Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Эхний хоёр сард Хятадын нүүрсний импорт 39.5%-иар буурчээ Хятадын Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, эхний хоёр сард тус улс 620 сая тонн нүүрс олборложээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25%-иар нэмэгдсэн дүн боллоо. Мөн хугацаанд Хятад улс 41.13 сая тонн нүүрс импортолсон аж. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 39.5%-иар буурсан үзүүлэлт юм. 2020 оны байдлаар, дэлхийн нийт нүүрсний олборлолтын 51%-ийг Хятад бүрдүүлжээ. Тэгвэл тус улсын нүүрсний импорт нийт хэрэглээний 7.1%-ийг бүрдүүлж байна. БНХАУ-ын XIV таван жилийн төлөвлөгөө хэрэгжиж (2021-2025 он) дуусах үед тус улсын нүүрсний олборлолтын хэмжээг жилд 4.1 тэрбум тонн байхаар төлөвлөж буй юм.
Хэбэй мужийн гангийн 23 үйлдвэрийн гарцыг хязгаарлав Хэбэй мужийн төмөрлөгийн 23 үйлдвэрийн гарцыг гуравдугаар сарын 20-ноос арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл хязгаарлахаар Таншан хотын Засаг захиргаанаас шийдвэрлэжээ. Энэ нь жилийн эцэс гэхэд тус хотын агаарын бохирдлыг 30-50% бууруулах зорилттой холбоотойг “S&P Global Platts” мэдээлэв. Тус агентлагийн тооцоолсноор, Хятадын гангийн томоохон үйлдвэрлэгч бүс нутгийн үйлдвэрлэл 35 сая тонноор буурахаар байна. Улмаар ойрын саруудад төмрийн хүдрийн үнэ буурахад нөлөөлнө гэж шинжээчид таамаглажээ.
“Газрын ховор элементийн судалгааны төслийн нэгж” хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ “Газрын ховор элементийн судалгааны төслийн нэгж”, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуультай хамтран ажиллах санамж бичиг (2021.03.22)байгуулав. Хамтын ажиллагааны хүрээнд, газрын ховор элементийн сургалт судалгаа, дадлага туршлага солилцох, ГХЭ-ийн техник технологийн талаарх мэдээлэл болон мэргэжилтэн солилцох аж. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны тавдугаар сарын 1-ний өдрийн 176 дугаар тогтоол, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар тогтоолоор “Газрын ховор элементийн судалгааны төслийн нэгж”-ийг байгуулсан юм.
“Айвенхоу Майнз”: “Камоа-Какула” төсөлд 575 сая ам.долларын хөрөнгө оруулалт татна Канадын “Айвенхоу Майнз” компани нь Конго дахь “Камоа-Какула” төсөлдөө нэмж 575 сая ам.долларын хөрөнгө оруулалт татах үйл ажиллагаа өндөрлөж буйг мэдэгджээ. Энэхүү хөрөнгө оруулалтыг татахдаа тус компани жилийн 2.5%-ийн хүүтэй 5 жилийн хугацаатай бонд гаргасан байна. Компанийн бондыг Европын Холбоо болон АНУ-ын тэргүүлэх хөрөнгө оруулалтын сангууд ихээхэн сонирхсоныг компанийн Удирдах зөвлөлийн дарга Роберт Фридланд мэдэгджээ. Ирэх зургадугаар сараас “Камоа-Какула”  төслийн баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулах, зэсийн олборлолтын үйл ажиллагааг тогтмол явуулахаар  төлөвлөжээ. 
ЗТХ-ийн сайд төмөр замын төслүүдийн явцтай танилцжээ Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар (2021.03.21) Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцжээ. ЗТХ-ийн сайд гүйцэтгэл удаашралтай байгаа хэсгүүдийн учир шалтгааныг тодруулж, хариуцсан байгууллага, хүнтэй холбогдон арга хэмжээ авч, гүүр хоолойд хийх шаардлагатай нэмэлт ажиллагаа, төмөр замыг элсний нүүдлээс хамгаалах арга зам, гарц шийдлийн талаар гүйцэтгэгч нартай санал солилцож тодорхой үүрэг чиглэл өгсөн байна. 
Moody’s: Төмөр зам ашиглалтад орсноор экспорт улам бүр сэргэнэ “Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B3” хэвээр үлдээж, төлөвийг “сөрөг” байснаас “тогтвортой” болгож сайжруулснаа зарлалаа (2021.03.16). Тус байгууллагын дүгнэлтээр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал Ковид-19 цар тахлын нөлөөгөөр буурч байсан ч дараах үндэслэлүүдээр тогтворжиж эхэлснийг хэвлэлийн мэдээлэлд тэмдэглэжээ. Цар тахалтай тэмцэх зорилгоор Монгол Улсаас 2020 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг улсын төсвөөс гадна донор байгууллагуудын эх үүсвэрээр хамтран санхүүжүүлсэн нь Засгийн газрын дахин зээл авах хэрэгцээг бууруулсан  байна.
Алт олборлогчдод олгох санхүүжилтийн хугацааг сунгажээ УИХ-аас (2020.12.31) Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ дагуу хөнгөлөлттэй санхүүжилт олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг алт олборлогч аж ахуйн нэгж байгууллагуудад 2021 онд үргэлжлүүлэн олгохоор болов.Энэхүү журмаар богино хугацаат зээлийн санхүүжилтийн эргэн төлөлтийг 2021 он дуустал сунгаж, урт хугацаат зээлийн санхүүжилтийн хугацааг 24 сар хүртэл байсныг 36 сар хүртэл болгон өөрчилж байна. Журамд өөрчлөлт орсноор, алт олборлогч компаниудад тулгамддаг эргэлтийн хөрөнгийн асуудал шийдэгдэж, алт олборлолт нэмэгдэх улмаар улсын төсөвт алтнаас төвлөрүүлэх орлого нэмэгдэх юм.
Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх журмыг баталлаа Засгийн газрын хуралдаанаар (2021.03.17) “Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх журам”-ыг хэлэлцэн баталжээ. Уг журам батлагдсанаар гадаад хүчин зүйлсээс хамаарч шатахууны хангамж тасалдах, хомстол үүсч болзошгүй тохиолдолд төрөөс газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх замаар шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хадгалах эрх зүйн орчин бүрдэж буйгаараа ач холбогдолтой юм.
“Оюутолгой”-д бүртгэгдсэн халдварын тохиолдолтой холбоотойгоор боомтын тээвэр буурчээ    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон (2021.03.19) БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйтай утсаар ярьж, Гашуунсухайт-Ганцмод боомтын нүүрсний тээвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл солилцжээ. Сүүлийн өдрүүдэд хоёр улсын Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтэрч буй нүүрс, зэсийн баяжмал тээвэрлэсэн автомашины тоо буурч байна. Энэ нь “Оюутолгой ХХК-д бүртгэгдсэн коронавирусын халдварын тохиолдолтой холбоотой болохыг Хятадын Элчин сайд тайлбарлажээ.
ЕСБХБ-наас Монгол Улсад баримтлах 5 жилийн бодлогын баримт бичгийг боловсруулна Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал (2021.03.19)Европын сэргээн босголт, хөгжлийн банкны (ЕСБХБ)Төв ази хариуцсан Бүс нутгийн тэргүүлэх эдийн засагч Эрик Ливниболон бусад эдийн засагч, банкир, шинжээчдийн төлөөлөлтэй цахим уулзалт хийжээ. Уулзалтаар, УУХҮЯ-ны зорилт,стратеги төлөвлөгөө, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн салбарт хэрэгжүүлэхээр тусгагдсан томоохон ажлуудын талаар танилцуулсан байна. СБХБ-наас Монгол Улсад баримтлах 5 жилийн бодлогын баримт бичгийг боловсруулахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд “Рио Тинто” компанийн удирдлагуудтай цахим уулзалт хийв Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмтой (2021.03.18) цахим уулзалт хийжээ. Уулзалтын үеэр Ерөнхий сайд, “Оюутолгой” төсөлтэй холбогдуулж байгуулсан Ажлын хэсгийг ахалж байх хугацаандаа баримталж байсан бодлого, байр суурь өөрчлөгдөөгүй болохыг илэрхийлсэн байна. Тодруулбал, Засгийн газрын ХЭГ-ын дарга байхдаа ”Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмд (2021.01.04)илгээсэн албан бичигт дурдсан асуудлуудыг тус компанийн зүгээс  цаг алдалгүй анхаарч, “Оюутолгой” төслийг Монгол Улсад үр ашигтай болгоход яриа хэлэлцээг чиглүүлэх шаардлагатайг өнөөдрийн уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолжээ. Тэрээр, мөн Засгийн газрын Ажлын хэсгийг ахалж буй Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болд нар яриа хэлэлцээг үргэлжлүүлж, бодит үр дүнд хүрнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.
Удоканы зэсийн үйлдвэрийн туузан дамжуургын угсралт эхэлжээ Оросын зэсийн Удоканы ордын төслийг хэрэгжүүлэгч “Удоканская медь” компанийн мэдээлснээр, үйлдвэрлэлийн хүдрийн анхдагч бутлуур болоод туузан дамжуургын барилгын ажил эхэлжээ. Эхний ээлжид хүдрийн анхдагч бутлуурын хэсгээс Баяжуулах үйлдвэрийн цогцолбор хүртэл нийт 2.8 км урт туузан дамжуурга (конвейер) угсарч байна. Туузан дамжуургын анхны тээвэрлэлтийг 2021 онд багтаан туршихаар төлөвлөжээ. Анхдагч бутлуурын тухайд цагт 2000 тонн хүдэр бутлах хүчин чадалтай. Энэхүү орд нь цаг уурын болоод газрын тогтцын хүнд нөхцөлтэй учир үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд автомашин болон туузан дамжуургын хосолсон тээврийг ашиглана гэдгийг компанийн Ерөнхий захирал Герман Миронов мэдэгджээ.
Тавантолгой, Нарийнсухайтын бүлэг ордын уурхайчдыг вакцинжуулалт хамруулж эхэллээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон уурхайчдад вакцин хийж эхлэх гэж буйтай холбогдуулан дархлаажуулалтын 4 багийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций суманд  (2021.03.18)ажиллалаа. Экспортын тээврийн жолооч нарыг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн бөгөөд уурхайн ажилчид вакцинд хамрагдаж байна. Эхний ээлжинд Тавантолгой болон Нарийнсухайтын бүлэг ордын уурхайн ажилчдыг дархлаажуулалтад хамруулахаар 10200 тун вакциныг хүргэжээ.
Fortescue Metals: 2030 онд хүлэмжийн хийн ялгаруулалтгүй болно Австралийн төмрийн хүдрийн томоохон тоглогчдын нэг “Fortescue Metals Group” компани үйл ажиллагаагаа чулуужмал түлшнээс ангид буюу “ногоон горим”-д шилжүүлэх хугацааг 2030 он гэж товлосноо (2021.03.15) зарлалаа. “Fortescue Metals” нь хүлэмжийн хийн ялгаруулалтгүй үйл ажиллагаатай болох 2040 оны зорилтоо ийнхүү арван жилээр наашлуулжээ. Харин уул уурхайн бусад томоохон компани болох “Рио Тинто”, “BHP”-ийн тухайд ийм зорилтоо 2050 он, “Англо Американ” 2040 он гэдгээ зарласан юм. Ингэснээр “Fortescue Metals” хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах чиглэлд салбартаа хамгийн зоримог амлалтыг өгч буй компани боллоо. 
Дэлхийн уул уурхайн салбарт хийгдсэн 5 том хэлэлцээр 2020 оны дөрөвдүгээр улиралд дэлхийн уул уурхайн салбар дахь компаниудын нэгдэх, эзэмших, худалдан авах зэрэг хил дамнасан хэлэлцээрийн нийт мөнгөн дүн 7.7 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ тухай Их Британийн судалгааны “GlobalData” компани мэдээлсэн байна. Тухайн хэлэлцээрийн дүнг харьцуулж үзвэл, өмнөх гуравдугаар улирлынхаас 594%-иар нэмэгдэж, сүүлийн дөрвөн улирлын дундаж үзүүлэлтээс 71.5%-иар өсчээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын нийт хэлэлцээрийн 79.3% буюу 6.11 тэрбум ам.доллар нь 5 хэлэлцээрт хамаарч буй аж.   
“Эрдэс баялаг-эмэгтэйчүүд” үндэсний III чуулган эхэллээ “Эмэгтэйчүүд хариуцлагатай уул уурхайг манлайлах нь”  уриатай “Эрдэс баялаг-эмэгтэйчүүд” үндэсний III чуулганыг “Эрдэс баялаг эмэгтэйчүүд” НҮТББ өнөөдөр цахимаар зохион байгуулж байна.  Энэ удаагийн чуулган  нь цар тахлын нөхцөл байдалд байгаа хэдий ч цахим боломжийг ашиглан ажлын байрандаа ажиллаж буй салбарын эмэгтэйчүүдийн оролцоог хангаж, тэдэнд жендэрийн болон хариуцлагатай уул уурхайн ойлголт, мэдлэгийг өгөх, идэвхжүүлэх, урам зориг өгөх, чиглүүлэхийг зорьж байгаа хэмээн чуулганыг зохион байгуулагчид онцоллоо. УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Канадын МЕРИТ төсөл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК  энэхүү чуулганыг хамтран зохион байгуулж байгаа юм.
Оюутолгойн “шинэ дүрэм” Оюутолгой төслийн хэлэлцээрт эргэлт гарч эхэллээ. Төслийг Монголын талд илүү өгөөжтэй болгох чиглэл рүү нөхцөл байдал эргэсэн мэт харагдана. Учир нь “Рио Тинто” компани гэрээг өөрчлөхөд нээлттэй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн  юм. Компанийн хуучин захирал Жан Себастьян Жак зөвхөн гэрээний хүрээнд зөвшилцөх боломжтой гэдэг байсан нь ийнхүү шинэ захирал Якоб Стаусхолмын үед уян хатан байр сууриар солигдов. “Рио Тинто”-гийн хувьд Оюутолгой  нь  хамгийн өсөлттэй төслийн тоонд багтаж явдаг. Энэ төслийн уурхайн олборлолтын зардал бага, хүдрийн металын агуулга өндөртэй   нь Оюутолгойг “шар тос” болгож буй давуу талууд юм. Мөн  ногоон металын    хувьд зэс  уул уурхайн томоохон компанийн үйл ажиллагааны бүтцэд багтсан байх нь ихээхэн ач холбогдолтой. Иймд Оюутолгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх хугацаа ойртсон энэ үед “Рио Тинто”-ийн “чих зөөлөрч”  байна. 
Хятад литийн үйлдвэрлэлийн кластер Түвдэд байгуулна Дэлхийн литийн томоохон үйлдвэрлэгч “Jiangxi Ganfeng” компани нь Хятадын Цинхай муж дахь литийн “Yiliping” төслийн 49%-ийг 1.47 тэрбум юаниар (225 сая ам.доллар) худалдан авчээ. Харин төслийн үлдсэн 51%-ийг төрийн “China Minmetals” корпораци эзэмшиж байна. “Yiliping” төслийн орд нь 17 сая тонн литийн нөөцтэй аж.  Хятадын “Jiangxi Ganfeng” компанийн үндсэн төслүүд Аргентин, Мексик, Австрали болон Ирланд улсад хэрэгжиж буй юм. Тиймээс тус компани дэлхийд өрсөлдөхүйц литийн үйлдвэрлэлийн кластерыг Түвдэд байгуулах ажлаа түргэтгэх шаардлагатайг БНХАУ-ын дарга Си Жинпины мэдэгджээ
Орос тээврийн салбарыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин зам тээврийн дэд бүтцийн асуудлаар (2021.03.11) онлайн хуралд оролцжээ. Тэрээр тээврийн салбарыг хөгжүүлэх Үндэсний хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулахыг үүрэгдсэн байна. Дэд бүтцийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатайг цохон тэмдэглэжээ. Мөн ОХУ-ын Үндэсний баялгийн сангаас санхүүжүүлэх дэд бүтцийн томоохон төслүүдийг хэлэлцсэн бөгөөд төлөвлөгөөг дөрөвдүгээр сард Кремльд танилцуулах аж. “Элегест-Кызыл-Курагино” (410км) болон “Тында-Комсомольск-Ванино” (1000 гаруй км) чиглэлд төмөр зам барих, Баруун Сибирийн нефть-химийн үйлдвэр байгуулах төслүүдийг Үндэсний баялгийн сангаас санхүүжүүлэхээр төлөвлөж буй.  
Төрийн өмч эрдсийн салбарт “ноёлох” цагаар... Цар тахлын хүнд нөхцөлд “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой” монголчуудыг хэсэгтээ амсхийлгэх боломжийг олгож байна. Гэхдээ бид “Эрдэнэс Монгол” гэх “их айл”-ыг мартаж болохгүй. Төр 100%-ийн эзэмшилтэй тус компани нь үйл ажиллагааны цар хүрээгээ дан ганц стратегийн гэлтгүй стратегийн бус ордууд эзэмших замаар тэлж байна. Үр дүнд нь ахмадуудын зээлийг тэглэх, зээлгүй ахмадад “хишиг” олгох, цар тахлаас үүдсэн эдийн засгийн уналтаас мултрахад шаардлагатай зарим санхүүжилтийг орд барьцаалан бонд босгох замаар шийдвэрлэхээр компани хөдөлж байна.  Ийнхүү цар тахлын нөхцөл байдалтай зэрэгцэн төрийн өмчит уул уурхайн компаниуд ердийн үеийнхээс хавьгүй илүү “тодрон гялалзаж” байна.  Цаашид ч манай улс уул уурхайн салбарт төрийн өмчит компаниудын үүрэг оролцоог улам бүр нэмэгдүүлэх хандлагатай байна. Энэ нь үнэхээр зөв үү? Хариулт нь засаглал ямар байхаас бүх зүйл хамаарна.