханш ирэх арван жилд 15 мянган ам.доллар/тонн-д хүрнэ гэж тооцоолжээ. Сүүлийн нэг жилд өрнөсөн зэсийн ханшийн өсөлт нь цар тахлын дараах нийлүүлэлтийн саатал, Хятадын эрэлт нэмэгдсэнтэй холбоотой байсан. Харин цаашид дэлхийн улс орнуудын ногоон шилжилттэй зэрэгцэн зэсийн эрэлт улам бүр өсөх тооцооллыг дэвшүүлж байна. Энэ үйл явц нь хомсдол гүнзгийрч болзошгүйг илтгэнэ. Энэ онд зэсийн ханш 10 мянган ам.долларыг босгыг давна гэсэн төсөөллийг “Трафигура” дэвшүүллээ. Харин урт хугацаандаа 12-15 мянган ам.долларт зэсийн ханш хэлбэлзэнэ гэж тооцоолж байна. Цөөнгүй банкууд энэ онд зэсийн ханш 10 мянган ам.доллар давах төлөвийг дэвшүүлж буй юм.
Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслийн Ажлын хэсэг хуралдав УУХҮ-ийн сайдын зөвлөх Р.Очбадрах ахалсан Ажлын хэсгийн хоёр дахь удаагийн хурал (2021.03.22) болжээ. Тус хуралд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Сангийн сайд Б.Жавхлан нар оролцож хуулийн төсөлд реформын шинжтэй томоохон асуудлыг тусгах шаардлагатай байгааг онцолсон байна. Хуулийн төслийн үзэл баримтлал, агуулга холбогдох бусад хуулиудтай хэрхэн уялдах, хийгдсэн судалгааны ажлуудын талаар Ажлын хэсгийн гишүүдтэй санал бодлоо солилцжээ. Ажлын хэсэгт УУХҮЯ, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, АМГТГ, Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын экспортлогчдын холбооны төлөөллүүд багтаж байна.
Монголын нүүрс, баяжмал тээвэрлэлтийг хэвийн үргэлжүүлэх асуудлыг Баяннуур аймаг шийдвэрлэнэ  УУХҮ-ийн сайд Г.Ёндон цахимаар “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрестой уулзалт (2021.03.23)хийжээ. Оюутолгойн уурхайд коронавирусын 2 тохиолдол гарсантай холбоотойгоор компанийн зүгээс шуурхай арга хэмжээ авч хөдөлгөөнийг түр зогсоон, гүний уурхайн 3500 гаруй ажилчдыг тусгаарлан ойрын хавьтлуудыг тогтоох, уурхайн нийт ажилчдад шинжилгээ хийх, ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийж, баяжмал тээвэрлэгч 200 гаруй жолооч нарыг вакцинжуулалтад хамруулан хамгаалалтын хэрэгслээр ханган ажиллаж буй талаар мэдээлсэн байна.
Эхний хоёр сард Хятадын нүүрсний импорт 39.5%-иар буурчээ Хятадын Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, эхний хоёр сард тус улс 620 сая тонн нүүрс олборложээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25%-иар нэмэгдсэн дүн боллоо. Мөн хугацаанд Хятад улс 41.13 сая тонн нүүрс импортолсон аж. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 39.5%-иар буурсан үзүүлэлт юм. 2020 оны байдлаар, дэлхийн нийт нүүрсний олборлолтын 51%-ийг Хятад бүрдүүлжээ. Тэгвэл тус улсын нүүрсний импорт нийт хэрэглээний 7.1%-ийг бүрдүүлж байна. БНХАУ-ын XIV таван жилийн төлөвлөгөө хэрэгжиж (2021-2025 он) дуусах үед тус улсын нүүрсний олборлолтын хэмжээг жилд 4.1 тэрбум тонн байхаар төлөвлөж буй юм.
Хэбэй мужийн гангийн 23 үйлдвэрийн гарцыг хязгаарлав Хэбэй мужийн төмөрлөгийн 23 үйлдвэрийн гарцыг гуравдугаар сарын 20-ноос арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл хязгаарлахаар Таншан хотын Засаг захиргаанаас шийдвэрлэжээ. Энэ нь жилийн эцэс гэхэд тус хотын агаарын бохирдлыг 30-50% бууруулах зорилттой холбоотойг “S&P Global Platts” мэдээлэв. Тус агентлагийн тооцоолсноор, Хятадын гангийн томоохон үйлдвэрлэгч бүс нутгийн үйлдвэрлэл 35 сая тонноор буурахаар байна. Улмаар ойрын саруудад төмрийн хүдрийн үнэ буурахад нөлөөлнө гэж шинжээчид таамаглажээ.
“Газрын ховор элементийн судалгааны төслийн нэгж” хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ “Газрын ховор элементийн судалгааны төслийн нэгж”, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуультай хамтран ажиллах санамж бичиг (2021.03.22)байгуулав. Хамтын ажиллагааны хүрээнд, газрын ховор элементийн сургалт судалгаа, дадлага туршлага солилцох, ГХЭ-ийн техник технологийн талаарх мэдээлэл болон мэргэжилтэн солилцох аж. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны тавдугаар сарын 1-ний өдрийн 176 дугаар тогтоол, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар тогтоолоор “Газрын ховор элементийн судалгааны төслийн нэгж”-ийг байгуулсан юм.
“Айвенхоу Майнз”: “Камоа-Какула” төсөлд 575 сая ам.долларын хөрөнгө оруулалт татна Канадын “Айвенхоу Майнз” компани нь Конго дахь “Камоа-Какула” төсөлдөө нэмж 575 сая ам.долларын хөрөнгө оруулалт татах үйл ажиллагаа өндөрлөж буйг мэдэгджээ. Энэхүү хөрөнгө оруулалтыг татахдаа тус компани жилийн 2.5%-ийн хүүтэй 5 жилийн хугацаатай бонд гаргасан байна. Компанийн бондыг Европын Холбоо болон АНУ-ын тэргүүлэх хөрөнгө оруулалтын сангууд ихээхэн сонирхсоныг компанийн Удирдах зөвлөлийн дарга Роберт Фридланд мэдэгджээ. Ирэх зургадугаар сараас “Камоа-Какула”  төслийн баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулах, зэсийн олборлолтын үйл ажиллагааг тогтмол явуулахаар  төлөвлөжээ. 
ЗТХ-ийн сайд төмөр замын төслүүдийн явцтай танилцжээ Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар (2021.03.21) Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцжээ. ЗТХ-ийн сайд гүйцэтгэл удаашралтай байгаа хэсгүүдийн учир шалтгааныг тодруулж, хариуцсан байгууллага, хүнтэй холбогдон арга хэмжээ авч, гүүр хоолойд хийх шаардлагатай нэмэлт ажиллагаа, төмөр замыг элсний нүүдлээс хамгаалах арга зам, гарц шийдлийн талаар гүйцэтгэгч нартай санал солилцож тодорхой үүрэг чиглэл өгсөн байна. 
Moody’s: Төмөр зам ашиглалтад орсноор экспорт улам бүр сэргэнэ “Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B3” хэвээр үлдээж, төлөвийг “сөрөг” байснаас “тогтвортой” болгож сайжруулснаа зарлалаа (2021.03.16). Тус байгууллагын дүгнэлтээр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал Ковид-19 цар тахлын нөлөөгөөр буурч байсан ч дараах үндэслэлүүдээр тогтворжиж эхэлснийг хэвлэлийн мэдээлэлд тэмдэглэжээ. Цар тахалтай тэмцэх зорилгоор Монгол Улсаас 2020 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг улсын төсвөөс гадна донор байгууллагуудын эх үүсвэрээр хамтран санхүүжүүлсэн нь Засгийн газрын дахин зээл авах хэрэгцээг бууруулсан  байна.
Алт олборлогчдод олгох санхүүжилтийн хугацааг сунгажээ УИХ-аас (2020.12.31) Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ дагуу хөнгөлөлттэй санхүүжилт олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг алт олборлогч аж ахуйн нэгж байгууллагуудад 2021 онд үргэлжлүүлэн олгохоор болов.Энэхүү журмаар богино хугацаат зээлийн санхүүжилтийн эргэн төлөлтийг 2021 он дуустал сунгаж, урт хугацаат зээлийн санхүүжилтийн хугацааг 24 сар хүртэл байсныг 36 сар хүртэл болгон өөрчилж байна. Журамд өөрчлөлт орсноор, алт олборлогч компаниудад тулгамддаг эргэлтийн хөрөнгийн асуудал шийдэгдэж, алт олборлолт нэмэгдэх улмаар улсын төсөвт алтнаас төвлөрүүлэх орлого нэмэгдэх юм.
Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх журмыг баталлаа Засгийн газрын хуралдаанаар (2021.03.17) “Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх журам”-ыг хэлэлцэн баталжээ. Уг журам батлагдсанаар гадаад хүчин зүйлсээс хамаарч шатахууны хангамж тасалдах, хомстол үүсч болзошгүй тохиолдолд төрөөс газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх замаар шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хадгалах эрх зүйн орчин бүрдэж буйгаараа ач холбогдолтой юм.
“Оюутолгой”-д бүртгэгдсэн халдварын тохиолдолтой холбоотойгоор боомтын тээвэр буурчээ    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон (2021.03.19) БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйтай утсаар ярьж, Гашуунсухайт-Ганцмод боомтын нүүрсний тээвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл солилцжээ. Сүүлийн өдрүүдэд хоёр улсын Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтэрч буй нүүрс, зэсийн баяжмал тээвэрлэсэн автомашины тоо буурч байна. Энэ нь “Оюутолгой ХХК-д бүртгэгдсэн коронавирусын халдварын тохиолдолтой холбоотой болохыг Хятадын Элчин сайд тайлбарлажээ.
ЕСБХБ-наас Монгол Улсад баримтлах 5 жилийн бодлогын баримт бичгийг боловсруулна Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал (2021.03.19)Европын сэргээн босголт, хөгжлийн банкны (ЕСБХБ)Төв ази хариуцсан Бүс нутгийн тэргүүлэх эдийн засагч Эрик Ливниболон бусад эдийн засагч, банкир, шинжээчдийн төлөөлөлтэй цахим уулзалт хийжээ. Уулзалтаар, УУХҮЯ-ны зорилт,стратеги төлөвлөгөө, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн салбарт хэрэгжүүлэхээр тусгагдсан томоохон ажлуудын талаар танилцуулсан байна. СБХБ-наас Монгол Улсад баримтлах 5 жилийн бодлогын баримт бичгийг боловсруулахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд “Рио Тинто” компанийн удирдлагуудтай цахим уулзалт хийв Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмтой (2021.03.18) цахим уулзалт хийжээ. Уулзалтын үеэр Ерөнхий сайд, “Оюутолгой” төсөлтэй холбогдуулж байгуулсан Ажлын хэсгийг ахалж байх хугацаандаа баримталж байсан бодлого, байр суурь өөрчлөгдөөгүй болохыг илэрхийлсэн байна. Тодруулбал, Засгийн газрын ХЭГ-ын дарга байхдаа ”Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмд (2021.01.04)илгээсэн албан бичигт дурдсан асуудлуудыг тус компанийн зүгээс  цаг алдалгүй анхаарч, “Оюутолгой” төслийг Монгол Улсад үр ашигтай болгоход яриа хэлэлцээг чиглүүлэх шаардлагатайг өнөөдрийн уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолжээ. Тэрээр, мөн Засгийн газрын Ажлын хэсгийг ахалж буй Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болд нар яриа хэлэлцээг үргэлжлүүлж, бодит үр дүнд хүрнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.
Удоканы зэсийн үйлдвэрийн туузан дамжуургын угсралт эхэлжээ Оросын зэсийн Удоканы ордын төслийг хэрэгжүүлэгч “Удоканская медь” компанийн мэдээлснээр, үйлдвэрлэлийн хүдрийн анхдагч бутлуур болоод туузан дамжуургын барилгын ажил эхэлжээ. Эхний ээлжид хүдрийн анхдагч бутлуурын хэсгээс Баяжуулах үйлдвэрийн цогцолбор хүртэл нийт 2.8 км урт туузан дамжуурга (конвейер) угсарч байна. Туузан дамжуургын анхны тээвэрлэлтийг 2021 онд багтаан туршихаар төлөвлөжээ. Анхдагч бутлуурын тухайд цагт 2000 тонн хүдэр бутлах хүчин чадалтай. Энэхүү орд нь цаг уурын болоод газрын тогтцын хүнд нөхцөлтэй учир үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд автомашин болон туузан дамжуургын хосолсон тээврийг ашиглана гэдгийг компанийн Ерөнхий захирал Герман Миронов мэдэгджээ.
Тавантолгой, Нарийнсухайтын бүлэг ордын уурхайчдыг вакцинжуулалт хамруулж эхэллээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон уурхайчдад вакцин хийж эхлэх гэж буйтай холбогдуулан дархлаажуулалтын 4 багийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций суманд  (2021.03.18)ажиллалаа. Экспортын тээврийн жолооч нарыг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн бөгөөд уурхайн ажилчид вакцинд хамрагдаж байна. Эхний ээлжинд Тавантолгой болон Нарийнсухайтын бүлэг ордын уурхайн ажилчдыг дархлаажуулалтад хамруулахаар 10200 тун вакциныг хүргэжээ.
Fortescue Metals: 2030 онд хүлэмжийн хийн ялгаруулалтгүй болно Австралийн төмрийн хүдрийн томоохон тоглогчдын нэг “Fortescue Metals Group” компани үйл ажиллагаагаа чулуужмал түлшнээс ангид буюу “ногоон горим”-д шилжүүлэх хугацааг 2030 он гэж товлосноо (2021.03.15) зарлалаа. “Fortescue Metals” нь хүлэмжийн хийн ялгаруулалтгүй үйл ажиллагаатай болох 2040 оны зорилтоо ийнхүү арван жилээр наашлуулжээ. Харин уул уурхайн бусад томоохон компани болох “Рио Тинто”, “BHP”-ийн тухайд ийм зорилтоо 2050 он, “Англо Американ” 2040 он гэдгээ зарласан юм. Ингэснээр “Fortescue Metals” хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах чиглэлд салбартаа хамгийн зоримог амлалтыг өгч буй компани боллоо.