Оюутолгой төсөл Монголд үр өгөөжтэй байх ёстойг Ерөнхий сайд илэрхийллээ

2021-11-22 19:16

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгой” төслийн яриа хэлэлцээтэй холбогдуулж “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм болон бусад төлөөллийг хүлээн авч, уулзалт хийлээ. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, яриа хэлэлцээ тодорхой үр дүнд хүрэх шаардлагатай байгааг онцоллоо.

Тухайлбал, гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсон асуудалд “Рио Тинто” компани хариуцлага хүлээж, шаардлагатай нэмэлт зардлыг санхүүжүүлэх ёстойг анхааруулж, төрийн эзэмшлийн 34%-д ногдох өрийг тэглэж, Монгол Улс тус төслөөс ногдол ашиг авах нөхцөлийг бүрдүүлж ажиллах хэрэгтэйг дурдлаа. Мөн байгуулагдсан цагаасаа хойш маргаан дагуулдаг Дубайн гэрээ буюу “Оюутолгой” төслийн Гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг ойрын үед цуцлахад “Рио Тинто” компани анхаарах, цаашид “Оюутолгой” төслийг харилцан ашигтай, Монголын ард түмний эрх ашигт нийцсэн нөхцөлөөр хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг “Рио Тинто” компанид санууллаа. Мөн Монгол Улсад ирэх үр өгөөж 2010 оны ТЭЗҮ-д үндэслэж гарах нь зөв гэлээ.

“Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмын зүгээс Монгол Улс дахь үйл ажиллагаандаа анхаарч, аль болох ил тод, нээлттэй хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж харилцан итгэлцэлд суурилсан хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхэд бэлэн буйгаа илэрхийллээ.   

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь буюу 2020 оны арванхоёрдугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэж байхдаа Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагчийн хувиар “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирлаар тухайн үед дөнгөж томилогдоод байсан Якоб Стаусхольмтой цахим уулзалт хийж, “Оюутолгой” төсөлтэй холбогдуулж Засгийн газраас байгуулсан Ажлын хэсгийг ахалж байх хугацаандаа баримталж байсан бодлого, байр суурь огт өөрчлөгдөөгүй гэдгээ илэрхийж байсан. Энэ удаагийн уулзалтаар ч мөн байр сууриа нотлон хэллээ. 
 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 11 цаг 16 минутын өмнө
    ​​​​​​​Хятадын нүүрсний нийт импорт өнгөрсөн арваннэгдүгээр сард 35.05 сая тоннд хүрсэн тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Нүүрсний импортын үзүүлэлт өмнөх оны мөн үед 11.67 сая тонн байсантай харьцуулахад гурав дахин, өнгөрсөн аравдугаар сард 26.94 сая тонн байсантай харьцуулахад 30.1%-иар тус тус өссөн байна. Ингэснээр Хятадын нүүрсний импорт он гарсаар хамгийн өндөр үзүүлэлтэд хүрлээ.
  • 14 цаг 50 минутын өмнө
    Баянхонгор аймагт хэрэгжүүлж буй Баян хөндий алтны үндсэн ордын төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг БОАЖЯам баталсан тухай "Эрдэнэ Ресурс Девелопмент" компани (2021.12.07) мэдээллээ. Уг үнэлгээг “Eco Trade” ХХК дотоодын болон олон улсын стандартын дагуу боловсруулсан байна. Компанийн хувьд одоо бүтээн байгуулалтын бэлтгэл ажилдаа орох боломжтой боллоо.
  • Уржигдар 15 цаг 59 минутад
    Нүүрсний экспорт оны эхний 11 сарын байдлаар 15.2 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс даруй 43.8%-иар буурсан боловч орлогын дүнгээр 2.6 тэрбум ам.доллартай дүйсэн нь мэдэгдэхүйц өсөлттэй байна. Ийнхүү нүүрсний экспортын орлого нэмэгдэх болсон нь зах зээл дэх үнийн өсөлттэй холбоотой. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн арваннэгдүгээр сард манай улс 1.71 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн гуравдугаар сараас хойших хамгийн өндөр дүн боллоо.
  • Уржигдар 11 цаг 13 минутад
    “Build Mongolia 2022” үзэсгэлэн ирэх оны дөрөвдүгээр сарын 22-24-нд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа спортын ордонд хоёр дахь удаагаа зохион байгуулагдана. Үзэсгэлэнд дэлхийн улс орнуудын дэд бүтцийн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулна. Бүтээн байгуулалтын салбарын хамгийн шилдэг техник технологийг танилцуулахаар гадаадын болон дотоодын 100 гаруй аж ахуй нэгж оролцоно. Мөн үзэсгэлэнг зорин ирэх хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгч нар болоод бусад зочдод Монголын барилга, уул уурхай, эрчим хүч, зам тээврийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар тус бүрийн тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг явуулна.
  • 2021-12-06 10:48
    Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” компани Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дахь ураны Зөөвч-Овоо ордод 2021 оны долдугаар сараас үйлдвэрлэлийн туршилт хийж байна. “Бадрах энержи” компанийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардын хэлснээр  одоо өдөр­төө  25 кг уран олборлож байгаа ажээ. Үйлдвэрлэлийн туршилтыг 2022 оны эцэс хүртэл хийх бөгөөд энэ хугацаанд 20 гаруй тонн уран олборлох төлөвлөгөөтэй. Үйлдвэрлэлийн туршилтын үр дүнгээр нарийвчилсан ТЭЗҮ-д шаардлагатай өгөгдөл, мэдээллийг авахаас гадна техник, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүлийг баталгаажуулна.