Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Томоохон уурхайнуудын татаасыг орон нутагт 100% өгье 

"Сүхбаатарын өнгө" сонины Ерөнхий эрхлэгч Д.Улаанаа

Эл асуудалд (03.28) зохион байгуулагдсан “Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, хамтын ажиллагаа, боломж, шийдэл” зүүн бүсийн хэлэлцүүлэгт оролцсон таван аймгийн Засаг дарга санал нэгдлээ.  Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод хоёр өдрийн турш болсон уг хэлэлцүүлэг уул уурхайн салбарын 100 жилийн ойн хүрээнд зохиогдсоноороо онцлог байв.  
 

Эрдэс баялгийн салбарын бодлого, хуулийн хэрэгжилт, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхийг зорилгоо болгосон хэмээн  Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал хэлэлцүүлгийн нээлтийн үеэр тодотгосон юм.

Сүхбаатар аймгаас гадна Хэнтий, Дорнод, Дорноговь, Төв аймгийн Засаг дарга болон эдгээр аймагт уул уурхай эрхэлдэг сумдын удирдлага, уул уурхайн компанийн төлөөлөл, зохион байгуулагчдаас бүрдсэн 200 гаруй оролцогчид салбарынхаа зовлон бэрхшээлээ ярилцлаа. 

Сүхбаатар аймаг, Баруун-Урт хот. 2022.03.28-29

 

Улсын төсвийн нийт орлогын 29.3%-ийг бүрдүүлдэг салбарын бодлогоо төгөлдөржүүлж, байгалийн баялгаа зөв хуваарилснаар үсрэнгүй хөгжиж чадсан Канад улсын туршлагыг салбарын дэд сайд онцлоод уул уурхайн салбараас орсон орлогын тодорхой хувийг Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Үндэсний баялгийн санд хуваарилдаг болно гэсэн нь анхаарал татсан юм. 

Нүүрсний экспорт сүүлийн жилүүдэд өсөж, салбарт тэрбумаас дээш  хэмжигдэх долларыг оруулж ирдэг болсныг 2010 оны эхээр ашиглалтад орсон “Эрдэнэс Таван толгой” компанийн үйл ажиллагаагаар онцлон  мэдээлэхдээ гол нь тээвэрлэлт, боомтын асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатайг дурдлаа.  Тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар өгдөг болсон нь орон нутгийн хөрсөнд төдийлөн нийцэхгүй байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч 2500 гаруй аж ахуйн нэгж бий. Эдгээр компани тусгай зөвшөөрлийн төлбөрт орон нутагт жил бүр татаас өгч, төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг. “Цайрт Минерал” компани Сүхбаатар аймагт  үйл ажиллагаа явуулаад 17 жил болж буй. Анх 7.7 сая тонн нөөцтэйгөөр уулын ажлаа эхлүүлсэн бол өнөөдөр далд уурхайн үйл ажиллагаа  2030 он хүртэл  хэвийн явах боломжтойг   тус компанийн Ерөнхий захирал С.Батхүү онцолж байна.  

Томоохон уурхайнууд орон нутагт өгөөж муутай. Хэрвээ тэднээс авдаг татварын эрхийг орон нутагт зарцуулбал   олон зүйл өөрчлөгдөх боломжтой гэдэгт аймгийн удирдлагууд санал нэгдсэн юм. Бичил уурхайнуудыг цэгцлэхгүй бол бэлчээрийн доройтол ихсэж, мал хордож, иргэдийн эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлж эхэлж буйг Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга ярилаа. Түүнчлэн төр, хувийн хэвшил харилцан ойлголцож, бие биеэ хүндэтгэдэг байх зарчимд суралцмаар байна гэдгийг Дорнод аймгийн Засаг дарга н.Бадамсүрэн тодотгоод, аж ахуйн нэгжүүд  зөвхөн орон нутагт л татвараа төлдөг байхыг хуульчлах ёстойг  сануулсан.  Энэ мэт түгээмэл зөрчлүүдийг нэгдсэн нэг бодлогоор зангидаж шийдэж байж ажил явна гэдгийг Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат  мөн илэрхийлсэн.  Энэ мэт түгээмэл асуудлуудыг хөндөж ярих үеэр уул уурхайн талаар нэгдсэн мэдээллийг бүх шатанд ойр  давтамжтайгаар өгдөг байх хэрэгтэй гэсэн саналыг  хэлэлцүүлэгт оролцогчид дэмжлээ. Энэ салбарын  хөгжлийг Шинэ эргэлтийн бодлогоор дэмжих тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал зөвлөгөөний үеэр тодотгосон. Харин энэ бодлогоо анхан шатнаас нь хэрэгжүүлэхгүй бол унана шүү гэсэн анхааруулгыг Төв аймгийн Заамар сумын Засаг дарга хатуухан хэлсэн нь бодлого тодорхойлогчдод нэгийг ойлгуулсан байх. Уул уурхай эрхлэгчид улс болон орон нутгийн төсөвт чамгүй орлого хуримтлуулдаг ч газар нутгийн цаашдын хувь заяаг нөхөн  сэргээлтийн бодлого, эдийн засгийн үр ашигтай бодлого хэрэгжүүлэхгүй бол нэг талаас уурхай эрхлэгчид, төр, нөгөө талаас иргэдийн хооронд үүсдэг үл ойлголцол байсаар байх дүр зураг харагдана. 

Зөвлөгөөний үеэр бид уул уурхайн зарим компанийн төлөөлөлтэй уулзлаа.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд олон ажил цахимжина гэж харж байна

Сүхбаатар аймгийн “Талын гал” уурхайн Гүйцэтгэх захирал С.Цэрэндондов: 

-“Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, хам­тын ажилла­гаа, боломж, ший­дэл” хэлэл­цүүлгийн ач хол­богдлыг Та хэрхэн харж байна вэ?
Зөвлөгөөнийг цаг үеэ оллоо гэж харж байна. Уул уурхайн үйл ажиллагааг явуулахад тулгардаг бэрхшээлүүдийг шийдэх зорилготой зөвлөгөөн гэж харж байна. Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас   нүүрс экспортолдог компаниуд хүнд байдалд орлоо. Бичигтийн боомт хэзээ нээгдэнэ тэр үеэс үйл ажиллагаа жигдэрнэ гэж харж байна. Энд ирсэн уул уурхайн компаниуд зовлон бэрхшээлээ ярьж байна. Гэвч бид Бичигтийн боомт хэзээ нээгдэх вэ? гэдэг асуултын хариуг л хүлээж байна. 

-Танай компани нийгмийн ха­риуцлагын аж­луу­даа хэр үр дүнтэй хийдэг вэ?
-Манай уурхай нээгдээд 46 жил болж байгаа орон нутгийн анхдагч уурхай. Сүхбаатар аймгийн төвөөс 34 километрт үйл ажиллагаа явуулдаг. Дэд бүтцийн хувьд бүрэн шийдэгдсэн. Материаллаг бааз сайтай. Уул уурхайн нөхөн сэргээлтийг Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хууль тогтоомжийн хүрээнд явуулдаг гэдгээрээ салбартаа нэрээ гаргасан. Тийм учраас төр захиргааны байгууллагаас гаргасан дүрэм журмыг мөрдөж ажиллахыг хичээдэг. 

Энэ салбарт хэрэгждэг хууль тогтоомжууд та бүхний үйл ажиллагаанд хэр нийцдэг вэ?
Тавь тавин хувьтай гэж болно. Амьдралд дээр хэрэгжих боломжгүй бэрхшээлтэй зүйл бий. Нэг төрлийн  мэдээллийг олон газраас зэрэг  нэхдэг, нэг зүйлээ олон  газар руу илгээдэг гэх  мэт хүндрэлүүд бий. Харин  Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд олон ажил цааснаасаа салж, цахимжих байх гэж найдаж байна. 

Зүүн бүсийн уурхайнуудад эрчим хүч дутагдалтай

“Эрээнтолгой” компанийн Гүйцэтгэх захирал М.Чингүн:

Тус компани нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд үйл ажиллагаа явуулдаг.  2010 онд хайгуулын тусгай зөвшөөрөл,  2019 онд ашиглалтын тусгай зөвшөөрлөө авснаар  2020 онд үйл ажиллагаагаа эхлүүлжээ. 

-Орон нутагт үйл ажиллагаа явуулахад тулгардаг гол бэрхшээл юу вэ. Эрдэнэцагаан сумын иргэд уул уурхайн асуудлаар багагүй хөдөлгөөн өрнүүлдэг шүү дээ?
-Хууль тогтоомж хэрэгжүүлэхэд боломжтой гэж харж байгаа. Аливаа бодлого шийдвэрийг зөв тайлбарладаг нь ч бий, эсрэгээрээ бас бий. Ерөнхийдөө  хүндрэл бэрхшээл бага. Эрдэнэцагаан сумын иргэдийн  хувьд асуудалд бодитой ханддаг гэж боддог. Мэр сэр хүмүүс өөрсдийнхөөрөө тайлбарлаж зүтгэдэг нь бий. Тэр болгоныг бэрхшээл гэж харахгүй байна.
 
-Зөвлөгөөнөөс ямар үр дүн хүлээж байна?
-Зөвлөгөөн нь орон нутаг болон төр засгийн байгууллагуудад харилцан ярилцах боломж өгч байна. Шийдвэртэй үр дүн гарвал сайн. Байгаль орчин, нөхөн сэргээлт гэж юу байдаг гэдэгт нэгдсэн ойлголтод хүрэх хэрэгтэй. Канад болон бусад орны сайн туршлагыг ярьж байна. Эндээс бид суралцана. Ялангуяа уурхайн  ажил эхлэхийн өмнө хаах төлөвлөгөөгөө батлуулсан байх, эрсдэлийн сан, аюулгүй байдлын нөөц төлөвлөгөөгөө бэлтгэх  саналууд нэлээд гарч байна. Үүнийгээ бодит амьдрал дээр хэрэгжүүлбэл сайн байна. 

Эрдэнэцагаан сумын төр захиргааны байгууллага, удирдлагуудтай зарчмын дагуу ажиллаж чадаж байгаа юу?
Олон жил харилцаж, бодлого, дүрэм журмаа тал талаасаа сөхөж харлаа. Ойлголцол нэгтгэгдэж байгаа гэж харж байна.

Сумын төвөөс 28 км-т үйл ажиллагаа явуулж байна. Эрчим  хүч, усны асуудлаа шийдсэн үү?
Эрчим хүч бол уул уурхайн олборлолтыг хангах, өртгийг бага хэмжээнд барих, өрсөлдөх чадварыг дэмжихэд чухал хүчин зүйл мөн. Гэхдээ энэ нь зүүн бүсэд хангалттай биш байна.  680 километрийн цаанаас шугамаар хангадаг гэж байна. Энэ хэрээр чадлын үзүүлэлт буурдаг, үр ашиг нь унадаг. Иймээс ирэх онд Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн өндөр хүчдэлийн шугамын чадлаа 50 кв-тоор нэмж, 86 кв болгоно гэж ярьж байна. Ингэвэл эрчим хүчний найдвартай байдал сайжирна.  Манай уурхайд эрчим хүчээ нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага бий. Тэр тусмаа уул уурхайн олборлолтын үйл ажиллагааг цахилгаанжуулах нь илүү ашигтай байх болов уу. Усны хувьд асуудал ноцтой биш.