Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Эрдсийн зах хөрөнгө оруулагчдыг “соронздов” 

Б.Төгс

Хувьцааг хямд үед нь худалдан авч буцаагаад үнэ хүргэж  зарах байдлаар дэлхийн тэргүүн баян болсон гэгддэг Уоррэн Баффет-ын үйл хөдлөл эрдсийн захын шинжээчдийн анхаарлын төвд байна. Түүний хөрөнгө оруулалтын томоохон компани   “Berkshire Hathaway” сүүлийн саруудад авиа компани болон банк санхүүгийн байгууллагуудад эзэмшдэг хувьцаагаа зарж оронд нь эрчим хүч, үнэт металын чиглэлийн хувьцааны эзэмшлээ тэлэх бодлого барих болжээ. Өөрөөр хэлбэл тэрбээр түүхий эдийн хувьцаанд хөрөнгө оруулах нь нэмэгдэв. Тухайлбал   байгалийн хий дамжуулах хоолой эзэмшдэг АНУ-ын “Dominion Energy” компанийг худалдаж авахаар долдугаар сарын эхээр тохиролцсон нь байгалийн хийн үнэ 1995 оноос хойш байгаагүй хэмжээнд унасан үетэй яг давхцаж байгаа ажээ. Мөн алтны чиглэлийн “Barrick Gold” компанийн хувьцааг наймдугаар сарын дундуур худалдаж авсан байна. Дараагаар нь Японы томоохон худалдааны компаниуд болох Иточу, Марубени, Сумитомо, Мицүи, Мицүбиши зэрэг компани бүрийн 5%-иас илүү хувьцааг худалдаж авснаа зарласан юм. Тэрбээр Японы компаниудын хувьцаанд 6 тэрбум ам.доллар зарцуулсан бол алтны компанийн хувьцаа худалдан авахад 500 сая ам.доллар, хийн хоолойн компанид 4 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулжээ. Товчхондоо түүний хөрөнгө оруулалт түүхий эд рүү чиглэх болсон байна. 

Түүхий эдийн ханш цаашид өсөх хандлагатай байна. Тухайлбал гуравдугаар сард газрын тосны ханш баррель нь 20 ам.доллар байсан нь одоо 40 ам.доллар давсан. Байгалийн хийн ханш ч мөн оны хамгийн өндөр түвшинд хүрчээ. Зэсийн ханш 4600-6800 ам.доллар хүрч өслөө. Мөнгөний ханш хоёр дахин түүнээс ч илүү хувиар өсөөд байгаа юм. Алтны ханш он гарсаар 30%-иар өссөн байгаа бөгөөд наймдугаар сард түүхэн дээд амжилт тогтоож 2000 ам.доллар/унц-ын босго давсан. Тэгэхээр цаашид биднийг 2011 онд тохиосон шиг түүхий эдийн ханшийн огцом өсөлт хүлээж байж болохыг хэлэх шинжээчид олон. 

Дэлхийн улс орнуудын төв банк болон засгийн газар цар тахлаас үүдэн сульдсан эдийн засгаа тэтгэхээр бэлэн мөнгийг урьд хожид байгаагүй их хэмжээгээр зах зээлд нийлүүлэхийн хэрээр урт хугацаанд инфляц өсөх төлөвтэй байгаа юм. Ийм нөхцөлд түүхий эдийн хөрөнгө оруулалт илүү их сонирхол татахуйц, ашигтай хувилбар болж эхэллээ. 

Австралийн коксжих нүүрсний ханш есдүгээр сард өсч эхлэв

Есдүгээр сард Австралийн коксжих нүүрсний ханш нэлээд өсөлттэй байгаа бол Хятадын зах зээлд коксжих нүүрсний ханш харьцангуй тогтвортой байна. Metalbulletin-ийн мэдээлж буйгаар аравдугаар сарын эхний долоо хоногт Хятадад тэмдэглэх Үндэсний баярын өдрүүдийн дараа тус улсын  гангийн үйлдвэрүүд нөөц бүрдүүлэх үүднээс худалдан авалтаа нэмэгдүүлнэ. Энэ нь далайн тээврээр нийлүүлдэг коксжих нүүрсний ханшид эерэгээр нөлөөлнө гэж худалдаачид үзэж байна. Иймд Австралийн коксжих нүүрсний ханш цаашид аажмаар өсөх хүлээлт  бий. 
 
Хятадад коксжих нүүрсний ханш харьцангуй тогтвортой байгаа ч Өвөрмонголын Ухай орчимд нүүрсний ханш нэмэгдэх хандлагатай байна. Есдүгээр сарын дунд үеийн байдлаар Хятадын зах зээлд Монголын Гашуунсухайт боомтоор импортолсон түүхий коксжих нүүрс 800-830 юань/тонн, угаасан коксжих нүүрс  1010-1050 юань/тонн-оор арилжаалагдсан тухай “Фэнвэй Энержи” мэдээлжээ. Энэ нь үндсэндээ тонн тутамд 20-30 юаниар өссөн үзүүлэлт юм. Хятадын нүүрсний эрэлт тогтворжиж, нийлүүлэлт хангалтгүй байгаа нь цаашид богино хугацаандаа Монголын коксжих нүүрсний ханш өсөх төлөвтэй. 
 
Гэхдээ Австралийн нүүрсний импортод Хятад   нь хязгаарлах бодлого баримтлах шинжтэйг хэвлэлүүд мэдээлж байна. Монголын тухайд нүүрсний экспорт өсөх хандлагатай байгаа ч оны сүүлийн сарууд   хэрхэх нь энэ үед эргэлзээ дагуулна.
Хятадын нүүрсний олборлолт өнгөрсөн наймдугаар сард өмнөх сарынхаасаа 2.48%-иар нэмэгдэж 325.81 сая тоннд хүрсэн тухай тус улсын Үндэсний статистикийн газар мэдээллээ. Гэхдээ энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.1%-иар буурсан дүн юм. 

Наймдугаар сард Хятадад Шэнси мужид хийсэн уурхайн аюулгүй ажиллагааны хяналт шалгалт, Өвөрмонголд нүүрс олборлолтын квот тогтоох, мөн компаниудад авлигын асуудлаар шалгалт хийх зэргээр нүүрсний олборлолт буурах хүчин зүйлс олон байжээ. Энэ нь нүүрс импортлогч Монгол зэрэг улсад ашигтай тусах нь дамжиггүй.  
Гэхдээ Хятадад нүүрс олборлолт оны хоёрдугаар хагаст нэмэгдэх таамгийг тус улсын Нүүрсний үндэсний ассоциаци мэдэгджээ. 
Оны эхний найман сарын байдлаар тус улс 2.45 тэрбум тонн нүүрс олборлосон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.1%-иар буурсан байна. 2020 оны эцэс гэхэд нийт нүүрс олборлолт 3.9 тэрбум тонныг давах төлөвтэй байна.
Харин наймдугаар сард тус улсын нүүрсний импорт 20.66 сая тоннд хүрчээ. Нүүрсний импортын уг үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 37.29%-иар, өмнөх долдугаар сараас 20.83%-иар тус тус буурсныг Хятадын Гаалийн ерөнхий газар мэдээлсэн байна. 
Оны эхний найман сарын байдлаар тус улсын нүүрсний нийт импорт 220.75 сая тоннд хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.2%-иар өсчээ. Энэ онд нүүрсний импортыг 300 сая тонноос давуулахгүй байх болов уу гэж шинжээчид таамаглаж байна. Гэхдээ Хятадын дотоодын нүүрсний нийлүүлэлт хумигдвал импортын нүүрсний квотыг нэмэгдүүлэх магадлал өндөр. 

Төмрийн хүдрийн ханшийн төлөвийг өсгөв

“Голдман Сакс” банк төмрийн хүдрийн ханшийн таамгаа есдүгээр сард нэмэгдүүлсэн байна. Тухайлбал дөрөвдүгээр улиралд төмрийн хүдрийн үнэ дунджаар 105 ам.доллар/тонн  гэж таамагласан нь өмнөх төлөв 80 ам.доллар/тонн-оос нэмэгдсэн дүн боллоо. Мөн уг түүхий эдийн үнэ ирэх онд тонн тутамд дунджаар 80 ам.доллар байна гэсэн таамаглалаа 90 ам.доллар болгож өсгөжээ. Ханш өсч буй нь төмрийн хүдрийн томоохон олборлогч “BHP”, “Рио Тинто” компанийн хувьцааны үнэлгээнд сайнаар нөлөөлж байна. Он дуустал төмрийн хүдрийн зах зээлд түр хугацааны нийлүүлэлтийн илүүдэл үүсч магадгүй ч ирэх онд үндсэндээ зах зээлд эрэлт нийлүүлэлт тэнцэх  болно гэж тус банк тооцжээ. Учир нь Хятадын гангийн үйлдвэрлэл өсч, бусад томоохон эдийн засагтай орнуудад гангийн үйлдвэрлэл нэмэгдэнэ гэж харж байна. 

Хятадын гангийн үйлдвэрлэл наймдугаар сард түүхэн дээд түвшинд хүрч өссөн ч есдүгээр сард удаашрах төлөвтэй болж ирснийг тус улсын Үндэсний статистикийн газар мэдээллээ. Өнгөрсөн долдугаар сараас хойш барилгын салбарынханд олгох зээлийн нөхцөлийг чангатгах болсон нь эрэлтэд сөргөөр нөлөөлжээ. Наймдугаар сард гангийн үйлдвэрлэл тус улсад 94.85 сая тоннд хүрсэн нь өмнөх сарынхаасаа 1.6%-иар,  өмнөх оны мөн үеийнхээс 8.4%-иар тус тус нэмэгдсэн юм. Оны эхний найман сарын байдлаар тус улс нийтдээ 688.89 сая тонн ган үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 3.7%-иар дээшилсэн дүн юм. Ган үйлдвэрлэл есдүгээр сарын эхний арав хоногт өдөрт дунджаар 2.96 сая тонн байсан нь наймдугаар сарын гуравдугаар арав хоногийн үзүүлэлтээс 0.6%-иар буурсан ч өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.4%-иар өссөн  тухай Хятадын Ган, төмрийн холбоо мэдээлсэн байна. 
“S&P Global Platts” байгууллагаас Хятад улс энэ онд 1.035-1.045 сая тонн ган үйлдвэрлэнэ гэж төсөөлж байгаа нь 2019 оны үр дүнгээс 4-5%-иар өснө гэсэн үг юм. Өмнө нь тус байгууллага Хятадын ган үйлдвэрлэлийн хэмжээ энэ онд 2%-ийн өсөлттэй гарна гэж тооцоолж байсан юм.

Хятадын хувьд оны эхний улиралд эдийн засаг нь 6.8%-иар буурсан ч хоёрдугаар улиралд 3.2%-иар өссөн. Оны хоёрдугаар хагаст эдийн засаг нь 5%-иар өсөх боломжтой бөгөөд оны нэгдсэн дүнгээр 2-3%-иар өсч мэднэ гэж тус улсын хэвлэлүүдэд өгүүлжээ. 
Төмрийн хүдрийн үнэ есдүгээр сарын 14-ний даваа гарагт Хятадын барилга болон аж үйлдвэрийн салбарын сэргэлттэй холбоотойгоор сүүлийн зургаан жил хагасын хугацаан дахь дээд хэмжээнд хүрч 129 ам.доллар/тонн-той тэнцлээ. Төмрийн хүдрийн ханшийн тухайд он гарсаар даруй 41%-иар өсөөд байна. 
Хятад  2021-2025 оны 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөний хүрээнд жил бүр 5.5%-ийн өсөлтийг бий болгохоор зорьж ажиллах болсноо мэдэгджээ. Гэхдээ энэ нь өмнөх таван жилийн төлөвлөгөөний дундаж өсөлт болох 6.5%-иас буурсан дүн  юм. Уг өсөлтөөр тооцвол Хятадын өнөөгийн эдийн засаг жил бүр 750 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэсэн үг. Харьцуулбал жил бүр Саудын Араб, Швейцарь эсвэл Аргентины эдийн засгаас ч томоохон хэмжээгээр тэлнэ. Хятадын эдийн засгийн өсөлтийн үйл ажиллагааны дийлэнх нь гангийн эрэлт өндөртэй салбаруудад тухайлбал дэд бүтэц, барилга, тээврийн салбарт төвлөрөхөөр байгаа юм. 

Citigroup-ийн мэдээлснээр төмрийн хүдрийн ханш энэ онд 100-120 ам.доллар/тонн-ын түвшинд байх бол ирэх онд 110 ам.доллар/тонн-д хэлбэлзэх төлөв бий. Энэ онд дэлхийн гангийн хэрэглээ 1%-иар буурна гэсэн төсөөллийг тус банк дэвшүүлээд байсан бол одоо эсрэгээр 1-2%-иар өснө гэсэн таамгийг дэвшүүлэх болжээ. 
Хятадын улсын үйлдвэрлэлийн PMI үзүүлэлт өнгөрсөн долдугаар сард 52.8%-тай байсан бол наймдугаар сард 53.1%-д хүрсэн нь 2011 оны нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн байна. 
 
Fastmarkets MB-ийн тооцоолж буйгаар оны сүүл хагаст төмрийн хүдрийн ханш буурах шинжтэй болно гэж үзэж байна. Хятадын төр засгийн эдийн засгаа идэвхижүүлэх санхүүжилтийн үр дүнд хурдацтай сэргэлт ажиглагдсан. Гэвч оны үлдсэн хугацаанд төрийн дэмжлэг буурах хүлээлттэй байгаа нь гангийн үйлдвэрүүдэд хүндхэн тусч мэдэх ажээ. Гангийн үйлдвэрүүдийн зуухнуудын хүчин чадлын ашиглалт буурч, томоохон боомтуудын агуулах дахь төмрийн хүдрийн нөөц буурах үзэгдэл аль хэдийнэ ажиглагдаад эхэлжээ.  


Зэсийн ханш өсөлтийн шатанд гарав

Зэсийн ханш есдүгээр сарын дундуур 2018 оны зургадугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрч 6800 ам.доллар/тонн-ын шугамыг давсан. Ингэснээр зэсийн үнэ бараг АНУ-Хятадын худалдааны дайны өмнөх түвшинд хүрч өсөөд байсан юм. 
Гэхдээ есдүгээр сарын 23-наас эхлэн зэсийн ханш буурсан нь Америкийн ажилгүйдэл өндөр байгаа, түүхий эдийн эрэлт сул байх тухай нэгдүгээр улсын төв банкны төлөөлөл мэдэгдсэнтэй холбоотой. Энэ өдөр Лондоны металын бирж дээр аж үйлдвэрийн бусад голлох метал болох хөнгөн цагаан, цагаан тугалга, никелийн ханш дунджаар 1.8%-иар буурчээ. Мөн ханшийн бууралтад ам.долларын ханш чангарсан нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна. 

Аж үйлдвэрийн голлох метал зэсийн ханшийн төлөвийг “Fitch” агентлаг энэ онд 6000 ам.доллар/тонн-ын дундаж ханштай байна гэж тооцооллоо өсгөв. Өмнө нь тус агентлаг  зэсийн ханшийг 5900 ам.доллар/тонноор  таамаглаж байсан юм. 
Зэсийн ханшийн өсөлт нь цаашид Хятадын Засгийн газрын эдийн засгийг идэвхжүүлэх хөтөлбөр хэрэгжихийн хэрээр уг металын эрэлт нэмэгдэх төлөвтэй уялдана гэж тус байгууллага тооцоолж байна. Мөн дэлхийн эдийн засгийн сэргэлтээр нөхцөл байдал сайжирна гэж үзжээ. 
 
Оны эхний найман сарын байдлаар Хятад улсын цэвэр зэсийн импорт 4.27 сая тонн хүрч өмнөх оны мөн үеийнхээс 38%-иар өссөн байна.  
“Fitch”-ийн тухайд мөн ирэх оны зэсийн ханшийн төлөвийг 6100 ам.доллар/тонн байсныг 6300 ам.доллар/тонн болгож нэмэгдүүлсэн байна. Тус байгууллага ирэх онд зэсийн ханш одоогийн түвшнээс бага зэрэг буурна гэж үзсэн нь уурхайнуудын нийлүүлэлт нэмэгдэж, тогтворжихтой холбоотой гэнэ.
Тус байгууллага урт хугацаанд зэсийн зах зээлд эрэлт нийлүүлэлтээсээ давах төлөвтэй байгаа нь зах зээлд ханш өндөр байх нөхцөл болно гэж үзсэн байна. 

Газрын тосны ханш 2021 онд 60 ам.доллар/баррель-д хүрнэ

Брэнт маркийн газрын тосны ханш есдүгээр сарын 18-нд баррель тутамдаа 43.4 ам.долларт хүрлээ. Ингэснээр газрын тосны ханш тухайн долоо хоногт 40-43 ам.доллар болж өссөнөөр өнгөрсөн зургадугаар сараас хойших хамгийн өсөлттэй долоо хоног боллоо. 
Ийнхүү газрын тосны ханш өссөн нь ОПЕК-ийн гишүүн орнууд болон түнш орнуудын уулзалт есдүгээр сарын 17-нд болсонтой холбоотой. Уулзалтаар хамгийн том гишүүн орон   Саудын Араб бусад гишүүн орныг газрын тосны үйлдвэрлэлээ тохиролцсон квотын хэмжээнд барихыг тодорхой сануулсан байна. Учир нь тавдугаар сарын 1-нээс хойших хугацаанд ОПЕК-ийн гишүүн болон хамтрагч орнуудын газрын тосны гарц тогтоосон квотоос 2.37 сая баррель/өдөр-өөр илүү байжээ. Иймд тосны гарцыг квотын хэмжээнд барих саналыг ОХУ ч дэмжсэн байна. Энэ дагуу гишүүн орнууд есдүгээр сард газрын тос олборлолтоо 2.37 сая баррель/өдөр-өөр танах үүрэгтэй. Улмаар он дуустал илүү олборлосон хэсэгтэйгээ дүйцэхүйц хэмжээгээр гарцаа бууруулах үүргийг гишүүн болон гишүүн бус орнууд хүлээж байна. Тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн гэрээний дагуу ОПЕК-ийн гишүүн болон түнш орнууд 5-7 дугаар сард гарцаа 9.6-9.7 сая баррель/өдөр-өөр, 8-12 дугаар сард 7.7 сая баррель/өдөр-өөр, 2021 оны эхнээс 2022 оны дөрөвдүгээр сарын хооронд 5.8 сая баррель/өдөр-өөр тус тус бууруулахаар тогтсон билээ. Гарц бууруулах алхмыг хэрэгжүүлэхдээ олборлогч орнууд (ОХУ, Саудын Арабыг эс тооцвол) 2018 оны аравдугаар сарын гарцыг суурь болгож байгаа юм.

Энэ уулзалтын дараа   газрын тосны зах зээлд цаашид уналт биш ханшийн өсөлт ирэх төлөв тодорсон. Гэхдээ одоо зах зээлд ОПЕК-ийн орнуудын нийлүүлэлтийн хэмжээ гэхээсээ илүүтэй эрэлтийн сөрөг төлөв гол нөлөө үзүүлж буйг шинжээчид тайлбарлаж байна. 
Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) дэлхийн газрын тосны эрэлт энэ онд 91.7 сая баррель/өдөр-т хүрэх таамаг дэвшүүлсэн нь өмнөх оны дүнгээс 8.4 сая баррель/өдөр-өөр буурахаар байна. Өнгөрсөн наймдугаар сарын тайландаа IEA газрын тосны эрэлтийн бууралт 8.1 сая баррель/өдөр-өөр хэмжигдэнэ гэж тооцоолж байжээ. 

ОПЕК ч есдүгээр сарын тайландаа дэлхийн газрын тосны эрэлтийн тухайд өнгөрсөн наймдугаар сард гаргаж байсан таамгаа бууруулж 90.2 сая баррель/өдөр болгожээ. Ийнхүү эрэлтийн төлөвийг бууруулж буй нь цар тахлын хоёрдугаар давалгаа ихэнх улс оронд хүчтэй явагдаж, өвчлөгсдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотой. Гэхдээ ханшийн цаашдын төлөв тийм ч муугүй. 
Citi банкны тооцоолж байгаагаар ирэх онд газрын тосны ханш 60 ам.доллар/баррель-д хүрэхээр байна. Газрын тосны ханшийн энэхүү таамаг ирэх оны сүүлээр хэрэглээ өсч, нийлүүлэлтийн илүүдэл арилах үед биеллээ олно гэж тус банк үзжээ. Өсч буй эдийн засагтай орнууд газрын тосны эрэлтийг ирэх оны сүүлээр цар тахлын өмнөх түвшинд хүргэхэд гол үүрэгтэй байх болно гэж тус банк тайлбарлажээ. Гэхдээ ирэх онд Брэнт маркийн газрын тосны ханш дунджаар 55 ам.доллар/баррель байх болов уу гэсэн таамгийг дэвшүүлж байна. 

“Голдман Сакс” банк  ирэх оны гуравдугаар улиралд газрын тосны ханш 65 ам.доллар/баррель-д хүрч магадгүй гэж тооцсон байна. Өөрөөр хэлбэл тус банк газрын тосны ханшийн өсөлтийн төлөвт илүү итгэлтэй байгаа юм. Ирэх хавар улс орнуудад шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг хийх магадлал өндөр байна. Хэрэв энэхүү таамаг биелбэл эдийн засаг өсч, улмаар газрын тосны эрэлтийг тэр дундаа иргэний нисэхийн салбарыг сэргэхэд нөлөөлнө гэж үзжээ.