Уул уурхайн ханган нийлүүлэгчдийн хувьд зах зээлээ тэлж, бизнесээ өргөжүүлэх орчинг бүрдүүлж өгдөг “Mongolia Mining” үзэсгэлэн “Степпе Арена” буюу “Мөсөн өргөө”-д анх удаа нээлтээ хийлээ. 11 дэх удаа зохион байгуулагдаж байгаа уг үзэсгэлэнд 200 гаруй компани оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилж байна. Үзэсгэлэнгийн гол танхим болох мөсөн талбай дээр засах стэндүүдийн захиалгаар дүүрч хоёрдугаар давхартаа мөн засжээ. Уул уурхайн болон ханган нийлүүлэгчдийн хувьд хүсэн хүлээдэг арга хэмжээ болох нь эндээс харагдаж байлаа. “Mongolian Mining 2022” үзэсгэлэнд олон улсын байгууллагууд, ОХУ, Канад, Их Британи, Хятад, Турк, Австрали, Беларусь, Герман зэрэг орны 100 гаруй байгууллага болон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ зэрэг уул уурхайн тэргүүлэх байгууллагууд оролцож байна. “Mongolia Mining” олон улсын уул уурхайн үзэсгэлэн 23-ныг хүртэл “Степпе Арена” мөсөн өргөөд 3 өдрийн турш үргэлжлэх юм.