Хүн төрөлхтөн шинэ вирусын тахалд нэрвэгдэн дэлхийн эдийн засаг хямарсан, Монгол Улсын шинэ парламент, засаг бүрдсэн онцгой цаг үед 18 дахь удаагийн “Дисковер Монголиа” хөрөнгө оруулалтын чуулган зохион байгуулагдлаа. Сүүлийн жилүүдэд манай улсад гадаадын хөрөнгө оруулалт саарч буй. Гэтэл урьдчилан таамаглаагүй Ковид-19 сорилттой тулгарч уул уурхайн экспорт бараг 40%-иар буураад байна. Цаашдаа дотоодод санхүүгийн хямрал гүнзгийрэхээс сэргийлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээж нэмэгдүүлэх, төр засгаас ямар бодлогоор хөрөнгө оруулагчдыг дэмжих, олон улсын худалдаа бизнесийн шинэ тутмын өөрчлөлтүүдийн хандлагыг хэлэлцэхээр энэ удаагийн чуулган зорьж, “Сэргээлтийн шийдэл” уриаг дэвшүүлжээ.