Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Э.Болормаа:  Боомтын сэргэлтийг дэмжих замаар эдийн засгаа тэлэх бодлоготой

The Mongolian Mining Journal /Feb.2023/

Ховд аймгийн Засаг дарга Энхбатын Болормаатай бүс нутгийн хөгжил,  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх томоохон төслүүд тэр дундаа  боомтын сэргэлт болон хийж хэрэгжүүлж буй  цаг үеийн асуудлын талаар www.khovdtimes.mn  сайтын Эрхлэгч, редактор Ж.Саруул ярилцлаа. 

Баруун бүсийн эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдал, цаашид төлөвлөж буй ажлын талаар  тодруулна уу?  
Ховд аймаг бол сэргээгдэх эрчим хүчний нөөц өндөртэй. Тухайлбал, Дөргөний УЦС, Мянгадын нарны станц гээд хоёр эх үүсвэртэй. Цаашид Эрдэнэбүрэний УЦС-ыг барьж байгуулах ажил Засгийн газрын хэлэлцээрийн түвшинд явж байна. Удахгүй бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ. Дөргөний УЦС-ын хувьд 9мВ-ын хүчин чадалтай. Мянгадын нарны цахилгаан станц нь 10мВ-ын хүчин чадалтай. Энэ хоёр станц нийлээд 19 мВ-ын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг. Ховд аймгийн нийт хэрэглээ жилд дунджаар 17мВ болдог. Гэхдээ энэ хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд улсын төсвөөр хийгдэж байгаа тул бид яалт ч үгүй баруун бүсийн эрчим хүчний системд нийлүүлж, алдагдал, ашгаа харилцан үүрэх шаардлагатай болдог. 

Баруун бүсийн эрчим хүчний систем  дээр  БНХАУ болон ОХУ-аас нэмэлт эрчим хүч авдаг. ОХУ-аас авдаг үнэ тариф 204,9, БНХАУ-аас 286,8 төгрөгөөр тус тус авч байна. Харин иргэдэд нийлүүлж байгаа үнэ дунджаар 172 төгрөг байдаг. Эдгээрийн зөрүү буюу алдагдлыг улсын төсвөөс жилд 23 тэрбум орчим төгрөгийг төсвийн татаасаар нөхөж байна. Тэгэхээр үндсэндээ 322 төгрөгөөр хангаж байна гэсэн үг. Манай улс ОХУ-аас нийт эрчим хүчнийхээ 20 гаруй хувийг импортоор авч байна. Цаашид эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд эрчим хүчээ дотоодын эх үүсвэрээс 100% хангах шаардлагатай. 

Эрдэнэбүрэн сумын УЦС-ын ажлын явц ямар байна вэ? Энэ станц ашиглалтад ороход хэр хугацаа шаардлагатай вэ?  
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх томоохон төслүүдийн нэг нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц. Тус станц ашиглалтад орсноор баруун бүсийн аймгууд эрчим хүчний найдвартай эх үүсвэрт холбогдож, эрчим хүчний хараат бус байдал бий болно. Уг төсөл нь таван жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд баруун бүсийг цахилгааны эх үүсвэрээр найдвартай хангах стратегийн томоохон нөлөө бүхий бүтээн байгуулалт болно гэж  харж байна. 

Ховд аймгийн хувьд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд уул уурхайн салбарт ямар  бодлого баримталж  байна вэ?  
Ерөнхийдөө эдийн засгийн сэргэлт, боомтын сэргэлтийг дэмжих замаар эдийн засгаа тэлэх бодлоготой. Эдийн засгийн сэргэлтийн хувьд баруун аймгийн хувьд барьж буй чухал бодлогуудын нэг бол дээр дурдсан эрчим хүчний хараат бус байдлыг бий болгох алхам. Дараагийн асуудал бол баруун бүсийн тулгуур төв гэдэг утгаараа манай аймаг давуу тал олонтой. Хил дагасан бүс нутгийн хөгжлийн төв болон хөгжих боломжтой. Тухайлбал, ОХУ, БНХАУ, Казахстан, Монгол гэсэн дөрвөн улсын бүс нутгийн хөгжилд нөлөө үзүүлэх Алтайн хязгаарт багтаж буй чухал байрлалтай. Бусад аймгуудаа бодвол зам, дэд бүтэц сайн хөгжсөн. Босоо тэнхлэгийн авто замын зангилаа аймаг. Үүнийгээ дагаад бүс нутгийн олон улсын транзит тээвэр, хил дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. 

Энэ асуудлыг саяхан Боомтын үндэсний зөвлөл хуралдаж, Булган боомтыг өргөтгөх асуудлыг хэлэлцэж дэмжсэн. Булган боомт бол ачаа барааны эргэлт буюу экспорт, импортыг түлхүү нэвтрүүлдэг орон нутгийн иргэдийн амьжиргаанд чухал нөлөөтэй олон улсын зэрэглэл бүхий томоохон боомтын нэг юм. Өнгөрсөн онд Монгол Улсын нийт ачаа эргэлтийн 4%-ийг нэвтрүүлсэн. Түүнчлэн тус боомт нь өнгөрсөн жил улсын төсөвт 66 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байдаг. Сүүлийн жилүүдэд цар тахлын нөхцөл байдлаас үүдэн зөвхөн ачаа барааны экспорт, импорт түлхүү явж ирсэн. Харин цар тахлын нөхцөл байдал сайжирснаар боомтын ачаалал нэмэгдэх төлөвтэй байна. 

Учир нь бүс нутгийн олон улсын транзит тээвэр, хил дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийг дэмжих ажлын хүрээнд цаашид амралтын өдрүүдэд ч ажиллаж, боомтын үйл ажиллагааг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага бий. 

Булган боомтын өргөтгөлийн асуудлыг өнгөрсөн оны 11 дүгээр сард БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Засаг дарга болон Женнис Хадис болон бусад холбогдох албаны төлөөлөлтэй хийсэн уулзалтаар хэлэлцсэнийг Засгийн газрын түвшинд шийдвэрлэхээр болж ажил хэрэг болж байгаад талархаж байна. Булган боомтын хүчин чадал нэмэгдэх нь улс орон, бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр үзүүлнэ. 

Ховд аймаг бол уул уурхайн үйл ажиллагаа харьцангуй тогтвортой явагдаж ирсэн аймгуудын нэг.  Засаг даргын хувьд аймгийнхаа уул уурхайн салбарт цаашид баримталж  буй гол бодлого юу вэ? 
Уул уурхайн хөгжил, үйл ажиллагаа   хууль дүрэм, стандартын дагуу явагдах ёстой. Аймаг орон нутгийг хэн удирдаж байхаас үл хамааран тогтсон нэг дүрэм, журам, бодлогоор явагдах нь зүйтэй гэж үздэг. Миний хувьд   хариуцлагатай уул уурхай чухал гэдэг байр суурьтай байдаг. Түүнчлэн аймаг орон нутаг, бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулдаг, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байхаас гадна иргэд олон нийттэй ойлголцсон байх нь чухал гэдгийг онцолдог. Уул уурхай бол шавхагддаг баялаг. Тиймээс үр өгөөж нь олон нийтэд хүртээмжтэй, хөгжилд чухал нэмэр болж байх ёстой. Энэ ч үүднээсээ “Хөшөөт хөгжил” сангийн үйл ажиллагааны журамд өөрчлөлт оруулж тус сангийн мөнгөний зарцуулалтыг аймгийнхаа ОНХС-д төвлөрүүлж, тухайн сангийн журмаар зарцуулдаг байхаар  Аймгийн ИТХ  хэлэлцэн шийдвэрлэсэн. Мөн нөлөөллийн сумдын иргэдэд олгодог байсан хөнгөлттэй нүүрсийг аймгийн бүх сумдад тэгш хуваарилан, хэмжээг нэмэгдүүлэн олгодог боллоо. Тухайлбал, төв суурин газрын өрх бүрт 2тн нүүрс, малчин өрхөд 1тн нүүрс гэх байдлаар хуваарилалт  хийж шийдвэрлэсэн. Өмнө нь нөлөөллийн бүсийн цөөн сумд болон аймгийн төвийн өрхүүдэд олгодог байсан. 

Ховд аймгийн төсвийн хувьд улсаас татаас авдаг. Аймгийнхаа төсвийг бүрдүүлэх талаар  хэрхэн төлөвлөж байна вэ? 
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн хувьд бие даасан байх зорилт тавьсан. Энэ шалгуурыг хангахад манай аймаг нөхцөл боломж бараг бүрдэж байгаа. Ирэх жил энэ зорилтоо хэрэгжүүлэхээр хичээж байна. 
Засгийн газрын тогтоолын дагуу аймгийн төсвөө бүрдүүлдэг тав зургаан аймагт урамшуулал өгсөн. Энэ бол нэг төрлийн сэдэлжүүлэлт гэж харж байгаа. Бид аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдыг орон нутагтаа татах ёстой. Тэдэнд боломж  бий болгох ёстой. 

Засгийн газраас хөдөө орон нутагт ипотекын зээлийн хүүг бууруулж, аж ахуйн нэгжүүдийн татварын хөнгөлөлтүүдийг баталж, бодлогын түвшинд бодит дэмжлэг үзүүлж байгаа. Харин аймаг, орон нутгийн удирдлага   газар дээр нь хэрэгжүүлэх  үүрэгтэй. 
Энэ ч хүрээнд бид өнгөрсөн нэгдүгээр сард Invest khovd хөрөнгө оруулалтын чуулганыг аймагтаа зохион байгууллаа. Шинэлэг олон ажлуудыг  хийхээр төлөвлөсөн. Үүний нэг нь хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэдээ зориулан “Нэг цэгийн үйлчилгээ”-г бий болгож байна. Ховд аймагт хаанаас ч иргэд ирж амьдарч, бизнес эрхлэх боломжоор хангахад төвлөрч ажиллаж байна. Тус төвийн нээлт тун удахгүй болно. 

Энэхүү хөрөнгө оруулалтын чуулганаас гарсан томоохон  үр дүнгийн талаар тодруулна уу? 
Үр дүнг одоо шууд тодорхойлж хэлэхэд эрт. Гэхдээ хөрөнгө оруулалтын чуулганы үеэр Ховд аймагт ирсэн Монгол Улсын томоохон бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид Ховд аймагт дараах байдлаар хөрөнгө оруулахаа мэдэгдсэн. Тухайлбал, 
Мобиком Ховд аймагт 40 ажлын байр бий болгож, харилцагчийн үйлчилгээний төв - Call Center-ээ байгуулахаар болсон. 
Nomin Holding энэ онд Ховд аймагт найман тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, одоо байгаагаас зургаа дахин том агуулах худалдааны төв байгуулна. Мөн Ховдын тариаланчдаас ногоог нь шууд худалдан авч сүлжээ дэлгүүрээрээ борлуулна. 
Aero Mongolia LL нь Ховд нисэх буудлын менежментийг хариуцан ажиллах боломжтойгоо мэдэгдсэн. 

Худалдаа хөгжлийн банк баруун бүсийн анхны салбараа Ховд аймагт байгуулахаар болсон.
“Монгол шуудан” ХК баруун бүсийн ложистикийн төвийг Ховд аймагт байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаагаа мэдэгдсэн. 
Орон нутгийн анхны бонд гаргахад биржийн бус зах зээлийн салбар дэмжинэ гэх зэрэг шууд үр дүнгүүд дээрх хөрөнгө оруулалтын чуулганаас гарсан. Цаашид бас урт хугацаандаа гарах үр дүнгүүд нэлээд харагдаж байна. Тэгэхээр хоёр өдрийн турш үргэлжилсэн форум нь зөвхөн Ховд аймгийн асуудал биш, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлт болон хөдөө, орон нутгийн хөгжлийн асуудлыг хэлэлцэж байгааг тод томруунаар харуулсан жишээ боллоо.  

Аймаг, орон нутгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд Таны анхаарч буй гол  ажлууд юу байна вэ? 
Иргэдийн хамгийн их шүүмжлэл дагуулдаг дулаан хангамж, хот тохижилт, СӨХ-ны үйл ажиллагааг шинэ шатанд гаргахад анхаарч ажиллаж байна. Мөн газар олголтын асуудлыг цэгцлэх, шударга ёсыг тогтоох, төрийн бүтээмжийг сайжруулах, аймаг, сум, багийн түвшинд иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад анхаарна. Ерөнхийдөө хийж хэрэгжүүлэх ажил, шийдвэрлэх асуудлууд маань Засгийн газраас хэрэгжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдаж байгаа. Ажлаа аваад эхэлсэн цаг үе нь өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах гэсэн чухал үе байсан. Тухайлбал, мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангасан, тулгамдаж буй асуудлыг яаж шийдвэрлэж байгаа талаар анхаарах асуудлууд олон байлаа. Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой ул суурьтай судалгаа хийж асуудлыг олон талын оролцоотой тодорхойлсны үр нөлөөгөөр Улсын онцгой комиссоос болон Засгийн газраас тодорхой дэмжлэгүүд авч ажилласан.  Одоо хаврыг хохирол багатай давах гэсэн чухал асуудал бий. 

Мөн малчдын өмнө тулгамдсан чухал асуудал болох мал, махны борлуулалтын асуудал байсан. Үүнийг энэ жил анх удаа төсвийн зардал­гүйгээр арилжааны банкууд­тай хамтран аймагтаа махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдтэй хамтран зохион байгууллаа. Ингэснээр малчдын мал, махны борлуулалтыг нэмэгдүүлж, махны үнэ тогтвортой байхад тодорхой хэмжээний нөлөө үзүүллээ. Цаашид бид энэ асуудлыг гал намжаах байдлаар бус зах зээлийн чухал үед нь буюу эртнээс асуудлыг шийддэг байхад анхаарч мал, махны экспортод хөрш орнуудын зах зээлд нийлүүлэхэд анхаарч ажиллах болно.