Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого
“Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулна Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2021.05.05) “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулахаар шийдвэрлэв. Энэхүү цогцолборыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт байгуулах аж.  Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Эрдэнэт үйлдвэр”-т олгож байна. Тус үйлдвэр нь 1.8 их наяд төгрөгөөр зэсийн баяжмал хайлах, боловсруулах, Засвар механикийн, исэлдсэн хүдэр боловсруулах, хүхрийн хүчлийн болон эмулсийн тэсрэх бодисын үйлдвэр барина. Төсөл хэрэгжсэнээр эхний 20 жилд 46 их наяд төгрөгийн орлого олж, 3.9 их наяд төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллан төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар төлнө гэж тооцжээ. 
Х.Нямбаатар: Монголын тал сөрөг нэхэмжлэл гаргасныг Нью-Йоркийн тал шалгаж байна Түр хорооноос өгсөн чиглэл, Засгийн газрын 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу “Оюутолгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч буюу “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” болон “Туркойс Хилл Ресурсес Лимитед” компанийг арбитрын ажиллагааны оролцогчоор татах хүсэлтийг арбитрын бүрэлдэхүүнд гаргаж, дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнд, “Оюутолгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөнөөс Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах, мөн “Оюутолгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Оюутолгой төсөлтэй холбогдуулан зохион байгуулсан авлига, хээл хахуулийн схемийн улмаас Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах тухай гэлээ.
2030 оноос цэнгэг усыг уул уурхайн зориулалтаар ашиглахыг хязгаарлана Усны салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан УИХ-ын хаврын ээлжит чуулганы цахим хуралдаанд (2021.04.30) мэдээлэл хийсэн юм. Говийн бүсэд ашигт малтмалын олборлолт эрчимжиж, аж үйлдвэрлэлийн гол түшиц газар болгохоор төлөвлөж байгаа хэдий ч өсөн нэмэгдэх усны хэрэгцээг хангахуйц нөөцгүйн улмаас усны хомстол нүүрлэх, улмаар үйлдвэрлэлийн хүчин чадлыг хязгаарлах нөхцөл байдал үүсч болзошгүй байгааг тэрээр мэдээлэлдээ онцлов. Ялангуяа 2030 он гэхэд цэнгэг усыг уул уурхайн зориулалтаар ашиглахыг хязгаарлах, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийг хатуу мөрдүүлэх замаар усны нөөцийг бохирдох, хомстохоос сэргийлэхээр төлөвлөж байгаа аж.
Үндэсний баялгийн болон Хуримтлалын нэгдсэн сангууд байгуулах асуудлаар хуралджээ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2021.04.29)Үндэсний баялгийн сан, Хуримтлалын нэгдсэн сангийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн гишүүдтэй зөвлөлдөх уулзалт хийжээ. Уулзалтаар төсөл тус бүрийн Ажлын хэсгийн ахлагч нар төсөл боловсруулалтын ажлын явцын мэдээллийг танилцуулсан байна. Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг дэмжиж төрөлжүүлэх, дэд бүтцэд хөрөнгө оруулж өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх болоод дундаж давхаргыг бий болгох зорилготой Хөгжлийн санг байгуулах талаар УҮХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал танилцуулжээ.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн ерөнхий гүйцэтгэгчийг тодруулна Монгол Улсын эрчим хүчний салбарын тулгамдсан асуудал бол эх үүсвэр. Өнөөдөр эрчим хүчний эх үүсвэрийн бүтэц алдагдаад байгаа бөгөөд үүнийг төрөлжүүлэх шаардлага тулгараад буй. Улсын хэмжээнд нүүрсээр ажилладаг станцууд голлодог учраас оргил ачааллын үед ажиллах тохируулгын станцууд, усан станц, хуримтлуурын станцуудыг бий болгох ёстой хэмээн Эрчим хүчний яамныхан үзэж байна. Энэ хүрээнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх ажил эхэлж байгааг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх онцолжээ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь  90МВт суурилуулсан хүчин чадалтай ажиллаж, жилийн нийт үйлдвэрлэл нь 366 сая.kВт байх бөгөөд  баруун таван  аймгийн хэрэгцээг бүрэн хангаж  эрчим хүчний их ачааллын үед Төвийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах бололцоо бүрдэх юм.  
Тавантолгойн нүүрсний баяжуулах үйлдвэрийг байгуулах ажил III улиралд эхэлнэ Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2021.04.28) “Таван толгойн ордыг ашиглах үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталсан байна. Тогтоолд Тавантолгойн үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтад багтаж буй төслүүд, нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг тус тус  техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу энэ оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлж, гүйцэтгэлийг эрчимжүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болгожээ. Тавантолгойн ордын нүүрсийг нэмүү өртөг шингээн баяжуулж, эрдэс баялгийн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх замаар ордын үнэ цэнийг өсгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар хураамж орлогыг нэмэгдүүлэхэд энэхүү үйлдвэрийг ашиглалтад оруулах нь чухал болохыг онцолсон байна.
Ерөнхий сайд боомтуудын үйл ажиллагаатай танилцана Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх долоо хоногт хилийн боомтуудын нөхцөл байдалтай танилцахаар төлөвлөжээ. Энэ тухайгаа тэрээр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг (2021.04.26)хүлээн авч уулзах үеэр хэлсэн байна. Тус уулзалтаар Ерөнхий сайд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтэй дөрөвдүгээр сарын 7-ний өдөр утсаар ярьсан ажлууд бодит ажил хэрэг болж байгаад БНХАУ-ын Засгийн газар, ард түмэнд талархаж буйгаа Хятадын Элчин сайдад илэрхийлжээ. 
Оюутолгой төсөлтэй холбогдох татварын маргаанд сөрөг нэхэмжлэл гаргана Засгийн газрын Ажлын хэсэг хуулийн фирмтэй тогтмол харилцаж, хариу тайлбарыг үндэслэлтэй бэлтгэн эцэслэж байна. Монгол Улсын эрх ашгийг хангуулах, Засгийн газрын байр суурийг хамгаалах зорилгоор гурван асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж үзэн, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох төрийн байгууллагад сөрөг нэхэмжлэл гаргах эрх олгож, зохих арга хэмжээ авах чиглэл өглөө. Үүнд "Рио Тинто", "Туркойз Хилл Ресурс" компани  гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байж болзошгүй, Оюутолгой төсөлтэй холбогдуулж нийтийн албан тушаалтнууд хууль зөрчин, эрх мэдлээ урвуулан ашиглах замаар гадаадын хөрөнгө оруулагч талд илт давуу байдал олгосон байж болзошгүй асуудал багтаж байна. 
Оюутолгойд 2.3 тэрбумын нэмэлт санхүүжилт авахыг үл дэмжих, Лондоны шүүхэд хариу нэхэмжлэл яаралтай гаргах үүрэг, чиглэл өглөө Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто Интернэшнл Холдингс” компаниудын зүгээс Оюутолгой ордын далд уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахад зориулан 2.3 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт авахаар тохиролцсонтой холбогдуулан Түр хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл өгөх болон Оюутолгойн гэрээ, байгаль орчин, татварын асуудлаар мэдээлэл сонсох гэсэн хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцуулав.
Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэнэ Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх тухай "Зүүнбаян төмөр зам" ХХК-ийн Ахлах мэргэжилтэн Э.Удвал мэдээлэл өгчээ. Тус хуулийн төслийг Зам тээвэр хөгжлийн яамнаас өнгөрсөн оны тавдугаар сард Засгийн газарт өргөн барьсан байна. Нийт 11 бүлэг бүхий энэхүү хуулийн төсөл батлагдснаар төмөр замын тээврийн сүлжээ, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөдлөх бүрэлдэхүүн чингэлэгтэй холбоотой харилцаа болон бусад олон асуудал хуульчлагдах аж. 
“Оюутолгой”-н хэлэлцээ эхэллээ Оюутолгой төсөлтэй холбоотой хоёр талын хэлэлцээр өнөөдөр (2021.04.12)Төрийн ордонд эхэлж байна. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Ажлын хэсэг болон хөрөнгө оруулагч тал “Рио Тинто” компанийн Зэсийн группын Гүйцэтгэх захирал Б.Болд тэргүүтэй төлөөлөгчид уулзалт хийлээ. Уулзалтаар Оюутолгой төслийн үр өгөөж, хэрэгжилтийг сайжруулах асуудлыг хэлэлцсэн талаар Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цахимаар мэдээлэв.
Ерөнхийлөгч Оюутолгойн арбитрын маргаанд сөрөг нэхэмжлэл гаргах тухай зарлиг гаргав Ерөнхийлөгч Оюутолгойн асуудлаар арбитрт сөрөг нэхэмжлэл гаргах тухай зарлигийн төслийг Засгийн газарт хүргүүллээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр (2021.04.09) УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож үг хэллээ. Тэрбээр “Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Ард иргэд ээ, Миний бие өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн төслийг хүргүүллээ.
“Оюутолгой” компанийн төлсөн татварын өрөөр иргэн бүрт 300 мянган ₮ хуваарилна Засгийн газар ээлжит бусаар хуралдан 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр боллоо. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан иргэн бүрт 300 мянган төгрөгийг дэмжлэг болгож өнөөдрөөс дансанд нь шилжүүлж эхлэхээр шийдвэрлэлээ. Шаардагдах хөрөнгийг Оюутолгой компанийн төлсөн татварын өр болох нэг их наяд гаруй төгрөгөөс гаргах юм. 
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг хоёрдугаар улирлаас барьж эхэлнэ Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв /салбар төмөр зам, ачих байгууламж/-ийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг нь боловсруулан баталгаажуулж, хоёрдугаар улиралд багтаан барьж эхэлнэ. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил нэвтрэх цэг, шилжүүлэн ачих байгууламж барих талаар хятадын талтай энэ сард харилцан тохиролцох, боомттой холбоотой асуудлыг “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-т энэ онд нэмэлтээр тусгахыг холбогдох сайд нарт даалгахаар Засгийн газрын ээлжит (2021.04.07) хуралдаанаар шийдвэрлэлээ.
Тавантолгойн станцад 808 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.04.02) үдээс хойших нэгдсэн хуралдаанд  Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, эрчим хүчний найдвартай, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцуулав.
Оюутолгойн хэлэлцээр хийх Ажлын хэсэг ажлын явцаа танилцууллаа УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы (2021.04.01) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 45 дугаар захирамжаар байгуулагдсан “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюутолгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс хэрэгжүүлж буй ажлын явцын талаарх мэдээллийг сонсов.
Ирэх долоо хоногт Засгийн газар “Рио Тинто”-той Оюутолгойн хэлэлцээрийг эхлүүлнэ Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” компанитай хэлэлцээрийн ширээний ард суухаар бэлтгэж буй тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд, Оюутолгойн гэрээг сайжруулах Ажлын хэсгийн ахлагч  Х.Нямбаатар (2021.03.26) танилцууллаа. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Ажлын хэсэг болон “Рио Тинто” компанийн төлөөлөл хоорондын хэлэлцээрийг ирэх долоо хоногт эхлүүлнэ” хэмээн мэдэгдэв. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын Ажлын хэсэг хэлэлцээрт бэлтгэн нэлээд олон удаа хуралдаж, хэлэлцээрээр ярих асуудлуудаар саналаа (2021.03.27) нэгтгэж буй аж. Ингээд ирэх долоо хоногийн эхээр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцээрийн удирдамжийг батлуулахаар төлөвлөжээ.  
Хүнд үйлдвэрлэлийн дэд хорооны хуралдаанаар салбарын бодлого, хэрэгжилтийг хэлэлцжээ УИХ-ын Хүнд үйлдвэрлэлийн дэд хорооны хуралдаанаар (2021.03.24) хүнд үйлдвэрлэлийн салбарын бодлогын баримт бичиг болох Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого болон Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөрт тусгагдсан ажлуудын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал танилцуулжээ.
Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслийн Ажлын хэсэг хуралдав УУХҮ-ийн сайдын зөвлөх Р.Очбадрах ахалсан Ажлын хэсгийн хоёр дахь удаагийн хурал (2021.03.22) болжээ. Тус хуралд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Сангийн сайд Б.Жавхлан нар оролцож хуулийн төсөлд реформын шинжтэй томоохон асуудлыг тусгах шаардлагатай байгааг онцолсон байна. Хуулийн төслийн үзэл баримтлал, агуулга холбогдох бусад хуулиудтай хэрхэн уялдах, хийгдсэн судалгааны ажлуудын талаар Ажлын хэсгийн гишүүдтэй санал бодлоо солилцжээ. Ажлын хэсэгт УУХҮЯ, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, АМГТГ, Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын экспортлогчдын холбооны төлөөллүүд багтаж байна.
Оюутолгойн “шинэ дүрэм” Оюутолгой төслийн хэлэлцээрт эргэлт гарч эхэллээ. Төслийг Монголын талд илүү өгөөжтэй болгох чиглэл рүү нөхцөл байдал эргэсэн мэт харагдана. Учир нь “Рио Тинто” компани гэрээг өөрчлөхөд нээлттэй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн  юм. Компанийн хуучин захирал Жан Себастьян Жак зөвхөн гэрээний хүрээнд зөвшилцөх боломжтой гэдэг байсан нь ийнхүү шинэ захирал Якоб Стаусхолмын үед уян хатан байр сууриар солигдов. “Рио Тинто”-гийн хувьд Оюутолгой  нь  хамгийн өсөлттэй төслийн тоонд багтаж явдаг. Энэ төслийн уурхайн олборлолтын зардал бага, хүдрийн металын агуулга өндөртэй   нь Оюутолгойг “шар тос” болгож буй давуу талууд юм. Мөн  ногоон металын    хувьд зэс  уул уурхайн томоохон компанийн үйл ажиллагааны бүтцэд багтсан байх нь ихээхэн ач холбогдолтой. Иймд Оюутолгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх хугацаа ойртсон энэ үед “Рио Тинто”-ийн “чих зөөлөрч”  байна. 
4 5 6 7 8 9 10