Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Газрын тосны ханш буурч эхэллээ

Брэнт маркийн газрын тосны ханш баррель тутамдаа 81.33 ам.доллар болж буураад байна. Өнгөрсөн долоо хоногт Брэнт маркийн газрын тосны ханш 86 ам.доллар/баррельд хүрч өсөөд байсан юм. Гэсэн ч газрын тосны ханш олон жилийн дунджаас хавьгүй өндөр түвшинд тогтсон хэвээр байна.

Ханш буурахад хоёр хүчин зүйл голлон нөлөөллөө. АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлаг тус улсын газрын тосны нөөц өнгөрсөн долоо хоногт 3.3 сая баррельд хүрснийг дэлгэсэн нь шинжээчдийн тооцоолсон 2.22 сая баррелиас өндөр дүнтэй гарсан байна.

Нөгөөтэйгүүр газрын тосны томоохон олборлогч Ирантай Цөмийн хэлэлцээрийг сэргээхтэй холбоотой яриа хэлцлийг АНУ болон дэлхийн бусад таван том гүрэн дахин эхлүүлэхээр болоод байгааг өчигдөр Тегеран зарлалаа. Хэрэв уг яриа хэлэлцээр амжилттай болбол Ираны газрын тосны экспортод АНУ-аас тавьсан хоригийг цуцлах хүлээлт зах зээлд үүсээд байгаа юм. Энэ сарын 29-нд Австрийн Вена хотноо Цөмийн хэлэлцээрийг сэргээх чиглэлээр талууд хэлэлцэж эхэлнэ. Энэ яриа хэлэлцээр Ираны Ерөнхийлөгч Ибрагим Раисийн хүчин чармайлтаар үр дүнд хүрэх өндөр магадлалтайг шинжээчид онцоллоо.

Зах зээлд ханш өндрөөр тогтсон үед газрын тосны нийлүүлэлтийг цаашид огцом өсгөхгүй байх бодлогыг ОПЕК болон түнш орнууд баримтлах төлөвтэй бөгөөд АНУ-ын занарын тос олборлогчид ч гарцаа нэмэгдүүлэхийг яарахгүй болов уу гэсэн төсөөлөл бий. Гэсэн ч нөгөө талд олборлолтоо нэмэгдүүлэх компаниудын цуваа бас бийг шинжээчид анхаарууллаа.

 

 

Б.Төгс