Жереми САУТ: Бидний амжилт салбарын бусад компанийг урагшлахад түлхэц болоосой гэж боддог

2021-05-12 15:31

The Mongolian Mining Journal /March.2021/

Дорнод аймагт “Алтан цагаан овоо” алтны үндсэн ордын төсөл хэрэгжүүлж буй “Степ голд” компани Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэхээр ажиллаж байгаа юм. Тус компанийн Санхүү эрхэлсэн захирал Жереми Сауттай Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэхийн давуу тал, алтны зах зээл, Монголын хөрөнгө оруулалтын орчин болон бусад асуудлаар MMJ-ийн Б.Төгсбилэгт ярилцлаа.   

Та алтны зах зээл цаашид хэрхэн өрнөнө гэж төсөөлж байна вэ? Зарим шинжээч алтны ханш цаашид өснө гэж харж байхад нөгөө хэсэг нь буурна гэж тооцоолж байх юм. 
Зах зээл хэрхэхийг хэн ч таах боломжгүй ч нөхцөл байдлаас үзвэл төв банкууд сүүлийн нэг жилийн хугацаанд мөнгөний нийлүүлэлтийг их хэмжээгээр нэмэгдүүлсэн. Иймд валютын ханш дэлхийн зах зээлд буурч байна. Энэ бол нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт, эдийн засгуудад инфляци өсөх нь гэсэн хандлага давамгайлж байна. Тэгвэл алт нь инфляцийн эсрэг хедж хөрөнгө оруулалт болж өгдөг. Цаасан мөнгөнөөс ялгаатай нь алт бол шинээр хэвлээд байж болдог эд биш. Алт бол үнэ цэнээ хадгалахаас гадна нийлүүлэлт нь хязгаартай байдаг. Түүхээс харахад бидний яг одоогийн байгаа шиг нөхцөл байдалд алтны ханш үргэлж өсөлттэй байсан нь харагддаг. 

Манай компанийн хувьцаа эзэмшигчдийн дунд, сүүлийн 30-40 жил алтны салбарт ажилласан хүмүүс бий. Тэдний дунд Канадад  алтны салбарын Уоррен Баффет гэгддэг Эрик Спротт гэх эрхэм бий. 
Засгийн газрын бондуудын өгөөж нэмэгдэж, долларын ханш чангарч байгаа ч гэсэн тэд алтны салбарын төлөв маш сайн байна гэж үзэж байна. Дэлхий даяар вакцинжуулалт явагдаж, ажил амьдрал хэвийн байдалдаа орж байх шиг байна. Гэхдээ санхүүгийн хохирлыг арилгах хүртэл нэлээд их ажил хийх шаардлагатай.

Миний хувийн таамаг гэвэл энэ онд алтны ханш 2000 ам.доллар/унц-ын орчимд байх болов уу. Өөр олон хүн ингэж бодож байгаа байх. Гэхдээ бид зах зээл, борлуулалтын ханшид нөлөөлөх боломжгүй. Гагцхүү зардлаа хянаж чадна. Энэ  бидний гол анхаарах зүйл. Бидний хийх ажил бол аль болох хямд зардлаар аль болох их алт олборлох явдал юм.

Өнгөрсөн жил өрнөсөн зах зээлийн таатай орчин танай компанийн үйл ажиллагаанд хэрхэн тааламжтайгаар нөлөөлсөн бэ?  
Тэгэхээр 2020 оныг авч  үзвэл алтны борлуулалтын ханш дунджаар 1900 ам.доллар/унц-ын орчимд байсан. Энэ нь бидний хувьд  борлуулсан алтны унц бүрээс 1200 ам.долларын ашиг хийж байсан гэсэн үг. Алтны ханш анх дөрвөн жилийн өмнө буюу бидний одоогийн хэрэгжүүлж буй төслөө худалдаж авах үед унц нь 1200 ам.доллар байсан. Тэр үеэс 700 ам.доллараар өссөн нь бидэнд мэдээж ашигтай. Гол нь зардлаа хянаж чаддагтаа олзуурхаж байна. Аль болох хямд зардлаар, илүү өндөр үр ашигтай олборлолт хийхэд үргэлжлүүлэн анхаарч ажиллана. Бидний хамгийн тэргүүнд чухалчилдаг зүйл бол  аюулгүй ажиллагаа юм. 

“Степ голд” бол Монголын уул уурхайн компаниудын тэргүүлэх компаниудын тоонд багтана. Тэгвэл та Монголын хөрөнгө оруулалтын орчныг хэрхэн үнэлэх вэ?
Сайн гэж хэлнэ. Ер нь хөрөнгө оруулалтын орчин багагүй хугацаанд одоогийнх шиг сайн байгаагүй. Төр засагт нэг нам олонх болж улс төрийн хувьд нэлээд тогтвортой болсон тал ажиглагдаж байна. Эрх баригч нам хууль батлах боломжтой. Нэг ёсондоо Засгийн газар уул уурхай, бизнесийг дэмжих бодлого баримталж байна. Энэ нь бидний хувьд сайн зүйл. 
Засгийн газар гадаадын компаниуд хөрөнгө оруулалт хийхэд тогтвортой, тууштай байдал чухал болохыг илүү сайн ойлгосон болов уу гэж бодож байна. 

Ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд ном журмын дагуу хэвийн болж өнгөрнө гэдэгт би хувьдаа эргэлзэх зүйл алга. 
Цар тахлаас болж хилээ хаахад хүрсэн энэ сорилттой нөхцөл байдлыг Монгол Улс амжилттай даван туулна гэдэгт итгэлтэй байна. 
Гэхдээ Засгийн газар манайх шиг уул уурхайн компаниудаас татвар хураамж, роялти төлбөрийн орлого төвлөрүүлэх хэрэгтэй нь дамжиггүй. Одоо бол Монголын уул уурхайн салбарын хувьд ажиллахад тааламжтай цаг үе яах аргагүй мөн. 
Засгийн газар, “Рио Тинто” компанийн хооронд шинэ хэлэлцээрт хүрэхээр тохиролцсон тухай мэдээлэл  үнэхээр чухал. 

Учир нь хүн бүр, бүхий л хөрөнгө оруулагчийн зүгээс хоёр талын хооронд хэлэлцээр хэрхэн өрнөхийг харж хүлээж сууна. “Рио Тинто”-ийн зүгээс Монгол хүнээр зэсийн бизнесээ хариуцуулсан нь сайны дохио. Туркойз Хилл-ийн хувьцааны ханш сүүлийн үед маш сайн өсөлттэй байна. Эдгээр бүх хүчин зүйл нь өөдрөг төлөвийг илтгэнэ. Би Монголын Засгийн газар нийгэм, байгаль орчны хувьд хариуцлагатай, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангасан уул уурхай нь хичнээн чухал болохыг дэмжиж, ойлгож байгаад итгэлтэй байна. 

Танай компанийн гол төсөл болох Алтан цагаан овоо төслийн гол давуу талууд юу байна вэ? 
Байршлын хувьд сайн, эдийн засгийн хувьд таатай үзүүлэлттэй төсөл. Бид энэ төслийг худалдаж авахаас өмнө “Сентерра голд” компани уг төсөлд 30 сая долларын хөрөнгө оруулчихаад байсан. Уг төслийн ордоос Сентера-гийн тооцоолсноос илүү  их хэмжээний алтны нөөц хайгуулаар тогтооно гэдэгтээ үргэлж итгэлтэй байж ирсэн. Бид хайгуулаар өрөмдсөн өрөмдлөгийн дээжийг шинжлэх аргачлалыг өөрчилсөн. Улмаар нэмэлт хайгуулын өрөмдлөгөд нэмж хөрөнгө зарцуулснаар бид одоогийн байдлаар уг ордод 2.5 сая унц алтны нөөцийг тогтоогоод байна. Гэхдээ бид үүнээс илүү их хэмжээний алтны нөөцийг эндээс олж илрүүлнэ гэж найдаж байна. Магадгүй 5 сая унц байх болов уу. Ингэснээр бид дэлхийн хэмжээний алтны төсөл хэрэгжүүлэгч компани болох юм. Үүнээс гадна алтны төслийн маань хувьд байгалийн хүчин зүйлээс гадна бид төслийн зардлаа үр ашигтай удирдаж байсан нь гол амжилтад хүргэх шалтгаан болсон гэж боддог. Олборлолтын зардал бага, ажиллах хүчний хувьд өрсөлдөхүйцийн зэрэгцээ Хятадын хилтэй ойролцоо оршдог учир тоног төхөөрөмж, хэрэглээний түүхий эдийг импортлоход хялбар байдаг. Оюутолгой уурхай үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ бүгдийг экспортолж борлуулдаг бол бидний хувьд тийм зүйл байхгүй.  Бид олборлосон алтаа төв банкинд зах зээлийн үнээр тушаана. Эдгээр хүчин зүйлс нь манай төслийг амжилтад хүргэсэн давуу тал гэхээсээ илүү төслийн үндсэн бүрдэл хэсэг гэж бодож байна. 

Монголын хувьд алтны салбар нь ихэвчлэн шороон ордод түшиглэдэг. Алтан цагаан овоо ордын хувьд үндсэн орд гэдгээрээ ялгаатай. Үндсэн ордын хувьд ямар давуу талтай байдаг вэ? Үндсэн ордын хувьд ашиглахад илүү өртөг өндөртэй, илүү хүнд гэсэн ойлголт бий?
Үндсэн болон шороон ордыг харьцуулж хэлэхэд төвөгтэй. Шороон ордын хувьд урт хугацаанд гэхээсээ илүү богино хугацаанд олборлолт явуулдаг. Хэрэв уурхайн олборлох хугацаанд зардлыг бага хэмжээнд хадгалж чадах аваас үндсэн ордын хөрөнгө оруулалтыг татахад илүү хялбар байдаг. Эхний зардал нь үндсэн ордын хувьд шороон ордыг бодвол бага зэрэг өндөр байж болох ч Алтан цагаан овоо ордын хувьд 25 сая ам.доллараар боссон төсөл. Таван сая унц алтны нөөцтэй байж магадгүй төслийн хувьд нийт зардал нь тийм ч өндөр тусахгүй. Ерөнхийдөө төслийн үнэлгээтэйгээ уялдуулж зардлаа харах ёстой. Хэрэв тухайн төслийн үйлдвэр, тоног төхөөрөмжийн зардал 25 сая ам.доллар харин уурхайн нийт үнэлгээ нь 300 сая ам.доллартай тэнцүү байх аваас нийт зардлыг хэт өндөр гэж үзэхгүй шүү дээ. Тоног төхөөрөмжийн зардал болон үйл ажиллагааны зардал зэргийг төслийн ерөнхий үр ашигтай харьцуулах хэрэгтэй. Шороон ордын тухайд миний мэдэх зүйл тийм ч их биш. Гэхдээ шороон ордыг салбар гэдэг утгаар нь авч үзэх боломжгүй. Учир нь шороон орд  хэмжээ жижиг, богино хугацаанд ашиглагдаад нөөц нь дуусдаг учраас тогтмол ашиг өгөхүйц байдаггүй. 

“Алт-2” хөтөлбөрийн хүрээнд танай компани санхүүжилт авсан. Уг санхүүжилтийн талаар дэлгэрүүлэхгүй юу?
Уг хөтөлбөрийн хүрээнд манай компани банкны зээл авсан. Тодруулбал бид Худалдаа хөгжлийн банкнаас үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн худалдан авалтад зарцуулахаар зээл авсан. Энэхүү зээлийн санхүүжилтийг ерөнхийдөө төслийн хоёрдугаар шатны хөгжүүлэлтэд зарцуулж буй юм. Дахиад зээл авах шаардлага гарна. Гэхдээ манай компанийн санхүүгийн үзүүлэлт маш сайн байгаа. Зээлсэн мөнгөө маш үр ашигтай зарцуулж байгаа учраас капиталын зардалд шаардлагатай хөрөнгийг хүрэлцэхүйцээр бүрдүүлэх хэрэгтэй. 

Торонтогийн хөрөнгийн биржид IPO хийсэн нь ихээхэн амжилттай болсон. Энэ талаараа уншигчдад хуваалцахгүй юу? Хувьцаагаа гаргаснаас хойш танай компанийн хувьцааны үнэлгээ нэлээд өсөлттэй байгаа шүү дээ. 
Манай компани 2018 оны тавдугаар сард Канадын Торонтогийн хөрөнгийн бирж дээр IPO хийсэн. Тухайн үед уул уурхайн компаниудын хувьд хөрөнгө босгоход нэлээд хүндрэлтэй цаг үе байсан. Гэхдээ бид анхдагч зах зээлийн арилжаагаар ойролцоогоор 20 сая ам.доллар босгож чадсан. Мөн өнгөрсөн хугацаанд нэмэлт хувьцааны арилжаагаар санхүүжилт босгосон. Түүнчлэн Монголын хөрөнгө оруулагчид болон байгууллагуудаас ч ихээхэн хэмжээний хөрөнгө босгосон гэдгийг хэлье. 
Тухайн үед IPO хийх амаргүй байсан ч амжилттай хийж, төслөө босгож чадсан. Манай компанийн хамгийн чухал зүйл гэвэл бидэнд хэрэгжүүлэх маш тодорхой стратеги байсан юм. Тэрхүү стратегиэ хэрэгжүүлсэн. Өөр бусад уул уурхайн компаниуд өрөмдлөг хайгуулд төвлөрөөд, үйлдвэрлэлийн шатанд хүрэхгүй байх нь бий. Бид Алтан цагаан овоо ордын хүдрийн агууламж хангалттай сайн гэж боддог.  Тэгээд  нэн түрүүнд олборлолтоо явуулж тодорхой хэмжээний бэлэн мөнгөний нөөцтэй болоод түүгээрээ дараагийн буюу өргөтгөл шатаа санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Өргөтгөлийн төсөлд хамаарах хүдрийн хувьд илүү томоохон нөөцтэй хэсгийг хамаарна. Гэхдээ энэ хэсгийн хүдрийг боловсруулахад илүү өртөгтэй. Бид яг ингэж л ажилласан.
Сүүлийн нэг жилийн хугацаанд хийж амжуулсан ажил бүтээлийн ачаар, мөн алтны ханшийн өсөлт зэргийн нөлөөгөөр манай компанийн хувьцааны үнэлгээ бирж дээр дээшилсэн. Бид 2020 онд 9 сар орчим олборлолт явуулж, хүү, татвар, элэгдэл, хорогдлын өмнөх орлого 25 сая долларт хүрсэн. Тэгэхээр бид төлөвлөсөн ёсоороо олборлолтоо эхэлж, ашиг олж ажиллаж чадаж байгааг хүмүүс харж суугаа болов уу. 

Ингэж л аливаа компанийн хувьд хөрөнгө оруулагчаа олдог шүү дээ. Бидний тооцоолж байгаагаар манай компанийн хувьцааны үнэлгээ харьцангуй доогуур хэвээр байна. Гэхдээ цаашид хувьцааны үнэлгээ маань дээшилнэ гэж итгэж байна. 
Саяхан бид нөөцийн шинэчилсэн мэдээллээ танилцуулсан нь ихээхэн чухал алхам боллоо. Дараагийн алхам бол мэдээж техник, эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ)  боловсруулах явдал. Ирэх гурван сарын хугацаанд манай компани ТЭЗҮ судалгаагаа боловсруулж дуусна гэж харж байгаа. Үүний дараа  шаардлагатай ажлуудаа гүйцээсэн байх болно гэж харж байна. 

Монголын хөрөнгийн биржид бүртгүүлснээр ямар давуу тал үүсэх вэ? Та Монголын хөрөнгийн зах зээлийн цар хүрээг юу гэж харж байна вэ?
Бид монгол компани учраас үүн дээрээ үндэслэж дотоодын бирж дээр хувьцаа гаргах шийдвэрээ гаргасан. Хэдийгээр бид Канадын биржид бүртгэлтэй боловч манай хүмүүсийн 99.9% нь Монголд байдаг. Бид Канадад жижигхэн оффистой. Түүгээрээ дамжуулан хөрөнгө оруулагчидтай харилцдаг. Түүнээс биш бид яах аргагүй монгол компани. Иймд Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэх нь зүйтэй юм. Манай компанийн нийт хувьцааны 25 гаруй хувийг монгол хөрөнгө оруулагчид эзэмшиж байгаа бол бусад нь жижиг хувьцаа эзэмшигч нар байдаг. Зөвхөн энэ шалтгаанаар төдийгүй Монголын хөрөнгө оруулагчдыг өөрийн цагийн бүсэд арилжаа хийх боломжийг олгох зорилгоор бид энэ шийдвэрийг гаргасан. Хэрэв зөвхөн Канадын биржид бүртгэлтэй байвал өглөөний 3 цагт босож арилжаанд оролцох шаардлага үүсдэг. 

Монгол бол жижиг орон боловч яах аргагүй хурдацтай хөгжиж байгаа улс мөн. Хөрөнгийн биржээр дамжуулан хүмүүсийг Монголын эдийн засагт хөрөнгө оруулах боломж олгож байна гэдэг нь сайн хэрэг. Бид даатгалын салбар Монголд хэрхэн хөгжиж байгааг харж байна. Гэхдээ даатгалын сангууд нь хөрөнгийн захаар дамжуулан хөрөнгө оруулахад хэтэрхий том байх хандлагатай байдаг. Банкны тухай хуулийн шинэчлэлээр нөлөө бүхий томоохон банкууд хувьцаагаа гаргах шаардлагатай болж байна. Мөн Монголд MCS зэрэг томоохон корпорациуд ч байгаа. Гэхдээ илүү олон Монголчуудад хөрөнгөө хувьцаанд оруулах боломжийг олгох нь өөрөө хөрөнгийн хуримтлал үүсгэж, эргээд ашиг олоход чухал юм. 

Та компанийнхаа Монголын алтны салбар дахь ирээдүйн байр суурийг хэрхэн харж байна вэ?
Манай компани одоогийн байдлаар Монголын алтны салбар дахь хамгийн том олборлогч болоод байна. Оюутолгой уурхай манайхаас илүү их хэмжээний алт үйлдвэрлэдэг ч тэдгээр нь зэсийн баяжмалд дайвар бүтээгдэхүүн хэлбэрээр гардаг. Одоо бид төлөвлөгөөний дагуу  өсөлтөө хадгалаад явна. Цаашид хайгуулаас хөгжүүлэлт, хөгжүүлэлтээс олборлолт руу шилжих явц бүхий боломжит шинэ шинэ төслүүд худалдаж авахад анхаарах болно. Одоо “Степ голд” компани хамгийн том алт олборлогч болсон бөгөөд энэ байр сууриа хэвээр авч явахаар зорьж байна. Түүнээс гадна Монголын алт олборлогч бусад компанийг дэмжиж ажиллах сонирхол бий. 

Монголын алтны салбарт илүү олон дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд төсөл хэрэгжүүлж ажиллаасай гэж хүсч байна. Монголд алт олборлолтыг нэмэгдүүлж, төв банкны алтны нөөцийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ийм нөхцөлд Засгийн газрын хувьд илүү дорвитой, тогтвортой, тууштай хууль эрхзүйн орчин, татварын тогтолцоо, АМНАТ-ийн нөхцөлийг бүрдүүлж ажиллах нь зүйн хэрэг. Ингэснээр хувийн сектор хөрөнгө татаж эрсдэлээ үүрэн төсөл хэрэгжүүлэх боломжтой болно. 

Та Монголын алтны салбарт үндсэн ордын төслүүд хөгжих бололцоог хэрхэн харж байна вэ? 
Өөдрөгөөр харж байна. Би шороон ордын талаар төдийлөн сайн мэдэхгүй. Монгол компаниуд илүү чухал үүрэг оролцоотой болоосой гэж л хүсдэг. Бороогийн төслийг Монгол компани авсан. “Эрдэнэ Ресурс Девелопмент” болон бусад жижиг компаниуд үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Энэ салбар өргөжин тэлж байгааг харахад сайхан байна. Эрдэнэ Ресурс-ийн хувьд урт хугацаанд хайгуул хийсэн компани. Харин одоо төслийн бүтээн байгуулалтаа хийж, үйлдвэрлэлээ эхлүүлэх гэж буйг харахад сэтгэл хөдлөм байна. Би энэ бүгд нь  улс орны хөгжилд ихээхэн чухал гэж боддог. Мөн бидний гаргасан амжилт бусад компанийг ижил замналаар урагшлахад түлхэц болоосой гэж хүсч байна. Манай компани талбайн бүх хэсэгт нэг дор өрөмдлөг хийх шаардлагагүйгээр явцын дунд эрсдлээ үүрэн санхүүжилтээ ухаалгаар хийх боломжтойг харуулсан. Ухаалгаар хий, төлөвлөгөө гарга, хөрөнгө босго, үйлдвэрлэл рүү орох мөнгөн урсгал бүрдүүл, эргээд төслөө өргөтгө. Заавал нэгмөсөн том төсөл олж түүнийг хөгжүүлэхийн тулд олон жил зарцуулах шаардлагагүй. Бидний авч хэрэгжүүлсэн энэ хандлага бусад компанийг ч мөн адил урамшуулна гэж харж байна. 

Засгийн газар “Алт-2” хөтөлбөрөөр дамжуулан салбараа дэмжиж буй нь сайшаалтай. Энэ нь мөн салбарт зөв хандлага дэлгэрүүлж байна. Зарим компани зөв байдлаар ажилладаггүй байсан бол Засгийн газар энэ салбарт жишиг стандартыг авчирч байна. Энэ бол чухал юм.

Нийгмийн хариуцлага, орон нутгийн оролцоог танай компани хэрхэн хэрэгжүүлж ажилладаг вэ? Танай компани аюулгүй ажиллагааг хэрхэн нэвтрүүлж ажиллаж байна вэ?
Энэ бол хамгийн чухал зүйл. Хэрэв тухайн компанид нийгмийн лиценз эсвэл орон нутгийн дэмжлэг байхгүй бол төсөл хэрэгжих боломжгүй. Энэ бол маш ойлгомжтой зүйл.

Өдөр эхлэхэд хамгийн түрүүнд хийдэг зүйл бол аюулгүй ажиллагаандаа анхаарах явдал. Хоёрдугаарт бид орон нутгийн оролцоог чухалчлан авч үздэг. Ингэхдээ аймаг, сумын засаг дарга гээд бүхий л хүрээнд орон нутгийн оролцооны ил тод байдлыг баталгаажуулахыг эрмэлздэг. Манай ажилтнуудын гуравны хоёр нь орон нутгийн ажилтнууд байдаг. Бид Засгийн газар болон аймаг, сумын Засаг захиргаатай маш сайн харилцаатай ажилладаг. Аль болох төслийн эхэн үед орон нутгийн иргэдтэй ярилцаж төслийн хүрээнд ямар ажил хэрэгжих, орон нутгийг хэрхэн дэмжих, орон нутгийн өгөөж ямар байх тухайд хэлэлцэх ёстой. Энэ шатыг сайн хийхгүй бол төсөл хэрэгжихгүй. Бид орон нутгийн оролцоог хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ажилласаар ирсэн.

Байгаль орчны менежментдээ хэрхэн анхаарч байна вэ?  
Орон нутгийн иргэд байгаль орчны ямар эрсдэлтэй бид тулгарч байгааг ойлгож мэдэж авах нь чухал байдаг учир байгаль орчны менежмент маш онцгой чухал зүйл. Уул уурхайд олон эрсдэл гарч ирдэг. Тэр бүгдийг хэрхэн яаж зохицуулж байгаа вэ гэдгээ ойлгомжтой байлгах нь чухал юм. Хамгийн түрүүнд аюулгүй ажиллагаа, тэгээд орон нутгийн оролцоо, эдийн засгийн үр өгөөжийг авч үзэх хэрэгтэй. Орон нутгийн оролцоо гэдэг бол эдийн засгийн үнэ цэнийг илэрхийлдэг. 

Бид төслийн ойролцоо орших Цагаан-Овоо сумын иргэдийг олноор авч ажиллуулдаг. Иргэд төслийн эдийн засгийн үр өгөөжийг ойлгож эхлэх үед итгэлцэл бүрдэхэд дөхөмтэй болдог. Ажлын байр бий болгох нь хамгийн тодорхой жишээ. Бид мөн оюутны тэтгэлэгт хөтөлбөр, спорт арга хэмжээг дэмжих, сумын бизнесүүдийг дэмжих ажил хэрэгжүүлдэг. Бид сумын бизнесүүдийг уурхайд мах, сүү сүүн бүтээгдэхүүн нийлүүлэхэд нь дэмжиж ажилладаг. 

Тэдгээр бизнесийг байгуулах үед нь компанийн зүгээс тодорхой хэмжээгээр тусалж дэмжсэн тохиолдлууд ч байгаа. Энэ бол манай компани орон нутагт нийгэм, эдийн засгийн үнэ цэн бий болгох замаар орон нутгийг хэрхэн дэмжиж буй эерэг тойрог юм. 


Австрали, Канад зэрэг орныхоос уул уурхайн хувьд бидэнд авууштай ямар жишээ байна вэ?
Тийм ээ, тэдгээр оронд уул уурхай сайн хөгжсөн. Гэхдээ төгс биш. Дэлхийн улс орнуудад хэрэгжиж буй уул уурхайг авч үзвэл хаана ч төгс хэмжээнд хүрээгүй байгаа юм. Австрали болон Канад нь хөрөнгө оруулалт, уул уурхай нэлээд хөгжиж боловсорсон зах зээл. Монгол Улс ч бас уул уурхайн ажиллах хүч ур чадварын хувьд өсч хөгжиж байна. Оюутолгой төслийн ачаар салбарын чадварлаг мэргэжилтнүүд бүрдэж байна. Бид ч бас үүнд хувь нэмрээ оруулах гэж зорьж байгаа. 

Орон нутгийн оролцоо талаас нь авч үзвэл улс орон бүр харилцан адилгүй. Австрали, Канадын тухайд нутгийн уугуул иргэдийн асуудал хөндөгддөг. Монголын хувьд ийм зүйлгүйгээс гадна газар эзэмшлийн асуудлыг өөрөөр авч үздэг. Гэхдээ өөр асуудлууд ч бий. Казахстанд ч тэр, Өмнөд Африк ч тэр өөр асуудлууд гарч ирнэ. Харин хийж хэрэгжүүлэх ёстой ижил зарчим гэж бий. Орон нутгийн иргэд нь малчид байна уу, уугуул иргэд байна уу эсвэл Засгийн газартай тохиролцоо хийх байна уу аль нь ч бай, төслийн эхэн үед ярилцаж ойлголцох, тогтмол хэлэлцүүлэг хийх нь чухал үе шатны нэг хэсэг юм. Хүмүүсийг яриа хэлэлцээрт оруулснаар ямар нэг зүйлийг хүчээр тулгаагүйг ойлгодог. Төсөлд хамаарах бүх оролцогч талын юу хүсч буйг сонсох нь чухал. Байгаль орчны хувьд хариуцлагатай уул уурхай явуулах гол хүчин зүйл нь дан ганц эдийн засгийн боломж бололцоо төдийгүй түүнээс илүү их үнэ цэнийг хэрхэн яаж бүтээх талаар чөлөөтэй ил тод ярилцаж, хэлэлцэх явдал юм. 

Цаг гарган ярилцсанд баярлалаа. 

Сэтгэгдэл (1)

  • DR. PRADHAN (197.210.65.69)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) Намайг ТУНГАЛАГ гэдэг би Монгол гаралтай. Би 1 бөөрөө Монголд яаж зарж баяжсан, би ядуу, эр хүн байсан тухай интернэтэд прадхан сурталчилгаатай тааралдаж байхдаа интернетэд Праданы эмч нарын имэйлээр дамжуулан өргөдөл гаргаад, дэлхий дахинд гэрчлэлээ хуваалцмаар байна. тэдний хандивлагч. Би тэдний эмнэлэгт 1 бөөрөө мөнгөний төлөө хандивласан бөгөөд хандив өгсний дараа ч эрүүл саруул хэвээр байна. Тэд надад бөөрнийхөө төлөө 780,000 доллар төлсөн. Одоо би бөөрөнд төлсөн 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, би баян, аз жаргалтай хүн болжээ. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / бэрхшээлийг даван туулж байгаа эсвэл баян байхыг хүсч байвал имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM.
    2021 оны 06 сарын 06 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 16 цаг 41 минутын өмнө
    Дэлхийн зэсийн импортын зах зээлийн тал хувийг дангаараа бүрдүүлдэг Хятад улс стратегийн нөөцөөсөө зарим түүхий эдийг дотоодын үйлдвэрлэгчдэд нийлүүлэхээр болсон тухай зарлаж (2021.06.16) байна. Энэ нь зах зээл дэх нийлүүлэлтийг нэмэгдүүлж, ханшийг бууруулах зорилготой. Үүнд зэс, цайр, хөнгөн цагаан багтана. 2010 оноос хойш Хятадын Засгийн газрын хийж буй анхны алхам гэж шинжээчид үзэж байна. Ингэснээр зэсийн ханш сүүлийн хоёр сарын хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрч, нэг тонн нь 9427 ам.долларт хүрлээ. Тодруулбал зургадугаар сар гарсаар зэсийн ханш Лондоны металын бирж дээр 7.7%-иар буурчээ.
  • 21 цаг 17 минутын өмнө
    “Эрдэс баялгийн бирж ”  гэсэн нэршлийг “Уул уурхайн бүтээгдэхүүний  бирж”   нэрлэх  нь илүү оновчтой. Олон улсад Лондоны металын бирж, Лондоны алт,мөнгөний бирж, Шанхайн металын бирж, Беларусын барааны бирж, Тянжины уул уурхайн бүтээгдэхүүний  бирж зэрэг олон улсын, бүс нутгийн  болон орон нутгийн чанартай. Дэлхий дахинд 200 гаруй бирж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр бирж нь биет бүтээгдэхүүн болон ирээдүйд үйлдвэрлэх бүтээгдэхүүнийг тогтоосон хугацаанд тодорхой байршлаар нийлүүлэн арилжаалдаг. Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний  бирж байгуулах боломж, хууль эрх зүйн орчны судалгааг 2013 онд Монголын Экспортлогчдын холбоо хийсэн.
  • Уржигдар 12 цаг 27 минутад
    Эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод хариуцлагатай болгоход чиглэсэн “Эрдэс баялаг-цахим шилжилт” хэлэлцүүлгийг УУХҮЯ-наас  өнгөрсөн сард зохион байгуулахаар товлосон боловч хойшлогдсон билээ. Тэгвэл Байгалийн баялгаас оюуны баялагт уриан дор тус цахим  хэлэлцүүлгийг маргааш зохион байгуулахаар болжээ.
  • Уржигдар 11 цаг 40 минутад
    ОХУ-ын Холбооны гаалийн газрын мэдээллээр, дөрөвдүгээр сард тус улс 1.66 сая тонн коксжих нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 7.61%-иар, өмнөх гуравдугаар сараас 48.82% -иар тус тус буурсан үзүүлэлт аж. Оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 8.53 сая тонн коксжих нүүрс экспортолсон байна. Мөн хугацаанд тус улсын  нүүрсний нийт экспортын хэмжээ 85.25 тоннд хүрсэн юм. Тэгвэл тавдугаар сард 19.27 сая тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд хэмжээгээр тооцогдож байна.
  • 2021-06-16 14:20
    Хятадын “China Aluminum Corporation” (Chinalco) компани нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтаа 2025 оноос өмнө бууруулж эхлэн, 2035 он гэхэд 40%-иар багасгах зорилтоо мэдэгджээ. Тус компани өнгөрсөн онд 3.69 сая тонн хөнгөн цагааны анхдагч үйлдвэрлэлийн 50%-д усан цахилгаан станцын эрчим хүч ашигласан тул “ногоон” үйлдвэрлэлд хамаарна гэж “Chinalco” үзэж байна. Тиймээс цаашид үйлдвэрлэлдээ нар, салхи  зэрэг сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөж буй аж. Энэ зургадугаар сард “Chinalco” нь анх удаа 400 сая юанийн (63 сая ам.доллар) дүнтэй бонд гаргажээ. Энэхүү хөрөнгийг “ногоон” зорилт буюу салхин паркийн бүтээн байгуулалтын өрийг дахин санхүүжүүлэхэд зарцуулах юм байна.