Дэлхийн банкнаас есдүгээр сард боловсруулан гаргасан “Уул уурхай ба Оюун ухаан: Байгалийн баялгийн өгөөжийг институц болон хүний хөгжилд чиглүүлэх нь” тайландаа Монголын хөгжлийн одоогийн загварыг задлан шинжилжээ. Уг тайланг өнөөдөр (2020.09.17) танилцуулсан бөгөөд Монгол Улсын эдийн засаг нь уул уурхайн салбарт бус оюун ухаан, институцийн хөгжил рүү чиглэх ёстойг онцолсон байна. Тайланд тооцсоноор, сүүлийн хорин жилийн хугацаанд манай улс эрдэс баялгийн орлогын 1 ам.доллар тутмаас ердөө нэг центийг үр хойчдоо хуримтлуулжээ. Монгол Улс 2008 оноос эхлэн төсвийн зарлагаа огцом нэмэгдүүлж, улмаар хуримтлалгүй өдий хүрсэн байна. Энэ бүхэн нь манай улс эрдсийн зах зээлийн мөчлөг дагасан бодлого явуулж ирсний тод илрэл юм. Гэхдээ 2017 оноос эхлэн Байгалийн баялгийн санд бага зэрэг хөрөнгө хуримтлуулах болсон нь сайшаалтайг тайланд тэмдэглэжээ.