Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл
Дэлхийн зах зээл дээр зэсийн хомсдол үүснэ Оны хоёрдугаар хагаст дэлхийн зах зээл дээр зэсийн хомсдол үүснэ гэж “Citi” банкны шинжээч Оливер Нюжент үзэж байна. Улс орнуудад хөл хорио тогтоож, зам тээврийн хязгаарлалтын улмаас аялал жуулчлал, хоолны үйлчилгээний салбарын орлого буурсан. Гэхдээ нөгөө талдаа ахуйн хэрэглээний, тэр дундаа цахилгаан бараа, компьютер болон гар утасны худалдаа нэмэгджээ. Энэ байдал 2021 оныг дуустал үргэлжлэх төлөвтэй. Үүний сацуу орон сууцны худалдан авалт өсч байна. Эдгээр худалдан авалт нь зэсийн эрэлтийг огцом нэмэгдэхэд нөлөөлж буй.
Нүүрсний экспорт 12 дугаар сарын эхний хагаст 598 мянган тоннд хүрэв Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, энэ оны арванхоёрдугаар сарын эхний хагаст Монгол Улс нийт 598 мянган тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн сарын мөн үетэй харьцуулахад 72%-иар буурсан дүн боллоо. Гэхдээ 2019 оны мөн үетэй харьцуулахад даруй 5%-иар өссөн үзүүлэлт юм. 2020 оны арванхоёрдугаар сарын 15-ны байдлаар, манай улсын нүүрсний экспортын нийт дүн  27.6 сая тонн байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 22%-иар буурчээ. Хятадын нүүрсний импорт оны сүүлээр ихээхэн удаашрах хандлагатай байдаг. Энэ онд ч Хятадын нүүрсний импорт сүүлийн саруудад буурсан тухай хэвлэлүүд мэдээлж байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Хятад 3.72 сая тонн коксжих нүүрсний импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 39.8%-иар буурсан дүн боллоо. Оны эхний 11 сарын байдлаар тус улсын импортын коксжих нүүрс 69 сая тонн байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 5.2%-иар буурлаа.
Зэсийн үнэ 7000 ам.доллар давлаа Дэлхийн зэсийн хоёр дахь томоохон олборлогч улс Перуд сүүлийн хоногуудад улс төрийн тэмцэл хөдөлгөөн өрнөснөөс үүдэн тус улсын нийлүүлэлт тасалдах эрсдэл нэмэгдсэнтэй холбоотойгоор зэсийн үнэ өссөн гэж шинжээчид тайлбарлаж байна. Нөгөөтэйгүүр, Ковид-19-ийн эсрэг 95%-ийн үр дүнтэй вакцинаа АНУ-д бүртгүүлэх хүсэлтээ өгсөн тухай “Pfizer”, “BioNTech” компаниуд өнгөрсөн баасан гаригт мэдэгдсэн нь зэсийн ханшийн өсөлтөд нөлөөлжээ. Тус компани Европ, Австрали, Их Британи, Японд вакцины зөвшөөрөл авахаар хандаад байгаагаа мөн мэдэгдсэн байна.
Эрдсийн зах хөрөнгө оруулагчдыг “соронздов”  Хувьцааг хямд үед нь худалдан авч буцаагаад үнэ хүргэж  зарах байдлаар дэлхийн тэргүүн баян болсон гэгддэг Уоррэн Баффет-ын үйл хөдлөл эрдсийн захын шинжээчдийн анхаарлын төвд байна. Түүний хөрөнгө оруулалтын томоохон компани   “Berkshire Hathaway” сүүлийн саруудад авиа компани болон банк санхүүгийн байгууллагуудад эзэмшдэг хувьцаагаа зарж оронд нь эрчим хүч, үнэт металын чиглэлийн хувьцааны эзэмшлээ тэлэх бодлого барих болжээ. Өөрөөр хэлбэл тэрбээр түүхий эдийн хувьцаанд хөрөнгө оруулах нь нэмэгдэв. Тухайлбал   байгалийн хий дамжуулах хоолой эзэмшдэг АНУ-ын “Dominion Energy” компанийг худалдаж авахаар долдугаар сарын эхээр тохиролцсон нь байгалийн хийн үнэ 1995 оноос хойш байгаагүй хэмжээнд унасан үетэй яг давхцаж байгаа ажээ. Мөн алтны чиглэлийн “Barrick Gold” компанийн хувьцааг наймдугаар сарын дундуур худалдаж авсан байна.
Хятадын нүүрсний импорт есдүгээр сард 38%-иар буурав Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, есдүгээр сард тус улс нийт 18.7 сая тонн нүүрс импортолсон бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 38.34%-иар буурчээ. 2019 оны есдүгээр сард Хятад улс нийт 30.29 сая тонн нүүрс импортолсон байна. Өнгөрсөн есдүгээр сарын нүүрсний импортын үзүүлэлт нь өмнөх наймдугаар сарын үзүүлэлтээс 9.6%-иар буурсан дүн юм. Ийнхүү сүүлийн саруудад нүүрсний импорт буурч буй нь Хятадын далайн боомтуудын нүүрсний импортын энэ оны квот дуусч байгаатай холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна. Хятадын нүүрсний эрэлт буурч байгаа тул нүүрсний ханш ч буурах хандлагатай байгаа аж.
Хятад Австралиас нүүрс импортлохгүй Дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч Хятад улс нь Австралиас нүүрс импортлохгүй байх мэдэгдлийг дотоодын цахилгаан станц, гангийн үйлдвэрүүдэд хүргүүлсэн тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Уг шийдвэр нь албан ёсоор нийтэд зарлагдаагүй ч өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр станц, үйлдвэрүүддээ бичгээр бус амаар дуулгасан гэж хэвлэлүүдэд өгүүлжээ. Ингэхдээ аравдугаар сарын 1-нээс эхлэн Австралиас эрчим хүчний болон коксжих нүүрс импортлохгүй байх зааварчилгаа өгсөн аж.
Ж.Золжаргал: Нүүрсний экспортын тоо биш чанарт анхаарлаа хандуулах цаг болсон Эдийн засаг, нийгмийн асуудлуудаар чөлөөтэй ярилцах, хэлэлцэх, харилцан мэдлэг, мэдээллээ солилцох улмаар нэгдсэн ойлголтод хүрэх зорилтоор байгуулагдсан “Эдийн засгийн клуб”-ын энэ удаагийн (2020.10.01) өглөөний уулзалтын зочноор  “Монгол нүүрс ассоциаци”-ийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал оролцлоо. Тэрээр Ковид-19 цар тахлын нөхцөл байдалд Монгол Улсын нүүрсний экспортод тулгарч буй бэрхшээл, цаашдын боломж, шийдвэрлэх асуудлуудын талаар өөрийн байр суурийг хуваалцсан юм. Цар тахлаас сэргийлж манай улс хилээ хааснаар 2020 оны эхний хагаст 8.6 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 52%-иар буурсан үзүүлэлт юм. Наймдугаар сард 4 сая тонн нүүрс экспортолж, энэ оны нийт нүүрс экспортын хэмжээ 15 сая тонн хүрсэн байна. Нүүрсний экспортоос 690 сая ам.долларын орлого олсон ч төсөвт 850 сая ам.долларын орлого алдсан хүндхэн байдлыг даван туулж байгаа юм.
Монголын нүүрсний экспорт 18 сая тоннд хүрэв Он гарсаар есдүгээр сарын 15-ны байдлаар Монголын нүүрсний нийт экспорт 17.74 сая тоннд хүрсэн тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 21%-иар бага дүн юм. Гэхдээ нүүрсний экспорт эрчимтэй өсөх хандлагатай байна. Сарын дүнгээр есдүгээр сарын эхний хагаст 2.56 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн долдугаар сарын нүүрсний экспортын дүнгээс ч давсан үзүүлэлт боллоо. Монголын нүүрсний экспорт өнгөрсөн наймдугаар сараас эрчимтэй нэмэгдэж эхэлсэн бөгөөд энэ нь “Ногоон гарц” түр журмын хэрэгжилттэй холбоотой юм. Нөгөөтэйгүүр Хятадын Өвөрмонгол дахь нүүрсний уурхайнуудын нийлүүлэлт хумигдаж байгаа нь Монголын нүүрсний худалдаа нэмэгдэхэд эерэг нөлөөтэй байна. Мөн Хятадын дотоодод олборлосон сайн чанарын коксжих нүүрсний ханш нэмэгдсэн нь Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг сайжруулах нь тодорхой юм.
Зэсийн ханш 6800 доллар давлаа Лондоны металын бирж дээр өчигдөр (2020.09.15) нэг тонн цэвэр зэсийн ханш 6811 ам.долларын ханштай хаагджээ. Энэ нь 2018 оны зургадугаар сарын 20-наас хойших хамгийн өндөр ханшид тооцогдож байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд зэсийн ханш 4617.5 ам.доллар/тонн-д хүрсэнтэй харьцуулахад даруй 47.5%-иар өссөн гэсэн үг. Зэсийн ханш энэ онд дунджаар 6000 ам.доллар/тонн-ын ханштай байхаар “Fitch” агентлаг таамаглалаа өсгөжээ. Тус байгууллагын өмнөх таамаглалаар, энэ онд зэсийн ханш тонн тутамд дунджаар 5900 ам.доллар байсан юм. Мөн ирэх онд зэсийн ханш дунджаар 6100 ам.доллар/тонн гэсэн өмнөх тооцооллоо 6300 ам.доллар/тонн болгож нэмэгдүүлжээ.
Эрдсийн зах зээлийн хүнд үе ард үлдсэн үү  Шинэ коронавирус эрдсийн зах зээлийг оны эхнээс авахуулаад орвонгоор нь өөрчилж байна. Энэ дунд хамгийн их ашигтай байр сууринд баталгаат хөрөнгө оруулалтад тооцогддог алтыг эс тооцвол бусад эрдсийн хувьд амаргүй байгаа билээ. Гэвч оны хоёрдугаар улиралд ханш харьцангуй өсөх дүр зурагтай болж ирсэн. Цаашид COVID-19-ийн тархалтыг даамжруулалгүй хумиж чадах аваас бодитой өсч мэдэхээр байна. Одоо эрдэс тус бүрээр нөхцөл байдлыг авч үзье.
Зэсийн ханш 6000 ам.доллар давлаа Лондоны металын бирж дээр даваа гаригийн байдлаар (2020.07.06) нэг тонн зэсийн ханш 6112 ам.долларт хүрч хаагдсан байна. Энэ нь өнгөрсөн нэгдүгээр сарын 21-нээс хойших хамгийн өндөр дүн боллоо.  Зэсийн ханш ийнхүү өсч байгаа нь дэлхийн нийт зэс үйлдвэрлэлийн 25%-аас илүү хэсгийг бүрдүүлдэг Чили улсын уурхайчдын дунд шинэ коронавирусийн өвчлөл өндөр байгаа нь голлон нөлөөлж байгаа тухай шинжээчид тайлбарлалаа. Тухайлбал нийт 2433 уурхайчин уг өвчний халдвар авсан болохыг Чилийн зэс олборлолтын чиглэлээр ажилладаг төрийн өмчийн “Codelco” компани мэдээлсэн байна. Улмаар компанийн зэсийн томоохон төсөл болох El Teniente уурхайн өргөтгөлийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоохоор болсон ажээ. 
Коксжих нүүрсний үнэ огцом буурч эхэллээ Далайн тээврээр худалдаалагддаг коксжих нүүрсний нийлүүлэлтэд тэргүүлэх үүрэгтэй оролцдог Австралийн коксжих нүүрсний ханш тавдугаар сар гарсаар огцом буурч эхэллээ. Тодруулбал (2020.04.30-ны байдлаар) коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 130 ам.доллар байсан бол энэ сар гарсаар 107 ам.доллар/тонн болж ганц өдрийн дотор 17.5%-иар буураад байна. Хятадын дотоодын зах зээлийн нөхцөлд коксжих нүүрсний ханш арай бага уналттай байгаа ч өнгөрсөн пүрэв гаригийн байдлаар Далианы түүхий эдийн бирж дээр коксжих нүүрсний ханш сүүлийн дөрвөн сар гаруйн хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрч буурсан юм. Өөрөөр хэлбэл, ганцхан өдрийн дотор 5%-иар буурч 1028 юаньд (145 ам.доллар) хүрсэн нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-наас хойших хамгийн доогуур дүн болж байна.
Коксжих нүүрс, төмрийн хүдэр зах зээлийн савлагаанд хамгийн “өнгөтэй” байна Коронавирусын дэгдэлт нэгдүгээр сард дэлхий нийтэд голомтлон тархаж эхлээгүй байхад шинжээчид нэг аюулыг сануулж байсан юм. Тэр нь хэдийгээр COVID-19 өвчин  Хятадад голомт үүсгэн ихээхэн тархалт өндөртэй байгаа ч, удахгүй бусад оронд шинэ голомт байдлаар тархвал жинхэнэ аюул болох тухай анхааруулга байв. Энэ аюул бодитоор биеллээ олсныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гуравдугаар сарын 11-ний мэдэгдэл баталсан. Энэ өдөр тус байгууллага COVID-19-ийг цар тахал болсныг албан ёсоор мэдэгдсэн билээ. Гэвч үүнээс хавьгүй өмнө нь Өмнөд Солонгос, Япон, Итали, Францад томоохон голомт үүссэн нь тодорхой болоод байсан юм. АНУ-д коронавирусын өвчлөл огцом нэмэгдэх тухай мэдээлэл дөнгөж гуравдугаар сар гараад байх үед хэвлэлүүдээр цацагдаж байв. Харин тухайн үед АНУ-ын төр засаг хэтэрхий удаан хөдөлж байсныг хэлэх хэрэгтэй. 
Зогсох эрхгүй нүүрсний салбарын тооцоолоогүй “тулгаралт” Оны эхний хоёр сарын байдлаар нүүрсний салбараас улсын төсөвт оруулах орлогын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 21.4% буюу 39.4 тэрбум төгрөгөөр буурч 144.9 тэрбум төгрөгт хүрсэн тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам мэдээллээ. Гэхдээ энэ бол нүүрсний салбарт сонсогдож буй хамгийн муу мэдээ биш юм. Учир нь оны эхний хоёр сар хагасын байдлаар Монголын нүүрсний экспорт биет хэмжээгээр болон орлогын дүнгээр 47%-иар буурчээ. Одоо экспортыг сэргээх ажил Монголын Засгийн газар, олборлогч компаниудын өмнө ид тулгараад байна.
Орос: Газрын тосны гарцаа танахад бэлэн Газрын тосны үйлдвэрлэлээ бууруулах асуудлаар ОПЕК болон ОХУ-ын хооронд ирэх пүрэв гаригт (2020.04.09) уулзалт хийж, шийдвэр гаргах төлөвтэй байна. Энэхүү уулзалт өнгөрсөн даваа гаригт болох хүлээлттэй байсан ч уулзалтын тов хойшилсон юм. Гарц танах тухай шийдвэрийг угтаад зах зээлд газрын тосны үнийн өсөлт өнгөрсөн пүрэв гаригаас эхлэн ажиглагдах болсон. Дөрөвдүгээр сарын 2-нд Брэнт газрын тосны ханш баррель тутамдаа 24 ам.доллараас 36 ам.доллар болж өсчээ. Өнөөдрийн байдлаар (2020.04.07) Брэнт маркийн газрын тосны ханш 33 ам.долларын түвшинд хэлбэлзэж байна.
Чалко: Хятадад Монголоос коксжих нүүрс импортлох хэрэгцээ их байна “Монгол Нүүрс ассоциаци” дэлхий дахинд тархаад буй коронавирусын улмаас Монголын зогсонги байдалд ороод буй коксжих нүүрсний экспортын цаашдын төлөв, Хятадын нүүрсний импортын төлөв байдлыг хэлэлцэхээр олборлогч болон худалдан авагчдын төлөөллийг оролцуулсан онлайн хурал (2020.03.26) зохион байгууллаа. Уг хуралд Монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Нүүрс ассоциаци, дотоодын нүүрс олборлогч компаниудын төлөөлөл, Хятадын талаас импортлогч компаниуд, нүүрсний мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцсон юм. Хурлын үеэр цаашид Монголын нүүрсийг импортлох хэрэгцээ Хятадын талд их байгаа ч шинэ коронавирусын дэгдэлтээс нөхцөл байдал шууд хамаарахыг тус улсын худалдан авагч  компаниудын төлөөлөл ярьж байна.
Зэсийн ханш 5200 ам.доллар болж буурав Монголын экспортын хамгийн гол түүхий эд болсон зэсийн ханш Лондоны металын бирж дээр өчигдрийн байдлаар 5205 ам.доллар/тонн-ын ханштай хаагдсан байна. Энэ нь 2016 оны арваннэгдүгээр сараас хойших ханшийн хамгийн доогуур түвшин боллоо. Зэсийн ханш нь дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг илтгэх үндсэн металд тооцогддог. Хэдийгээр зэсийн ханшийн түвшин бусад эрдэс түүхий эдтэй харьцуулахад харьцангуй уналт багатай буюу 5500 ам.долларын түвшинд хэлбэлзэж байсан ч ийнхүү буурах хандлагатай болж ирлээ. Зэсийн ханш буурч байгаа нь даваа гаригт (2020.03.16) COVID-19-ийн тархалтын улмаас Хятадын эдийн засаг ихээхэн агшсан тухай мэдээлэл цацагдсантай холбоотой. Тус улсын аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний гарц оны эхний хоёр сарын байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13.5%, экспорт 13%, жижиглэнгийн худалдаа 20.5%-иар тус тус буурчээ.
Газрын тосны ханш огцом суларч 32 ам.доллар боллоо Өнөөдрийн байдлаар (2020.03.09) Брэнт маркийн газрын тосны ханш 30%-иар (13.29 ам.доллараар) буурч 32 ам.доллар боллоо. Энэ нь 2016 оны хоёрдугаар сараас хойших хамгийн бага ханшийн түвшин болж буй төдийгүй сүүлийн бараг 30 жилд тохиогоогүй огцом уналтаар тооцогдож байна. Ханш буурч буй нь коронавирусын дэгдэлтээс бус ОПЕК болон түнш орнуудын хагарлаас болсон гэж хэлж болно. Тодруулбал, ОПЕК болон ОХУ-ын хооронд газрын тосны “тулаан” эхэлсэн байж болзошгүй гэж зарим шинжээч үзэж байна. Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ОПЕК болон хамтрагч орнуудын хооронд өнгөрсөн баасан гаригт (2020.03.06) Австрийн Вена хотноо болсон хурлаар зөвшилцөлд хүрч чадаагүй юм. Уг хурлын үеэр тус байгууллагын одоогийн хэрэгжүүлж буй газрын тосны гарц танах хөтөлбөрийн хугацааг сунгах санал дэмжигдээгүй байна. Хөтөлбөрийн хугацаа дөрөвдүгээр сарын 1-нд дуусгавар болно.
Алтны ханш 1600 ам.доллар давлаа Хятад болон Ази тивийн бусад оронд коронавирусын тархалт нэмэгдэж буйн улмаас дэлхийн зах зээл дэх алтны ханш 1631 ам.доллар болж өсчээ. Энэ нь сүүлийн 7 жилийн дээд түвшинд тооцогдож байна. Хоёрдугаар сарын 14-нд зах зээл дэх алтны үнэ 1577 ам.доллар/унц байсан юм. Коронавирусын дэгдэлтийн улмаас эдийн засагт үүсэх нөлөөллийг арилгах зорилгоор Хятад улс мөнгөний зөөлөн бодлого явуулах болсон ч алтны ханш үргэлжлэн өссөөр байна. Энэ долоо хоногийн пүрэв гаригт Хятадын Ардын банк бодлогын хүүгээ бууруулах шийдвэр гаргасан юм.  
Эрдсийн зах 2020 оныг хатуухан эхлэв Дэлхийн тэргүүлэх хоёр гүрэн өөр хоорондын худалдааны маргааныг шийдвэрлэх эхний шатны гэрээг оны эхэнд буюу нэгдүгээр сарын 15-нд АНУ-ын Цагаан ордонд талууд үзэглэсэн. Уг үйл явдал нь эрдсийн түүхий эдийн зах зээлд, ялангуяа зэс, газрын тосны хувьд ихээхэн таатай мэдээ болсон билээ. Хэдийгээр талуудын гэрээний нөхцөл шинжээчдийн хүлээлтэд төдийлөн хүрээгүй ч  зах зээлд яах аргагүй эерэг уур амьсгал оруулсан. Гэтэл энэхүү гэрээ зурагдахаас өмнө хүмүүсийн төдийлөн анзаараагүй   нэгэн үйл явц эхэлсэн   нь Хятадын төв хэсэгт орших Хүбэй мужийн Ухань хотод анх тогтоогдсон онц аюултай халдварт өвчин байв. Тэр нь шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчин болох нь удалгүй тодорсон. Энэхүү вирусээр тус улсад арванхоёрдугаар сараас нэгдүгээр сарын сүүл гэхэд 4000 орчим хүн өвдөж 100 гаруй хүн нас бараад байгаа юм.
2 3 4 5 6 7 8