Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл
Нүүрсний экспортыг 2020 оны түвшинд барина Энэ онд 42 сая тонн нүүрс экспортлох  зорилт нь 28 сая тонн болж буурахаар байгааг Сангийн сайд Б. Жавхлан учирлав. Нүүрсний экспортын биет хэмжээ буурснаар   төсөвт нүүрсний салбарын   орлого 368 тэрбум төгрөгөөр тасалдах тооцоог   ч Сангийн яам   гаргажээ. 2021 оны төсөвт нүүрсний салбараас нийтдээ 1.34 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тусгасан нь ийнхүү буурч болзошгүй боллоо.  Цар тахлын   тархалт манай улсад  нэмэгдэж байгаа тул Хятадын талаас хилийн хяналтаа чангатгах, цаашлаад хаах хүртэл арга хэмжээг хэд хэдэн удаа авч хэрэгжүүлээд байгаа юм. Хамгийн сүүлд нүүрсний гол гарц болсон Гашуунсухайт-Ганцмод боомтоор   (06.24-07.04) нүүрсний машины нэвтрэлтийг бүрэн зогсоолоо.
Хятад улс стратегийн нөөцөөс дахин зэс, хөнгөн цагаан, цайр худалдана Хятад улс түүхий эдийн үнэ тогтворжуулахаар стратегийн нөөцөөсөө дахин худалдаанд гаргах тухайгаа зарлаад байна. Тус улсын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо (ҮХШХороо) болон Үндэсний хүнс, стратегийн нөөцийн газар энэ сарын сүүлээр 30 мянган тонн зэс, 90 мянган тонн хөнгөн цагаан, 50 мянган тонн цайр гаргах талаар мэдээлжээ.
Эрдсийн зах зээлд ханш түүхэн дээд амжилтыг шинэчиллээ Хямралын дараах аливаа сэргэлтийн үед эрдэс түүхий эдийн ханш огцом өсдөг гэсэн логик бий. Үүний зэрэгцээ ногоон шилжилттэй холбоотой хөтөлбөр, зорилтууд дэлхийн хүчирхэг улс орнуудын бодлогын баримт бичигт тод сийлэгдэх болов. Гэхдээ эрдсийн супер цикл үнэхээр ирсэн үү гэдэгт шинжээчид хоёрдмол байр суурьтай   ч тэдгээрийн дийлэнх нь зэсийн тухайд өөдрөг ирээдүй айсуй гэсэн нэгдмэл санааг илэрхийллээ. Энэ нь мэдээж Монгол шиг зэсийн баяжмал, тунгаасан зэс экспортлогч орны хувьд ашигтай тусна. Тэгвэл ганцхан зэс гэлтгүй цагаан тугалга, төмрийн хүдрийн тухайд түүхэн дээд ханшийн түвшинг тавдугаар сард тогтоолоо. Дээд амжилтаа шинэчлэн тогтоогоогүй боловч хөнгөн цагаан, цайр, хар тугалга, никель гээд голлох металууд бүгд ханш нь өсөлттэй байна.
Зэсийн ханш буурч эхэллээ Дэлхийн зэсийн импортын зах зээлийн тал хувийг дангаараа бүрдүүлдэг Хятад улс стратегийн нөөцөөсөө зарим түүхий эдийг дотоодын үйлдвэрлэгчдэд нийлүүлэхээр болсон тухай зарлаж (2021.06.16) байна. Энэ нь зах зээл дэх нийлүүлэлтийг нэмэгдүүлж, ханшийг бууруулах зорилготой. Үүнд зэс, цайр, хөнгөн цагаан багтана. 2010 оноос хойш Хятадын Засгийн газрын хийж буй анхны алхам гэж шинжээчид үзэж байна. Ингэснээр зэсийн ханш сүүлийн хоёр сарын хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрч, нэг тонн нь 9427 ам.долларт хүрлээ. Тодруулбал зургадугаар сар гарсаар зэсийн ханш Лондоны металын бирж дээр 7.7%-иар буурчээ.
Хятадын коксжих нүүрсний импорт буурчээ Дөрөвдүгээр сард, Хятад улс 3.48 сая тонн коксжих нүүрс импортолжээ. Энэ нь өмнөх гуравдугаар сарынхаас 29.12%-иар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 44.5%-иар тус тус буурсан байна. Импортын дундаж үнэ тонн тутамд 158.86 ам.доллар аж. 2020 оны мөн үеийнхээс 24.74 ам.доллар, гуравдугаар сарын үнээс 26.89 ам.доллараар илүү юм. Тавдугаар сарын 20-ны байдлаар, Хятадын зах зээл дээр коксжих нүүрсний үнэ 7.98%-иар буурч 1782.5 юань хүрчээ.  Оны эхний дөрвөн сард, тус улс нийт 14.74 сая тонн коксжих нүүрс импортолжээ.  
Монголын нүүрс, зэсийн баяжмалын экспорт 600 сая ам.доллараар тасрав Цар тахлын нөлөөлөл 2021 онд Монголын уул уурхайг, тэр дундаа нүүрс, зэсийн салбарыг хүчтэй нэрмэж байна. Нүүрс, зэсийн баяжмалын худалдаа гуравдугаар сарын дунд үеэс эхлэн мэдэгдэхүйц буурах болсноор дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар 600 сая ам.долларын экспортын алдагдал үүсээд байна. Манай улсын хил нэвтрэлт удааширснаар ердөө сар хагасын хугацаанд хамгийн багаар тооцоход 2.74 тонн нүүрс экспортлох боломжоо алджээ. Оны эхний дөрвөн сарын байдлаар 7.3 сая тонн нүүрс экспортолсон  тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Сараар авч үзвэл, өнгөрсөн дөрөвдүгээр сард 641 мянган тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн доогуур дүн боллоо.  
Алтны ханшийн бууралт өсөлтөөр солигдох төлөвтэй Он гарсаар алтны ханш 9%-иар буураад байна. Энэ нь дэлхийн эдийн засаг хэвийн байдалд орох төлөв болон АНУ-ын Засгийн газрын бондын ханш өсч буйтай холбоотой.  Тийнхүү өнгөрсөн оны наймдугаар сард түүхэн дээд хэмжээнд хүрсэн  алтны ханш гуравдугаар сарын хоёрдугаар хагаст  бараг 20%-иар буурсан гэсэн үг. Гэхдээ алтны хөрөнгө оруулагчдын хувьд сэтгэлээр унах цаг болоогүйг шинжээчид санууллаа. Бондын өгөөж нэмэгдсэн ч инфляц өсөх болсон нь алтны ханшид эерэгээр нөлөөлнө. Мэдээж инфляцыг дагаад   алтны ханш шууд өснө гэж үзэх боломжгүй. Гэвч сүүлийн жилүүдэд инфляцийн өсөлт, алтны ханшийн чангаралт шууд хамааралтай байна. АНУ-д энэ онд инфляц 2.4%-д хүрэхээр байгаа нь Холбооны нөөцийн банкны зорилтот түвшин болох 2%-иас дээшлэх юм. Инфляц өндөр байх тусам бондын бодит өгөөж буурч,   алт руу хошуурах явцыг түргэсгэнэ. 
ICSG: 2021-2022 онд зэсийн нийлүүлэлт эрэлтээс давна Олон улсын зэсийн судалгааны групп (ICSG) зэсийн зах зээлд энэ жилээс эхлэн нийлүүлэлт нэмэгдэх хандлагатай болсныг (2021.05.03) мэдээлжээ. Тодруулбал, 2021 онд дэлхийн зэсийн зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл 79 мянган тонн, ирэх онд 109 мянган тоннд хүрэхээр байгааг тус байгууллага тооцоолсон байна. Учир нь энэ онд дэлхийн зэсийн олборлолт 3.5%-иар, ирэх онд 3.7%-иар тус тус өсөх ажээ. 2021-2022 онд Чилид “Quebrada Blanca”, Перу “Quellaveco”, БНАКонго дахь “Камоа- Какула” зэрэг зэсийн томоохон төслүүд ашиглалтад орох гэж байна.
Зэсийн ханш 2011 оны оргил түвшинд ойртлоо Лондоны металын бирж дээр лхагва гаригт тонн зэсийн үнэ 9730 ам.долларын ханштай хаагдсан нь 2011 оны наймдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Он гарсаар тус бирж дээр зэсийн ханш 26%-иар өсчээ. Дэлхийн эдийн засаг цар тахлын дараах сэргэлтийн горимд шилжиж буй нь зэсийн ханшийн өсөлтийг авчирч байна. Мөн Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр тонн зэсийн ханш өчигдөр 9795 ам.долларт хүрчээ.
Фэнвэй Энержи: Монголын нүүрсний экспорт 900 мянган тонн болж буурах төлөвтэй Монгол-Хятадын нүүрсний гол боомт болох Гашуунсухайт-Ганцмодны нэвтрэлт гуравдугаар сарын дундаас огцом буурсан. Учир нь Хятадын талаас КОВИД-19-ийн халдвараас сэргийлэх арга хэмжээгээ эрс чангатгах болсон юм. Цаашид боомтын нэвтрэлт хэдийд сэргэх эсэх нь тодорхойгүй байна. Үүний улмаас дөрөвдүгээр сард Монголын нүүрсний экспорт буурч 900 мянган тоннд хүрэхгүй байх төлөвтэйг Хятадын нүүрсний мэдээллийн “Фэнвэй Энержи” агентлаг мэдээлэв.
Чили хилээ хааснаар зэсийн ханш өсөв Дэлхийн зэс олборлолтоор тэргүүлэгч Чили улс КОВИД-19-ийн дотоодын тархалтыг бууруулах зорилгоор өнгөрсөн пүрэв гаригт (2021.04.01) хилээ хаах болсноо зарласан. Тус улс хилээ хаах болсноор өчигдөр Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр зэсийн ханш тонн тутамдаа 9125 ам.долларт (~4.14 ам.доллар/фунт) хүрч нэмэгдсэн байна. Зэсийн ханш гуравдугаар сарын 23-наас эхлэн буурах хандлагатай байсан нь ийнхүү эргээд өсч эхэллээ. Чилид өдөрт халдвар авах хүний тоо дээд хэмжээнд хүрсэнтэй холбоотойгоор тус улс хилээ хаахаар шийдвэрлэжээ. Дөрөвдүгээр сарын 2-ны байдлаар тус улсад 8079 хүн шинээр халдвар авсан нь дээд хэмжээнд тооцогдсон байна. Ингэснээр Чилийн эрүүл мэндийн салбарт ачаалал эрс нэмэгджээ.
Сэхэ боомт хаагдаж, Ганцмодны нэвтрэлт огцом буурав Хятад улс Сэхэ боомтыг түр хугацаагаар хаагаад байна. Учир нь  гуравдугаар сарын 30-ны өдөр манай улсын нүүрс тээврийн жолоочоос сэжигтэй тохиолдол илэрсэн. Уг нөхцөл байдлаас хамаарч нүүрсний нийлүүлэлт буурч мэдэх болсон тул Хятадын зах зээлд Монголын нүүрсний үнэ өсөх хандлагатай байна. Монгол-Хятадын нүүрсний гол боомтуудын нэг Шивээхүрэн-Сэхэгээр ихэвчлэн хагас коксжих нүүрс экспортолдог. Энэ төрлийн нүүрс нь харьцангуй хямд үнэтэй байдаг. Монголын нүүрсний импортыг зогсоосны дараа Сэхэ хилийн боомтын үйл ажиллагааг хэдийгээр сэргээх нь тодорхойгүй байна.
Трафигура: Зэсийн ханш 15000 ам.долларт хүрнэ Дэлхийн түүхий эдийн худалдааны томоохон байгууллага “Трафигура” нь зэсийн ханш ирэх арван жилд 15 мянган ам.доллар/тонн-д хүрнэ гэж тооцоолжээ. Сүүлийн нэг жилд өрнөсөн зэсийн ханшийн өсөлт нь цар тахлын дараах нийлүүлэлтийн саатал, Хятадын эрэлт нэмэгдсэнтэй холбоотой байсан. Харин цаашид дэлхийн улс орнуудын ногоон шилжилттэй зэрэгцэн зэсийн эрэлт улам бүр өсөх тооцооллыг дэвшүүлж байна. Энэ үйл явц нь хомсдол гүнзгийрч болзошгүйг илтгэнэ. Энэ онд зэсийн ханш 10 мянган ам.долларыг босгыг давна гэсэн төсөөллийг “Трафигура” дэвшүүллээ. Харин урт хугацаандаа 12-15 мянган ам.долларт зэсийн ханш хэлбэлзэнэ гэж тооцоолж байна. Цөөнгүй банкууд энэ онд зэсийн ханш 10 мянган ам.доллар давах төлөвийг дэвшүүлж буй юм.
Зэсийн ханш 2012 оноос хойших дээд үзүүлэлтэд хүрэв Дэлхийн зах зээл дээр зэсийн ханш 2012 оны дөрөвдүгээр сараас хойших дээд үзүүлэлтэд хүрчээ. Тодруулбал, даваа гаригт (2021.02.15) Лондоны металын бирж дээр зэсийн үнэ тонн тутамдаа 8416 ам.доллартай тэнцсэн байна. Тэгвэл 2012 оны хамгийн дээд ханш нь 8655 ам.доллар/тонн-оор тэмдэглэгджээ. Энэ янзаараа зэсийн ханш 2012 оны дээд ханшийн үзүүлэлтийг давахад ойрхон байна. 2021 он гарснаас хойш зэсийн ханш 8.8%-иар өслөө. Нэгдүгээр сарын эхээр Лондоны металын бирж дээр зэсийн үнэ 8000 ам.доллар давж байсан бол сарын сүүлчээр 8000 ам.долларын босгоос доошилсон юм. Гэвч хоёрдугаар сар гарсаар өсөлтөө хадгалж эхэллээ.
2020 он алтны жил байсан бол 2021 онд зэс голлоно 2019 оны үзүүлэлттэй жишихэд, манай улс нүүрснээс бараг тэрбум ам.долларын  экспортын орлого алдсан. Гэхдээ өнгөрсөн жилийн экспортын хэмжээ нь 2013-2015 оны хүнд үетэй харьцуулахад хавьгүй сайн байгааг хэлэх нь зүйтэй. Гагцхүү салбарын өсөлт, тогтвортой байдлын үүднээс авч үзвэл, 2020 он бол нүүрсний экспорт нэмэгдэх бус буурсан жил байсан. Энэ онд ч нүүрсний экспорт төдийлөн ахих дүр зураг харагдахгүй байна. 2020 онд манай улс 28.6 сая тонн нүүрс экспортолсноор 2017 оноос /33.4 сая тонн/ хойших хамгийн доод үзүүлэлтэд хүрлээ. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр эрдэс бүтээгдэхүүний экспорт (алт ороогүй дүнгээр) 2020 онд 5.26 тэрбум ам.доллар буюу  өмнөх 2019 оныхоос даруй 17.6%-иар бага дүнтэй гарсан. Үүнд нүүрсний экспорт голлон нөлөөлсөн.
Дэлхийн зах зээл дээр зэсийн хомсдол үүснэ Оны хоёрдугаар хагаст дэлхийн зах зээл дээр зэсийн хомсдол үүснэ гэж “Citi” банкны шинжээч Оливер Нюжент үзэж байна. Улс орнуудад хөл хорио тогтоож, зам тээврийн хязгаарлалтын улмаас аялал жуулчлал, хоолны үйлчилгээний салбарын орлого буурсан. Гэхдээ нөгөө талдаа ахуйн хэрэглээний, тэр дундаа цахилгаан бараа, компьютер болон гар утасны худалдаа нэмэгджээ. Энэ байдал 2021 оныг дуустал үргэлжлэх төлөвтэй. Үүний сацуу орон сууцны худалдан авалт өсч байна. Эдгээр худалдан авалт нь зэсийн эрэлтийг огцом нэмэгдэхэд нөлөөлж буй.
Нүүрсний экспорт 12 дугаар сарын эхний хагаст 598 мянган тоннд хүрэв Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, энэ оны арванхоёрдугаар сарын эхний хагаст Монгол Улс нийт 598 мянган тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн сарын мөн үетэй харьцуулахад 72%-иар буурсан дүн боллоо. Гэхдээ 2019 оны мөн үетэй харьцуулахад даруй 5%-иар өссөн үзүүлэлт юм. 2020 оны арванхоёрдугаар сарын 15-ны байдлаар, манай улсын нүүрсний экспортын нийт дүн  27.6 сая тонн байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 22%-иар буурчээ. Хятадын нүүрсний импорт оны сүүлээр ихээхэн удаашрах хандлагатай байдаг. Энэ онд ч Хятадын нүүрсний импорт сүүлийн саруудад буурсан тухай хэвлэлүүд мэдээлж байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Хятад 3.72 сая тонн коксжих нүүрсний импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 39.8%-иар буурсан дүн боллоо. Оны эхний 11 сарын байдлаар тус улсын импортын коксжих нүүрс 69 сая тонн байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 5.2%-иар буурлаа.
Зэсийн үнэ 7000 ам.доллар давлаа Дэлхийн зэсийн хоёр дахь томоохон олборлогч улс Перуд сүүлийн хоногуудад улс төрийн тэмцэл хөдөлгөөн өрнөснөөс үүдэн тус улсын нийлүүлэлт тасалдах эрсдэл нэмэгдсэнтэй холбоотойгоор зэсийн үнэ өссөн гэж шинжээчид тайлбарлаж байна. Нөгөөтэйгүүр, Ковид-19-ийн эсрэг 95%-ийн үр дүнтэй вакцинаа АНУ-д бүртгүүлэх хүсэлтээ өгсөн тухай “Pfizer”, “BioNTech” компаниуд өнгөрсөн баасан гаригт мэдэгдсэн нь зэсийн ханшийн өсөлтөд нөлөөлжээ. Тус компани Европ, Австрали, Их Британи, Японд вакцины зөвшөөрөл авахаар хандаад байгаагаа мөн мэдэгдсэн байна.
Эрдсийн зах хөрөнгө оруулагчдыг “соронздов”  Хувьцааг хямд үед нь худалдан авч буцаагаад үнэ хүргэж  зарах байдлаар дэлхийн тэргүүн баян болсон гэгддэг Уоррэн Баффет-ын үйл хөдлөл эрдсийн захын шинжээчдийн анхаарлын төвд байна. Түүний хөрөнгө оруулалтын томоохон компани   “Berkshire Hathaway” сүүлийн саруудад авиа компани болон банк санхүүгийн байгууллагуудад эзэмшдэг хувьцаагаа зарж оронд нь эрчим хүч, үнэт металын чиглэлийн хувьцааны эзэмшлээ тэлэх бодлого барих болжээ. Өөрөөр хэлбэл тэрбээр түүхий эдийн хувьцаанд хөрөнгө оруулах нь нэмэгдэв. Тухайлбал   байгалийн хий дамжуулах хоолой эзэмшдэг АНУ-ын “Dominion Energy” компанийг худалдаж авахаар долдугаар сарын эхээр тохиролцсон нь байгалийн хийн үнэ 1995 оноос хойш байгаагүй хэмжээнд унасан үетэй яг давхцаж байгаа ажээ. Мөн алтны чиглэлийн “Barrick Gold” компанийн хувьцааг наймдугаар сарын дундуур худалдаж авсан байна.
Хятадын нүүрсний импорт есдүгээр сард 38%-иар буурав Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, есдүгээр сард тус улс нийт 18.7 сая тонн нүүрс импортолсон бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 38.34%-иар буурчээ. 2019 оны есдүгээр сард Хятад улс нийт 30.29 сая тонн нүүрс импортолсон байна. Өнгөрсөн есдүгээр сарын нүүрсний импортын үзүүлэлт нь өмнөх наймдугаар сарын үзүүлэлтээс 9.6%-иар буурсан дүн юм. Ийнхүү сүүлийн саруудад нүүрсний импорт буурч буй нь Хятадын далайн боомтуудын нүүрсний импортын энэ оны квот дуусч байгаатай холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна. Хятадын нүүрсний эрэлт буурч байгаа тул нүүрсний ханш ч буурах хандлагатай байгаа аж.
1 2 3 4 5 6 7