Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Хуурай замын боомт байгуулахад НҮБ-ын дэмжлэг хүслээ

А.Халиун


Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдөр /2023.02.28/ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын  гүйцэтгэх нарийн бичгийн дарга Хат. Армида Алисжабанатай уулзаж, хуурай боомт байгуулах, томоохон төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллахаар тохиролцлоо.
 
Уулзалтын эхэнд сайд С.Бямбацогт  “Монгол Улс нь АНДЭЗНК-оос санаачилсан Азийн авто замын сүлжээ, Транс-Азийн төмөр замын сүлжээ, хуурай боомтын хэлэлцээр зэрэг Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдэд нэгдэн орж, идэвх санаачилгатай ажиллаж байна.
 
Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам нь бодлогын хүрээнд төмөр зам, авто зам, авто тээвэр зэрэг тээвэр логистикийн бүхий л салбарын үйл ажиллагааг өргөжүүлэн тэлж байна. Өнгөрсөн жил Цагааннуур-Ховд-Ярант чиглэлийн АН-4 чиглэлийн тээврийн коридорыг нээж, тээвэрлэлт  эхэллээ. Түүнчлэн үндэсний төмөр замын сүлжээ өргөжин тэлж, энэ жил баруун босоо Арцсуурь-Шивээхүрэн, зүүн босоо Эрээнцав-Бичигт чиглэлд төмөр замын төслийг эхлүүлэхээр болов.
 
Бид ачаа тээвэрлэх, нэвтрүүлэх хүчин чадал болон дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх, шуурхай нэвтрүүлэхийн тулд хуурай боомт байгуулах шаардлага тулгарч байна. Эхний ээлжинд нийслэлд буюу Хөшигийн хөндийн нисэх буудал, Алтанбулаг, Замын-Үүдэд байгуулан, цаашдаа баруун чиглэлд Ховд, зүүн чиглэлд Дорнод аймагт хуурай боомт байгуулахаар төлөвлөж байна.

Иймд Монгол Улсад байгуулах хуурай боомтын ТЭЗҮ-ийг боловсруулах, дэд бүтцийн холболт, үйл ажиллагааны цар хүрээг тодорхойлох, хуваарилах, хөрөнгө оруулалт, тээвэр логистикийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах үүднээс дараах техникийн туслалцааны төслүүдийг хамтран хэрэгжүүлэхийг хүссэн байна.
 
 Түүнчлэн АНДЭЗНК-ын Азийн авто замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт Ховд-Алтай-Баянхонгор-Арвайхээр-Мандалговь-Чойр чиглэлийн авто замыг нэмэлтээр тусгаж, Азийн авто замын сүлжээний албан ёсны чиглэл болгон оруулахад анхаарч дэмжиж өгөхийг хүсэв.
 
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын  гүйцэтгэх нарийн бичгийн дарга Хат.Армида Алисжабана Монгол Улс тээвэр, логистикийн хөгжилдөө ихээхэн анхаарч томоохон бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлж байгааг сайшаагаад, хуурай боомт байгуулах, төмөр замын төслүүдэд техникийн болон шаардлагатай бүх талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийлжээ.