Шинэ мэдээ
MONGOLIA MINING 2021 үзэсгэлэн 10 дахь удаагаа зохион байгуулагдана
Mongolia Mining 2021 Олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэнг арав дахь жилдээ 5 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа цогцолборт зохион байгуулахаар төлөвлөЖ байна. Үзэсгэлэнгээр дэлхийн улс орнуудын уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулдаг. Энэ жил тогтмол оролцогч түнш орнууд Хятад, Орос, Чех, Австрали, Казахстан, Швед, Япон, Герман болон Канадын компаниуд багтсан 200 гаруй аж ахуйн нэгж оролцоно.
Төмрийн хүдрийн “Нимба” төслийг эхлүүлэхэд 200 сая ам.долларын санхүүжилт татна
Роберт Фрийдландын үүсгэн байгуулсан Канадын “High Power Exploration” компани 200 сая ам.долларын санхүүжилт хөрөнгө оруулагчдаас татах болсноо мэдэгджээ. Энэхүү санхүүжилтийг Гвиней улс дахь төмрийн хүдрийн “Нимба” ордын төслийг хэрэгжүүлж эхлэхэд зарцуулах аж. “Нимба” орд нь сайн чанарын төмрийн хүдрийн 1 тэрбум тонн нөөцтэй. Ордыг эзэмших эрхийг “High Power Exploration” компани 2019 онд авсан байна. Тус компани “Нимба” төслийн 85%-ийг эзэмшдэг бол үлдсэн 15% нь Гвиней улсын Засгийн газрын мэдэлд буй. “Нимба” орд нь Гвиней улсын төмрийн хүдрийн үлэмж нөөцтэй “Симандоу” ордын ойролцоо оршдог.
Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого өсөлттэй гарчээ
“Ковид-19” цар тахал гарсантай холбоотойгоор 2020 оны гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн нийт орлого 10.4 их наяд төгрөгт хүрч, өнгөрөгч оны мөн үеэс 12.6%-иар буурсан ч уул уурхайн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 25.7%-ийг эзэлж өмнөх оны мөн үеэс 1.4%-ийн өсөлттэй гарчээ.
2025 онд Орос 174 сая тонн нүүрс Ази-Номхон далайн орнууд руу экспортолно
ОХУ-ын Эрчим хүчний яамны мэдэгдлээр, тус улс 2025 он гэхэд Ази-Номхон далайн орнууд руу хийх нүүрсний экспортын хэмжээгээ 174 сая тоннд хүргэж, 2020 оны үзүүлэлтээс 42%-иар нэмэгдүүлэх төлөвтэй. Мөн нүүрсний импорт эрчимтэй өсч буй Энэтхэг, Вьетнам, Тайланд зэрэг орны зах зээлд нийлүүлэх боломжтой гэж үзсэн байна. Энэ чиглэлд Орос 60 сая тонн нүүрс экспортлохоор тооцжээ. 2016-2020 онд Ази-Номхон далайн орнууд руу Оросын нүүрсний экспорт 40%-иар нэмэгдсэн тухай Эрчим хүчний дэд сайд Анатолий Яновский танилцуулсан байна. 2019 онд тус улсын хэмжээнд 338 сая тонн эрчим хүчний нүүрс, 103 сая тонн коксжих нүүрс олборложээ.
УУХҮЯ: Төсвийн хөрөнгөөр хийх геологийн судалгааны ажлын тендер зарлана
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ээлжит шуурхай хурал (2021.03.10)болов. Тус хурлаар 13 асуудал хэлэлцсэн байна. Тухайлбал, шинэ нисэх буудлын түлш хангамжийн асуудлыг судлах, хайгуулын тусгай зөвшөөрлийг нэмэгдүүлэх асуудлыг судалж танилцуулах, газрын тос дамжуулах хоолойн сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлт ирүүлэх урилгыг олон улсад зарлах, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн Ажлын хэсэгт ажиллах, Биржийн тухай хуулийн төслийн Ажлын хэсэг байгуулах, Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын танилцуулга бэлтгэх, төсвийн хөрөнгөөр хийх геологийн судалгааны ажлын тендерийг зарлах, алтны салбарт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй санхүүжилт олгох журмыг Монголбанктай хамтран эцэслэх асуудлууд багтаж байгаа юм.
Төрийн ашиггүй компаниудыг 100 хоногт багтаан цэгцэлнэ
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн өмчлөлийн хэлбэр, чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох зэрэг чиглэлээр хийж байгаа ажлын талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулжээ. Засгийн газар олон жил ашиггүй, үр дүнгүй, алдагдалтай, зардал ихтэй ажилласан төрийн өмчит компаниудтай холбоотой асуудлыг эхний 100 хоногтоо багтаан эцэслэхийг зорьж байна. 2019 оны байдлаар төрийн өмчит 107, орон нутгийн өмчит 339 компани 37 их наяд төгрөгийн өр төлбөртэй, 1.5 их наяд төгрөгийн ашигтай ажиллажээ.
Зэс, нүүрс, газрын тосны экспорт хамгийн өсөлттэй гарлаа
Зэсийн баяжмалын экспорт оны эхний хоёр сард 226 мянган тонн буюу 437 сая ам.долларт хүрлээ. Энэ нь жингээр 17.5%, мөнгөн дүнгээр даруй 99.4%-иар өссөн дүн юм. Үүнд зэсийн ханшийн өсөлт болон Оюутолгойн баяжмал дахь алтны агууламж нэмэгдэж буй нь голлон нөлөөлж байна. Төмрийн хүдрийн экспорт орлогын дүнгээр эрдсийн борлуулалтад гуравдугаарт эрэмбэлэгдлээ. Хэдийгээр төмрийн хүдрийн борлуулалт биет жингээр буурсан ч, борлуулалт 50 орчим хувиар өсчээ. Төмрийн хүдрийн ханш зах зээлд өсөлтөө хадгалсаар байгаа юм.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2021.03.10)Үндэсний баялгийн сан байгуулах тухай хуулийн төсөл боловсруулахаар шийдвэрлэжээ. Үндэсний баялгийн сангийн тухай, Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслүүдийг боловсруулж хэлэлцүүлэхийг УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгав. Үндэсний баялгийн сан нь газрын доорх баялгаас хүртэх өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо болон ирээдүй үеийн иргэн бүрт тэгш, шударга хүртээх зорилготой. Эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэлгээг олон улсын зах зээлд жишиг үнээр үнэлж хүртэх үр ашгийг нь нэмэгдүүлэн, борлуулалт, орлогод нь хяналт тавихтай холбогдуулан Эрдэс баялгийн биржийн тухай хуультай болох шаардлагатай гэж Засгийн газрын зүгээс үзжээ.
“Айвенхоу Майнз”: “Камоа-Какула”-ын зэсийн олборлолтоо зургадугаар сард эхлүүлнэ
БНКонго улсад хэрэгжүүлж буй “Камоа-Какула” төслийн зэсийн олборлолт ирэх зургадугаар сард эхлэх тухай “Айвенхоу Майнз” компани мэдэгджээ. Зэс, алтны өндөр агууламжтай хүдрийн биетээс олборлох эхний шатны ажлын явц 80%-ийн гүйцэтгэлтэй байна. Ордын баяжуулах үйлдвэр ашиглалтад орж буй аж. Төслийн хоёр дахь шат буюу уурхайн өргөтгөлийн ажлыг 2022 оны есдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөжээ. Энэ шатанд баяжуулах үйлдвэр жилд 7.6 сая тонн хүдэр боловсруулах юм. 1, 2 дугаар үе шатны ажил бүрэн дуусахад, жилд 400 мянган тонн зэс үйлдвэрлэнэ.
“Тавантолгой” компани 18.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана
“Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 375 төгрөг буюу нийт 18.8 тэрбум төгрөгийг эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараах болсон тухай Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ. Тус компанийн ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох аж. “Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг дөрөвдүгээр сарын 20-нд хийх тов зарлажээ. Хурлын дараа өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.
Элга ордын төслийн 5%-ийг төрийн “Ростех” корпораци эзэмшив
ОХУ-ын Элга ордын цогцолбор төслийн 5%-ийг “Ростех” корпораци эзэмших гэрээг “А Проперти” компанитай байгуулжээ. Энэхүү хувь эзэмшлийг төрийн корпораци ямар үнээр худалдан авч буй тухай мэдээлэхээс талууд татгалзсан байна. Элга ордын цогцолбор төсөлд Баяжуулах үйлдвэр байгуулах, ордоос Улак өртөөтэй холбосон төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Ванино боомт дахь нүүрсний терминалыг өргөтгөх ажлууд багтаж байна. Тэгвэл төрийн “Ростех” корпорацийн хувьд хүрэн нүүрсний Огоджины орд, Алс Дорнод дахь Вера боомтын 25%-ийг тус тус эзэмшдэг. Өнөөгийн байдлаар Элгагийн коксжих нүүрс, Огоджины хүрэн нүүрсийг Ванино болон Владивостокын боомтоор экспортолж байгаа юм. Эдгээр төслийн экспортыг нэмэгдүүлэх зорилгоор тээврийн нэг дэд бүтцэд төвлөрүүлэхээр хоёр компани төлөвлөжээ.
“Эрдэнэс Тавантолгой“ компани “А6-20” бизнес төлөвлөгөөгөө танилцуулав
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь (2021.03.10)хэвлэлийн хурлаар “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-тай үүссэн нөхцөл байдлын талаар мэдэгдэл хийж, мөн “А6-20” бизнес төлөвлөгөөгөө танилцууллаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (2021.03.09) хуралдаж ойрын жилүүдэд компанийг хөгжүүлэх “А6-20” бизнес төлөвлөгөөг баталжээ. Төлөвлөгөөнд, 2025 он хүртэл “Эрдэнэс Тавантолгой” компани нь Нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгой цахилгаан станц, усан хангамж зэрэг томоохон 20 төсөл хэрэгжүүлснээр компани үсрэнгүй хөгжиж, жилд олборлох нүүрсний хэмжээ 45 сая тоннд хүрэх, борлуулалтын орлого 10 их наяд төгрөг, цэвэр ашиг 3.7 их наяд төгрөг болж, жилд 700 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг иргэдэд хуваарилахаар тооцсон байна.
Баялгийн үр өгөөжөө өгч эхэлсэн Салхитын мөнгөний уурхай
Дундговь аймгийн Гурвансайхан сумын Чулуут багийн нутаг, Зүүн хэмээх газарт орших Салхитын алт, мөнгөний үндсэн ордыг хэдэн жилийн өмнө монголчууд төдийлөн мэддэггүй байлаа. Нам гүмхэн говь нутагт орших энэхүү ордыг тойрсон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн маргаан, шүүх цагдаа тойрсон хэргүүд, төрийн дээд түвшний шийдвэрүүд чухамдаа олон нийтийн анхаарлын төвд оруулсан юм.
Оюутолгой 2020 онд 1.1 тэрбум долларын орлоготой ажиллажээ
Оюутолгойн 66%-ийг эзэмшдэг "Туркойз Хилл Ресурс" компани 2020 оны үйл ажиллагааны санхүүгийн тайлангаа мэдээллээ. Цар тахлын хүнд хэцүү жилд уурхайн үйл ажиллагааны бас нэгэн амжилттай жилийг бүтээж чадсаныг тус компанийн ТУЗ-ийн тэргүүн Peter Gillin онцоллоо. Өнгөрсөн онд ерөнхийдөө Оюутолгой уурхайн хувьд зэсийн үйлдвэрлэл төлөвлөгөөний хүрээнд байсан бол алтных төлөвлөгөөг давж биелжээ. 2020 онд Оюутолгой уурхайн борлуулалт 1.08 тэрбум ам.долларын орлого бүрдүүлсэн байна. Энэ нь 2019 оныхтой харьцуулахад 7.5%-иар буурсан дүн юм. Үүнд ил уурхайн хүдрийн алтны агуулга буурсан нь голлон нөлөөлжээ. Нийт орлогын 797.3 сая ам.долларыг зэс, 265.7 сая ам.долларыг алт, 15.2 сая долларыг мөнгөнөөс бүрдүүлжээ.
Ажлын байрыг дэмжих 3%-ийн хүүтэй зээлийг маргааш олгож эхэлнэ
“Ажлын байрыг дэмжих 3%-ийн хүүтэй зээл”-ийг маргаашнаас (2021.03.10) эхлэн арилжааны банкуудаар олгоно. Зээлийн батлан даалтын сангаас холбогдох хуульд нийцүүлэн батлан даалт гаргах, зээлийн хүүгийн дэмжлэгт Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэж Монголбанк оролцохыг онцоллоо. Уг зээл нь зээлдэгчийн ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, арилжааны банкнаас ижил шаардлагаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх зориулалттай юм.
Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөлд санал авч эхэлжээ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас анх удаа боловсруулсан “Хүнд үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар (2019.05.29) баталсан юм. Хөтөлбөрийг боловсруулахдаа Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн нөхцөл байдлын дагуу судалгаа хийж, үндсэндээ хоёр жилийн хугацаанд хоёр төрлийн судалгааг мэргэжлийн баг гүйцэтгэсэн юм. Өөрөөр хэлбэл, 2018 онд хийсэн судалгаагаар, яамны судалгааны баг хүнд аж үйлдвэр бүхий 70 гаруй үйлдвэрүүдтэй биечлэн танилцаж 63 үйлдвэрийг судалгааны бүртгэлдээ хамруулсан байдаг. 2019-2023 он хүртэл буюу 5 жилийн хугацаатай хэрэгжүүлэх уг хөтөлбөрт Нүүрс гүн боловсруулах химийн үйлдвэр, Металлургийн цогцолбор, Машин механизмын үйлдвэрлэл, Газрын тос боловсруулах үйлдвэр, Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр зэрэг уул уурхайн салбарт нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэд хэдэн төслийг багтаасан юм.
Баялгийн үр өгөөжөө өгч эхэлсэн Салхитын мөнгөний уурхай
Дундговь аймгийн Гурвансайхан сумын Чулуут багийн нутаг, Зүүн хэмээх газарт орших Салхитын алт, мөнгөний үндсэн ордыг хэдэн жилийн өмнө монголчууд төдийлөн мэддэггүй байлаа. Нам гүмхэн говь нутагт орших энэхүү ордыг тойрсон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн маргаан, шүүх цагдаа тойрсон хэргүүд, төрийн дээд түвшний шийдвэрүүд чухамдаа олон нийтийн анхаарлын төвд оруулсан юм. Ахмадуудаас “Салхитын мөнгөний ордыг та мэдэх үү” гэж асуухад “Мэдэлгүй яах вэ. тэтгэврийн зээл тэглэж байгаа уурхай шүү дээ” хэмээн хээвнэг хариулж байна. Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөл (Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд) анх удаа нэг уурхай дээр нэгдсэн шийдэлд хүрсэн, анх удаа Монгол Улс байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ шууд хэлбэрээр хүртээж байгаа гээд яривал Салхитын мөнгөний ордтой холбоотой шинэлэг “мессеж”-үүд олон. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр баялгийг тэгш хуваарилах “төрийн нийтийн” зарчим мөн л анх удаа Салхитын мөнгөний орд дээр бодитоор хэрэгжиж байгаа нь энэ юм.
“Coal India” компани 32 төсөлд 6.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
Энэтхэгийн нүүрсний “Coal India” компани хөрөнгө оруулалтын багц төлөвлөгөө баталжээ. Тодруулбал, тус компани нүүрсний олборлолтоо нэмэгдүүлэх зорилгоор нийт 32 төсөлд 473 тэрбум рупийн (6.4 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулна. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд, шинээр 8 төсөл хэрэгжүүлж, үйл ажиллагаа явуулж буй 24 уурхайг өргөтгөх юм. Төлөвлөгөөг хэрэгжүүлсний үр дүнд 32 төслийн нүүрсний үйлдвэрлэл жилд 193 сая тоннд хүрэх аж. Ингэснээр гаднаас нүүрсний импортыг бууруулах ач холбогдолтойг “Coal India” компани мэдэгдсэн байна.
Хятадын хөрөнгө оруулалтаар Орос кокс-химийн үйлдвэр байгуулна
ОХУ-д кокс-химийн үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх гэрээг Бүгд Найрамдах Саха (Якут)-ын Засгийн газар болон Хятадын “Цинань” компанийн хооронд байгуулжээ. Жилд 4 сая тонн металургийн кокс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн төсөлд Хятадын компани 5 тэрбум юанийн хөрөнгө оруулна.
“Baowu Steel” групп гангийн үйлдвэрийн шинэ төсөл хэрэгжүүлнэ
Хятадын гангийн хамгийн том үйлдвэрлэгч “Baowu Steel” групп нь “Fujian Sangang” компанитай хамтран Хятадын Фужян мужид гангийн үйлдвэр байгуулах гэрээ үзэглэжээ. Энэхүү төсөл нийт 20 тэрбум юанийн (3.09 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулалттай бөгөөд хамтрагч талууд 50:50%-ийн хөрөнгө гаргах аж. Шинээр байгуулах үйлдвэр нь жилд 3.22 сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай. Хятадын Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, 2020 онд Фужян муж нийт 38.6 сая тонн ган үйлдвэрлэжээ. Тус мужид ган үйлдвэрлэлээр “Baosteel Desheng”, “Tsingshan” болон “Fujian Fuxin Special Steel” зэрэг компани тэргүүлдэг байна.