Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Монгол Улс газрын ховор элементийн чиглэлээр АНУ-тай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ

Ч.Сансар

ВАШИНГТОН, 8-р сарын 2 (Ройтерс) - Монгол Улс газрын ховор элемент олборлох чиглэлээр Вашингтонтой хамтран ажиллана гэж тус улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Вашингтонд айлчлах үед мэдэгдлээ. Гэвч АНУ, Хятадын хооронд "шинэ хүйтэн дайн" эхлэвэл дэлхийн эдийн засагт хохирол учруулна гэж тэрбээр анхаарууллаа.

Монгол Улс газрын ховор элемент, зэсийн асар их нөөцтэй. Эдгээр чухал ашигт малтмал нь өндөр технологийн тоног төхөөрөмж, цэргийн техник хэрэгсэлд маш өргөнөөр ашиглагддаг, мөн автомашины салбарыг цахилгаанжуулах, уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалах гэсэн Ерөнхийлөгч Жо Байдены тавьсан зорилгод хүрэхэд хувь нэмрээ оруулна.

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ лхагва гарагт Дэд ерөнхийлөгч Камала Харристай уулзаж, "Нээлттэй тэнгэр" иргэний нисэхийн гэрээ байгуулахаар тохиролцсоны дараа Ройтерс агентлагт ярилцлага өгсөн.

“Бид газрын ховор элемент, чухал ашигт малтмал, зэс олборлох чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа” гэж Оюун-Эрдэнэ хэллээ.

Монгол Улсын стратегийн чухал гуравдагч хөрш хэмээн нэрлэсэн АНУ-тай газрын ховор элемент, чухал ашигт малтмалын чиглэлээр аль хэдийн хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд Монголын Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам болон АНУ-ын Төрийн департамент хоорондын 6-р сард байгуулсан Санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлнэ гэж Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Дэлхийн газрын ховор элементийн ихэнх нөөцийг эзэмшдэг хөрш Хятад болон АНУ-тай сайн харилцаатай байхыг Монгол Улс эрмэлздэг. Харин Хятад, ОХУ-ын дунд оршдог, далайд гарцгүй Монгол шиг улсууд их гүрнүүд хоорондоо муудалцвал хохирно гэж Ерөнхий сайд санууллаа.

"Шинэ хүйтэн дайн нь анхны хүйтэн дайнаас тэс өөр, улам хүнд тусна гэж би болгоомжилж байна" гэж тэрбээр хэлэв. "Шинэ хүйтэн дайны нөхцөл байдал үүсэхийг бид зөвшөөрч болохгүй.”

Томоохон гүрнүүдийг "илүү хариуцлагатай байж, дэлхийн олон улс орон, ялангуяа олон улсын эдийн засагт ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс" зайлсхийхийг тэрбээр уриаллаа.

Монгол улс Тесла компанийн захирал Илон Масктай цахилгаан автомашины салбар болон сансар огторгуйн салбарт хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллах талаар ярилцаж байгаа, гэхдээ энэ айлчлалын үеэр технологийн тэрбумтантай уулзахгүй гэлээ.

Монголын удирдагч Калифорни руу тусдаа аялж, Маск болон бусад технологийн салбарын тэргүүлэгчидтэй уулзах төлөвлөгөөтэй байгаагаа хэлсэн, харин хэзээ уулзахаа хараахан шийдээгүй байгаа аж.

Тэрбумтан Маскийн колоничлох хүсэлтэй байгаа Ангараг гараг руу тэрээр анхаарал хандууллаа.

"Ноён Илон Масктай ярилцсан нэг сонирхолтой сэдэв бол Ангараг гарагтай төстэй орчинтой Монголын говь юм. Би түүнийг энд судалгаа хийхийг уриалсан" гэж тэр хэллээ.

Оюун-Эрдэнэ айлчлалынхаа үеэр АНУ-ын сансар судлалын NASA агентлагт зочлох бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкентэй уулзахаар төлөвлөжээ.

Тэрээр АНУ-ыг Монгол Улсыг ардчиллын замд хөтлөх Алтан гадас од гэж нэрлээд "Ардчиллын үнэт зүйлсээ цаашид хэрхэн нэмэгдүүлэх вэ" сэдвээр ярилцах болно гэжээ.

Орос улстай хил залгаа оршдог тул Монгол Улс өнгөрсөн жил Украин Оросын дайны хор уршиг, уул уурхайн тэсрэх бодис зэрэг барааны үнийн хөөрөгдлөөс ихээхэн хохирол амссан гэж Л. Оюун-Эрдэнэ хэллээ.

Байдены засаг захиргаа Хятадын өсөн нэмэгдэж буй хүч чадал болон Бээжин, Москвагийн түншлэлийн хэлэлцээрийг сөрж зогсохын тулд Азийн орнуудтай харилцаагаа хөгжүүлэхэд анхаарлаа хандуулсан.