Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
АНУ-ын төв банк бодлогын хүүгээ 0.25%-иар өсгөв АНУ-ын төв банк бодлогын хүүгээ 2018 оноос хойш анх удаа өсгөж буйг тус банкны тэргүүн Жером Пауэлл (2022.03.16) мэдэгдлээ. Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 0.25%-иар нэмэгдүүлснээр хүүгийн хэмжээ 0.25-0.5%-тай болж байна. Он дуустал тус банк дахин зургаан удаа бодлогын хүүгээ нэмэгдүүлж оны эцэс гэхэд 1.9%-д хүргэж магадгүй байна. Энэ нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын төсөөллөөс даруй нэг хувиар илүү дүн болохыг хэвлэлүүд онцоллоо. Залгуулаад 2023 онд ч дахин гурван удаа бодлогын хүүгээ өсгөж 2.8%-д хүргэх зураглал тодорлоо.
Хятадын үйлдвэрлэлийн идэвхжил суларсан дүнтэй гарлаа Хятадын үйлдвэрлэлийн салбарын PMI (Purchasing Managers' Index) үзүүлэлт оны эхний сард 50.1-тэй гарсан байна. Энэ нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын үзүүлэлт болох 50.3-тай харьцуулахад өсөлт буурсныг илтгэнэ. Хэрэв PMI үзүүлэлт 50-иас дээш гарвал өсөлттэй, бага бол бууралттайд тооцогддог. Ийнхүү үйлдвэрлэлийн салбарын өсөлт буурч байгаа нь зарим дэд салбарын хувьд оргил идэвхитэй улирал өнгөрсөн төдийгүй зах зээл дэх эрэлт суларсантай холбоотойг тус улсын Үндэсний статистикийн газар мэдэгджээ.
Хятадын төв банк эдийн засгийн өсөлтийг дэмжихээр зээлийн хүүг бууруулав Хятадын төв банк голлох зээлийн хүүгийн түвшинг бууруулах шийдвэрээ танилцуулсан (2022.01.20) байна. Тодруулбал тус улсын арилжааны банкуудаас олгодог нэг жилийн хугацаатай зээлийн хүүг 0.1%-иар буюу 3.80% байсныг 3.70%, таван жилийн хугацаатай зээлийн хүүг 4.65% байсныг 4.60% болгож бууруулжээ. Нэг жилийн хугацаатай зээлийн хүүг өнгөрсөн арванхоёрдугаар сард буулгасан бол таван жилийн хугацаатай зээлийн хувьд өнгөрсөн 2020 оны дөрөвдүгээр сараас хойш хүүг доошлуулсан анхны тохиолдол боллоо. Хятадын арилжааны банкуудын шинэ зээл олголтын хүүгийн түвшин төв банкнаас тогтоосон нэг жилийн хугацаатай (LPR) зээлийн хүүний хувиар тооцогддог байна. Харин таван жилийн хугацаатай зээлийн хүү нь ипотекийн зээлийн хүүгийн түвшинг тогтооход суурь болдог ажээ.
Газрын ховор элемент тойрсон улс төр АНУ-ын батлан ​​хамгаалахын гэрээлэгчдийг 2026 он гэхэд Хятадаас газрын ховор элемент худалдаж авахыг зогсоож, стратегийн ашигт малтмалын байнгын нөөцийг бүрдүүлэх агуулгатай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт Сенатад өргөн барьсан нь олны анхаарлыг татаж байна.
Хятадын эдийн засаг 8.1%-иар өслөө Хэдийгээр цар тахлын нөлөө их байсан ч 2021 онд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 8.1%-иар нэмэгдсэнийг тус улсын Үндэсний статистикийн газраас мэдээллээ. 2021 онд Хятадын эдийн засгийн эргэлтийн хэмжээ 114 их наяд юань буюу 18 их наяд ам.доллар давжээ. Аж үйлдвэрийн салбар 8.2%-иар буюу 7.1 их наяд ам.доллар, хөдөө аж ахуйн салбар 7.1%-иар өсч, 1.3 их наяд орчим ам.долларт хүрч, үйлчилгээний салбар 8.2 хувиар (9.59 их наяд ам. доллар болж) өссөн байна.
Хятад Цагаан сараар нефтийн нөөцөөсөө хэрэглэнэ Нефтийн дэлхийн зах зээлийн үнийг бууруулахын тулд АНУ бусад томоохон хэрэглэгчидтэй хамтран ажиллаж байгаа билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Стратегийн нефтийн нөөцөөс чөлөөлөгдөх” боломжийн талаар олон улстай хэлэлцээ хийж байгаа нь үр дүнтэй байна. Энэ төлөвлөгөөний хүрээнд БНХАУ үндэсний стратегийн нөөцдөө байгаа түүхий нефтийг Цагаан сарын баяраар ашиглахаар тохиролцсон тухай Reuters агентлаг мэдээллээ.
Польш улс Оросын газрын тосноос татгалзахаар шийджээ Оросын түүхий эдээс олон жил хараат байсан Польшийн нефтийн зах зээлд ойрын хугацаанд томоохон өөрчлөлт гарах гэж байна. Үүний шалтгаан нь Польшийн “Orlen” компанийн Саудын Арабын газрын тосны “Saudi Aramco” компанитай байгуулсан гэрээтэй холбоотой гэж “Коммерсант”-д бичжээ.
Казахстан уран, газрын тос зэрэг ашигт малтмалд шинээр татвар ногдуулна Уран, зэс, төмрийн хүдэр, цайр зэрэг ашигт малтмалд нэмэлт татвар ногдуулах, мөн газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчдийн ашгийн тодорхой хэсгийг авч байх саналыг Казахстаны Эдийн засгийн хөгжлийн сайд Алибек Куантыров Засгийн газрын хуралдаандаа өчигдөр /2022.01.12/ танилцуулсныг "Курсив" сонин мэдээллээ.
ОХУ-ын эрчим хүчний экспорт 2.3 дахин өсчээ Олон улсын эрчим хүчний зах зээлийн томоохон тоглогчдын нэг ОХУ-ын эрчим хүчний экспорт 2020 онтой харьцуулахад өнгөрсөн онд 2.3 дахин өсчээ. “Известия” сонинд бичсэнээр тус улс 2021 оны арванхоёрдугаар сард л гэхэд 2.7 тэрбум кВт эрчим хүч экспортолсон байна.
Европын холбоо байгалийн хий, цөмийн эрчим хүчийг “ногоон” ангилалд оруулна Европын холбоо байгалийн хий, цөмийн эрчим хүчний эх үүсвэрийг тодорхой нөхцөл хангасан тохиолдолд "ногоон" ангилалд оруулах тухай саналыг урьдчилсан байдлаар (2021.12.31) танилцууллаа. Европын холбоо ногоон хөрөнгө оруулалтын жагсаалтыг боловсруулж гаргасан байдаг ч эдгээр хоёр эх үүсвэрийг нэмж оруулах асуудал эцэслэгдээгүй байгаа юм. Байгалийн хий, цөмийн эрчим хүчний эх үүсвэр нь бүрэн "ногоон" ангилалд ордоггүй ч нүүрсний станцыг халах шилжилтийн хувилбар байх болно гэсэн санааг Европын Комисс дэвшүүлжээ. Тус саналыг боловсруулан энэ сарын сүүлээр эцсийн хувилбарыг танилцуулахаар зэхэж байна. Хэрэв саналыг Европын дийлэнх улс орон дэмжин баталбал 2023 оноос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх юм.  
АНУ-ын эрх баригчид Хятадын зарим барааг хилээрээ оруулахгүй байна ​​​​​​​Америкийн компаниуд Хятад дахь хөрөнгө оруулалтаа багасгах, улмаар зах зээлээ бүрмөсөн алдах эрсдэлтэй байна гэж “The Wall Street Journal”-д бичжээ. Энэ нь Хятад дахь “Walmart”  сүлжээ дэлгүүр тойрсон улс төрийн сэдэвтэй асуудалтай холбоотой юм байна.
IEA: Нүүрсний цахилгаан үйлдвэрлэл 2021 онд дээд түвшинд хүрнэ Олон улсын эрчим хүчний агентлаг арванхоёрдугаар сарын 17-нд гаргасан "Нүүрс 2021" тайланд дурдсанаар энэ онд нүүрсний цахилгаан үйлдвэрлэл өнгөрсөн онтой харьцуулахад 9%-иар өсөхөөр байгаа юм. Ингэснээр нүүрснээс эх үүсвэртэй цахилгаан үйлдвэрлэлийн хэмжээ дээд хэмжээнд буюу 10350 Тераватт.цаг-т хүрэхээр байгаа ажээ (мянган гегаватт.цаг нь нэг тераватт.цаг-тай тэнцдэг). Гэхдээ дэлхийн нийт цахилгаан үйлдвэрлэлд эзлэх нүүрсний генераторын хэмжээ 36%-д хүрэхээр байгаа нь 2007 оны оргил түвшнээс 5%-иар доогуур үзүүлэлт болохыг тэмдэглэжээ.
Fortescue Metals 2040 онд нийлүүлэлтийн сүлжээн дэх хүлэмжийн хийн ялгаруулалтаа бүрэн арилгах амлалт өгөв Австралийн төмрийн хүдрийн дөрөв дэх томоохон компани “Fortescue Metals Group” үйл ажиллагааны хүрээн дэх шууд болон шууд бус (scope/хамрах хүрээ 1 болон 2) хүлэмжийн хийн ялгаруулалтыг 2040 он гэхэд арилгах амлалт өнгөрсөн онд өгсөн байсан юм. Улмаар энэ оны гуравдугаар сард уг хугацааны товыг 2030 он болгож наашлуулсан. Энэ нь “Рио Тинто”, “BHP”, “Вале” зэрэг томоохон компаниудаас даруй 20 жилээр эрт зорилтдоо хүрнэ гэсэн үг. Гэхдээ үүнд нийлүүлэлтийн сүлжээн дэх хүлэмжийн хийн ялгаруулалт буюу үйл ажиллагаанд хамааралгүй хэсгийг (scope/хамрах хүрээ 3) бууруулах амлалт багтаагүй байсан юм. Тэгвэл тус компани аравдугаар сарын 5-нд уг амлалтыг 2040 он гэхэд биелүүлэхээ мэдэгджээ. Ингэснээр тус компани хүлэмжийн хийн ялгаруулалтаа бүрэн хэмжээгээр бууруулах зорилтыг хамгийн эрт биелүүлэх олборлогч компаниар тодорч байна.
ОХУ-ын коксжих нүүрсний экспорт есдүгээр сард 13.7%-иар буурлаа ОХУ-ын коксжих нүүрсний экспорт өнгөрсөн есдүгээр сард 3.58 сая тоннд хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 16.6%-иар өссөн бол сарын өмнөхөөсөө 13.7%-иар буурсан байна. Үүний 1.28 сая тонныг Хятад руу экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 85.6%-иар өссөн тухай “Фэнвэй Энержи” мэдээллээ. Оны эхний есөн сарын байдлаар Хятад улс ОХУ-аас нийт 7.75 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 77.4%-иар өссөн дүн болохыг Хятадын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ.
Малмыж ордыг ашигласнаар Оросын зэсийн үйлдвэрлэл 30% нэмэгдэнэ Монголын зүүн хойхнотой Оросын Хабаровск мужид Малмыжийн зэсийн ордыг ашиглах бүтээн байгуулалт ид өрнөж байна. ОХУ-ын Баялгийн зөвлөл тус ордын нөөцийг энэ намар 8,32 сая тонн зэс, 347 тонн алт хэмээн нэмэгдүүлэн тогтоосон. Ингэснээр тус ордыг “Русская медная компания” /РМК/ 2018 онд худалдан авсан үеийнхээс нөөц нь 60% нэмэгдэж байгаа юм. Малмыжийн ордын бүтээн байгуулалтад РМК 2018 оноос хойш 2021 оны аравдугаар сар хүртэл 62 тэрбум рубль зарцуулаад байгааг тус компанийн дэд захирал Дмитрий Говоров есдүгээр сард болсон Дорнын Эдийн засгийн форумын үеэр мэдэгдэж байсан.
Перугийн уул уурхайн хөрөнгө оруулалтын нэр хүнд эрсдэлд оров Дэлхийн зэсийн олборлолтоор эхнээсээ хоёрдугаарт орох Перу улсын төв банкны Ерөнхийлөгч Жулио Веларде сүүлийн саруудад томоохон уурхайнуудын эргэн тойронд өрнөж буй эсэргүүцэл тэмцэлтэй холбоотой мэдэгдэл /2021.11.02/ гаргалаа. Саяхан тус улсын томоохон зэсийн уурхай Антамина-ийн үйл ажиллагааг нутгийн иргэд зогсоогоод (2021.10.31) байсан юм. Иймэрхүү эсэргүүцлийн хөдөлгөөн нь тус улсын уул уурхайн хөрөнгө оруулалтын таатай бүс нутаг гэсэн дүр төрхөд эрсдэл үүсгэж байгаа ажээ. Тэрбээр “Эсэргүүцлийн үйл ажиллагааг зөвтгөх аргагүй, салбарт эмх замбараатай байдлыг эрх баригчид дахин тогтоохыг дэмжиж байгаа” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
“Credit Suisse”: Хятадын гангийн эрэлт оны эцсээр буурах төлөвтэй “Credit Suisse” банк долоо хоног тутмын “Metals & Mining Weekly” тайлангаа танилцуулжээ. Дэлхийн зах зээлийн метал, ашигт малтмалын нөхцөл байдлыг судалдаг энэхүү тайланд Хятад улсын барилгын салбар, төмрийн хүдрийн эрэлтийг онцолсон байна. Тухайлбал, энэ оны дөрөвдүгээр улиралд Хятад улсын гангийн эрэлт сул байх төлөвтэй. Үүнд, үл хөдлөх хөрөнгийн өмчлөлд тавих Бээжингийн хязгаарлалтын бодлого, “Evergrande” компанийн санхүүгийн хүндрэл, тус улсын эрчим хүчний хомсдлын улмаас аж үйлдвэрлэл хязгаарлагдах зэргээр нөлөөлж болзошгүй аж.
“Evergrande”-ийн санхүүгийн хүндрэл улам гүнзгийрэх төлөвтэй БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн “Evergrande” групп нь 2024 онд барагдуулах бондын 9.5%-ийн хүүгийн төлбөр 45.2 сая ам.долларыг өнгөрсөн лхагва гаригт (2021.09.29) төлөх үүрэгтэй байсан. Уг тогтсон хугацаанд төлбөрөө төлөөгүйг тус группын хувьцаа эзэмшигчид мэдэгдсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Үүнээс өмнө есдүгээр сарын 23-нд дуусгавар болсон хүүгийн 83.5 сая долларын төлбөрийг мөн төлөөгүй талаараа “Evergrande” групп олон нийтэд тайлбар хийгээгүй аж. Хуулиар 30 хоногийн хугацаанд хүүгээ төлөөгүй бол дефолт зарлана. 
Австрали стратегийн металын салбарт 1.5 тэрбум долларын зээл олгоно Австрали улс стратегийн чухал эрдэс түүхий эдийн олборлолтын төслүүдэд 1.5 тэрбум ам.долларын зээл олгох талаар тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон (2021.09.28) мэдэгджээ. Лити, газрын ховор элементийн төслүүд нь олборлолт, боловсруулалтын хувьд илүү төвөгтэй байдгаас санхүүжилт олоход амаргүйд тооцогддог. Иймээс тус улсын Засгийн газар ногоон металуудын төсөлд зориулж санхүүжилт бүрдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Эхний найман сард Хятад 30.74 сая тонн коксжих нүүрс импортолжээ Наймдугаар сард, Хятад улс 4.68 сая тонн коксжих нүүрс импортолжээ. Энэ нь өмнөх долдугаар сарынхаас 24.14% өссөн үзүүлэлт юм. Гэлээ ч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34.7%-иар буурсан байна. Эхний найман сард тус улсын импортолсон коксжих нүүрсний нийт хэмжээ 30.74 сая тонн байгаа юм. 2020 оны мөн үеийнхээс 41.6%-ийн бууралттай байна.
29 30 31 32 33 34 35