Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Хятадын газрын ховор металын экспорт буурчээ 2019 онд Хятад 46.33 мянган тонн газрын ховор метал экспортолсон нь 2015 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болохыг тус улсын Гаалийн Ерөнхий газраас мэдээлжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 3657 тонн газрын ховор метал экспортолсон нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 32.5%-иар буурчээ. Энэхүү бууралтыг Хятадын шинжээчид дэлхийн эдийн засгийн өсөлт буурч, Япон, АНУ болон Европын Холбооны аж үйлдвэрлэл саарч буйтай холбон тайлбарлаж байна. АНУ-Хятадын худалдааны зөрчилтэй шууд холбоогүй гэдгийг ч тэмдэглэж байгаа юм. 
2019 онд нүүрсний экспорт 9.9%-иар өсч, 3.1 тэрбум долларт хүрэв 2019 онд Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлт 13.7 тэрбум ам.долларт хүрсэн нь 2018 онтой харьцуулахад 6.7%-иар нэмэгдсэн тухай Үндэсний статистикийн хороо (ҮСХ) мэдээллээ. Үүнээс экспортын үзүүлэлт 7.6 тэрбум ам.доллартай тэнцсэн бол импортын хэмжээ 6.1 тэрбум ам.доллартай тэнцсэн байна. Өөрөөр хэлбэл, импортын хэмжээ 2018 оныхтой харьцуулахад 8%-иар, экспортын үзүүлэлт 8.7%-иар нэмэгджээ. Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн онд 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Энэ нь 2018 оны үзүүлэлтээс 31.3% буюу 355.4 сая ам.доллараар өссөн үзүүлэлт төдийгүй гадаад худалдаа 2014 оноос хойш ашигтай гарч эхэлснийг ҮСХ онцлов.
АХБ: Шинэ Ерөнхийлөгч Масацугу Асакава ажлаа хүлээн авлаа Азийн Хөгжлийн Банкны (АХБ) Захирагч нарын зөвлөл Масацугу Асакаваг өнөөдөр тус банкны Ерөнхийлөгчийн алба хашиж эхэлж байна. Япон Улсын Ерөнхий сайдын болон Сангийн сайдын тусгай зөвлөхийн албыг хашиж буй 61 настай Асакаваг АХБ-ны Удирдах зөвлөлөөс 10 дахь Ерөнхийлөгчөөр сонгосон юм.Тэрээр Сангийн дэд сайдын хувиар 2019 онд Япон Улсын Осака хотноо зохион байгуулагдсан “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт, Фукуока хотод зохион байгуулагдсан “Их 20”-ийн Сангийн сайд нар болон Төв банкны Ерөнхийлөгч нарын түвшний уулзалтуудад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Түүнчлэн, дэлхийн эдийн засгийн хямралын дараахан зохион байгуулагдсан “Их 20”-ийн анхны дээд хэмжээний чуулга уулзалтад тухайн үеийн Ерөнхий сайд Таро Асогийн шадар туслахын хувиар оролцож байв.
АНУ-Хятадын худалдааны эхний шатны гэрээг үзэглэв Сүүлийн 18 сарын хугацаанд үргэлжилсэн хэлэлцээрийн эцэст АНУ-Хятадын худалдааны дайныг "зөөлрүүлэх" томоохон гэрээнд талууд лхагва гаригт Цагаан ордонд үзэглэлээ. Энэхүү 86 хуудас бүхий гэрээнд АНУ-ын талаас Ерөнхийлөгч Доналд Трамп, Хятадын талаас Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ гарын үсэг зурсан байна. Гэрээ зурагдсан явдлыг Трамп АНУ-ын эдийн засгийн хувьд ялалт болсныг зарлажээ. Ингэснээр түүний хувьд 2020 оны сонгуулийн кампанит ажилдаа хэлэх үгтэй болж байна.
First Quantum: 2019 онд 702 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэв Канадын уул уурхайн “First Quantum” компани нь 2019 оны аравдугаар сард “Cobre Panama” уурхайн үйл ажиллагааг эхлүүлснээр зэсийн баяжмал үйлдвэрлэлээ өнгөрсөн оныхоос 15.8%-иар нэмэгдүүлж 702 мянган тоннд хүргэжээ. Энэ нь компанийн хувьд түүхэн дээд амжилт бөгөөд энэ онд уг амжилтаа 25%-иар нэмэгдүүлэх боломжтой гэж тооцоолжээ. Компани гурав дахь (“Cobre Panama”) уурхайн баяжуулах үйлдвэрээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулсан ба уурхай энэ онд 285-310 мянган тонн зэсийн баяжмал, 120-130 мянган унц алт тус тус үйлдвэрлэх төлөвтэй байна.
“Рио Тинто” төмрийн хүдрийн уурхайн 275 сая долларын өргөтгөлийн төслийг эхлүүлнэ “Рио Тинто” групп нь Баруун Австралийн Пилбара бүс нутагт төмрийн хүдрийн Western Turner Syncline уурхайн төслийн хоёр дахь шатыг хэрэгжүүлэх 275 сая ам.долларын гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээг тус улсын “Monadelphous” болон “Lycopodium” зэрэг компаниуд хамтарсан “Mondium” компанитай үзэглэжээ. Гэрээний хүрээнд, “Рио Тинто” групп нь барилгын зураг төслийг боловсруулах, барилгын ажлыг гүйцэтгэнэ. Мөн газар доорх конвейерийн систем болон бусад дэд бүтцийг суурилуулна гэж “Rio Tinto Iron Ore” компанийн Ерөнхий захирал Крис Солсбери мэдэгдсэн байна. Уг ажлыг 2021 онд багтаан дуусгахаар төлөвлөжээ.
Дижитал шилжилт XXI зуун гарсаар хүн төрөлхтний түүхэн дэх нэгэн том хөгжлийн үе тохиож байгаа ба үүнийг Цахим зуун буюу Дижитал эрин хэмээн нэрийдэх болжээ. Мөн түүнчлэн аж үйлдвэрийн IV хувьсгал ч гэж тодорхойлдог. Технологийн эрчтэй хөгжлийн үр дүнд хүн бүхэн харилцаа холбоотой болохоос гадна хүн-машин, бүр цаашлаад машин хоорондоо холбогдох болж мэдээллийн асар том давлагааг үүсгэх болов. Технологийн энэхүү хөгжил нь хүмүүний ердийн хэрэглээнд хувьсгал авчрахаас гадна бизнес хийх уламжлалт арга зүй, тогтолцоо, загварт ч онцгой эерэг өөрчлөлтүүдийг авчрах болжээ.  12 салбарын 941 гүйцэтгэх удирдлагын дунд хийсэн судалгаанаас 29% нь “Дижитал давлагаа, технологийн нөлөөлөлд бизнес нь бага өртөнө” гэсэн бол эсрэгээрээ 30 гаруй хувь нь “Дижитал шилжилтийн нөлөөнд хүчтэй өртөнө” гэж хариулт өгсөн байна. Үүгээр ч зогсохгүй эдгээр салбараас 3 салбарын манлайлагчид “Энэхүү Дижитал шилжилтийн нөлөөллөөс болж ойрын 5 жилд тэргүүлэх байр сууриа алдах эрсдэлтэй байгаа” гэж хариулсан байна.
Platts: 2020 онд Хятадын гангийн үйлдвэрлэл түүхэн дээд хэмжээнд хүрнэ Энэ онд Хятадын гангийн үйлдвэрлэл 1 тэрбум тонноос давна гэж “Platts” агентлагийн шинжээчид таамаглаж байна. Хэдийгээр тус улсын төрийн бодлогоор төвийн бүс нутгуудад хүнд аж үйлдвэрлэлийн хүчин чадлыг танаж байгаа ч зах зээлийн эрэлтийг дагаад гангийн үйлдвэрлэл өснө гэж үзжээ. Дэлхийн гангийн холбооны мэдээллээр, 2019 оны эхний 11 сард Хятадын гангийн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 7%-иар өсч 904.18 сая тоннд хүрсэн аж. Өнгөрсөн оны нийт үйлдвэрлэл 986 сая тонн байхаар байна.
Узбекистан тэрбум гаруй долларын уран Японд нийлүүлэхээр төлөвлөжээ Узбекистан улсын Ерөнхийлөгчийн "Узбекистан, Япон улс хоорондын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх арга хэмжээний тухай" зарлигийн дагуу Навоигийн уулын баяжуулах үйлдвэр 2023-2030 онд 1.14 тэрбум долларын үнэтэй уран Японд нийлүүлэхээр төлөвлөж байна. Тодруулбал, “Марубени”-д 510.1 сая ам.доллар, “Иточу” компанид 636.4 сая ам.долларын уран тус тус нийлүүлэх аж. Навоигийн уулыг баяжуулах үйлдвэр нь Узбекистан улсын уран экспортолдог ганц үйлдвэр юм.  
Хэбэй муж коксжих нүүрсний үйлдвэрлэлээ 2 сая тонноор танана Хятадын гангийн үйлдвэрлэлийн хамгийн том бүс нутаг Хэбэй муж гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа  үргэлжлүүлэн танана гэж тус мужийн амбан захирагч Сю Цинь мэдэгджээ.  Тодруулбал, 2020 онд Хэбэй мужийн гангийн нийт үйлдвэрлэлийг 14 сая тонноор танах аж. Мөн агаарын бохирдлыг бууруулах төрийн бодлогын дагуу, тус муж нүүрсний олборлолтоо 6 сая тонн, тэр дундаа коксжих нүүрснийхийг 2 сая тонноор тус тус танах юм байна. Өнгөрсөн 2019 онд Хэбэй муж гангийн үйлдвэрлэлийг 14.02 сая, нүүрсийг 10.06 сая тонноор бууруулжээ.
Австрали 2020 оны коксжих нүүрсний ханшийн таамгаа бууруулав Коксжих нүүрс болон төмрийн хүдрийн томоохон экспортлогч улс болох Австралийн Аж үйлдвэр, Инноваци, Шинжлэх ухааны яам 2020 оны төмрийн хүдрийн ханшийн таамгийг 3%-иар өсгөөд байгаа ч коксжих нүүрснийхийг 7%-иар бууруулахаар тогтлоо. Энэхүү тооцооллыг тус яам улирал бүрт гаргадаг түүхий эдийн үнэ ханшийн хамгийн сүүлд гаргасан (12 дугаар сарын) тайландаа тусгасан байна. Тус улсын төмрийн хүдрийн экспортын хэмжээ энэ онд 864 сая тонн, 2021 онд 878 сая тонн болж нэмэгдэхээр байна. Ингэхдээ 2020 онд нэг тонн төмрийн хүдрийн экспортын дундаж ханш 61.7 ам.доллар байхаар тооцоолсон нь өмнөх таамаглалаас 3%-иар өссөн дүн болж байна. Өнгөрсөн онд төмрийн хүдрийн үнэ харьцангуй өсөлттэй байсан нь оны дундаас эхлэн Хятадын агуулах дахь төмрийн хүдрийн нөөц мэдэгдэхүйц буурсан байсантай холбоотой ажээ.
Оросын коксжих нүүрсний “Мечел” компанийн хувьцаа 65%-иар өсчээ Москвагийн хөрөнгийн бирж дээр Оросын коксжих нүүрсний “Мечел” компанийн энгийн хувьцааны ханш хоёр хоногийн хугацаанд 65%-иар өсч нэгж хувьцааны үнэ 104 рубльд хүрчээ. Энэ нь сүүлийн 6 жилийн хамгийн өндөр өсөлтөөр тэмдэглэгдэж буй. Нэгдүгээр сарын 6-нд тус компанийн хувьцаа 21%-иар өсч өнөөдрийг хүртэл өсөлтөө хадгалж байна. Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр ч “Мечел” компанийн хувьцааны ханш даваа гаригт 36.3%-иар өссөн бол сүүлийн хоёр хоногийн байдлаар дахин 13.3%-иар нэмэгдэж нэгж хувьцаа 2.7 ам.долларт хүрэв. Хамгийн өндөр үнэ 3.16 ам.долларт хүрч байжээ.
Сибирийн “Цэнхэр түлш”  Монголоор дайрах уу?  Уудам Орос орны уулс толгод, намаг, өтгөн тайга дундуур сунайн 2000 гаруй км үргэлжлэх хоолойгоор  Сибирийн байгалийн хийг Хятадын аварга зах зээлд нийлүүлж эхэллээ. Шинэ Оросын түүхэнд Хятадтай хэрэгжүүлсэн хамгийн том төсөл. Энэхүү төслийн гэрээ нь “Газпром” компанид Хятадын хийн зах зээлд 30 жилийн эрхийг нээж байна. Дэлхийн хамгийн том зах зээлтэй холбосон хийн хоолойг барьж байгуулах ажилд Орос таван жил  зарцуулсан юм. Бүтээн байгуулалтын өртөг 800 тэрбум рублээс 1.1 их наяд болж өсчээ. Өнөөгийн ханшаар 17.75 тэрбум ам.доллар гэсэн үг. Түүхий эдээр хангах ордыг ашиглалтад  оруулахад зарцуулсан тооцоотой нийлүүлбэл 55 тэрбум ам.доллар давна” гэж ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак мэдэгдсэн.
Үндэсний геологийн алба байгуулах Тогтоолын төсөл өргөн барилаа Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр (2020.01.08)  Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Тогтоолын төсөлд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяанд хэрэгжүүлэгч агентлаг “Үндэсний геологийн алба” байгуулахаар тусгажээ. Уг алба нь Монгол орны газрын хэвлийн баялгийг ашигт малтмалын төрлөөс үл хамааран геологи, геохими, геофизик зэрэг судалгааны аргуудаар цогцоор нь иж бүрэн хийж гүйцэтгэн эрдэс баялгийг нээн илрүүлж, улсын мэдээллийн санд бүртгүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа геологийн судалгааны ажлыг бие даан гүйцэтгэх, эрдсийн шинжилгээ хийх, Үндэсний геологи, эрдэс баялгийн мэдээллийн санг бүрдүүлэх, түүнийг баяжуулах, нууцын зэрэглэлд хамруулснаас бусад мэдээллээр сонирхсон этгээдэд үйлчилгээ үзүүлэх зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулах юм байна.
Хятадын “Baowu” гангийн хоёр компани худалдан авлаа Хятадын металургийн хамгийн том үйлдвэрлэгч “Baowu” нь бүтэц бүрэлдэхүүндээ нэмж гангийн “Maanshan Steel” болон “Chongqing Steel” компаниудыг нэгтгэж буйгаа мэдэгдсэн байна. Худалдан авах хэлэлцээрийг энэ оны эхний хагаст багтаан дуусгах аж. “Maanshan Steel”,“Chongqing Steel” компани жилд нийтдээ 30 сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай. Төрийн өмчит Baowu компани 2019 онд “Magang holding”-ийн хяналтын 51%-ийн хувьцааг эзэмших болсон билээ. “Magang holding” жилд 20 сая тонн ган үйлдвэрлэдэг. Baowu нь 2021 онд гангийн үйлдвэрлэлээ 100 сая тоннд хүргэхээр төлөвлөж байгаа бөгөөд гангийн жижиг үйлдвэрийг худалдан авч байгаа юм.
Шатахууны үнийг тогтвортой түвшинд хадгална Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр болж, АИ92 шатахууны үнийг тогтвортой байлгах нөхцлийг бүрдүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Засгийн газраас АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгах үүднээс Эрсдэлийн сан (Hedge Fund) байгуулахаар шийдвэрлэж, үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх бодлогын арга хэмжээ авлаа.
Салхитын ордоос 750 тонн мөнгө Монголбанкинд тушаана “Эрдэнэс Монгол” ХХК болоод охин компани “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-иуд  Монголбанктай Үнэт металл худалдах, худалдан авах хамтын ажиллагааны гэрээ байгуулав.(2019.12.26) Таван жилийн хугацаатай энэхүү гэрээний хүрээнд “Эрдэнэс Силвер Ресурс” компани Монголбанканд 850-980%-иас доошгүй сорьцтой алт, мөнгө болох үнэт металлын агууламж бүхий гулдмайг нийлүүлж, гэрээнд тусгасны дагуу төлбөр авах юм. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд УИХ-ын дарга Г.Занданшатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар оролцож, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр болон Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин нар оролцов. 
“Mongolia Mining 2020” үзэсгэлэн 10 дахь удаагаа болно "Mongolia Mining 2020” үзэсгэлэн арав дахь жилдээ уламжлал ёсоор дөрөвдүгээр сарын 2 дахь долоо хоногт Улаанбаатар хотноо Буянт-Ухаа цогцолборт зохион байгуулагдана. Үзэсгэлэнгээр дэлхийн улс орнуудын уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулдаг. Энэ жил тогтмол оролцогч түнш орнууд Хятад, Орос, Чех, Австрали, Казахстан, Швед, Япон, Герман, Франц болон Канадын компаниуд багтсан 200 гаруй аж ахуйн нэгж оролцоно. Оролцогч компаниудын тоо энэ жил  мэдэгдэхүйц нэмэгдсэн ба Чех, Хятад, Канад, Англи зэрэг улсаас өргөн бүрэлдэхүүнтэй аж ахуйн нэгжүүд оролцоно. Мөн үзэсгэлэнг зорин ирэх хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид болоод бусад зочдод Монголын эрдэс баялгийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар дахь тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг явуулахын зэрэгцээ тус салбарын компаниудын илтгэл тавигддаг.
Газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэх охин компани байгуулна Засгийн газрын нэгдүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаар, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг өргөжүүлж, газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэх охин компани байгуулахаар шийдвэрлэжээ. Охин компани нь төрийн хяналтын дор газрын тосны бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, худалдах чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм. Бие даасан санхүүгийн эх үүсвэртэй болгох, зээлийн өрийн дарамтаас хараат бус байлгах зорилгоор “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг өргөжүүлнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
2019 онд “Эрдэнэс Тавантолгой” компанийн борлуулалт тэрбум ам.доллар давжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2019 оны борлуулалтын орлого нэг тэрбум ам.доллар буюу 2.7 их наяд төгрөгт хүрчээ. Тус компани өнгөрсөн нэг жилийн хугацаанд 14.3 сая тонн нүүрс экспортолж, нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан тухай компаниас мэдээлсэн байна. Борлуулалтын орлого нь 1 тэрбум долларт хүрсэн анхны Монгол компани болсон тухай мэдээлэлд онцолжээ.