Оюутолгойд 2.3 тэрбумын нэмэлт санхүүжилт авахыг үл дэмжих, Лондоны шүүхэд хариу нэхэмжлэл яаралтай гаргах үүрэг, чиглэл өглөө

2021-04-20 18:12

“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал дүгнэлт боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр (2021.04.20) хуралдлаа. Түр хорооны хуралдаан 10 цаг 45 минутад ирц бүрдсэнээр эхлэв.

Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто Интернэшнл Холдингс” компаниудын зүгээс Оюутолгой ордын далд уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахад зориулан 2.3 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт авахаар тохиролцсонтой холбогдуулан Түр хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл өгөх болон Оюутолгойн гэрээ, байгаль орчин, татварын асуудлаар мэдээлэл сонсох гэсэн хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцуулав.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ш.Адьшаа, Х.Болорчулуун, С.Ганбаатар нарын дөрвөн гишүүн асуулт асууж, Түр хорооны дарга Ц.Даваасүрэн хариулт өглөө. Тухайлбал гишүүд “Оюутолгой” ХХК-ийн нэхэмжлэлээр Лондоны Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл буюу  хариу тайлбар гаргах хугацаа энэ дөрөвдүгээр сарын 30-наар дуусгавар болох тул сөрөг нэхэмжлэлийг яаралтай гаргаж, хүргүүлэх ёстой гэсэн чиглэлийг Түр хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт өгөх нь зүйтэй талаар санал хэлэв. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар маргаанд Монгол Улсын Засгийн газар ялалт байгуулах магадлал өндөр байгаа талаар дурдлаа.

Үргэлжлүүлэн Засгийн газарт хүргүүлэх чиглэлийн төслийг Түр хорооны дарга Ц.Даваасүрэн гишүүдэд танилцуулав. Тэрбээр “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто Интернэшнл Холдингс” компаниудын зүгээс Оюутолгой ордын далд уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахад зориулан 2.3 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт авахаар тохиролцож, уг гэрээг хэрэгжүүлэх зөвшөөрлийг “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-өөр батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ нь “Оюутолгой” ХХК-ийн өрийг улам  нэмэгдүүлж, төслийн үргэлжлэх хугацаанд Монголын тал  ногдол ашгаа хүртэх боломжгүй болж, өртэй үлдэх нөхцөл байдлыг улам бүр баталгаажуулж байгаа учир авахаар төлөвлөж буй 2.3 тэрбум долларын нэмэлт санхүүжилт авах асуудлыг дэмжихгүй байх чиглэлийг “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын төлөөлөлд өгөх тухай танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Б.Жаргалмаа, Г.Тэмүүлэн, С.Чинзориг нар асуулт асууж, санал хэлэв.

Түр хорооны гишүүд чиглэл өгөх төслийг тал бүрээс нь хэлэлцэж, асуулт асууж, хариулт авсан юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн авахаар төлөвлөж буй аливаа нэмэлт санхүүжилтийн асуудлыг дэмжихгүй байх чиглэлийг Засгийн газрын зүгээс “Эрдэнэс Оюутолгой” ХХК болон “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын төлөөлөлд өгөх, түүнчлэн Засгийн газар хувь нийлүүлэгчийн хувьд уг асуудалтай холбогдуулан Монголын талын эрх ашгийг нэн даруй хамгаалах арга хэмжээг даруй авах санал гаргаж, чиглэлийн төсөлд тусгах талаар саналаа илэрхийлэв.

Гишүүдийн асуултад хариулахдаа Түр хорооны дарга Ц.Даваасүрэн “Оюутолгой” ХХК-ийн 2013, 2014, 2015 оны санхүүгийн тайланд 1 тэрбум 80 сая долларын чөлөөт мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй байсан нь далд уурхайн бүтээн байгуулалтыг өөрийн үйл ажиллагааны орлогоороо санхүүжүүлээд явах бүрэн бололцоотойг харуулж байгаа талаар тайлбар хийв.

Түүнчлэн гишүүдийн олонх нь “Оюутолгой” ХХК-ийн нэхэмжлэлээр Лондоны Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл буюу хариу тайлбарыг заавал гаргахыг чиглэлийн төсөлд тусгах талаар санал хэлсэн юм.  

Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явууллаа. Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаагийн гаргасан “Оюутолгой” компанийн нэхэмжлэлээр Лондоны Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл буюу хариу тайлбарыг заавал гаргах талаар чиглэлийн төсөлд тусгахыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 61.1 хувийн саналаар дэмжигдэв.

Ийнхүү хэлэлцээд Түр хорооны хуралдааны тэмдэглэлээр аливаа нэмэлт санхүүжилт нь “Оюутолгой” ХХК-ийн өрийг улам  нэмэгдүүлж, төслийн үргэлжлэх хугацаанд Монголын тал ногдол ашгаа хүртэх боломжгүй болж, өртэй үлдэх нөхцөл байдлыг улам бүр баталгаажуулж байгаа учир авахаар төлөвлөж буй 2.3 тэрбум долларын нэмэлт санхүүжилтийг дэмжихгүй байх чиглэлийг Засгийн газраас “Эрдэнэс Оюутолгой” ХХК болон “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын төлөөлөлд өгөх, Засгийн газар хувь нийлүүлэгчийн хувьд уг асуудалтай холбогдуулан Монголын талын эрх ашгийг нэн даруй хамгаалах арга хэмжээг даруй авах, түүнчлэн “Оюутолгой” компанийн нэхэмжлэлээр Лондоны Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл яаралтай гаргах арга хэмжээ авахыг Засгийн газарт үүрэг, чиглэл болгохоор тогтсон юм.

Түр хорооны тэмдэглээр Засгийн газарт өгөх үүрэг, чиглэлийн төслийг бүхэлд нь дэмжье гэсэн саналын томъёоллоор санал  хураалт явуулахад гишүүдийн 72.2 хувь дэмжлээ.

Дараа нь Оюутолгойн гэрээ, байгаль орчин, татварын асуудлаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсов. 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Оюутолгой төслийн байгаль орчны үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон гүний хоолойн газрын доорх усны  ордын нөөцийн талаар, Татварын ерөнхий газраас  "Оюутолгой" ХХК-ийн татварын талаар танилцуулга хийлээ. Мөн "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан "Оюутолгой" ХХК-тай холбоотой санхүүжилт, зээлийн хүү, далд уурхайн бүтээн байгуулалтын зардал, ашиглалтын хугацаатай холбоотой мэдээллийг өгсөн юм. Дээрх танилцуулга, мэдээллүүдтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, тодруулан, хариулт авахын зэрэгцээ тодорхой санал гаргаж, саналыг дараагийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр тогтсон юм. 

Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбоотой мэдээллийг байгууллага бүр гаргаж, нэгдсэн мэдээллийг Түр хороонд ирүүлэхийг чиглэл болгосноор Түр хорооны хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2021-09-15 12:39
    Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (2021.09.02) хуралджээ. Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төслийг уг зөвлөлөөр хэлэлцээд  дэмжсэн байна. Удахгүй Засгийн газар УИХ-ын намрын чуулганд өргөн мэдүүлж, хэлэлцүүлнэ. Хуулийн төсөлд  гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх заалтыг оруулсан хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотгов. Тэрээр Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх Үндэсний хороог ахалдаг билээ. “Урт” нэртэй уг хорооны гол ажил ийнхүү хуулиар дамжин хэрэгжиж байж биеллээ олох юм.   
  • 2021-09-14 12:14
    ...Супер циклийг март, түүнээс ч цараатай хэмээн эрдсийн зах зээлийн хандлагын талаар Роберт Фридланд ярьжээ. Урьд хожид үзээгүй томоохон хувьсгал гэж “ногоон” эдийн засгийн шилжилтийг тэр тодорхойлов. Тэрээр “Цэвэр эрчим хүчний дэд бүтэц, цахилгаан машин цэнэглэх станцуудын сүлжээ гэх мэт бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх хэрэгцээ өмнөх супер циклийн үеийн хөрөнгө оруулалтаас ч давах нь гарцаагүй. Энэ нь уул уурхайн төслүүд, хөрөнгө оруулагчдад асар их боломжийг нээнэ” гэдэгт итгэлтэй байна.
  • 2021-09-13 10:56
    Ердөө дөрвөн сарын өмнө (2021.03 сар) Сангийн сайд Б.Жавхлан  “Төсөвт тодотгол хийх эсэхийг хэлэхэд эрт байна. Тодотгол хийе гэж иргэд шаардаж байгаа ч энэ бол миний шийддэг асуудал биш. Төсвийн зардал тасалдаагүй, хөрөнгө оруулалт зогсоогүй” хэмээн  мэдэгдэж байлаа. Гэвч цар тахлын халдварын нөхцөл байдал хүндэрч, хилийн боомтууд  хаагдан  улсын эдийн засаг  улам ч эрсдэлд оров. Арга буюу улсын баяр наадмын өмнөхөн (07.08) УИХ төсвөө яаравчлан тодотголоо. 2021 оны макро эдийн засгийн төсөөлөл өнөөдөр анх тооцон төсөвт тусгаснаас өөрөөр “эргэжээ”. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал  энэ оны Төсвийн тухай хуульд баталсан түвшнээс нэмэгдэхээр байгаа нь төсөвт өөрчлөлт оруулахаас өөр гарцгүй байдалд оруулсан юм. Төсвийн алдагдлын хэмжээ бүр ДНБ-ий  8.8%-д хүрч нэмэгдэхээр байна.
  • 2021-09-09 10:57
    Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын (ОҮИТБС) Олон улсын нарийн бичгийн газар, “Нээлттэй өмчлөл” байгууллага, BHP сангийн түншлэлийн хүрээнд “Олборлох салбарыг нээлттэй болгох нь” хөтөлбөрийн цахим хурал өчигдөр боллоо. Энэхүү хөтөлбөрийг байгалийн баялагтай орнуудад хэрэгжүүлснээр олборлох салбарын орлогыг  цөөнхид, тэднийг баяжуулахын төлөө бус хөгжлийн төлөө  л зарцуулагдах нь ач холбогдолтой хэмээн ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн газрын гүйцэтгэх захирал Марк Робинсон цахим форумын нээлтийн үгэндээ онцоллоо. “Энэхүү хөтөлбөр нь улс орнуудын татварын орлогыг нэмэгдүүлж авилгын эсрэг үйл ажиллагааг сайжруулна. Ингэснээр олборлох салбарт зөрчил сөргөлдөөн багасаж, Засгийн газрын орлогыг хөгжлийн төлөө зарцуулах нөхцөлийг бүрдүүлж, байгалийн баялгаас хамааралтай улс орнуудын  ард иргэдийн амьдралын чанар сайжирна” хэмээн тэрээр онцолсон.
  • 2021-09-08 18:11
    Монголын уул уурхайн салбарын хамгийн шилдэг компаниудыг нэгтгэдэг “Mongolia Mining 2021” олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн 10 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгч “ГРАНД МАЙНИНГ ЭКЮПМЕНТ” ХХК-ийн захирал Ж. Эрдэнэбилэгээс тус арга хэмжээнд хэрхэн оролцох талаар нь тодруулсан юм.