Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Н.Нарангэрэл: Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтын ажлын явц 65 хувьтай байна

А.Халиун

ГЕГ-ын Боомтын үйлчилгээний хэлтсийн гаалийн улсын байцаагч Н.Нарангэрэл боомтуудын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцын талаар /2023.03.21/ мэдээлэл өглөө.

Засгийн газраас хэрэгжүүлж буй Хилийн боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр ОХУ-тай хиллэдэг Боршоо, Бичигт, Алтанбулаг боомтыг, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Замын-Үүд, Гашуунсухайт боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн, шинэчлэх ажлыг эхлүүлсэн.

Боршоо боомтын бүтээн байгуулалтын ажил 2020 онд эхэлсэн. Бүтээн байгуулалтын ажлыг Улсын комисс 2022 оны арванхоёрдугаар сард хүлээн авсан. Үлдэж буй зорчигч тээврийн цогцолборыг ирэх тавдугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Боршоо боомт бол ОХУ-аас жуулчид олноор нэвтэрдэг голлох боомтуудын нэг бөгөөд ашиглалтад орсноор нэвтрүүлэх хүчин чадал долоо дахин нэмэгдэнэ.

Гашуунсухайт боомтын өргөтгөл шинэчлэлийн ажил 2019 онд эхэлсэн. Цар тахлын улмаас бүтээн байгуулалтын ажил нэлээд хойшилсон. Гэхдээ энэ онд дуусгаж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн ажил дуусаж, зорчигч тээврийн терминалыг 2023 оны нэгдүгээр сарын 8-нд ашиглалтад хүлээн авсан. Ачаа тээврийн терминалыг 2023 оны долоодугаар сард дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Замын-Үүд боомтоор нэг талдаа өдөрт 30 орчим автобус 1200 зорчигч орж гарч байна.

Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтын ажил 2019 онд эхэлсэн, ажлын явц 65 хувьтай байна. Өргөтгөл, шинэчлэлийн хүрээнд 1.7 км урттай дөрвөн эгнээ авто зам, 30 мянган ам.метр талбай бүхий боомтын авто зогсоол барина. Орчин үеийн өндөр хүчин чадлын тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцуудыг суурилуулна.

Хилийн төмөр замын Сүхбаатар боомтыг 2022 оны 12 дугаар сарын 21-нд хүлээн авч, ашиглалтад оруулахад бэлэн болсон. Энэ боомт ашиглалтад орсноор төмөр замаар бүрдүүлэлт хийдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн цаг хугацаа 30 хувиар хэмнэгдэх судалгаа гарсан.

Хилийн бичигт боомтын ажлыг 2022 онд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр эхлүүлэхээр  тендер зарласан боловч нэг удаа хойшилсон. Одоогоор авто замын ажлын тендер нь шалгарсан. Барилга бүтээн байгуулалтын ажлын тендерийг ирэх дөрөвдүгээр сард багтаан зарлаж, шинэчлэлийн ажил эхлэх гэж байна хэмээн  боомтын шинэчлэлийн талаар улсын байцаагч Н.Нарангэрэл мэдээлэлдээ  дэлгэрэнгүй дурдлаа.