Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

“Хүлээлттэй”  Хөрөнгө оруулалтын тухай хууль

Г.Идэрхангай
              
Байгуулагдаад гурван сарын нүүр үзэж байгаа Эдийн засаг, хөгжлийн яам дэргэдээ Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагтай болж амжлаа. Өмнө нь Засгийн газрын бүтцэд ийм агентлаг байсан ч үр дүнтэй тодорхой ажлууд хийж чадаагүй. Ямартаа ч шинээр байгуулагдсан агентлагаа “Монгол Улсад ирэх гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт, урт, дунд хугацаандаа маш тодорхой болж, гадаадын хөрөнгө оруулагчдын дотоодын бүтээн байгуулалт, бусад эдийн засгийн салбарт холбох нөхцөл бүрдэнэ” гэж тодорхойлжээ. Засгийн газраас зарласан Шинэ сэргэлтийн бодлогын хөрөнгө оруулалттай холбоотой олон ажлыг энэ агентлаг хариуцах юм. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 200 дахь хоног дээрээ 100 мега төсөлд хөрөнгө оруулагчдыг татахаа амлаж, Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулахаа мэдэгдсэн. Гэхдээ нэг агентлаг байгуулаад гадаадын хөрөнгө оруулалтын орчин сайжирна гэвэл өрөөсгөл. Хууль эрх зүйн орчноо илүү төгөлдөржүүлэх тал дээр маш их ажиллах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчлэл хийгдэж байгаа хэмээн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд О.Солонгоо саяхан танилцууллаа. Тус яамны дэргэд уг хуулийн төслийг  нэгтгэж боловсруулах Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй. Цаашлаад Гадаадын хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого боловсруулж  бусад хуулиудтайгаа уялдуулах тухай яригдаж байна. 

      Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэх байр сууриуд нийгэмд өнгөрсөн оноос хүчтэй өрнөж эхэлсэн. Хэдийгээр 2013 оны Хөрөнгө оруулалтын тухай хууль нь хөрөнгө оруулалтын таатай орчинг бий болгоход нааштай нөлөөлөл үзүүлсэн ч шинээр орж ирэх хөрөнгө оруулалтыг зохицуулсан эрх зүйн орчин сайжруулах зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл, тус хуульд гадаадын хөрөнгө оруулалтад тавигддаг хязгаарлалтын нэгдсэн жагсаалт байхгүйн улмаас гадаадын хөрөнгө оруулагчдын хувь эзэмшлийн дээд хязгаар, дотоодын хуулийн этгээдтэй хамтран ажиллахад тавигдах шаардлага, хөрөнгө оруулахыг хязгаарласан салбарын талаар бүрэн тодорхой мэдээлэл байдаггүй. Ийм мэдээлэлгүй учраас хөрөнгө оруулагчид үйл ажиллагаагаа төлөвлөх боломж муу байна гэсэн үг. Хэдийгээр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл олон нийтэд ил болоогүй ч Л.Оюун-Эрдэнэ  Ерөнхий сайдын танил­цуулсан агуулгаар гарч ирнэ гэж мэргэжилт­нүүд үзэж байна.  Тэдгээр нь,

•    Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, дэмжих, төр, хувийн хэвшлийн хэлцлийн механизмыг идэвхжүүлэх, төрийн байгууллага хооронд үүсэж буй чиг үүргийн давхцлыг арилгах
•    Гомдол, маргаан шийдвэрлэх явцыг хялбаршуулж, төрийн талаас хариуцах байгууллагын чадавхийг нэмэгдүүлэх
•    Төрийн хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллагуудын чиг үүргийн давхцлыг арилгах, шалгалтын үйл ажиллагааг хөрөнгө оруулагчид хүндрэл, бэрхшээл учруулахгүй хэлбэрээр зохион байгуулах
•    Татварын болон татварын бус дэмжлэгийг тодорхой болгох
•    Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдыг ялгаварласан заалтуудыг арилгах
•    Дампуурах үе шатыг олон улсын стандартад нийцүүлэн журамлах, ингэснээр Монгол Улсад компаниа орхиод гардаг чанаргүй олон хөрөнгө оруулалтыг цэгцлэх
•    Зах зээл онилсон дэмжлэг, сурталчилгааг хөгжүүлэх, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газруудын бүтэц, чиг үүрэгт гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хамгаалах, дэмжих, дорвитой арга хэмжээ авах талаар үүрэгжүүлэх, тодорхой зохицуулалтыг бий болгох
•     Хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээний төв, цахим нэг цонхны үйлчилгээний хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгож, үйл ажиллагааг тогтворжуулах  гэх мэт болно. 

Энэ бүхнээс хамгийн түрүүнд хийх шаардлагатай ажил бол хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх.  Юутай ч Засгийн газар, Рио Тинто групп Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх тал дээр ойлголцол хүрч чадсан нь олон улсад хөрөнгө оруулалт татах зөв мессеж боллоо хэмээн эдийн засагчид тайлбарлаж байгаа. Үүнийгээ зөв ашиглаж ухаалаг тоглоолт хийвэл Монгол Улсад итгэл алдарсан гадаадын хөрөнгө оруулагчид орж ирнэ. Засгийн газрын зүгээс геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах зорилгоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох журмаа шинэчилж  хөрөнгө оруулахад нээлттэй хэмээн зарлаж байна. Гэхдээ энэ бүхэнд цаг хугацаа шаардагдана. Хамгийн  гол нь орж ирсэн хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг дахиж алдахгүй байх тал дээр төр бодлогоо чиглүүлэх ёстой. Тэр нь   бодлогын тогтвортой байдал. Ердөө хоёрхон жилийн дараа улстөрийн буюу парламентын сонгууль болно. Хөрөнгө оруулагчид Монголын улстөрийн сонгуулийн циклийг ажиглаж байж хөрөнгө оруулалт хийх эсэхээ шийддэг болсон гэдгийг санах хэрэгтэй.