Шинэ мэдээ
“Сибирийн хүч 1” хоолойгоор 3.84 тэрбум шоо метр хий Хятадад нийлүүлжээ
“Сибирийн хүч 1” байгалийн хий дамжуулах хоолойг одоогоос жилийн өмнө (2019.12.02) ашиглалтад оруулж Оросоос анхны бүтээгдэхүүнийг Хятад руу нийлүүлж байсан билээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус хоолойгоор 3.84 тэрбум шоо метр хий экспортолсон тухай Оросын “Газпром” компани мэдээлэв. Гэрээний дагуу арванхоёрдугаар сард Хятадын тал Оросоос авах байгалийн хийн импортоо огцом нэмэгдүүлэх, эсвэл энэ оны үлдсэн нийлүүлэлтийн төлбөрийг төлөх үүрэгтэй. Орос, Хятадын тал 2014 онд байгуулсан гэрээгээр “Сибирийн хүч 1” хоолойгоор 2020 онд 5 тэрбум, 2021 онд 10 тэрбум, 2022 онд 15 тэрбум шоо метр хий нийлүүлэх хуваарьтай. Хий дамжуулах хоолойг бүрэн хүчин чадалд хүргэхэд Оросын талаас түүхий эдийн нөөц дутмаг гэдгийг мэргэжилтнүүд онцолдог.
Хятадын зэсийн импорт буурчээ
Лондоны металын бирж дээр даваа гаригийн (2020.12.07) хаалтын ханшаар тонн зэс 7656 ам.доллар байна. Аж үйлдвэрийн гол метал болох зэсийн үнэ өнгөрсөн долоо хоногийн сүүлийн өсөлтийн түвшнээс бага зэрэг буурав. Хятадын эсрэг шинэ хориг арга хэмжээ АНУ авч болзошгүй тухай мэдээлэл энэ долоо хоногийн эхээр цацагдсанаар зэсийн ханшийн тогтворгүй байдалд нөлөөлсөн гэж шинжээчид үзжээ. Дэлхийн хоёр том эдийн засаг болох тус орнуудын худалдааны харилцаа дахин хурцдахаас эмээж байна. Өнгөрсөн баасан гаригт (2020.12.04) зэсийн ханш 7741 ам.долларт хүрч өссөн бөгөөд энэ нь 2013 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр дүн боллоо. Цар тахлын дэгдэлт өндөр байгаагийн улмаас дэлхийн эдийн засгийн төлөв эрсдэлтэй хэвээр байна.
Я.Содбаатар: Шивээхүрэн боомтын үйл ажиллагаа хэвийн болж, өдөрт 350 орчим автомашины тээврийн хөдөлгөөнийг нээлээ
Нүүрсний тээвэрлэлтэд ажиллаж байгаа жолооч нараас хүсэлт гаргасны дагуу Ханбогд сумын нутаг дахь “Түгээмэл түмэн хишиг” компанийн зогсоолд байгаа 2260 ачаагүй автомашиныг зогсоолоос гаргаж кэмпүүдэд байршууллаа. Энэ хугацаанд нийтдээ жолооч нарыг PCR шинжилгээнд хамруулах ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Шивээхүрэн боомтын үйл ажиллагаа хэвийн болж, өдөрт 350 орчим автомашины тээврийн хөдөлгөөнийг нээлээ. Замын-Үүд боомт дээр Эрээн талдаа 50 жолоочийг 30 хоногийн хугацаатай байршуулж, гаалийн хяналтын талбайгаас хилийн боомтын дундын бүсэд машин солилцох байдлаар тээвэр зохицуулалт хийх шаардлагыг хөрш орны зүгээс тавьсан. Одоогоор Монголын талаас 18 жолооч тээвэрлэлтийн ажлыг зохион байгуулж байна.
Австрали, Монголын коксжих нүүрсний орон зайд Оросын компани экспортоо ахиулна
ОХУ-ын “Мечел” компани нь арванхоёрдугаар сард Хятад руу хийх коксжих нүүрсний экспортоо 30%-иар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Хятадын коксжих нүүрсний зах зээл дээр тааламжтай нөхцөл байдал үүссэн гэдгийг Оросын компанийн Ерөнхий захирал Олега Коржов мэдэгдсэн байна. Түүний тайлбарласнаар, Австралийн 4.5 сая тонн коксжих нүүрс тээвэрлэсэн усан онгоцнууд Хятадын далайн боомтод сар гаруй хугацаанд саатаж байна. Түүнчлэн, тус улсын зах зээл дээр коксжих нүүрсний үнэ сүүлийн дөрвөн жилийн хамгийн дээд хэмжээнд хүрч өссөн. Мөн Монгол Улс цар тахлын халдвар дотооддоо алдсаны улмаас тус улсын түүхий нүүрсний Хятадын худалдан авалт бараг тал хувиар буурахад хүрч болзошгүй гэж мэдэгджээ.
“S&P Global Platts”: 2020 онд Хятадын гангийн үйлдвэрлэл түүхэн дээд хэмжээнд хүрнэ
Дэлхийн хамгийн том гангийн үйлдвэрлэгч Хятад улс нь эхний арван сард нийт 877.9 сая тонн ган үйлдвэрлэжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.5%-иар өссөн үзүүлэлт юм. “S&P Global Platts” агентлагаас 2020 онд Хятад улсын гангийн үйлдвэрлэл 1.016 тэрбум тоннд хүрч, түүхэн дээд амжилт үзүүлнэ хэмээн таамаглажээ. Оны хоёрдугаар хагаст тус улсын барилгын идэвхжил нь гангийн үйлдвэрлэл нэмэгдэхэд голлон нөлөөлнө гэж харж байна. Тэгвэл “Fitch” агентлагийн дэвшүүлсэн таамаглалаар, энэ онд Хятадын нийт гангийн үйлдвэрлэл 980 сая тоннд хүрэх бөгөөд тус улсын дэд бүтэц, барилгын салбарын идэвхжилтэй холбон тайлбарлажээ.
Арваннэгдүгээр сард 3.1 сая тонн нүүрс экспортлов
Эрдсийн экспортыг авч үзвэл, эхний 11 сард нүүрсний гадаад худалдаа 27 орчим сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 22.4%-иар буурсан байна. Харин нүүрсний экспортын орлого 2 тэрбум ам.долларт хүрч 32%-иар доошилжээ. Сарын дүнгээр, арваннэгдүгээр сард 3.1 сая тонн нүүрс экспортолж, өмнөх аравдугаар сараас 910 мянган тонноор (22.5%-иар) буурав. Энэ нь цар тахлыг дотооддоо алдсанаар нүүрс тээврийн машинуудын хил нэвтрэлт огцом буурсантай холбоотой. Тухайлбал, арваннэгдүгээр сарын эхний 15 хоногт манай улс 2.1 сая тонн нүүрс экспортолсон бол сарын сүүлийн хагаст 1 сая тонн болж буурчээ.
Тавантолгой бүлэг ордод аюулгүй бүс байгуулан ажиллаж байна
КОВИД-19-ийн цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор уул уурхай, газрын тосны салбарын аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, цар тахлын эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой орд газруудад халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах аюулгүйн тусгай бүс байгуулах салбарын сайдын тушаал батлагдсан.
Уурхайчдын ээлж солих зааврыг баталлаа
Коронавируст халдварын тархалттай холбоотойгоор бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт компани болон тэдгээрийн туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагууд нь ажилтнуудын ээлж солилцож шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагаанд баримтлах зааврыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдрийн А-312 дугаар тушаалаар баталлаа. Үүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны шуурхай штабын дарга Г.Нандинжаргалд даалгав.
Канад, Австралийн хамтарсан компани зэс-цайрын төсөл хэрэгжүүлнэ
Канад, Австралийн хамтарсан “Ambler Metals” компани зэс-цайрын ордын “Upper Kobuk Mineral Projects” төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө баталжээ. Канадын “Trilogy Metals”, Австралийн “South32” хамтарсан компанийг 2020 оны хоёрдугаар сард байгуулсан байна. Тухайн үед “Upper Kobuk” ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Trilogy Metals” компани нь төслийг хамтран хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчийг хайж байжээ. “Upper Kobuk” орд нь 3.6 сая тонн зэс, 1.36 сая тонн цайр болон 1 сая унц алтны таамаг нөөцтэй. Гэхдээ ордын алслагдсан байршил, байгалийн хүнд нөхцөл нь төслийн бүтээн байгуулалтын зардлыг ихээхэн нэмэгдүүлж байгаа юм.
“Codelco” компани Эквадор дахь төслийг хэрэгжүүлэх сонирхолтой байна
Чилийн төрийн өмчит “Codelco” компани нь Эквадорын эрх баригчдаас зэсийн “Llurimagua” томоохон төсөлд тус улсын төрийн “Enami EP” компанитай хамтрахад "найрсаг" дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Эквадор дахь зэсийн ихээхэн нөөцтэй “Llurimagua” ордын хайгуулын ажилд 2012 оноос Чилийн компани оролцож ирсэн бөгөөд ойролцоогоор 60 сая ам.доллар зарцуулжээ. 2019 онд “Codelco” болон “Enami EP” компаниуд хамтарсан үйлдвэр байгуулах гэрээг үзэглэж, хамтарсан үйлдвэрийн 51%-ийг Эквадорын тал эзэмшихээр тохиролцсон байна. Гэвч гэрээний нөхцөлөө зөрчсөн гэж талууд бие биенээ буруутгаснаар энэхүү төслийг хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөө нурсан аж. Түүнчлэн, Эквадорын байгаль орчныг хамгаалах ТББ-ууд “Llurimagua” төслийг хэрэгжүүлэхийн эсрэг байр суурьтай байгаа юм.
“Эливана” уурхайгаас хүдрийг төмөр замаар тээвэрлэхэд бэлэн болжээ
“Fortescue Metals” компани нь Баруун Австрали дахь “Эливана” уурхайгаас төмрийн хүдрийн анхны тээвэрлэлтийг төмөр замаар хийхэд бэлэн болжээ. Тодруулбал, арванхоёрдугаар сараас тээврийг эхлүүлэх аж. Нийт 1.25 тэрбум ам.долларын өртөгтэй “Эливана” уурхайн цогцолборт, жилд 30 сая тонн хүдрийг хуурай аргаар баяжуулах үйлдвэр, 143 км төмөр замын төсөл багтаж байгаа юм. Төмөр зам барих ажил 2019 оны долдугаар сараас эхэлж ийнхүү ашиглалтад орж байна. Анх 2018 онд тус компаниас “Эливана” ордыг шинээр хэрэгжүүлэхээр болж, уурхайг 2020 оноос олборлохоор төлөвлөснөө мэдэгдсэн билээ. Ордын ашиглалтын хугацаа 18 жил бөгөөд 60%-ийн төмрийн агуулгатай хүдэр олборлоно. 2021 оны эхний хагаст уурхайн үйл ажиллагаа эхлэх юм.
“First Quantum” компани “Таса Таса” ордын хайгуулын дүнг танилцуулав
Канадын “First Quantum” компаниас Аргентин дахь зэсийн “Таса Таса” ордын хайгуулын эцсийн үр дүнг танилцуулжээ. Тухайн дүгнэлтээр, эл орд нь 7.7 сая тонн зэс, 5 сая унц алт болон 210 мянган тонн молибдений нөөцтэй аж. Ингэснээр “First Quantum” компанийн нийт зэсийн нөөц 29 сая тонн хүрч, дэлхийд 5 дахь том зэс үйлдвэрлэгч болж байна. Тус компани нь “Таса Таса” ордыг түшиглэн жилд 60 сая тонн хүдэр боловсруулах УБҮ байгуулах юм. Тус үйлдвэрлэлд Панам дахь “Cobre Panama” болон Замби дахь “Sentinel" уурхайн техникүүдийн шийдлийг ашиглахаар төлөвлөжээ.
Энэ онд Монголын нүүрсний экспорт 30 сая тоннд хүрэх боломж бага
Аравдугаар сараас Хятадын коксжих нүүрсний импортын бүтцэд томоохон өөрчлөлт гарч эхлэв. Тодруулбал, тухайн сард Хятад нийт 5.9 сая тонн коксжих нүүрс импортолсон бөгөөд 1.5 сая тонн коксжих нүүрс Австралиас худалдан авч өмнөх сарынхаас 12.4%-иар буурчээ. Энэ нь сүүлийн таван сарын хамгийн бага үзүүлэлт боллоо. Үүний гол хүчин зүйл нь хоёр улсын хоорондын худалдааны маргааны улмаас Хятад нь Австралиас коксжих нүүрсний импортоо мэдэгдэхүйц бууруулж байна. Одоо Хятадын зүүн хойд эргийн далайн боомтуудад Австралийн 4.1 сая тонн коксжих нүүрс тээвэрлэсэн 39 хөлөг онгоц саатсан тухай “Аргус Медиа” мэдээлэв. 2020 онд 72 сая тонн коксжих нүүрс импортлох таамгийг тус улсын нүүрсний мэдээллийн гол суваг “Fenwei Energy”-ээс дэвшүүлжээ. Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, энэ оны эхний арван сард тус улс нийт 65.3 сая тонн коксжих нүүрс импортолсон байна.
Салбарын Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллалаа
Өнгөрсөн сарын 21-28-нд ажилласан Ажлын хэсэг “Халдваргүйжүүлэлт, хамгаалалтын аюулгүй бүс” байгуулах тухай тушаалын дагуу Онцгой дэглэмийн үед “Ногоон бүс” тогтоож ажиллах аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцсан байна. Төлөвлөгөөнд болон цаашдын үйл ажиллагаанд анхаарч ажиллах зүйлс, тулгарч буй хүндрэлтэй асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар чиглэл, зөвлөмж өгч, компаниудын төлөөллийн санал бодлыг сонсож, харилцан мэдээлэл солилцлоо.
Нүүрс тээврийн 4500 гаруй жолоочийг PCR шинжилгээнд хамруулжээ
Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Гашуунсухайтын боомт, хилийн хяналтын бүсэд ажиллаж буй иргэдийг цар тахлаас урьдчилан сэргийлж, тээврийн жолооч нарын халдваргүйжүүлэлт, хамгааллыг хангах ажлыг Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын газар болон Хилийн Гашуунсухайт боомт тогтмол зохион байгуулж байна. Одоогийн байдлаар нүүрс тээврийн 4500 гаруй жолоочийг PCR шинжилгээнд хамруулсан бөгөөд коронавирусын халдвар илрээгүй, шинжилгээний хариу “100 хувь сөрөг” гарчээ. Мөн хил, гааль, авто тээврийн байцаагч нар болон гэрээт цагдаагийн бүрэлдэхүүн нүүрс тээврийн хөдөлгөөнд цагийн зохицуулалт хийж, хяналт тавин ажиллаж буйг “Гашуунсухайт автозам” ХХК-иас мэдээлэв.
Оюутолгойн далд уурхайн төсөлд дүгнэлт гаргах тусгай хороо байгуулна
Төлөөлөн удирдах зөвлөлөөс байгуулсан тусгай хороо нь 4 гишүүнээс бүрдэх бөгөөд “Эрдэнэс оюу толгой” ХХК-иас нэр дэвшүүлсэн хоёр гишүүн, “Туркойз Хилл Ресурс” компаниас нэр дэвшүүлсэн хоёр гишүүнээс бүрдэхээр шийдвэрлэжээ. Тусгай хороо нь Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн, хугацаа хойшилсон шалтгааныг судалж дүгнэлт гаргах хөндлөнгийн шинжээчдийг сонгон томилох, шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн саналаа Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Төслийн менежмент, уурхайн дизайн, зардал хянах болон бусад холбогдох асуудлыг дэлгэрэнгүй судлах шинжээчдийн дүгнэлт хамгийн ихдээ зургаан сарын хугацаанд гарах боломжтой гэж тооцоолж байна.
Н.Дорждарь: Баялгийн сангийн хөгжилд улс төрийн зөвшилцөл чухал
Эхлээд бид хэдий хэмжээний мөнгөний тухай ярьж байгаагаа ойлгох учиртай. Манай улсын эдийн засаг 13 тэрбум ам.доллараар илэрхийлэгддэг. Эдийн засгийн 30-аад хувь нь уул уурхайн салбараас шууд хамааралтай. Ирээдүйн өв санд 1 их наяд хүрэхгүй төгрөг байгаа гэж бодъё. 2021 оны төсөвт уг санд нэмж 1.2 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тусгасан. Тэгэхээр ирэх оны эцсээр Ирээдүйн өв санд 2 их наяд төгрөгийн хуримтлал үүснэ. Жил бүр 1 их наяд төгрөг санд хуримтална гээд өөдрөгөөр тооцоход 2030 онд 10 их наяд төгрөг буюу 3.5 тэрбум ам.доллар Ирээдүйн өв санд цугларна гээд тоймлон зураглаж болох юм.
Нүүрс баяжуулах технологийн “марафон”
Орд, уурхай бүрийн нүүрсний шинж чанар харилцан адилгүй бөгөөд нүүрс баяжуулах үйлдвэрийг байгуулахад технологийн сонголт хамгийн чухал. Тэр дундаа ус зарцуулалт багатай технологийг нэвтрүүлэх нь манай улсад нэн ач холбогдолтой.
Манай уул уурхайн салбарт нүүрс баяжуулах 30 орчим үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 20 орчим нь нойтон аргаар, үлдсэн нь хуурай аргаар баяжуулах технологитой.
“Эрдэнэс Тавантолгой” компани жилдээ 20 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийн төслийг ТЭЗҮ-дээ тусгажээ. Тус үйлдвэр нүүрс хүлээн авах, бутлах, баяжуулах, усгүйжүүлэх, эргэлтийн ус хангамж болон хаягдлын аж ахуй зэрэг хэсгүүдээс бүрдэх юм.
Г.Ёндон: Экспортлогч компаниуд цар тахлын эсрэг “Ногоон бүс” байгуулж ажиллана
Ковид-19 цар тахлын шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УУХҮ-ийн сайд Г.Ёндон уул уурхайн бүтээгдэхүүн
экспортлогч компаниудын төлөөлөл, газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгжүүдтэй зургаан удаагийн шуурхай цахим хуралдааныг хийсэн. Уг хурлаар аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг сонсож, асуудлыг шийдвэрлэх арга замын талаар санал солилцож, албан даалгавар зөвлөмжийг өгсөн. Уул уурхайн компаниудын зүгээс үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа, шатахуун, түлш, хүнсний нөөц хангалттай хэмжээнд байгаа боловч хөл хориотой холбоотойгоор компаниудын үйл ажиллагаа хаагдсан учир сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж татан авах асуудал хүндэрч болзошгүйг илэрхийлсэн.
О.Батнайрамдал: Нүүрсний 854 жолоочийг шинжилгээнд хамруулаад байна
УОК-ийн даргын арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаар тушаалын дагуу Өмнөговь аймгийн Оюутолгой, Тавантолгой, Нарийнсухайтын ордод үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд болон Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт, хилийн хяналтын бүсэд ажиллаж буй иргэдийг цар тахлаас урьдчилан сэргийлэх, компаниудын хэвийн үйл ажиллагааг хангах, шаардлагатай арга хэмжээг тодорхойлж нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Гашуунсухайт боомтод ажиллаж байна.