
Монголын уул уурхайн салбарын томоохон нэгдсэн платформ болох MiningWeek & MinePro 2026 олон улсын үзэсгэлэн, чуулга 2026 оны 9 дүгээр сарын 16–18-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүрэг, Тайж Хайрханы бэлд 5 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү арга хэмжээ нь бодлого, хөрөнгө оруулалт, инновацыг стратегийн түвшинд уялдуулан нэгтгэж, төр болон хувийн хэвшил, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчид, худалдааны танхимууд, салбарын тэргүүлэгч компаниуд, ханган нийлүүлэгчид болон мэргэжилтнүүдийг нэг дор холбосон олон улсын ач холбогдол бүхий платформ юм.
MiningWeek & MinePro 2026 арга хэмжээнд оролцсоноор оролцогчид уул уурхайн төслүүд, олон улсын хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагууд, технологийн компаниуд болон мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчидтэй шууд харилцаа тогтоож, мэдээлэл солилцохын зэрэгцээ ханган нийлүүлэлтийн сүлжээнд холбогдон, шууд худалдан авалт, нийлүүлэлтийн түншлэлүүдийг бий болгох, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх өргөн боломжийг олж авна. Түүнчлэн тогтвортой, хариуцлагатай, ногоон уул уурхайн чиглэлд бодит хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх юм.
Энэ жилийн арга хэмжээ “Towards Sustainability: Greener Future & Global Partnerships” уриан дор зохион байгуулагдаж, уул уурхайн салбарын тогтвортой хөгжил, ногоон шилжилт, олон улсын хамтын ажиллагааг дэмжихэд чиглэнэ.
Үзэсгэлэн, чуулганы хүрээнд салбарын бодлого, хөрөнгө оруулалт, технологи, инновац, хамтын ажиллагааны асуудлуудыг өргөн хүрээнд хэлэлцэхийн зэрэгцээ мэдлэг, туршлага солилцох, шинэ түншлэл бий болгох боломжийг бүрдүүлнэ. Мөн салбарын экспертүүд, судлаачид, залуучууд өргөнөөр оролцож, уул уурхайн салбарын хөгжлийн чиг хандлага, боломжуудтай танилцах юм.
Тус арга хэмжээг Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран зохион байгуулж байна.