Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Бүс ба зам” Олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний форумд оролцох үеэр БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэнтэй хэлэлцээр хийлээ. Хэлэлцээрийн хүрээнд, БНХАУ-ын талаас, Монгол Улсын бараа Замын-Үүд-Эрээн боомтоор дамжин улмаар Хятадын нутаг дэвсгэрээр далайн боомт хүртэл төмөр замаар тээвэрлэхэд 50%-ийн хөнгөлөлт олгохоор болсноо албан бичгээр мэдэгдэв. Талууд, хоёр улсын хооронд өсөн нэмэгдэж буй тээврийн хэрэгцээг хангахад Эрээн боомтын ачаа хүлээн авах, хил нэвтрүүлэх хүчин чадал хүрэлцэхгүй байгаагаас шалтгаалан дамжин өнгөрөх болон экспортын ачаа Монгол Улсад олон хоногоор саатаж байгааг цэгцлэх хэрэгтэйг онцоллоо. Түүнчлэн хоёр улсын хооронд хийгдэж буй авто тээврийн үйлчилгээг хэрхэн сайжруулах тал дээр санал солилцов.