Цар тахлыг “үл ажрах”  төсвийн бодлого 

2021-06-16 11:56

Б.Төгс

Засгийн газар КОВИД-19-ийн нөлөөллийг төсөвт нялзаахгүйг эрмэлзэж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд (ДНБ) оногдох төсвийн алдагдал, өрийг өмнө нь төлөвлөсөн хэмжээнд байлгахаар Засгийн газар “хичээж” байгаа нь тавдугаар сарын 13-ны өдөр баталсан хуулиар тод харагдлаа. Энэ өдөр 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг эцэслэн баталсан юм. Төсвийн хүрээний мэдэгдлийг хэтэрхий бэлгэдлийн шинж чанартай зүйл гэж  эдийн засагчид хэлдэг нь улстөрчдийн төсвийн орлого, зарлагыг санаагаараа өөрчилж баталдаг барьцгүй зангаас улбаатай. Гэхдээ   төсвийн хүрээний мэдэгдлээс Засгийн газрын хэзээ, хэрхэн “ам гарсан” болохыг харж, ядаж дурсаж болох давуу талыг бид олж авдаг.


Саяхан баталсан төсвийн хүрээний мэдэгдэл ёсоор бол төсвийн алдагдал ДНБ-д эзлэх хувь 2022 онд 3.6%, 2023 онд 2.8%, 2024 онд 2% болохоор байна. 
 
Засгийн газрын өрийн хэмжээ ч ДНБ-ийн 60%-иас хэтрэхгүй байхаар төсөөлжээ. Эдгээр нь бүгд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагад нийцэж байна. 


Олон улсын валютын сангийн сүүлд хэрэгжүүлсэн хөтөлбөрөөс гарсан үр дүнг КОВИД-19-ийн нөлөөллөөс үүдэн баллуурдахгүй гэсэн сайн төлөвийг харууллаа. Валютын сангийн хөтөлбөрөөр төсвийн алдагдлыг бууруулж, өрийн зохистой хэмжээг хадгалах, нэг ёсондоо төсвийн сахилга батыг сайжруулахад чиглэсэн үр дүнтэй бодлого, хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Гэхдээ Засгийн газар 2024 он хүртэл нийтдээ 4.7 тэрбум ам.долларын зээлийн эргэн төлөх хуваарьтай байгааг Сангийн сайд Б.Жавхлан анхааруулсан. Төсвийн орлого, зарлагын төлөв байдал болон томоохон өр зээлийн төлбөр айсуйг харахад Засгийн газар шинэ бондоор дахин санхүүжүүлэх уламжлалт төлөвлөгөөгөө дагах дүр зураг тодорно. 

Харин дахин санхүүжүүлэх үед бага хүүтэй шинэ бонд гаргахын тулд төсвийн үзүүлэлтүүдийг ОУВС-гийн хөтөлбөрөөс үлдсэн “зөвлөмж-сургаал”-ийг  мартаж болохгүй. Энэ чиглэлийн дагуу Засгийн газар сайн ажиллаж байна, ядаж тийм үйл хөдлөлтэй мэт харагдахыг хичээнэ. 
Хичээл зүтгэлийг нь зээлжих зэрэглэлийг тогтоодог “Фитч” агентлаг ихээхэн сайшаан үнэлжээ. Өөрөөр хэлбэл  Засгийн газрыг төсвийн үзүүлэлтээ төлөвлөгөөний дагуу авч явж, өр нь ч буурах зүгт хандана гэж итгэж буйгаа саяхан илэрхийлсэн. 
“Фитч” агентлаг (2021.05.25)  Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ зарлав.
Монголын Засгийн газрын өрийн түвшин 2021 оны сүүлийн байдлаар ДНБ-ийн 74%-д хүрэхээр байгаа нь “B” ангилал дахь улсуудын өрийн дундаж түвшин   68%-иас дээгүүр байгааг тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч Монголын дунд хугацааны өсөлт өөдрөг төлөвтэй   төдийгүй цаашид төсвийн бодлогыг хэвийн  хэрэгжүүлж, өрийн түвшин аажмаар буурна гэж тооцоолжээ. Гэхдээ энэ нь зөвхөн ДНБ-д харьцуулсан өрийн түвшнийг ярьж буй. Бодит хэмжээгээр Засгийн газрын  өр тасралтгүй өссөөр,  зөвхөн 2020 онд   1.35 тэрбум ам.доллараар нэмэгджээ. 

“Фитч” агентлаг  Монголын өсөлтийн төлөвийг 5% байхаар төсөөлж байна. Олонх судалгаа шинжилгээний байгууллагын тооцооллоор манай улсын өсөлт энэ онд 5-7%  хүрэх төлөвтэй. Тэгэхээр өнгөрсөн онд 5.3%-иар агшсан   эдийн засаг шархаа нөхөхөөр харагдаж байгаа ч  энэ оны эхний улиралд манай улсын эдийн засгийн өсөлт уул уурхайн салбарын гүйцэтгэлээс голлон шалтгаалж 15.7% болсон тухай Үндэсний статистикийн хороо мэдээлсэн. Цар тахлын дотоод дахь дэгдэлтээс шалтгаалан дөрөв, тавдугаар сард хилийн голлох боомтын нэвтрэлт нэлээд хумигдмал байсан ч холбогдох төрийн байгууллагуудаас хил орчмын нутагт вакцинжуулалт, шинжилгээний арга хэмжээг сайжруулж байгаа юм. Иймд вакцинжуулалтын нөлөөгөөр оны хоёрдугаар хагаст дотоодын эдийн засаг, уул уурхайн экспорт сэргэнэ гэж тооцоолжээ. Зургадугаар сарын эцэс гэхэд манай улсад насанд хүрсэн хүн амыг бүхэлд нь буюу нийт хүн амын 60%-ийг вакцинжуулна гэсэн төсөөлөлд тус агентлаг үндэслэсэн аж. Мэдээж үүнд вакцинжуулалтын үр нөлөө чухал болохыг тэмдэглэжээ.
Оны эцэс гэхэд валютын нөөц таван тэрбум ам.доллар хүрнэ гэж “Фитч” тооцооллоо. Монголбанкны мэдээллээр, өнгөрсөн сарын байдлаар гадаад валютын албан нөөц 4.9 тэрбум орчим ам.долларт хүрчээ. Эхний дөрвөн сард төв банкны валютын нөөц 524 сая ам.доллараар нэмэгдсэн гэсэн үг.
 
Эдийн засгийн төлөв байдал харьцангуй боломжит үр дүнг харуулж байгаа ч яг одоогийн байдал тийм ч сайнгүй өрнөлтэй байна. Тавдугаар сарын дунд үеийн байдлаар улсын нийт экспорт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 81%-иар нэмэгдэж 2.82 тэрбум ам.доллар, импорт 26%-иар өсч 2.25 тэрбум ам.долларт хүрчээ. Экспортын огцом тэлэлтэд эрдсийн ханшийн өсөлт болон Оюутолгойн хүдрийн агуулга нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн. 

Нөгөө талаас өнгөрсөн оны хоёр, гуравдугаар сард нүүрсний экспорт  зогсонги байсан нь экспортыг багагүй хувиар бууруулсан. Гэтэл энэ онд гуравдугаар сарын дундаас эхлэн хил нэвтрэлт удааширсан. Одоо ч нөхцөл байдал хэвэндээ ороогүй. Үүнээс үүдсэн зэс, нүүрсний экспортын алдагдсан боломж (тавдугаар сарын дунд үеийн байдлаар) 800 сая орчим ам.доллараар илэрхийлэгдэж байна. Тодруулбал манай улс гуравдугаар сарын 15-наас тавдугаар сарын дунд үе хүртэл 3.7 сая тонн нүүрс экспортлох боломж, үүнээс 490 сая ам.долларын  орлогоо алджээ. Харин зэсийн  тухайд алдагдал 110 мянган тонн баяжмал буюу 300 сая ам.доллараар илэрхийлэгдэж байна.
Ирэх саруудад тээвэрлэлтийг нэмэгдүүлэх замаар нүүрсний   экспортын алдагдлыг нөхөх боломжтой ч зэсийн баяжмал дээр ийм боломж илүү хомс байж мэдэх юм. Тиймдээ ч “Оюутолгой” компанийн энэ оны олборлолтын төлөвлөгөө  буурсан.

Ирэх онд манай улс “Оюутолгой” компаниас 600 тэрбум төгрөгийн татвар авахаар төлөвлөсөн гэж Сангийн яам мэдээлсэн. Харин эхний улирлын байдлаар “Оюутолгой” компани 417 сая ам.долларын татвар (~1.2 их наяд төгрөг) төлсөн нь түүхэн дээд хэмжээнд тооцогдож байна. Үүний 356 сая ам.доллар нь татварын акттай холбоотой төлбөр  юм. Нөгөөтэйгүүр, энэ онд Оюутолгойн борлуулалтын орлого 2 тэрбум орчим ам.долларт хүрэх  бол 2022 онд 1.4 тэрбум ам.долларт хүрч буурахаар байгааг “S&P Global” мэдээлсэн. Энэ онд Оюутолгойн ил уурхайн хүдрийн баялаг агуулгатай хэсэг таарч байгаа нь олборлолт өсөхөд нөлөөлж байна. Гэхдээ Оюутолгойн баяжмал тээвэрлэлт гуравдугаар сарын дундаас дөрөвдүгээр сарын дунд хүртэл бүрэн зогсож,  үүнээс хойш зөвхөн хэсэгчилсэн байдлаар сэргэсэн.

Засгийн газрыг цаашид амаргүй даваа хүлээж байна. Эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхэд чиглэсэн 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн ч инфляцийг бага түвшинд барьж, төгрөгийн тогтвортой байдлыг Монголбанктай хамтран авч явах үүрэг Засагт ногдоно. Азийн хөгжлийн банк инфляцийн түвшин манай улсад энэ онд 6.9%, ирэх онд 8.5% болж нэмэгдэнэ гэж төсөөлжээ. Дээр нь газрын тосны ханшийн өсөлт инфляцыг нэмэгдүүлэх дарамт болохоор байна. Нэг үгээр, сэргэлт айсуй гэгдэх ч түүнийг дагасан ханшийн өсөлтийг хазаарлах ажил Засагт давхар оногдлоо. 
 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 8 цаг 51 минутын өмнө
    ​​​​​​​Хятадын нүүрсний нийт импорт өнгөрсөн арваннэгдүгээр сард 35.05 сая тоннд хүрсэн тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Нүүрсний импортын үзүүлэлт өмнөх оны мөн үед 11.67 сая тонн байсантай харьцуулахад гурав дахин, өнгөрсөн аравдугаар сард 26.94 сая тонн байсантай харьцуулахад 30.1%-иар тус тус өссөн байна. Ингэснээр Хятадын нүүрсний импорт он гарсаар хамгийн өндөр үзүүлэлтэд хүрлээ.
  • 12 цаг 25 минутын өмнө
    Баянхонгор аймагт хэрэгжүүлж буй Баян хөндий алтны үндсэн ордын төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг БОАЖЯам баталсан тухай "Эрдэнэ Ресурс Девелопмент" компани (2021.12.07) мэдээллээ. Уг үнэлгээг “Eco Trade” ХХК дотоодын болон олон улсын стандартын дагуу боловсруулсан байна. Компанийн хувьд одоо бүтээн байгуулалтын бэлтгэл ажилдаа орох боломжтой боллоо.
  • Уржигдар 15 цаг 59 минутад
    Нүүрсний экспорт оны эхний 11 сарын байдлаар 15.2 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс даруй 43.8%-иар буурсан боловч орлогын дүнгээр 2.6 тэрбум ам.доллартай дүйсэн нь мэдэгдэхүйц өсөлттэй байна. Ийнхүү нүүрсний экспортын орлого нэмэгдэх болсон нь зах зээл дэх үнийн өсөлттэй холбоотой. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн арваннэгдүгээр сард манай улс 1.71 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн гуравдугаар сараас хойших хамгийн өндөр дүн боллоо.
  • Уржигдар 11 цаг 13 минутад
    “Build Mongolia 2022” үзэсгэлэн ирэх оны дөрөвдүгээр сарын 22-24-нд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа спортын ордонд хоёр дахь удаагаа зохион байгуулагдана. Үзэсгэлэнд дэлхийн улс орнуудын дэд бүтцийн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулна. Бүтээн байгуулалтын салбарын хамгийн шилдэг техник технологийг танилцуулахаар гадаадын болон дотоодын 100 гаруй аж ахуй нэгж оролцоно. Мөн үзэсгэлэнг зорин ирэх хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгч нар болоод бусад зочдод Монголын барилга, уул уурхай, эрчим хүч, зам тээврийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар тус бүрийн тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг явуулна.
  • 2021-12-06 10:48
    Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” компани Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дахь ураны Зөөвч-Овоо ордод 2021 оны долдугаар сараас үйлдвэрлэлийн туршилт хийж байна. “Бадрах энержи” компанийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардын хэлснээр  одоо өдөр­төө  25 кг уран олборлож байгаа ажээ. Үйлдвэрлэлийн туршилтыг 2022 оны эцэс хүртэл хийх бөгөөд энэ хугацаанд 20 гаруй тонн уран олборлох төлөвлөгөөтэй. Үйлдвэрлэлийн туршилтын үр дүнгээр нарийвчилсан ТЭЗҮ-д шаардлагатай өгөгдөл, мэдээллийг авахаас гадна техник, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүлийг баталгаажуулна.