Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

10 жилийн дараа дэлхийн эдийн засаг хоёр төвд хуваагдаж магадгүй


Дэлхийн эдийн засаг 10 жилийн дараа хоёр төвд хуваагдаж магадгүй гэж Оросын санхүүгийн нөлөө бүхий шинжээч, эдийн засгийн ухааны доктор Михаил Беляев “Lenta”-д ярилцлага өгөхдөө онцолжээ. Түүний тодорхойлсноор энэ нь баруунд АНУ, дорно дахинд Хятад эдийн засгийн хүчин чадлаараа ноёрхох ажээ.

Онолын хувьд ОХУ энэ өрсөлдөөнд оролцох боломжтой, үүнд эдийн засгийн ухаалаг менежмент шаардлагатай бөгөөд харамсалтай нь одоогоор ийм боломж байхгүй гэжээ. Тэрбээр “Урт хугацааны эдийн засгийн таамаглал гаргах амаргүй байдаг. Гэсэн хэдий ч АНУ, Хятад хоёр дэлхийд давамгайлах нь гарцаагүй. Хятад улс эдийн засгийн салбар дахь амжилтаа сурталчлахыг эрмэлздэггүй ч энэ нь  тус улс эдийн засгийн оновчтой бодлогоор хурдацтай хөгжиж байгааг нь мэдэхэд саад болохгүй. Тэдний гол ололт амжилт бол дотоодын нийт бүтээгдэхүүний огцом өсөлт, техникийн дэвшлийг зээлж, ашиглах, өөрийн эдийн засагт суулгах явдал гэдгийг судлаачид санал нэгтэй хэлж байгаа. Шинжлэх ухаан, технологийн бүхий л дэвшлийг “хураан авах” нь тэдний зорилго байх болно” гэж ярьжээ.

Үүнээс гадна Хятад улсыг дэлхийд тэргүүлэхэд нөлөөлөх чухал хүчин зүйл бол гадаад эдийн засгийн нөлөөлөл, хөрөнгийн тархалтыг оновчтой зохицуулах, хөрөнгө оруулалтыг ашиг өгөх боломжтой салбарт оруулах явдал юм. Санхүүгийн шинжээчийн үзэж байгаагаар энэ нь юуны түрүүнд Африк тив байх бөгөөд тэндэхийн ашигт малтмалын арвин нөөц нь Хятадын бүтээн байгуулалтад шаардагдах материал, техникийн бааз суурийг бүрдүүлэх ажээ.

Михаил Беляев “Хятад улс хүчний төв шинэ болж улс орнууд нэгдэж байна. Мэдээжийн хэрэг, би Европын тухай яриагүй, тэд одоогийн байр сууриа хадгалах гэж л зүтгэхээс өөр гарцгүй. АНУ ч гэсэн өрсөлдөөнд тэсч үлдэхийг хичээж байна. Вашингтон одоо байгаа цэрэг зэвсгийн хүчин чадал, улс төрийн нөлөө, долларын ханш дэлхийн эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэсээр байгаадаа л найдаж байна. Гэвч удахгүй дэлхий эдийн засаг хоёр төвд хуваагдах болно. АНУ-ын хяналтад байдаг баруун хэсэг, Хятадын хяналтад байдаг зүүн хэсэг” гэж нэмж хэлэв.

Онолын хувьд ОХУ улс энэ өрсөлдөөнд оролцох боломжтой гэж Михаил Беляев үзэж байна. “Бидэнд шаардлагатай бүх нөөц, нутаг дэвсгэрийн ашигтай байрлал бий. Гэвч хүссэн үр дүнд хүргэх эдийн засгийн оновчтой бодлого алга. Жилд ДНБ-ий 2-3%-ийн өсөлтийг бид барьж байна. Маргаашнаас эдийн засгийн бодлогоо оновчтой болгосон ч гарааны байр суурь бага учраас 10 жилийн дараа ч АНУ, Хятадыг гүйцэхгүй. Үүнээс гадна Индонез, Вьетнам, БНСУ, Энэтхэг, Зүүн өмнөд Азийн бусад орнуудтай өрсөлдөх хэрэгтэй болно” гэжээ.

Р.Ренчин